Элчин сайд Ийржи Бродский: Чех улс дахь монголчуудын тоо жилд 1000-аар нэмэгдэж байна

Н.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 17

Бүгд найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийжри Бродскийтой ярилцлаа. 2017 оны 9 дүгээр сараас манай улсад Элчин сайдаар томилогдон сууж буй тэрбээр 1977 онд төрсөн бөгөөд улс төрч, социологч мэргэжилтэй, шинжлэх ухааны магистр цолтой юм. Манай улсад томилогдон ирэхээсээ өмнө Данийн Бүгд Найрамдах Улсад Элчин сайд, Чех улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт өндөр албан тушаал хашиж байсан зэрэг ажил мэргэжлийн намтартай.

-Монголд Чех Улсыг төлөөлөн суугаа Элчин сайдын хувьд Та хоёр орны дипломат харилцаа өнөөдөр ямар түвшинд хүрсэн гэж харж байгаа вэ? Цаашид аль салбарт түлхүү хөгжүүлэх боломжтой бол?

-Монгол, Чех хоёр улс маш дотно, найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. Цаашдаа хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд Элчин сайдын хувьд анхаарч, дэмжиж ажиллахаар зорьж байгаа. Ингэхдээ харилцан адил түвшинд бизнес эрхлэх боломж, нөхцлийг бүрдүүлэх нь чухал юм. Өмнө нь ихэвчлэн буцалтгүй тусламж үзүүлдэг байсан бол одоо бие биедээ харилцан туслаад, бизнес хийх боломжтой болж байна. Гэхдээ зөвхөн нэг чиглэлд анхаарахгүй. Олон чиглэлээр бизнес эрхлэгчид хамтарч ажиллах боломжтой. Өнгөрсөн долоо хоногт Чехийн бизнес уулзалтууд болсон. Тухайн бизнес уулзалтын үеэр хоёр орны бизнес эрхлэгчид чиглэл, чиглэлээрээ уулзаж ярилцсан. Хөдөө аж ахуй, эрчим хүч, эрүүл мэнд, дэд бүтцийн бүтээн байгуулалт, Олон улсын нислэгийн хөгжүүлэлт, хөрс, ус цэвэршүүлэлт, байгаль орчин хамгаалал гээд олон чиглэлд тулгуурлаж уулзалт хийсэн байгаа.

-Хоёр талын шууд нислэг эхлүүлэх талаар яриа хэлэлцээ, төлөвлөгөө бий болов уу?

-Энэ талаар одоохондоо дэлгэрэнгүй яримааргүй байна. Ерөнхийдөө 2020 он гэхэд энэ асуудлыг Чех улс зөвшөөрөх байх гэж бодож байна. Харин хоёр орны иргэний нисэхийн салбарынхан хамтарч ажиллах өргөн боломжтой. Чех улс онгоц үйлдвэрлэлийн 100 гаруй жилийн туршлагатай, 180 нислэгийн замтай орон. Мөн 40 байгууллага 57 төрлийн онгоц үйлдвэрлэдэг. Тиймээс бидний энэ салбарт хуримтлуулсан туршлага Монгол Улсын ИНЕГ-т хэрэгтэй юм. Энэ жил хоёр улсын Иргэний нисэхийн газрынхан Чехэд болон Монголд уулзалт хийсэн. Монгол Улсын ИНЕГ-ынхан онгоц газардах замыг цагийн дотор хийж чаддаг үйлдвэрт хүртэл очиж уулзсан байгаа.

-Хоёр орны харилцаанд иргэд хоорондын харилцаа чухал үүрэгтэй байдаг. Монгол Улсаас Чех улс руу зорчих иргэдийн сонирхол их. Тэр дундаа Чех улсад ажиллах сонирхолтой монголчуудыг дэмжих талаар ямар бодлоготой байгаа бол?

-Таны хэлсэнтэй санал нэг байна. Чех улс руу зорчих хүсэлтэй маш олон хүн бий. Зөвхөн нэг долоо хоногт ойролцоогоор 70 хүн богино хугацааны Шенгений виз мэдүүлж байгаа. Энэ бол Элчин сайдын яаманд хүлээж авч байх үеийн тоо. Одоо Виз мэдүүлгийн төвд хязгаар тогтоохгүй хүлээж авах учир хэр их хүн зорчих хүсэлтэй байгаа нь тодорхой харагдах байх. Виз мэдүүлгийн төв одоогоор богино хугацааны Шенгений визний материал хүлээн авч байгаа. Цаашдаа үйл ажиллагаа нь хангалттай сайн байж чадвал Бүгд Найрамдах Чех Улс /БНЧУ/ -ын Гадаад хэргийн яам болон Дотоод хэргийн яамтай хэлэлцээд урт хугацааны виз болон ажил эрхлэлтийн картын визний мэдүүлгийг хүлээн авах боломжтой.

Монгол Улс, Чех улсын дотно, найрсаг харилцаанд үндэслэн БНЧУ-ын Засгийн газар Монголд зориулсан горим баталсан. Энэ горимын дагуу жилдээ 1000 ажил эрхлэлтийн карт авах хүний материалыг хүлээн авч Чех улс руу явуулж байна. Ингэснээр Чех улсад байгаа монголчуудын тоо жилд 1000-аар нэмэгдэж байгаа гэсэн үг юм. Чех улсад ажиллаж, амьдарч байгаа эдгээр иргэд маань зөвхөн ажил хийж, мөнгө олж, түүнийгээ Монгол Улс руу явуулах биш чех хэл сурч, мэдлэг, туршлагаас суралцаад Монголд ирсэн хойноо “ноү-хау”-г нь нэвтрүүлэн, Чех, Монгол Улсын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлдэг юм аа.

-Чех улсын Виз мэдүүлгийн төв Улаанбаатар хотод хоёр хоногийн өмнө нээгдсэн нь Чех улсыг зорих иргэдэд ихээхэн хэрэгцээтэй зүйл боллоо. Ингэснээр иргэдэд хүрэх Элчин сайдын яамны үйлчилгээ хэр түргэн шуурхай болох вэ?

-Энэхүү төв нээгдсэнээр виз мэдүүлэгч маань хялбар аргаар бүртгэлийн системд хамрагдаж, визийн мэдүүлгээ өгөхдөө тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм. Өмнө нь Элчин сайдын яаманд богино хугацааны Шенгений виз мэдүүлэх иргэд утсаар ярилцлагын товоо тогтоодог байсан. Тухайн бүртгэлийн систем ерөнхийдөө сугалаатай адил хэн түрүүлж залгана тэр хүн цагаа авдаг байсан. Харин Виз мэдүүлгийн төв цахим бүртгэлийн системтэй бөгөөд тухайн иргэн энэ системийг ашиглаж бүртгүүлснээр хэддүгээр цонхонд, хэзээ, яаж материалаа өгөх тов гараад ирнэ. 

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top