Д.Хаянхярваа: “Чи авсан, чи бас авсан” гээд хэрүүл хийгээд байж болохгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 29

 УИХ дахь МАН-ын бүлгээс даваа гараг бүр сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг уламжлалтай. Энэ үеэр УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваагаас сэтгүүлчид дараах асуултуудад хариулт авсан юм.

-Энэ удаагийн төсөвт олон концесс явж байна. Тухайлбал, “МАК” компанийн Цагаан суваргын орд руу дэд бүтэц тавихад 79 тэрбум, үүнээс энэ онд долоон тэрбум төгрөг суулгасан гэсэн байна. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон нэг шалтгаан нь сайдууд нь концесс авсан явдал байсан. Үүнд МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Концесстой холбоотой асуудал нь өмнөх Засгийн газрыг огцруулах үндэслэл болсон нь үнэн. Энэ асуудлаар төсвийн ажлын хэсгийн ахлагчтай бид санал солилцсон. Бид Засгийн газраас оруулж ирсэн концессийн тоо баримтыг өөрчлөөгүй. Цагаан суваргатай холбоотой асуудлыг судлахаар Дорноговь аймгийн хоёр сумыг эрчим хүчинд холбох санхүүгийн асуудал байдаг. Үүний урьдчилгаа болох долоон тэрбум төгрөгийг концесст суулгасан юм билээ. Мөн өмнө нь гэрээ нь хийгдчихсэн концессуудад тодорхой хэмжээний хөрөнгө суулгасан байсан.

Нэгэнт Монгол Улсын Засгийн газартай тохиролцоод, тодорхой хугацаанд ажил үүргээ гүйцэтгэсэн бол үүнд нь хяналт тавиад, тухайн хөрөнгийг хугацаандаа төлж барагдуулах нь хуулиар хүлээсэн үүрэг. Харин чанартай гүйцэтгэсэн, өртөг өндөр байсан эсэх нь тусдаа асуудал.

-Жирийн иргэн, бизнес эрхлэгчдэд олддоггүй зээлийг УИХ, Засгийн газрын гишүүд авчихдаг гэсэн мэдээлэл тархлаа. Эдгээр гишүүдэд хариуцлага тооцох уу?

-Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн асуудлаар Сангийн яамнаас шалгалт оруулсан байгаа. Одоо сайдын зөвлөлөөр хэлэлцээд, Засгийн газарт танилцуулна. Үүний дараа хууль зөрчсөн асуудал байвал хуулийн хүрээнд арга хэмжээ авна. Цаашдаа ийм бусармаг асуудлуудтай эвлэрэхгүй гэдгээ бүлгийн хурлын үеэр Ерөнхий сайд илэрхийлсэн.

-Яг хэдэн улстөрч жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас зээл авсан юм бэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэлтэй холбоотой асуудлаар нийгэмд таавар таалгах гэж оролдоод байх юм. Хэрэв баримт байгаа бол яг хэдэн хүн холбогдсоныг нь гаргаж тавих хэрэгтэй. Хэн гэдэг гишүүн ямар үндэслэлээр зээл авсныг гарган тавьж, уг баримтад тулгуурлан асуудлыг шийдэх нь зөв байх. Бидэнд нэг дутагдал бий. Ийм том хэмжээний асуудал дэгдээд ирэхээр үүнийг дагасан улс төр явдаг. Энэ нь таавар оньсого мэт яваад байна. Тэгэхээр асуудлыг төгс шийддэг баймаар байна. Ингэснээр дараа дараагийн шатанд ийм асуудал гарахгүй.

-Таны худын компани ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Тийм л байна билээ. 10 тэрбум төгрөгийн зээл авсан гэсэн байсан. Би энэ зээлийг аваагүй ээ. Надад 10 тэрбум төгрөгөөр хийгээд байх ажил ч байхгүй. Дарханд байдаг компаниудыг Д.Хаянхярваа гэдэг хүнтэй холбож болохгүй. Дарханаас зарим компани жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас зээл авч өгөөч гэсэн хүсэлт тавьдаг. Үүнд нь би “Хэрэв боломжтой бол хуулийн хүрээнд дэмжиж өгөөч” гэсэн албан бичиг хийгээд дамжуулдаг.

-АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд байхдаа жижиг, дунд үйлдвэрийн хөрөнгийг хууль зөрчин тараасан гэх мэдээлэл явж байна. Үүнийг танай бүлэг судалж үзсэн үү?

-Одоо “Тэмээ, туулай хоёр бие биенийхээ сэтэрхийг гайхна” гэдэг шиг танайх тэгж тараасан, манайх ингэж тараасан гэж ярих нь онцгүй гэж бодож байна. Түүний оронд маш тодорхой баримтаар гаргаж ирэх ёстой. Өөрөөр хэлбэл, жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас ямар шийдвэрээр, ямар үйлдвэрлэл зээл авсныг гаргаж ирэх ёстой. Түүнээс биш “Чи авсан, тэгвэл чи бас авсан” гээд хэрүүл хийгээд байж болохгүй. Хамгийн гол нь зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй бол том асуудал үүснэ. Тухайн зээлийг юунд зарцуулсан нь тодорхойгүй байвал шалгагдах ёстой асуудал.  

-Эрх баригчдын зүгээс эдийн засаг өсч байна гэж мэдээлж байгаа. Энэ өсөлт хэзээ иргэдийн амьдралд нөлөөлөх вэ?

-Эдийн засаг өсч байгаа. Өнгөрсөн жилүүдэд бид амаргүй цаг үеийг тууллаа. Үнэнийг хэлэхэд, бид эдийн засгийн хамгийн хүнд үеэс дөнгөж мултарч байна. Үндсэндээ төлбөрийн чадваргүй байдалд орчих гээд байсан. Энэ жилийн төсөвт бид анх удаагаа 500 гаруй тэрбум төгрөгийн хуримтлалын сан байгуулж байна. Үүнийг 2030 он хүртэл хөдөлгөхгүй байхаар тогтсон. Өнөөдрийн байдлаар эдийн засгийн өсөлт 6 хувьтай байгаа. Гэхдээ бид хүн ардынхаа амьдрал ахуйг хүссэн хэмжээнд хүргэж чадахгүй байгаа нь үнэн. Энэ бүхэнд улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал, томоохон концевци барьж ажиллахгүй байгаа байдал, авилга, хээл хахуультай холбоотой асуудлууд нөлөөлж байна.

-УИХ-ын гишүүн болгон таван тэрбум төгрөгийг тойрогтоо хуваарилсан байна. Энэ хэр шударга зүйл вэ?

-Ер нь ийм яриа байнга гардаг. Гишүүн болгонд таван тэрбум төгрөг олгосон, жижиг, дунд үйлдвэрлэлээс нэг, нэг тэрбум төгрөг авахаар болсон гэх мэтээр ярьдаг. Ийм зүйл байхгүй. Үнэнийг хэлэхэд, 76 жижиг тойргийн зовлон их. Тойрог болгонд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам, дэд бүтэц гээд шийдэх асуудал бий. Энэ бүхэнд тодорхой хэмжээний хөрөнгө тусгаж байж шийдэх болно. Үүнтэй холбоотойгоор аймаг, орон нутгийн удирдлагуудтай тохиролцож тойрог болгон дээр хөрөнгө тусгасан. Үүнийг гишүүн болгон “Миний мөнгө” гээд бариад яваад байгаа зүйл байхгүй.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.42.0) 2018 оны 10 сарын 30

ман ийм хүнээр бүлгийн дарга хийлгэж байгаа нь мөн ч ядарсан мөхөх гэж байгаа нь үнэн юм шиг байгаа юм

0  |  0
Хонгорынхон(103.57.92.124) 2018 оны 10 сарын 30

Болдогсон бол өнөөдөр,бүр одоохон зайлмаар амьсгаанууд олон байнаа

0  |  0
иргэн(202.179.24.80) 2018 оны 10 сарын 29

Хаянхярваагийн хэлж байгаа нь Зөв адилхан Гэмт хэрэгтэнгүүд байж МАН АН гээд байж болохгүй шүү дээ

0  |  0
насаа(202.70.34.29) 2018 оны 10 сарын 29

Энэ Хаян их эрээ өөрөө дагуулаад гүйгээд байдаг Гантулга гэдэг бага ангийн багш хүүхнээ Боловсролын газрын дарга болгочихсон байгаа юм насанбат бол энэний утсан хүүхэлдэй

0  |  0
насаа(202.70.34.29) 2018 оны 10 сарын 29

Энэ Хаян их эрээ өөрөө дагуулаад гүйгээд байдаг Гантулга гэдэг бага ангийн багш хүүхнээ Боловсролын газрын дарга болгочихсон байгаа юм насанбат бол энэний утсан хүүхэлдэй

0  |  0
иргэн,(202.179.24.80) 2018 оны 10 сарын 29

АН МАН-ууд Нам нэртэй Зохион байгуулалтай Гэмт бүлэглэл Гишүүд нь Гишүүн нэртэй Гэмт хэрэгтэнгүүд болцгоосон байна шүү дээ Эдэнд Хэн Хариуцлага тооцох вэ

0  |  0
Top