”Бидэн дээр туссан сүүдэр”-ээс бидний ТУСГАХ зүйлс

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 12

“Shadow on us” буюу Бидэн дээр туссан Сүүдэр гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж буйг сонсоод сонирхолтой санагдаж үзнэ гэхээс л эрхгүй яарч хэд хонолоо. Тус үзэсгэлэнг гаргаж байгаа уран бүтээлчийн тухай нэг их сонирхсон ч үгүй "MN" арт галерейд хүрч ирэв. Би энэ галерейд их дуртай. Ашиглалтанд ороод удаагүй өндөр шилэн барилгын 17 давхарт байрлах тус галерей тухтай, тайван орчинг бий болгосон нь өөрлүүгээ өнгийх, бодлогоширох боломжийг надад олгодог. Хамгийн анх энд уран бүтээлч С.Саранцацралт гуайн үзэсгэлэнг үзэж байжээ. Очих дуртай галерейд минь гарч байгаа учир үзэх хүсэл улам л оргилсон хэрэг.

Shadow on Us

Галерейн үүдээр орлоо. Хар цагаан зургууд хана дагаад өлгөөтэй байв. Хамгийн эхний нүдэнд туссан зурагт саглагар нүцгэн мөчрүүдтэй модны оройг буулгажээ. Нүцгэн модыг түрэн амьд, навч нахиагаа дэлгэсэн модод ч дүнсийн харагдана. Гэрэл зурагчин Б.Тамир Швейцарь улсын Вале мужид гурван сар амьдрах хугацаандаа үзэсгэлэнгийн зургуудаа дарсан гэнэ. Түүний амьдарч байсан тус муж нь улсдаа хамгийн хуурайшилт ихтэй бүс нутаг. 

Тус зургийг ажиглаж зогсоход үхэл амьдрал үргэлж зэрэгцээ оршдогийг дахин нэг ухаарах мэт. Гэсэн ч сэтгэлийг минь илүү гэгээн мэдрэмж бүрхэнэ. Нүцгэн модод цаанаасаа л сэтгэл татам байдаг. Тэд навч нахиагаа дэлгэчихээр нэг л нууцлагдмал болчихдог юм. Харин нүцгэрсэн хойноо нуух зүйл үгүй, үнэнээрээ, яг өөрийн өнгө төрх, мөнх чанараараа оршдог мэт. Тийм л учраас би нүцгэн моддын орой харж явах дуртай. Салхинд хэрхэн найгах, ямар дуу чимээ гаргах гээд моддоос ирж буй юм бүхэн сонин, содон басхүү шинэ. Ингэхэд би яагаад өөрийн дотоод мэдрэмжүүдээ уудлан бичих болчихов оо? Цаанаасаа л бич гэсэн шиг урсаад байх нь бүр ч хачирхалтай.

Зургууд хар цагаан өнгөөр дагнасан нь их зоримог шийдэл шиг санагдав. Тэр тусмаа байгаль гэдэг олон өнгөний хослол шүү дээ. Бүхий л гайхалтай үзэсгэлэнт өнгүүдийг онгон зэрлэг байгалиас л олж харах боломжтой. Тэгвэл Б.Тамир зургуудаа яагаад хар цагаанаар шийдэх болсон шалтгаанаа “Хүмүүс өнгөнд их хууртагддаг. Гэрэл зургийг харахдаа жижигхээн хэсэгт нь л анхаарал сарниулах тод өнгө орчихсон байхад тухайн зургаас гол утга санааг нь харж чаддаггүй” хэмээн хуучилсан. Бодоод байхад нээрэн л тийм. Тийм дээ ч зургуудын хар цагаан шийдэл маш оносон шиг санагдав. Зураг бүрт анхаарал төвлөрч, хамгийн гол нь түүний дарсан зургуудаас өөрийнхөө мэдрэмжийг олж авч байсан нь л тус үзэсгэлэнгээс мэдэрсэн хамгийн том таашаал гэлтэй.

Ингээд бодоход бид юм бүхний тусгалыг л харж амьдардаг юм шиг. Аль эсвэл байгаль биднээс үнэн дүр төрхөө нуугаад үргэлж далд, ганцаардмал оршдог ч юм бил үү?

Уран бүтээлчийн "эмзэглэл"

Үзэсгэлэнд нийт 80-аад зураг багтжээ. Багтаагүй үлдсэн зургуудаараа гэрэл зургийн ном гаргасан харагдана лээ. Уран бүтээлч маань өөрөө үзэсгэлэнгийнхээ дэглэлтийг хийсэн байна. Нийтдээ гурван сарыг зураг дарахад зарцуулж, онгон зэрлэг байгалиар хэрэн хэсэж, тэгж явахдаа хамгийн гол нь өөрийгөө анирдаж, таньж нээж, ойлгож, бас зургуудаа авч, байгалийн сүр хүчийг бие сэтгэлээрээ мэдэрсэн нь түүнтэй ярилцаж байхад шууд л ажиглагдсан юм. Тэрбээр зүгээр ч нэг энгийн зураг дарахаасаа илүү өөрийгөө нэвт шингээж, мэдрэмж, үзэл бодлынхоо тусгалыг зургууддаа мөнхлөхийг хүсчээ. 

Хүн эх дэлхий дээрх түр оршин суугчид болохоос эзэд нь биш. Ийм атал хүн төрөлхтөн хэрхэн муйхараар сэтгэж, хүнлэг бус авирлаж байна вэ. Байгаль хүний хор хөнөөлөөс болж хэрхэн сүйдэж байна вэ. Хотын шигүү байдал, бөөгнөрөл, бачимдал, уур бухимдал энэ бүхэн хэнд хэрэгтэй вэ. Бид завгүй, мөрөөдөлтэй, утга учиртай, зорилготой гэж боддог энэ амьдралдаа түр зогсоц хийгээд, урт амьсгаа аваад, эргэн тойрноо ажиглавал юуг олож харах бол? Аль эсвэл хотоос хэдхэн километр холдоод, богд уулын энгэрт очин модон дунд алхавал юу хамгийн чухал вэ гэдгийг бага ч атугай ойлгох ч юм бил үү.

Ийм л чимээг тэр зургуудаасаа олж сонсоосой гэж хүссэн байна. Тийм ээ, энэ л хамгийн чухал зүйл.

4,500,000,000 жил, энэ бол “эх дэлхийн нас”

140,000 жил энэ бол “хүн төрөлхтөн дэлхий дээр үүссэн хугацаа”

Эх дэлхийн оршин тогтносон хугацааг 24 цаг гэж тооцвол хүн төрөлхтөн дэлхий дээр ирээд ердөө 3 секунд болжээ...

Цагийн зүү зогсолтгүй урагшилсаар...

Бусдаас хоцрохгүйг бүгд хичээж, хоцрох, хожимдох, хожигдох эрхгүй хэмээн сэтгэж юунд ч юм, юу руу ч юм уралдсаар. Эргээд нэг  харахад, хамгийн чухал, хамар доор байсан бүхнээ “юман чинээ” бодолгүй холын хол явж дээ.

"Бидэн дээр туссан сүүдэр" бол Б.Тамирын анхны бие даасан үзэсгэлэн юм. Тус үзэсгэлэнг Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Швейцарь улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сантай (FDDM) хамтран хэрэгжүүлж буй “SMArt” урлангаар хангах хөтөлбөрийн хүрээнд гаргажээ. Үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 23-ныг дуустал MN арт галерейд гарч байна. 

Н.Даваасүрэн

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top