Бизнесийг “ногооруулах” гарц эрэлхийлж байна

2018 оны 11 сарын 16

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд БОАЖЯ, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад байгаль орчны менежментийн систем (БОМС)-ийг нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй бизнесийг хөгжүүлэх санал санаачилгыг дэмжин ажиллаж ирсэн.

Энэ хүрээнд төрийн байгууллага, төсөл хөтөлбөрийн болон бизнесийн байгууллагын төлөөллийг хамруулсан “Бизнесийн ногоон гарц” үндэсний чуулган боллоо. Гурав дахь жилдээ зохион байгуулагдсан тус чуулганаар ногоон бизнесийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төслүүд, энэ чиглэл дэх олон улсын чиг хандлага, бизнесийн боломжийг танилцуулж, БОМС-г хэрэгжүүлж амжилтад хүрсэн туршлагаасаа  бизнесийн байгууллагын төлөөлөл танилцуулсан юм. Чуулганд оролцогчдын дунд “Ногоон бизнесийн хөшүүрэг” хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид энэ чиглэлд хэрэгжүүлж болох санал, санаачилга, мэдээллийг солилцлоо.


“Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд 2016 оноос хойш БОМС-ийг ААН байгууллагуудад нэвтрүүлэхэд чиглэсэн сургалт, үйл ажиллагаанд 809 бизнес эрхлэгч, хэрэгжүүлэгч бэлтгэх сургалтад 271 бизнес эрхлэгчийг сургаж бэлтгээд байна. Бизнес эрхлэгчид иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс уг асуудалд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь төслийн хамрах хүрээг нэмэгдүүлж байна.

Чуулганд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр,  Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган,  “Эм Эм Си Жи” ХХК –ийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ болон ногоон бизнесийг амжилттай хэрэгжүүлж буй 300 гаруй ААН байгууллагын төлөөлөл оролцлоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top