“Эрдэнэ Ресурс”: Хөндий алтны төслийн тооцоолол энэ онд эцэслэгдэнэ

2018 оны 11 сарын 19

Манай улсад  суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад улсад бүртгэлтэй хайгуулын компани болох “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци”   санхүү, үйл ажиллагааны  гуравдугаар  улирлын тайлангаа компанийн цахим хуудас болон Канад улсын цахим тайлан мэдээний SEDAR системд нийтлээд байна.Тус компани  манай улсын баруун урд бүсэд хайгуул хийх эрх бүхий 4 хайгуулын, 1 ашиглалтын тусгай зѳвшѳѳрөл  эзэмшдэг. Эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий алтны ордыг нээн илрүүлсэн юм. 

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци”  компани  Торонтогийн биржид бүртгэлтэй. Мөн Монголын хөрөнгийн биржийн /МХБ/-ийн гуравдугаар ангилалд бүртгэлтэй. Тус компани улирлын тайландаа дараах мэдээллүүдийг онцолжээ.

-Хѳндий алтны тѳслийн анхан шатны эдийн засгийн тооцооллыг эхлүүлсэн.

-Хѳндий алтны тѳслийн NI 43-101 стандартын эрдсийн нѳѳцийн тайланг тайлагнаж, бүртгүүлсэн.

-Баян Хѳндий болон Алтан Нарын орд газарт ашиглалтын тусгай зѳвшѳѳрөл авахаар өргөдөл гаргахад бэлтгэж, холбогдох техникийн судалгаануудыг эхлүүлсэн.

-Баян Хѳндий тусгай зѳвшѳѳрлийн талбайд орших Алтан Сум, Хойд Хѳндий талбайд 7 хэтийн тѳлѳвт бүсийг шалгах 3,452 метрийн 25 ѳрмийн судалгааг хийсэн.

-Монгол Улсын Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа зарласан тусгай зѳвшѳѳрөл олгох сонгон шалгаруулалтад  оролцохоор хүсэлт гаргаж, бүртгүүлсэн. 

-Компанийн хайгуулын зардал 2017 оны мѳн үеэс 42 хувиар, захиргаа, удирдлагын зардал 17 хувиар, цэвэр алдагдал  14.7 хувиар тус тус буурсан зэргийг тусгасан байна.

Компанийн ерѳнхийлѳгч, гүйцэтгэх захирал Петер Акерли  “Гуравдугаар улирал нь компанийн хувьд үйл явдлуудаар дүүрэн байлаа. Хѳндий алтны тѳслийн анхан шатны нѳѳцийн тайланг  есдүгээр сард танилцуулмагц бид тѳслийн анхан шатны эдийн засгийн тооцооллыг эхлүүлсэн бѳгѳѳд RPM Global-ын тооцоолж буй энэхүү тооцоолол нь  дөрөвдүгээр  улиралд эцэслэгдэх тѳлѳвлѳгѳѳтэй байна.Үүнтэй зэрэгцэн оны тѳгсгѳлд бүртгүүлэх ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн ѳргѳдѳлтэй холбоотой техникийн судалгаануудыг хийж байна.  Ашиглалтын ѳмнѳх судалгааны ажлуудаас гадна Баян Хѳндий тусгай зѳвшѳѳрлийн талбайд хийгдэж буй анхан шатны бүсийн хайгуулын судалгаа нь Компанийн голлох хѳдѳлгүүр болно гэж найдаж байна. Тусгай зѳвшѳѳрлийн хувьд Монгол улсын Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн Яам арваннэгдүгээр  сард Монгол Улсын баруун ѳмнѳд бүсэд хайгуулын тусгай зѳвшѳѳрл олгох сонгон шалгаруулалт зарласан нь ѳнгѳрсѳн хэдэн жилийн хугацаанд зарласан анхны сонгон шалгаруулалт юм.Бид энэхүү бүс нутаг дахь хамгийн том хувийн геологийн мэдээллийн санг боловсруулаад байгаа нь манай баг хамт олон эдгээр хайгуулын талбайг тодорхойлоход ихээхэн дэм болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн байна.

Э.Болор

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.143.177) 2018 оны 11 сарын 19

BAYNHONGOR AIMAG

0  |  0
Top