Өрийн ДАРАМТ-аас өндийж чадахгүй улс ДЕФОЛЬТ зарладаг

2018 оны 11 сарын 20

Улс төрийн тогоо улайсч,  эрх мэдлийн төлөөх бүлэглэлүүд үхэлдэн тэмцэлдэж, үйл явц өрнөж байна. Хангалттай хэмжээнд буглаж, тэр чинээгээрээ лугшиж өдийг хүрсэн Монгол төрийн идээ бээрийг сад тавиад байгаа дээр нь буглаа, юутай хээтэй нь бүрэн уудлах хүсэл, зоригтнууд энэ нийгэмд байна уу гэдэг асуудал эхэнд эрэмбэлэгдэж буй. Мэдээж улс орны маргааштай шууд холбогдох олон асуудал хойшоо шидэгдэх ёсгүй.

Цөөнхийн тоглоомны хөлд энэ улс орны эрх ашиг, иргэдийн эрх ашиг гишгэгдээд байж болохгүй. Улстөрчдөөс ШУДАРГА-ыг хүсэх нь инээдэм байж болох ч, увайтай байхыг шаардах эрх иргэдэд бий. Хэн гэдэг нэртэй, яг ямар зүс царайтай хүн эрх барих нь падлийгүй. Гол нь харьцангуй эрүүл хандлага, бодлого, сэтгэлтэй хүмүүс эрх мэдэлд ойр байх нь, асуудал бага дагуулдаг аж. Гоё ярьж, том амласан нөхдүүд жишиж хэлбэл хоол нэхээд амаа ангалзуулж буй өлсгөлөн хүүхдүүдэд оногдох ёстой аяга хоолыг цуслачихаад ичихгүй ёс зүй ярих аж. Яаж ийм байж болдог юм бэ? Завхарсан, увайгүй нөхдүүдээс болоод энэ улс оронд нэр сүр ч гэж юм үлдэхгүй болох нь.

Нэгэнтээ бид  хаалга үүдээ дангинал түгжээд, хэнээс ч, юунаас ч  хамаарахгүйгээр амьдарч чадахгүйгээс хойш олон улсад мөрдөгдөж буй жишиг стандартыг дагах л ёстой байдаг. Газраа ухаад, малаа маллаад л цадчихгүй. Дэлхий нийтийн эдийн засагтай хүссэн хүсээгүй нэг гинжинд хүлээтэй. Тиймээс  төрийн нэрээр гул барьсан даруулгагүй  нөхдүүдийн үг, үйлдэл улс оронд тун халгаатай.

“Фитч”-ийн прогноз биелж, улс төрд ШУУРГА дэгдлээ

Саяхандаа, арваадхан хоногийн өмнө олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоогч гурван акулын нэг “Стандарт энд Пүүрс” агентлаг манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлвийг “Тогтвортой” хэвээр хадгалсан. Мөн манай улсын "шилжүүлэх ба хөрвөх чадварын" үнэлгээ   "В” байсныг “В+” болгон нэмэгдүүлж, богино хугацааны зээлжих зэрэглэлийг "В” хэвээр хадгалах шийдвэрийг гаргасан шүү дээ. Уг нь бол энэ улс оронд тун хэрэгтэй л шийдвэр. 

  • Дэлхийн улс орнуудын зэрэглэлийг “атгагч” үнэлгээний компани биднийг эерэгээр харсантай зэрэгцэн Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд ширүүн салхи шуураад байна. Бугласан бүхэн уг үндсээрээ гарч чадвал энэ сайн хэрэг. Харин МАН, АН гэх дээврүүдээр халхавч хийсэн, дотроо талцсан бүлэглэлүүд хоорондын нас богинотой тохироо хийгдээд өнгөрвөл таагүй л хэрэг. Улстөрчдийн явуургүй сөргөлдөөн эцсийн дүндээ улсынхаа нэр сүрийг хилийн чинадад унагаж, өнөөх өсөөд байсан зэрэглэл энэ тэртэй бол яриад байх юм үлдэхээ болино.

“Стандард энд Пүүрс” манай зэрэглэлийг өсгөх болсон үндэслэлээ  дуулгахдаа “Монгол Улсын эдийн засагт хүчтэй сэргэлт ажиглагдаж байгаа. ОУВС-ийн хэрэгжүүлж буй хөтөлбөр, санхүүжилтүүдийн тусламжтай төсөв дээр нэгдсэн арга хэмжээ авч, ирэх 3 жилд төсвийн алдагдлыг бууруулан, тогтвортой байдлыг нэмэгдүүлэхээр байна... ОУВС-аас тэргүүлэн, бусад зээлдүүлэгч нартай хамтран хэрэгжүүлж буй 5.5 тэрбум ам.долларын реформын хөтөлбөр тус улсад санхүүгийн болон техникийн томоохон дэмжлэг үзүүлж байгаа. Монгол Улс хөтөлбөрийн зорилт бүхий тоон үзүүлэлтийг амжилттай хангаад байгаа нь гадаад орчны болон төсвийн дарамтыг бууруулав. 2015-2016 онд макро эдийн засаг болон санхүүгийн огцом стрессийн дараа үүссэн эдгээр ахиц нь уг улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүллээ” хэмээн онцолсон байсан.

Тодотгоход, үнэлгээг зөвхөн “Стандард энд Пүүрс” агентлаг хийдэггүй. “Мүүдийз”, “Фитч” гэсэн нэр хүндтэй агентлагууд бий. Манай улс  1999 оноос эхлэн “Стандарт энд Пүүрс”, “Мүүдийз”, “Фитч”  агентлагуудаар зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоолгож өнөөдрийг хүрсэн.  “Фитч”  агентлаг энэ оны долдугаар сарын 9-ний өдөр  “B” төлвийг  тогтвортой, “Мүүдийз” агентлаг энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр  “B3”  төлвийг тогтвортой гэж тус тус үнэлсэн. Харин  есдүгээр сард “Фитч”  манай эдийн засгийг 2018 оны эцэс гэхэд 5.2 хувийн өсөлттэй гарна гэж тооцоолсон бөгөөд эдийн засаг дахь эрсдэлийг улс төртэй холбон харж буйгаа мэдэгдэж байв. Тэрчлэн “Фитч”-ийн прогноз биелэн, улс төрд шуурга дэгдээд байна. Улс төр бужигнаантай байх нь эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрүүлэх эрсдэл дагуулдаг. Тиймээс ч үнэлгээний агентлагууд биднийг сайн сайхнаар харах боломж үлдэхгүй.

Зээлжих зэрэглэл унавал ТЭД биднээс зугтана

Тэгээд яах вэ гэж үү? Манайд итгэж мөнгө өгөх газар олдохоо болино. Өдгөө манай улс олон улсын санхүүгийн зах зээл дээрээс 5-7 хувийн хүүтэй мөнгө  зээлж байгаа. Банкууд  12 хувийн хүүтэй ам.долларын эх үүсвэр татаж буй. Тэгвэл зэрэглэл муудахын хэрээр эх үүсвэр татах хүүний хэмжээ нэмэгдэнэ. Тэр үед мөнгө л олдож байвал, хүү нь хэдэн хувь ч байсан хамаагүй авахаас өөр аргагүй болно. Тэгээд яах вэ? Банкууд өндөр хүүтэй эх үүсвэр татаж байхад зээлийн хүү яаж буурах болж байна. Эдийн засаг өсөлтгүй, төрөлжилтгүй байхад яаж зээлийн хүү буурах вэ. Өрийн дарамтад улам нэрвэгдэж, өндийж чадахгүй улс орон ДЕФОЛЬТ зарладаг шүү дээ. Тэр жишгээс яаж гажих болж байна.

  • Юун тэр 2016 оны хямралт байдалтай жишихийн аргагүй хүндрэлд бид унах эрсдэл байна. Ядаж тэр үед ОУВС-д хандаад  төрийн хагас эрхээ худлаа үнэн тэдэнд атгуулчихна даа гэсэн арга зам байлаа. Тэгвэл ОУВС-аас авдагаа аваад, аргалдагаа аргалаад 3 дахь онтойгоо золгох гэж байгаа манайд дараагийн боломж гэж хаана байгаа юм бэ? Харагдахгүй байна, харанхуй байна.

Миний өмнөөс эрхийг минь эдлээд энэ төрийг залаад өгөөч гээд итгэж найдаад сонгосон нөхдүүд үнэн хэрэгтээ дөрөвхөн жилийн санах ойтой, идэж уухын дон туссан этгээдүүдийн бүлэглэл л байж. Юун тэр мэргэшсэн парламент, юун тэр мэргэшсэн парламентчид. Эсрэгээрээ мэргэшсэн цуслагчид хууль тогтоох дээд байгууллагыг, засаг төрийг зайдагначихаж. Монгол төр арай ч бас иймдээ тулмааргүй. Эсвэл ингэтлээ доройтох нь их цэвэрлэгээний өмнөх үзэгдэл гэж харах ёстой юу?

Э.Болорхажид

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.186.128) 2018 оны 11 сарын 20

AN khiij baina gej idsen, MAN jdv-n mungiig ni idej bayjih gej galuu duuraij heree huloo gedeg bolj ard tvmen ug ni ta nart tsalin mungo erh darhig chini 4 jil hangalttai ugsniig meddegvv tsuslagchidaa khatuu shiitge er ni zogsooh bolson

0  |  0
Top