“Санхүүгийн салбарын комплаенс 2018” болно

2018 оны 11 сарын 21

Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/  үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж, зээлийн хоршооны болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээлийн мэргэжлийн холбоодтой хамтран “Санхүүгийн салбарын комплаенс-2018” форум зохион байгуулахаар ажиллаж буй аж.

Комплаенс бол санхүүгийн байгууллагын засаглал, дотоод хяналт, мэргэжлийн ёс зүй, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх, зогсоох тогтолцоог илэрхийлсэн багц ойлголт юм.

Санхүүгийн салбарын аж ахуйн нэгжүүд комплаенсыг нэвтрүүлээгүй, аль эсвэл холбогдох ажилтан томилоогүйгээс шалтгаалан байгууллагын төдийгүй зах зээлийн нэр хүндийг унагах сөрөг үр дагавар  авчирдаг. Энэ нь зөвхөн тухайн байгууллагын үйл ажиллагааг доголдуулаад зогсохгүй санхүүгийн системийн тогтвортой байдалд муу нөлөө үзүүлэх олон талын хор уршигтай юм.

“Санхүүгийн салбарын комплаенс-2018” форумын бэлтгэлийг хангах, гол илтгэлүүд, хэлэлцэх асуудлуудыг тодорхойлох үүднээс салбар тус бүрт тулгамдаж байгаа хүндрэл, комплаенстай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцэх, зах зээлд оролцогчид болон холбогдох байгууллагууд, дипломат төлөөлөгчдийг оролцуулах зэргийг хэлэлцэх уулзалт форумыг угтан болжээ.  Уулзалтанд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо,  Монголын даатгалын холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо болон Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбооны удирдлагууд оролцсон байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top