Монголд 100 мянган тонн буудай нийлүүлэхэд бэлэн байна гэв

2018 оны 11 сарын 23

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд  “Азийн хаалга” (Ворота в Азию)  хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн 29 дэх удаагийн үзэсгэлэн зохиогдож байна. Монгол Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд манай улсад жил бүр зохиогддог энэхүү үзэсгэлэнд Эрхүү мужаас 30 гаруй  компанийн төлөөлөл хүрэлцэн иржээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газын дарга Ц.Болорчулуун, “Сүүлийн хоёр жилийн хугацаанд ОХУ-тай ХАА-н зориулалттай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх талаар Оросын 7-8 үйлдвэртэй хамтран ажилласнаар манай газар тариалангийн компани, ААН-үүд 30-аад комбайн, үрлэгч зэргийг авч өнгөрсөн жил 7 сая, энэ жил 10 сая, нийтдээ 17 сая ам.долларын техникийн шинэчлэл хийгээд байна гэлээ.

 Түүнчлэн Монголын талаас Найрамдлын нийгэмлэгүүдийн Эвлэлийн дэд ерөнхийлөгч Б.Эрдэнэбат, ОХУ-ын талаас Эрхүү мужийн ХАА-н дэд сайд В.О.Козин, Монгол дахь ОХУ-ын худалдааны төлөөлөгч М.В.Васильев, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нар нар нээлтэд оролцлоо. Энэ үеэр Эрхүү мужийн Тулунск дүүргийн захирагч М.И.Гилдебрант Монголд ХАА, уул уурхайн салбарт хамтран ажиллахаар ирснээ хэлж 100 мянган тонн буудай нийлүүлэхэд бэлэн буйгаа уламжлав.

Энэ удаагийн үзэсгэлэнд монголчуудын танил чихэр шоколадны “Амта” үйлдвэр, загасны махан бүтээгдэхүүний “ИП Шарпинская”, био бэлдмэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүний "НПО Арго эм”, “Эм-курунга”, барилгын материалын “Волна” зэрэг компанийн төлөөлөл бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулав.

Эрхүү хотын хүнсний үйлдвэрлэлийн "Окинский" компани Монголын зах зээлд сүүлийн 10 жил тасралтгүй өндөг нийлүүлж байна.  “Азийн хаалга” (Ворота в Азию) үзэсгэлэн 11 дүгээр сарын 23-ныг дуустал үргэлжилнэ.  Үзэсгэлэн арга хэмжээний хүрээнд  “Монгол-Оросын ХАА-н салбар дахь хамтын ажиллагаа” сэдвээр бизнес уулзалтууд болж байна гэж МҮХАҮТ-аас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.42.162) 2018 оны 11 сарын 23

Үндсэн хуулинд ёрөнхийлөгчийн засаглалтай болж эсвэл параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо

0  |  0
Top