Жолооч нар автомашины хохирлын нөхөн төлбөр дээрээ үнэлгээ хийлгэсэн хөлсийг нэмж авна

2018 оны 11 сарын 23

 Жолоочийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д  даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын тохиолдлыг шалгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох, хохирлыг үнэлэхтэй холбогдон гарах зардлыг даатгагч жолоочийн даатгалын сан хариуцна гэж заасан байдаг. Тэгэхээр хохирлын нөхөн төлбөр авч байгаа жолооч автомашиндаа учирсан хохирлыг үнэлүүлсний хөлсөнд даатгалын хохирол үнэлэгч компанид төлсөн төлбөрөө нөхөн төлбөр дээрээ нэмж авна гэсэн үг юм.

Иргэд хуулийн дээрх заалтыг мэддэггүйгээс нөхөн төлбөрийн хамт хохирлыг үнэлэхтэй холбогдон гарсан зардлаа авалгүй, нөхөн олговроо дангаар нь авдаг тохиолдол нийтлэг байна. Жолооч нараас ч энэ талаар цөөнгүй асуулт ирүүлж байгаа тул Хороо зам тээврийн хөдөлгөөнд оролцогчдод хуулийн дээрх заалтыг сануулж, хохирлын нөхөн төлбөрийн хамт уг хохирлоо үнэлэхтэй холбогдон гарсан зардлыг даатгалын компанидаа мэдүүлэн авч байхыг анхааруулж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top