ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ: Нүүрс гацаж, “Ногоон” чангарсан 7 хоног

2018 оны 11 сарын 24

 

Энэ долоо хоногийн эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна.



 

“Овоот толгой”-н  эзэн солигдох уу?


 “Саусгоби Ресурс” компани дампуурлаа зарлалаа гэж Блүүмберг мэдээлсэн юм. Манай сайт стратегийн гэх тодотголтой Нарийн сухайтын ордын шууд үргэлжлэл болох Овоот толгой ордын лицензийг 2037 оны есдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл эзэмшигч “Саусгоби Ресурс” компанийн Монголын уул уурхайн салбар дахь үйл ажиллагааны эхлэл, он дараалал, үүх түүхийг нэгтгэн мэдээлсэн билээ.  “Саусгоби Ресурс” компанийн охин компани  “Саусгоби сэндс” ХХК 2008 оноос Овоот толгой нүүрсний орд газарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. “Саусгоби Ресурс” компани Овоот толгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтэц бүрдүүлэх, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхийн тулд гэсэн тодотголтойгоор одоогоос есөн жилийн өмнө 2009 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын  төрийн өмчит  “China Investment Corporation” компаниас 500 сая ам.доллар зээлж байв. Тэгвэл энэ долоо хоногийн анхаарал татсан мэдээллээр бол  “Саусгоби Ресурс” компани БНХАУ-ын төрийн өмчит “China Investment Corporation”-д  2018.11.19-нд багтаан төлөх байсан 41.8 сая ам.долларын төлбөрөө өгч чадаагүй бөгөөд дампуурлаа зарлах нөхцөл байдал бүрдсэн гэж үзсэн байв. Энэ онд 24.5 сая ам.долларын орлоготой ажилласан гэх тус компани 41.8 сая ам.долларыг барагдуулж чадахгүй байдалд байгаа нь Овоот толгой ордын эзэн солигдоход хүрэх үү гэдэг асуудлыг манай сайт хөндсөн. Уг мэдээллийг үргэлжлүүлэн хөндөх болно.

 


 

Дархлаатай байхыг САНУУЛАВ

Хятадын тал манай нүүрс тээвэрлэсэн машинуудыг нэвтрүүлэхээ зогсоож, 100 давсан км-ийн урт дараалал үүссэн нь энэ долоо хоногийн анхаарал татсан үйл явдал байв. Хөршийн талаас хилээр нэвтрэх автомашиныг бүгдийг нь  бүртгэлжүүлж, “Ухаалаг гарц” гэх шинэ технологи нэвтрүүлж байгаа гэсэн үндэслэл хэлж байсан. Харин эдийн засагч Л.Наранбаатар БНХАУ энэ оныг дуустал Монголоос хилийн бүх боомтоор ямар ч төрлийн нүүрс импортоор авахгүй байх шийдвэр гаргасан тухай мэдээллийг эдийн засагч Л.Наранбаатар тус улсын Фэнвэй (sxcoal.com) судалгааны байгууллагын дэд захирал Сара Лиутай утсаар ярьж авлаа хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Өнөөдрийн тухайд  дараалал урт хэвээрээ байна. Гэхдээ Хятадууд манай нүүрсийг татаж авч байгаа гэх мэдээлэл наашилж буй нь таатай хэрэг. Ер нь бол Хятадын нүүрсний бодлого манай эдийн засагт шинэ дархлаа хэрэгтэйг дахин сануулж байна гэдгийг манай сайт энэ долоо хоногт онцолсон билээ.

“Ногоон”-ы ханш чангарч БОНД-ын ханш уруудав

Монголын улс төрийн тогоо чинээндээ тултал халж байгаатай зэрэгцэн ам.долларын ханш төгрөгийн сүрийг дарж, улам чангараад ирлээ. 2018 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн Төв банкны албан ханшийг харахад ам.долларын ханш 2.590.68 төгрөгтэй тэнцэж байгаа бол арилжааны банкуудын ханшаар ам.долларыг 2593 төгрөгөөр авч, 2604 төгрөгөөр зарж байна. Ханшийн өсөлт энэ долоо хоногт тогтворжсонгүй. Өсөлт ажиглагдсаар байна.


Ам.долларын ханш төгрөгийн эсрэг есдүгээр сарын дундуур чангарч ханш тойрсон сэдэв халууны хэмээ нэмж байсныг сануулъя. Есдүгээр сарын 18-ны өдөр Төв банкны албан ханш 2500.82 төгрөг байсан бол аравдугаар сарын 9-ний өдөр 1 ам.долларыг авах ханш 2564 төгрөг, зарах ханш 2567 төгрөг байлаа.  Уг нь аравдугаар сарын эхний арав хоног гэхэд ам.долларын ханш эргэн суларч, тав хоногийн дотор 9 төгрөгөөр буугаад буй талаар бид мэдээлж байсан. Тэгвэл энэ долоо хоногт арваннэгдүгээр сарын 20-ны өдөр гэхэд Төв банкны албан ханшаар ам.доллар  2.577.23 төгрөгтэй тэнцэж чангарсан юм. Ам.долларын ханшийн сүүлийн өдрүүдийн өсөлтийн хүрээд буй хэмжээ өнгөрсөн есдүгээр сарын өсөлттэй харьцуулахад 80 гаруй төгрөгөөр өссөн үзүүлэлт болж байна.

Есдүгээр сарын ханшийн өсөлтөд ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ  долдугаар сарын байдлаар 198.5 сая ам.долларын алдагдалтай гараад буй нь нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байсан билээ. Харин одоогийн нөхцөл байдлыг харахад гуравдугаар улирлын байдлаар Төлбөрийн тэнцэл оны эхнээс өссөн дүнгээр 475.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Есдүгээр сарын тухайд 77.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байгаа юм.

Манай улсын эдийн засаг төрөлжилтгүй, валютын гадагшлах урсгалыг барьж тогтоох боломж хомс байдгийн улмаас ханшийн хэлбэлзлийн салхинд хүчтэй ганхалт мэдэрдэг. Тиймээс уг эмзэгшилийг бууруулах шаардлагыг хаа хаанаа ярьсаар буй юм.

Мөн энэ долоо хоногийн эдийн засгийн онцлох мэдээлэл бол саарал ордонд өрнөж буй үйл явдлууд хэдийнэ хилийн чинадад хүрч, хөрөнгө оруулагчдын шийдвэрт нөлөөлөх хэмжээнд хүрсэн тухай байв. Засгийн газрыг огцруулах тухай бичиг өргөн барьсны дараагаар манай улсын Засгийн газрын болоод дотоодын бондуудад уналт ажиглагдсан юм. Олон улсын зах зээл дээрх Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банк, Гэрэгэ бондуудын ханшид уналт тэмдэглэгдсэн юм. Хэдийгээр эдгээр бондуудын ханш 2018.11.22-ны өдрийн байдлаар 0.02-0.05 хувийн өсөлтүүдтэй байгаа ч, улс төрийн тогтворгүй байдалтай холбоотойгоор ханш савлах нь ойлгогдож буй юм.

ОУВС-ийн ЧАНГАЛАХ бодлого

Олон улсын валютын сангаас /ОУВС/ манай Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т зургаа дахь шатны үнэлгээ хийж, мэдэгдэл гаргалаа. Жэф Готтлийбээр ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг Улаанбаатарт арав хоног ажиллахдаа хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт, тоон үзүүлэлтүүдийн үнэлгээг урьдчилсан байдлаар хийсэн байгаа.Мөн авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээнүүдийн талаар зөвлөсөн. Тухайлбал, Монголбанкийг мөнгөний бодлогоо чангатгаж, зөв зорилт бүхий макро-зохистой бодлогын арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх замаар зээлийн өндөр өсөлтийг хязгаарлах хэрэгтэй гэж байна.


Тодотгоход, Мөнгөний бодлогын зорилго нь мөнгөний нийлүүлэлтийг удирдах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, инфляцийг тогтворжуулах болон бүрэн ажил эрхлэлтийг хангахад оршдог гэсэн албан ёсны ойлголт бий. Тэгвэл Төв банкуудын зүгээс Мөнгөний бодлогын хүрээнд гол ашигладаг арга хэрэгсэл нь Бодлогын хүү юм. Бодлогын хүү гэдэг нь арилжааны банкууд төв банкинд мөнгөө хадгалуулах хүүг хэлдэг.

Манай Төв банкны Мөнгөний бодлогын хороо 2018 он гарснаас хойш Бодлогын хүүг 10 хувьд хадгалж байгаа. Тус хороо 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хуралдаж, Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгох, Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5 хувиар, гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 12 хувиар тогтоох шийдвэр тус тус гаргасан. Дараа нь Мөнгөний бодлогын хороо есдүгээр сарын 20-нд хуралдаж, Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Хамгийн сүүлд  Мөнгөний бодлогын хороо 2018 оны есдүгээр сарын 20-нд хуралдаж, Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан юм.

Төв банкны тухайд төгрөгийг үнэгүйдлээс хамгаалах зорилгоор таван жил дараалан мөнгөний хатуу бодлого барьж байсан. Гэвч хатуу бодлогын нөлөөллөөр төгрөгийн дархлаагаа хамгаалж чадаагүй. Эсрэгээрээ эдийн засгийг мөнгөгүйжүүлж бизнес эрхлэх орчинд сөрөг нөлөө үзүүлсэн гэх шүүмж дагаж ирснийг хэлэх хэрэгтэй. Тэгвэл манай эдийн засгийн гол шийдвэрүүдэд хошуу төдийгүй хуруу дүрэх эрхтэй ОУВС мөнгөний бодлогыг чангаруулах чиглэл өгчихлөө.

Э.БОЛОРХАЖИД

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top