Монголбанк: Бодлогын хүүг НЭГ хувиар өсгөх шийдвэр гаргалаа

2018 оны 11 сарын 27

 

Монголбанк: Бодлогын хүүг өсгөсөн нь инфляцийг тогтворжуулах зорилттой нийцнэ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2018.11.27/ хуралдаж, Бодлогын хүүг 1 хувиар өсгөн, 11 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. 2018 он гарснаас хойш тогтвортой 10 хувьд хадгалагдаж байсан Бодлогын хүү ийн өслөө.

Олон улсын валютын сангаас /ОУВС/ манай Төв банкинд мөнгөний бодлогыг чангаруулах арга хэмжээ авахыг зөвлөөд байсан. Тэгвэл Төв банк дээрх шийдийг гаргаж байна.

Тодотгоход, Бодлогын хүү гэдгийг арилжааны банкууд Төв банкинд мөнгөө хадгалуулах хүү гэж тодорхойлж болох юм. Бодлогын хүү хөдлөхөд дагаад арилжааны банкуудын хадгаламжийн хүү,  зээлийн хүү өөрчлөгддөг.

Уг шийдвэртэй холбоотойгоор Төв банкнаас гаргасан мэдэгдэлд:

Хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн жилийн инфляци 2018 оны аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.3 хувь, Улаанбаатар хотод 6.8 хувьтай байна. Хэдийгээр түүхий эдийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж, эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд хүлээлтээс давж 6.7 хувиар өссөн боловч эдийн засгийн гадаад орчны тодорхой бус байдал өндөр байна.

Ирэх оны төсвийн алдагдал харьцангуй өндөр түвшинд батлагдсан, АНУ-ын Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогын суурь хүүгээ нэмэгдүүлсэн, БНХАУ нүүрсний зах зээлдээ хязгаарлалт хийж эхэлсэн зэрэг нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж төгрөгийн ханшинд дарамт учруулж байна. Иймд, Монголбанк нэг талаас эдийн засгийн идэвхжилийг дунд хугацаанд зохистой түвшинд хадгалах, нөгөө талаас гадаад зах зээлийн тодорхой бус байдлыг харгалзан үзэж Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаар бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Монголбанкны энэ удаагийн шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах зорилттой нийцтэй бөгөөд төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэн, үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг хамгаалж, макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байна.

Монголбанкнаас 2018 оны арванхоёрдугаар сараас эхлэн Төв банкны 28 долоо хоногийн хугацаатай үнэт цаас арилжаалах шийдвэр гаргалаа” гэсэн байна.

 www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(43.242.243.137) 2018 оны 11 сарын 27

GADAAD UG HEREGLEH N NER TOMYO MON BISH N MEDEGDEHGUI BOLSOG

0  |  0
Top