Санхүүгийн зохицуулах хороо нь Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны бирж болон зарим томоохон ХК-уудын Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн нарийн бичгийн дарга нарыг урьж “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн байна.
Хэлэлцүүлгээр хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлын зарыг хувьцаа эзэмшигчдэд хүргэх, цаашлаад хурлын мэдэгдлийг Хороо болон Биржид хүргүүлэх асуудлаарх зохицуулалт, бодит амьдралд гарч байгаа бэрхшээлүүд, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцжээ. Хэлэлцүүлгийн үр дүнд хувьцаа эзэмшигчдийн хуралд дийлэнх хувьцаа эзэмшигчдийг хамруулах талаар болон хурал хуралдуулах тухай, хурлын дараах шийдвэрийг зохих байгууллагад хүргүүлэх, олон нийтэд мэдээлэх хугацааг илүү уян хатан болгох, мөн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулахад компанид учирч болох зарим нэг зардлыг бууруулах, нэмэлт зардал үүсгэхгүй байх зохицуулалтуудыг журамд тусгахаар боллоо.
Компаниуд ирэх оны нэгдүгээр улиралд багтаан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгуулах учиртай. Иймд журмын шинэчлэлтийг энэ онд багтаан батлахаар СЗХ ажиллаж буй юм байна.
Сэтгэгдэл ( 0 )