ДНБ-ий 49.5 хувийг өрхийн хэрэглээ дангаараа бүрдүүлжээ

2018 оны 11 сарын 29

Хэрэглээний зээлийн тэлэлтийг хумих нь эдийн засагт үүсэх эрсдэлийг багасгана гэж албаныхан мэдэгдэж буй. Тэгвэл зарим судлаачид эсрэг байр суурийг илэрхийлж байгаа юм. Энэ  оны гуравдугаар улирлын байдлаар банкны салбарын хувьд зээл олгох боломжит нөөцийн хэмжээ ойролцоогоор 4 их наяд төгрөг байна. Харин зээл олголтын хэмжээ гуравдугаар улирлын байдлаар 1.8 их наяд төгрөг байсан ба үүнээс иргэдийн хэрэглээний зээл 200 тэрбум төгрөг буюу нийт зээл олголтын 10 орчим хувийг эзэлж байна. Тодруулбал банкны зээл олгох нөөц бололцоо хангалттай хэмжээнд байгаа төдийгүй иргэдийн хэрэглээний зээл олголт нь төдийлөн их хувийг эзлэхгүй байгаа нь харагдаж байна гэж үзэх судлаачид байна. Хэрэглээ нь эрэлт талаас эдийн засгийн өсөлтийг тэтгэж, бизнесийн үйл ажиллагааг дэмжих гол хүчин зүйл. Тухайлбал, энэ оны гуравдугаар  улирлын байдлаар эцсийн ашиглалтын аргаар нэрлэсэн Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 22.9 их наяд төгрөгт хүрсэн ба үүний 49.5 хувийг өрхийн хэрэглээ дангаараа бүрдүүлсэн. Харин уг хугацаанд өрхийн дундаж мөнгөн зарлага 1.12 сая төгрөг байсан ба үүнээс 67 орчим хувь нь хүнсний бус бараа, үйлчилгээнд, 19 хувь нь хүнсний бараанд зарцуулагдсан. Хэрэглээний түвшин бусад хувьсагчдыг бодвол харьцангуй тогтвортой байдаг. Гэвч хэрэв хэрэглээний зээлийн хязгаарлалт хүчтэй нөлөөлж, өрхийн хэрэглээг бууруулбал эргээд эдийн засгийн өсөлтийг сааруулж, бизнес эрхлэгчдийн ашгийг бууруулах сөрөг нөлөөтэй гэж байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top