Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлд 161 аж ахуй нэгжийн 13 079 машин нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд оролцож байна. Өнгөрсөн аравдугаар сарын 29-ний байдлаар 1200 гаруй тээврийн хэрэгсэл хил нэвтэрсэн бол 30-ны өдрийн байдлаар 800, арваннэгдүгээр сарын 6-27-ны өдрүүдэд буюу одоогийн байдлаар өдөрт 60, нийт 550 машин хил нэвтэрчээ. Үүнээс болж урт дараалал үүссэнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яам, УУХҮЯ, АТҮТ-өөс байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, олборлолт, тээвэрлэлийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан юм. “
Засгийн газрын хуралдаанаар тус чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болгож шийдвэрлэсэн, мөн Засгийн газрын зүгээс жолооч нарын нийгмийн баталгааг хангах хүрээнд ААН-үүд нэг удаагийн эргэлтийн мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгийг жолооч нарт олгох, цалинг нэмэгдүүлэхэд анхаарах асуудлыг ярилцсан талаар Я.Содбаатар сайд тус чиглэлд нүүрс тээвэрлэж буй аж ахуй нэгжийн төлөөлөл, жолооч, тээвэрчид, тэдний ар гэрийнхэн, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзах үеэрээ хэллээ.
Салбар яамны зүгээс тээврийн хэрэгслийн дарааллыг буруулах зорилгоор Цагаанхад хүртэл нүүрс тээврийг Гашуунсухайт автозамын эсрэг урсгалын хөдөлгөөнийг хааж, 1700 гаруй тээврийн хэрэгслийн ачааг Цагаанхаданд буулгажээ. Мөн тээврийн компаниуд жолооч нараа хоол хүнс, дулаан хувцас, түлш, бусад шаардлагатай зүйлээр хангаж буй аж.
Харин тээвэрлэлт хийдэг ААН-үүдийн төлөөлөл, жолооч, тэдний ар гэрийнхний зүгээс нэг удаагийн эргэлтийн мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд нийгмийн хариуцлагаа ухамсарлан олгох, амьдрах нөхцөл боломжийг сайжруулж, дулаан байр, хоол, хүнсээр хангах зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж өгөхийг Тээвэрлэгчдийн гэргий нарын холбооны тэргүүн З.Түвшинзаяа хэлж байна.
Гашуунсухайт боомт дээр нөхцөл байдал ийнхүү хүндэрсэн нь гадаад хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Тухайлбал БНХАУ хилийн боомт дээр техникийн шинэчлэл хийгдэж буй, мөн нүүрсний таталтаа хязгаарлах болсон зэрэг нь нөлөөлж байгаа юм. Одоо нэг машиныг 30 минут шалгаж хил нэвтрүүлж байна. Хэрвээ техникийн бүрэн шинэчлэлийг ашиглаад эхлэвэл нэг машин 2-3 минут л зарцуулах аж. Техникийн шинэчлэл 15-16 хоногийн дараа бүрэн дуусах болов уу гэсэн хүлээлттэй байгааг УУХҮЯ-ны уул уурхайн бодлогын газрын дарга Б.Дэлгэржаргал хэлэв.
Сэтгэгдэл ( 3 )
ooroo joloodlogt mashiniig ooroo yarih baihdaa
Mah nyygaad gardag gesen shyy dee.Tegelgyi yadgiin .
НҮҮРСТЭЙ ЦУГ АЛТ Ч ГАРЧ БАЙГААГ ҮГҮЙСГЭХГҮЙ БАЙХ ШҮҮ.ТИЙМЭЭС ХИЛИЙН НААНА НҮҮРСЭЭ БУУЛГААД КОНЕВЕРААР ХИЛ ДАВУУЛЖ ЦААШАА МАШИНД ШУУД АЧДАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.ЯДАХ ЮУ БНА АА.УХААН ШААРДАХ АЖИЛ БИШ.