Хятад улс агаарын бохирдолтой тэмцэх дайнд томоохон амжилт гаргаж буйг Бээжин хотын агаарын бохирдлын мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт илтгэж байна.
“Гринпис- Зүүн Ази” байгууллагын судалгаанаас үзвэл, 2017 онд тус хотын хүний эрүүл мэндэд хамгийн их аюул учруулдаг РМ 2.5 тоосонцрын агаар дахь хэмжээ 2016 оны үзүүлэлттэй харьцуулахад 54 хувиар буурчээ. Түүнчлэн, Бээжин, Тянжин зэрэг Хятадын 26 хотуудад РМ 2.5 тоосонцрын хэмжээ гуравны хоёроор буурсан үзүүлэлт гарчээ.
Хятад улс ямар үнээр, хэрхэн энэ амжилтад хүрэв?
2013 оноос хойш тус улс агаарын бохирдлын эсрэг үндэсний төлөвлөгөөг хэрэгжүүлж, дорвитой арга хэмжээ авч эхэлсэн. Үүний дагуу нүүрсний хэрэглээг багасгах шат дараалсан арга хэмжээ авчээ. Жишээ нь, нэг мужтай дүйцхүйц хэмжээний Бээжин хот 2013-аас 2018 оны хооронд нүүрсний хэрэглээг 50 хувиар бууруулах үүрэг авсан байна. Нүүрсээр ажилладаг станц, үйлдвэрүүдийг шинээр барихыг хориглосон бөгөөд одоо ажиллаж байгаад нь шүүлтүүр, цэвэршүүлэгч суурилуулжээ. Энэ арга хэмжээ л гэхэд 2012-2013 онуудад РМ 2.5 тоосонцрын хэмжээг 25 хувиар бууруулж чаджээ.
Хятад улсын хойд хэсэгт өвлийн улиралд агаарын бохирдол дээд хэмжээндээ хүрдэг. Үүний шалтгаан нь айл өрхийн халаалтыг нүүрсээр шийддэг байсантай холбоотой. Дээрх 26 хотуудад үйл ажиллагаа явуулж буй ган, хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрүүдэд хяналт тавьж, цемент үйлдвэрлэл, дизель ачааны машинаас ялгарах утааг багасгах зорилгоор томоохон бүтээн байгуулалтын төслүүдээ хүртэл зогсоожээ. Үүний сацуу Бээжин болон ойролцоох хот, суурин газруудад эрх бүхий байгаль орчныг хамгаалах агентлагийг байгуулжээ.
Хятадын Засгийн газар хатуу арга хэмжээ авсан бөгөөд 2017 онд дөрвөн сая өрхийг цахилгаан болон хийн халаалтад шилжүүлж, халаалтын асуудал шийдэгдэхээс нь өмнө айл өрх, эмнэлэг, сургуулиудыг нүүрс хэрэглэхийг зогсоосон байна. Гэвч, эмнэлгүүд хөлдөж, сургуулиуд гадаа хичээл орж эхлэхэд Засгийн газар бага хэмжээний нүүрс түлэх зөвшөөрөл олгосон байна.
Бээжин хот, 2017 оны арванхоёрдугаар сар
Яагаад Хятад улсад хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд илүү үр дүнтэй байна вэ? Юуны өмнө, агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдийн ихэнх нь төрийн өмчит учир хяналт тавихад хялбар. Хоёрт, агаарын бохирдлын гол шалтгаан нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд тул анхаарлаа зөвхөн нүүрсэнд төвлөрүүлэх боломжтой. Үүнээс гадна, 2013-2016 онд тус улсын ДНБ-д хүнд үйлдвэр, дэд бүтцийн эзлэх хувь багасч, эсрэгээр үйлчилгээний салбарын эзлэх хувь нэмэгдсэн нь “Үүрэг ба хяналт” арга хэмжээний бас нэг үр дүн юм.
Гэвч энэ амжилт их хэмжээний үнэ цэнээр олдсон. 2015 онд энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 250 тэрбум юань зарцуулжээ. Гэхдээ үүнд бүхэл бүтэн үйлдвэрүүдийг хааж, бүтээн байгуулалтын төслүүдийг зогсоосон зардал ороогүй юм.
Товчхондоо, Хятадын арга хэмжээ үр дүнтэй ч зардал ихтэй. Тус улс агаарын бохирдлын эсрэг дайнд бус, харин тулаанд ялаад байна.
2018 оны зургадугаар сард Хятад улс агаарын бохирдолтой тэмцэх шинэ төлөвлөгөөг танилцуулсан. Үүнд илүү олон хот, илүү өргөн хүрээний арга хэмжээг тусгажээ.
Хэдийгээр 2017 онд дуусгавар болсон өмнөх төлөвлөгөөнд туссан зорилтууд бүрэн биелсэн ч, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон РМ 2.5 тоосонцрын хэмжээг 10µg/m³ стандартад хараахан хүрээгүй байгаа юм. 2017 оны байдлаар, мужийн хэмжээний 338 хотоос 107 нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан агаар дахь РМ 2.5 тоосонцрын зөвшөөрөгдөх хэмжээ буюу 35µg/m³ -т хүрээд байгаа юм.
“Хөх Тэнгэр” дайнд ялах шинэ төлөвлөгөөг 2018-2020 онуудад хэрэгжүүлэх бөгөөд энэ нь өмнөх төлөвлөгөөний хоёр дахь үе шат гэж хэлж болох юм. Энэхүү төлөвлөгөөнд агаар дахь РМ 2.5 тоосонцрын хэмжээг 2015 оныхоос 18 хувиар бууруулах зорилт тавиад байна. Хятадын мужийн хэмжээний 231 хот Хятадын Засгийн газраас гаргасан стандартад хүрээгүй байгаа. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн зөвшөөрөгдөх стандарт буюу 35µg/m³ юм.
Эх сурвалж: The Economist, Chinadialogue.net
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )