АЙЛЧЛАЛЫН ТОЙМ| Хэлэлцээ + Түншлэлийн ахиц + Хамтарсан мэдэгдэл

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

Манай сурвалжлагч Токио хотоос мэдээлж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийх албан ёсны айчлалаа 2018.12.12-15 өдрүүдэд үргэлжлүүлж байна. Ерөнхий сайд 2018.12.12-нд Токио хотод газардсан бөгөөд айлчлалын эхэнд Монгол-Японы төр хувийн хэвшлийн 9 дэх удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцсон юм. Зөвлөлдөх уулзалт Токио хотын Касүмигасэки цогцолборт болсон бөгөөд Монгол Улс тус уулзалтад анх удаа Ерөнхий сайдын түвшинд оролцсоноороо онцлог байлаа.

Мөн өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны /ЖБИК/ ерөнхийлөгч Т.Маэда болон Япон-Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагууд бараалхав. Уулзалтын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хандлага, авч хэрэгжүүлж буй бодлого зохицуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Тэр дундаа, хөдөө аж ахуй болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааг нэмэгдүүлэх, энэ чиглэлд хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар түлхүү ярьж хэлэлцсэн нь уулзалтын онцлог байв. Уулзалтаар хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрэх чиглэлээр хоёр талын төр, хувийн хэвшлийн байгууллагууд цаашид үргэлжлүүлэнг нягт хамтран ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр мэдэгдэж байв.

Тэрбээр зөвлөлдөх уулзалтыг хааж хэлсэн үгэндээ, уулзалтыг зохион байгуулахад хамтран ажилласан Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны удирдлагууд болон Япон-Монголын Эдийн засгийн хорооны тэргүүн Ё.Кобаяши нарт талархал илэрхийлээд, “Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлж, экспортын бараа бүтээгдэхүүний гадаад зах зээлийг тэлэх зорилгоор бүс нутгийн эдийн засгийн интеграцид идэвхтэй хамрагдахыг зорин ажиллаж  байна. Энэ хүрээнд бид экспортын бараа бүтээгдэхүүнээ зорилтот зах зээлд тарифын хөнгөлөлттэй нөхцлөөр гаргах, мөн тээвэр логистикийн хямд зардлаар хүргэх асуудлыг чухалчилж байгаа юм. Япон Улс нь манай улсын хувьд худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш орон. 2016 онд байгуулсан Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь манай улсын хувьд анхны Чөлөөт худалдааны хэлэлцээр болсон. Энэхүү хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлж, бодит үр өгөөжийг хүртэснээр хоёр орны хоорондын худалдаа, үйлчилгээний эргэлт дорвитой өсч, Монголд орох Японы хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийн урсгал нэмэгдэнэ гэж үзэж байна” хэмээсэн юм.  

***

-ЭКСПОРТЫН ЗЭЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ-

Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны /ЖБИК/ ерөнхийлөгч Т.Маэда Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхах үеэрээ Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрийг маш амжилттай хэрэгжүүлж байгааг үнэлж буйгаа илэрхийлээд, Монголын эдийн засаг өсч, эрүүлжин, зээлжих зэрэглэл өсч байгаа нь хөрөнгө оруулалт хийх таатай үе хэмээж байв. 

Японы Олон улсын хамтын ажиллагааны банкийг товч танилцуулахад, хилийн чанад дахь хөрөнгө оруулалт, олон улсын худалдааг дэмжихэд шаардлагатай санхүүжилтийг олгох замаар гадаадын улс орнууд хорондын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой, Засгийн газрын мэдэлд үйл ажиллагаа явуулдаг банк юм. Анх 1999 онд байгуулагдсан бөгөөд 2008 онд олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны фүнкцийг нь Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-д шилжүүлж, банкны төсөв, үйл ажиллагааг JBIC-ийн банкны тухай хуулиар зохицуулж иржээ. Токиод төвтэй бөгөөд нийт 21 салбараар дамжуулан дэлхийн 18 улсад үйл ажиллагаа явуулдаг байна.  

Манай улс JBIC банктай 2013 оны зургадугаар сард 8 тэрбум иенийн үнийн дүн бүхий экспортын зээлийн шугам нээх тухай хэлэлцээрийг байгуулсан бөгөөд энэ хүрээнд 2015 онд “Сүмитомо” корпораци Монголын “Хишиг арвин” компанид Комацү маркийн уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөлд анхны санхүүжилтыг хийж байжээ. 2016 онд “Коника Минолта” маркийн хэвлэлийн машин, “Хаан” банкны автомат төлбөрийн машин тус тус нийлүүлэх төслүүдэд дараагийн санхүүжилтүүд хийгдсэн. Мөн 2013 оны 12 дугаар сард манай Засгийн газар тус банкны баталгаатай Самурай бондыг Японы зах зээл дээр амжилттай арилжаалсан, 2016 оны 5 дугаар сард Таван толгойн уурхайгаас Зүүн чиглэлд төмөр зам тавих тухай ТЭЗҮ хийж, Монголын талд гардуулан өгсөн зэрэг хамтын ажиллагааны түүх бий.

Гэвч экспортын зээлийн шугамын хэлэлцээрийг байгуулснаас хэрэгжилт дорвитой урагшлахгүй байгаагийн улмаас хэрэгжүүлж дуусгах хугацааг жил бүр сунгаж байгаа аж. Цаашид экспортын зээлийн шугамын 8 тэрбум иенийг амжилттай ашиглаж дуусгавал, төслийн дараачийн шатыг хэрэгжүүлэхэд зээлийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг судлах боломжтой гэдгийг Японы тал хэлж байгаа. Одоогоор уг зээл 20 гаруй хувийн ашиглалттай байгаа юм байна. 

Айлчлалын эхний өдрийн төгсгөлд Япон-Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулсан юм. Ерөнхий сайд энэ үеэр үг хэлэхдээ, Манай улсад ардчиллыг бататгах, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог төлөвшүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг бүрдүүлэхэд Япон Улсын Засгийн газар, ард түмний сэтгэл шингэсэн тусламж дэмжлэг үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлоод, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий манай хоёр орны харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хамтын ажиллагаа Монгол, Японы язгуур эрх ашигт төдийгүй Зүүн хойд Ази, улмаар бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн тусын тулд улам бүр гүнзгийрэн хөгжихийг ерөөсөн юм.

Хоёр талын найрамдал, олон нийтийн байгууллагуудын санал санаачлагаар энэ онд “Хуралдай” арга хэмжээг Улаанбаатар хотноо өргөн хүрээнд зохион байгуулсан. Ирэх онд тохиох Монгол, Японы хооронд “Соёлын харилцаа тогтоох тухай тохиролцоо” байгуулсны 45 жилийн ойн хүрээнд Монгол, Японы Соёлын форумыг Токио хотноо зохион байгуулах зэргээр манай хоёр улс, ард түмэн хоорондын найрамдалт харилцааны цар хүрээг өргөжүүлж, харилцан ойлголцлыг улам бүр гүнзгийрүүлсэн соёл, урлаг, олон нийтийн олон сайхан арга хэмжээ зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байгааг Ерөнхий сайд онцлон тэмдэглэж байлаа.

Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд К.Ямада энэ үеэр үг хэлэхдээ, Япон Улсад анхны албан ёсны айлчлалаа хийж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархал илэрхийлээд, 2017 онд байгуулсан хоёр орны Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг амжилттай хөгжүүлэхийн төлөө хоёр талаас идэвхтэй ажиллаж байгааг онцолсон юм. Цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр орны Ерөнхий сайд нарын уулзалт чухалт ач холбогдолтойг тэрбээр мөн тодотгов. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, макро эдийн засгийн үзүүлэлтүүд өсч байгааг ноён К.Ямада хэлээд, ОУВС-гийн багцад туссан Япон Улсын Засгийн газрын 32 тэрбум иенийн санхүүжилтийг үр ашигтай зарцуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн. Цаашид хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаа улам өргөжиж, Япон улсын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэрбээр мөн хэлж байлаа.   

***

 ТОКИО ХОТОД МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР БАЙГУУЛНА 

Япон улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Японы гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ бараалхлаа.  Уулзалтын үеэр Япон, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцын талаар харилцан санал солилцсон бөгөөд хоёр орны худалдааны эргэлт, бизнесийн харилцаа нэмэгдэж буйд баяртай байгааг ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ илэрхийлсэн юм. Мөн Японд Монгол инженерүүд бэлтгэх ажилд өндөр ач холбогдол өгч байгааг  тэмдэглэв. Монголоос Японд суралцаж байгаа оюутны тоо 2017 оны байдлаар 2517 байгаа нь хүн амын тоотой харьцуулахад өндөр тоо гэдгийг ЖЕТРО-ын ерөнхийлөгч дурдаж байлаа.

Түүнчлэн ноён Х.Ишигэ Японы хувийн хэвшлүүд Монголд бизнес эрхлэхэд зарим хүндрэлүүд гардаг гэдгийг онцлоод, үүнд анхаарч ажиллахыг Ерөнхий сайдаас хүссэн юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудалд Монгол Улсын засгийн газар онцгой ач холбогдол өгч ажиллаж байгааг хэлээд, гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээлэл өгөх, бизнесийг нь өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрыг Токио хотноо байгуулахаар ажиллаж байгааг энэ үеэр хэллээ. 2019 оны 1-р сарын 1-ээс гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан "Нэг цэгийн үйлчилгээний төв" ийг нээж ажиллуулахад бэлэн болоод байгаа юм байна.

2016 оны 6 сард хүчин төгөлдөр болсон "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" чухал ач холбогдолтой тул хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ЖЕТРО-той нягт хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлсэн юм.

Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО /Japan External Trade Organization, JETRO/ нь 1958 оны 7 дугаар сард Япон Улсын Олон улсын худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд гадаад орнуудтай хийж буй худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Уг байгууллага нь Японы бараа бүтээгдэхүүнийг гадаадад таниулах, гадаад орнуудын Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бүтээгдэхүүнийг судлах, тэдгээр бараа материалыг үзэсгэлэн яармаг зохиох хэлбэрээр сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна.

ЖЕТРО нь олон улсын худалдааны өндөр мэдлэгтэй мэргэжилтэнг худалдааны түнш орондоо илгээж, тухайн орноос Японы зах зээлд борлогдох бараа, бүтээгдэхүүний судалгаа хийлгэх, Японы зах зээлд нэвтэрч болохуйц бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, борлуулах “ноу-хау”-г газар дээр нь зааж, маркетингийн зөвлөлгөө өгч ирсэн нь ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд чухал ач тустай юм.

***

МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДАА 55 ХУВИАР ӨСЧ, 496 САЯ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын /ЖЕТРО/ хамтран зохион байгуулж буй Монгол, Японы бизнес эрхлэгчдийн форумд оролцов. Тэрбээр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хоёр орны бизнес эрхлэгчдийн нягт хамтын ажиллагаа Монгол, Япон хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад чухал нөлөөтэйг тодотгоод, Монгол Улс хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бий болгохоор авч хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээг танилцуулав. Форумд мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар илтгэл тавьж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар оролцлоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ:

“Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилтынхоо хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд бизнес эрхлэх эрх зүйн орчинг сайжруулахад анхаарал тавьж байна. Эдийн засгийн тогтвортой байдал, цаашдын өсөх хандлага дээр нэмээд засгийн газрын тууштай бодлого нь хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд ус, агаар мэт шаардлагатай нэн чухал хүчин зүйл гэдэгт Та бүхэн санал нэгдэх биз ээ.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувьтай байсан бол 2018 оны гуравдугаар улиралд 6.4 хувьд хүрлээ. “Стандарт энд Пүүрс” зэрэг олон улсын агентлагууд манай улсын зээлжих зэрэглэлийг эерэгээр дүгнэж, “B хасах” төлөвөөс “B тогтвортой” болгон нэмэгдүүллээ. Сүүлийн жилүүдэд тулгараад байсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг Монгол Улс амжилттай даван туулж байна.

Манай эдийн засгийн тогтворжилтод ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” чухал түлхэц үзүүлсэн. Үүнд Япон улсын дэмжлэг үнэтэй хувь нэмэр оруулсныг энд зориуд цохон тэмдэглэж байна. Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг банк санхүүгийн байгууллагууд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ирэх онуудад 6-8 хувьд байна гэсэн таамаглал дэвшүүлж байна.

Эдийн засгийн өсөлтийг дагаад Монголын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ ч дорвитой өсөн нэмэгдэж байна. Гадаад худалдааны эргэлт энэ оны эхний арван сарын байдлаар 10.8 тэрбум ам.долларт хүрч, 24 хувиар өссөн. Үүнээс экспорт 15 хувиар, импорт 38 хувиар тус тус өсчээ. 2017 оны жилийн эцсийн дүнгээр Монгол-Японы худалдааны эргэлт 378 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 9.8 хувиар өссөн. Харин энэ онд худалдааны эргэлт улам өсч, аравдугаар сарын байдлаар 496 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад даруй 55 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Хоёр орны худалдааны хэмжээ ийнхүү өсөхөд Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ) зохих хувь нэмэр оруулсан гэж үзэж байна. Хэдийгээр худалдааны эргэлт нэмэгдэж байгаа ч Японы зах зээлд гаргах монгол барааны нэр төрөл, тоо хэмжээ ахиц муутай байгааг дурдах нь зүйтэй. Хоёр талын холбогдох байгууллагууд үүнд анхаарч ажиллах шаардлагатай байна. Мөн бизнес эрхлэгчид Та бүхний ажил хэрэгч, харилцан ашигтай хэлхээ холбоо, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэдгийг дахин тэмдэглэхийг хүсч байна. Энэ удаагийн бизнес форумын нэг зорилго нь тэрхүү хэлхээ холбоо, цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн тэлэх боломжийг нээхэд оршино.

Бид Японоос ихэвчлэн суудлын тэрэг, уул уурхайн болон бусад төрлийн тоног төхөөрөмж импортолж, харин ноолууран эдлэл, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон эрдэс түүхий эд экспортолж байна. Бизнес эрхлэгч Та бүхний ажил хэрэгч яриа хэлцэл, идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд хоёр орны хооронд арилжаалагдаж буй бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдэж, худалдаа шинэлэг агуулгаар баяжина гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалан дэмжих, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг сэргээх зэрэг олон арга хэмжээ авч ажилласны үр дүнд Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2017 оноос хурдацтай нэмэгдэж байна. Тухайлбал, 2018 оны гуравдугаар улирлын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 1.8 тэрбум ам. долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 орчим хувиар өсчээ.

Хөрөнгө оруулагчдын гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийг ЗГХЭГ-ын даргаар ахлуулан байгуулсан. Түүнчлэн Засгийн газрын дэргэд гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулж, үйл ажиллагааг нь ирэх оны 1 дүгээр сараас эхлүүлнэ. Энэхүү төв нь Монголд орох гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа Японы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Манай улсын хувьд хөрөнгө оруулалтын чухал эх үүсвэр нь Япон Улс билээ. 1990 оноос өнөөг хүртэлх хугацаанд Япон Улсаас худалдаа, нийтийн хоол болон уул уурхай, банк, санхүү, аялал жуулчлал, барилга, мэдээллийн технологийн салбарт нийт 716 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодит үр нөлөө үзүүлж байна. Цаашид ч бид Японы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Засгийн газрын тэргүүний хувьд миний бие энэ асуудалд анхаарал хандуулан ажиллах болно.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөтгөн хөгжүүлэх өргөн боломж бололцоо байгаа гэж би хувьдаа боддог. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Та бидний хамтын хүчин чармайлт чухал юм. Монгол Улсаас Япон Улсын зах зээлд гаргаж буй экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх, ялангуяа хөнгөн үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн гаралтай, органик хүнсний бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг бид зорьж байна. Түүнчлэн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд японы хөрөнгө оруулалт, технологийг Монголд нутагшуулахыг бид сонирхож байгаа юм.

Монголын ЖДҮ-ийг хөгжүүлэхэд Японы дэмжлэг туслалцаа, хамтын ажиллаагаа чухал байна. ЖДҮ-ийг дэмжих хоёр үе шаттай иенийн зээлийн хамтын ажиллагааг хоёр тал амжилттай хэрэгжүүлж ирсэн сайн туршлага бий. Үүнийг үргэлжлүүлэх саналтай байна. Хоёр орны хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэх үлэмж нөөц бололцоо бий. Бид аялал жуулчлалын салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг эрмэлзэж байна. Жилдээ 3 сая зорчигчид үйлчлэх боломжтой шинэ нисэх онгоцны буудал удахгүй ашиглалтад орно.

Японы хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны үлгэр жишээ төсөл болох энэ буудлыг ашиглаж эхэлснээр шинээр нислэг хүлээж авах чадамж нэмэгдэж, Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит нислэг, ачаа тээвэрлэлт нэмэгдэх, нисэх буудлын орчимд шинээр дагуул хот болон тээвэр ложистикийн төв байгуулах боломж нээгдэх юм. Энэ боломжийг хоёр орны аялал жуулчлалын бизнес эрхлэгчид оновчтой ашиглаасай гэж хүсч байна.

Мэдээллийн технологийн салбар манай хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаанд шинээр өнгө нэмж буй салбар билээ. Тус салбарыг бидний хоорондын хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэл гэж харж байна. Монголын математикчид, инженерүүдтэй хамтран хиймэл оюун ухааны салбарт үйл ажиллагаа явуулахаар Монголд салбараа нээж буй Дата Артист компаний жишээг энд дурдаж болно.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй орон гэдгийг Та бүхэн мэднэ. Бид Зүүн Хойд Азийн Эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах санал, санаачилгыг дэмжин ажиллаж байна. Мөн түүнчлэн Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд бизнес эрхлэх өргөн боломж байгаа гэдгийг энд онцлон хэлье. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд бизнес эрхлэгчид төдийгүй худалдааг дэмжих байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Японы гадаад худалдааг дэмжих байгууллага болон бусад бизнесийг дэмжих байгууллагуудын хамтын ажиллагаа цаашид идэвхжин өргөжнө гэдэгт гүнээ итгэлтэй байна” гэсэн юм.

***

МОНГОЛТОЙ ХАМГИЙН АНХ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙСЭН ОРОН БОЛ ЯПОН

Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын 130 дахь гишүүнээр 1997 онд элсэн орсон боловч аливаа нэгэн бүс нутгийн болон чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдээгүй цорын ганц орон байсан юм. Иймд манай улс Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг Япон Улстай байгуулснаар бүс нутгийн эдийн засгийн интерацид нэгдсэн орох анхны алхмаа хийсэн байдаг. “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр” болон түүнийг хэрэгжүүлэх хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхий сайд 2015.02.10-ны өдөр Токио хотноо гарын үсэг зурсан бөгөөд хоёр орны Засгийн газрын төлөөлөл оролцсон хамтарсан хорооны анхдугаар хурлыг 2016.06.07-нд Улаанбаатар хотноо зохион байгуулснаар эл өдрөөс эхлэн хэлэлцээр албан ёсоор хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн юм.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах бэлтгэл ажлыг 2010 онд хоёр талын хамтарсан судалгааны баг байгуулагдан ажиллаж, хоёр талын сонирхол, харьцангуй давуу тал болон хэлэлцээрийн хамрах хүрээ, салбаруудыг тодорхойлж, 2012 оноос эхлэн 3 жил орчим хугацаанд 7 үе шатны хэлэлцээг Японы талтай хэлэлцээрийн асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн байна. Түүнчлэн хэлэлцээрийн хэрэгжилтийг хариуцан ажиллах хамтарсан хорооны Монголын хэсгийн бүрэлдэхүүн, түүний дэргэд 13 дэд хороог Гадаад харилцааны сайдын 2016 оны А/25 дугаар тушаалаар байгуулжээ. Энэ нь хоёр улсын худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх байнгын зөвлөлдөх механизм болсон байна.

Япон Улс нь өндөр хөгжилтэй орнуудын дотроос газарзүйн байршлын хувьд манай улстай хамгийн ойр төдийгүй дэлхийн зах зээл дээр зэс, кокс зэрэг бүтээгдэхүүнийг худалдан авагч гол орнуудын нэг тул энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын хувьд худалдааны саад тотгорыг бууруулах, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гаалийн үйл ажиллагааг хялбарчлах төдийгүй манай улсын экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, экспортыг төрөлжүүлэхэд ихээхэн дэмжлэг болох юм.

Монгол-Япон Улсын Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хүрээнд Монголын 5700 орчим төрлийн бараа, Японы 9300 орчим төрлийн барааны импортын гаалийг тарифыг шууд чөлөөлөх болон үе шаттайгаар бууруулахаар тохиролцсон бөгөөд манай улс эдгээр барааны 59 хувийг /3429 бараа/, харин Японы тал 86 хувийг /8000 барааг/ чөлөөлөхөөр тохиролцсон байдаг. Бусад импортын барааны хувьд тодорхой хугацааны дараа гаалийн тарифыг бууруулж, улмаар тэглэхээр тохиролцсон юм.

Хоёр орны худалдааны эргэлт 2017 оны жилийн эцсийн байдлаар 378 сая ам.долларт хүрч, өмнөх онтой харьцуулахад 9.6 хувиар өссөн. Харин 2018 оны аравдугаар сарын байдлаар хоёр орны худалдааны эргэлт 496 сая ам.долларт хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 55 хувиар нэмэгдсэн дүн юм. Гэхдээ хоёр орны худалдаанд Японы экспорт дийлэнх хувийг эзэлсэн хэвээр байгаа бөгөөд цаашид Монголоос гаргах экспортыг нэмэгдүүлэх, төрөл зүйлийг өсгөх шаардлагатай байгаа юм.

Манай улсад Япон Улсаас 1990 оноос 2018 оны гуравдугаар улирал гэхэд 716 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

***

Д.Цогтбаатар: Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах хугацаатай үүргийг хоёр орны Ерөнхий сайд өгнө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад хийж буй албан ёсны айлчлалтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.  

-Таван жилийн дараа манай улсын Ерөнхий сайд Япон улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайдын айлчлалаас хүлээж буй гол үр дүн юу байна вэ?

-Энэ удаагийн айлчлалын хамгийн гол зорьж ажиллаж байгаа зорилго бол хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх юм. Өчигдөр хийсэн уулзалтуудаас харахад хоёр орны жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн харилцаа холбоог нэлээд идэвхжүүлж, бэхжүүлэх шаардлага байна. Төр хувийн хэвшлийн уулзалтыг бид ес дэх удаагаа хийж байгаа. Анх удаа Ерөнхий сайд ирж оролцсоноороо онцлог байлаа.

-Хоёр орны төр, хувийн хэвшил буюу дөрвөн талаасаа төлөөлөгчид уулзсан. Тэгвэл уг уулзалтаар ямар асуудал хөндөв?

-Уулзалтын үеэр төрийн түвшинд яриа хэлэлцээ маш амжилттай урагшилсан нь харагдаж байна. Харин бизнес эрхлэгчдийн хувьд тэр түвшинд хараахан хүрч амжаагүй байна. Тиймээс төрийн түвшинд хийсэн яриа хэлэлцээг ажил хэрэг болгохын төлөө хичээж ажиллах шаардлага үүсч байгаа юм.

-Японы талаас бидэнд тавьж буй шаардлага, хүсэлт юу байна вэ?

-Хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчныг сайжруулах, улс төрийн тогтолцоогоо илүү тогтвортой, ойлгомжтой байлгах шаардлага тавьж байна. Нөгөө талаас бид илүү шийдэмгий, зоригтой, ирээдүйгээ харж Монгол руу ажиллах хүсэлтийг Японы талд тавьсан. Монголд хөрөнгө оруулахад олон шинэ боломж гарч ирж байгаа. Ялангуяа залуусын эхлүүлж байгаа бизнесүүдэд боломж дүүрэн байгаа. Тиймээс хоёр орны бизнес эрхлэгч залуусын уулзалтыг илүү идэвхжүүлэх шаардлагатай байгаа юм. Үүнийг бид онцолж ярьсан. Мэдээлэл технологийн эрин зуунд бизнес эрхлэгч залуусын нас залуужсаныг бид олж харж дэмжих ёстой юм.

-Японы улсын хувьд Монголын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр буюу Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулснаараа ихээхэн онцлогтой. Энэхүү хэлэлцээрийн үр дүнг хоёр тал хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Чөлөөт худалдааны хэлэлцээрийн дэд хорооны хуралдааны дөнгөж саяхан хийсэн. Хуралдаанаас өнгөрсөн хугацаан дахь амжилтаа дүгнэхэд  хоёр орны худалдаа өссөн байна. Гэхдээ манай улсын импорт өссөн байгаа юм. Экспорт харин хүссэн хэмжээнд хүрэхгүй байна. Тиймээс экспортыг өсгөх, мөн бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх шаардлагатай байна. Жишээ нь, зэсийн концентраци их гарсан байгаа юм. Тэгвэл хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортоо бид нэмэх хэрэгтэй. Үүнийг онцгой анхаарч, бизнес эрхлэгчдээ идэхжүүлэх хэрэгтэй талаар ярилцлаа.

-Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Стратегийн түншлэлийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллахын тулд хамгийн гол нь Эдийн засгийн түншлэлээ идэхжүүлж ажиллах хэрэгтэй байгаа юм. Мэдээж Монголд хэрэгжиж байгаа төслүүд амжилттай урагшлах ёстой. Жишээ нь, шинэ нисэх буудлын төсөл бүх зүйл нь бэлэн болчихсон хэрнээ менежментийн тохиролцоондоо гүйцэд хүрээгүй явна. Тиймээс Ерөнхий сайдууд хоёр талын холбогдох хүмүүст хугацаатай үүрэг өгч, богино хугацаанд дуусган ирэх онд ашиглалтад оруулахаар ярилцана гэж төлөвлөж байгаа. 

***

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ, ЯПОНЫЕ ЕРӨНХИЙ САЙД Ш.АБЭ НАР
ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАВ

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай өчигдөр /2018.12.13/ уулзаж, албан ёсны хэлэлцээ хийв. Яриа, хэлэлцээний дүнд талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргав. Уулзалтын эхэнд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ “Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа анх удаа манай улсад айлчилж буй Ерөнхий сайд Танд баяр хүргэе. Япон Улс Монгол Улстай Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг” болохыг онцлов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай гуравдагч хөрш Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Ерөнхий сайд Та Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд онцгой ач холбогдол өгч манай улсад 3 удаа айлчилсанд талархдаг” хэмээн дурдав.

Ерөнхий сайд Ш.Абэ-гийн урьд өмнө дэвшүүлсэн “Эрч”, “Эрч+” санаачилгуудыг манай тал өндрөөр үнэлдэг бөгөөд эдгээр санаачилгыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа мөн тэмдэглэв. Япон Улсын Засгийн газар Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд үзүүлж ирсэн дэмжлэгээ цаашид ч үргэлжлүүлэхээ нотлов. Дашрамд дурдахад, эдүгээ зам барилга, инженер, цэргийн эмнэлгийн чиглэлд японы тал сургалт зохион байгуулах, сургагч багш нарыг бэлтгэх, мэргэжилтэн илгээх зэргээр дэмжлэг үзүүлж байгаа билээ. Манай хоёр улс байгаль орчны чиглэлд амжилттай хамтран ажиллаж, энэ өдөр хоёр улсын байгаль орчны асуудал хариуцсан яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байгаад Ерөнхий сайд Ш.Абэ баяр хүргэв. Тэрээр мөн “Улаанбаатар хотын нисэх онгоцны шинэ буудал нь манай хоёр улс төдийгүй бүс нутгийн хувьд чухал ач холбогдолтой” гэдгийг онцлов. Холбогдох талуудын яриа хэлэлцээг шуурхайлж, гэрээ байгуулан, улмаар онгоцны буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулахын төлөө байгаагаа хоёр тал нотлов.

У.Хүрэлсүх, Ш.Абэ нар Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ)-ийн үр өгөөжийг нэмэгдүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг өсгөхийн төлөө байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын үеэр олон чухал арга хэмжээ болсныг сайшаан тэмдэглэв. Тухайлбал, энэ сарын 12-ны өдөр Монгол, Японы төр, хувийн хэвшлийн 9 дүгээр зөвлөлдөх уулзалт, 13-ны өдөр Монгол, Японы Бизнес форум зохиогдсоны сацуу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалаас хэдхэн хоногийн өмнө ЭЗТХ-ийн Хамтын ажиллагааны дэд хорооны хуралдааныг анх удаа зохион байгуулсныг онцлов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай улсын эдийн засаг сэргэж, өсөн тэлж байгааг дурдаад энэхүү өсөлтийг хангахад Япон Улсын Засгийн газраас үзүүлж буй төсвийн дэмжлэг чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. Энэхүү төсвийн эхний шатны дэмжлэгийн хэрэгжилтийг сайтар хангахын сацуу дараачийн шатны дэмжлэгийг шуурхай авч хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлэв. Япон Улстай хамтран амжилттай хэрэгжүүлсэн ЖДҮ-ийг дэмжих хоёр үе шаттай иений зээлийн хамтын ажиллагааны туршлагадаа тулгуурлан цаашид энэ чиглэлд түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгааг мөн дурдав. Ерөнхий сайд Ш.Абэ саяхан БНХАУ-д айлчлах үеэрээ тус улстай хамтран гуравдагч улс орнуудад төсөл хэрэгжүүлэх талаар ярилцсанаа танилцуулав. Монголын тал энэхүү хамтын ажиллагааны шинэлэг механизмыг сонирхож байгаагаа илэрхийлэн, үүнийг Ерөнхий сайд Ш.Абэгийн дэвшүүлсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сүлжээ бий болгоход чиглэсэн “Эрч+” санаачилгатай хоршуулан хөгжүүлэх боломж байгааг дурдав. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ БНХАУ, ОХУ-д гаргах боломж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлов. Талууд соёл, олон нийт, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Манай хоёр улс зөвхөн хоёр талын хүрээнд төдийгүй, олон улс, бүс нутгийн талбарт бие биеэ дэмжиж ирснийг Ерөнхий сайд нар санал нэгтэй тэмдэглэв. Зүүн Азийн дээд түвшний уулзалтад Монгол Улс оролцохыг Япон Улсын Засгийн газар дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Ш.Абэ Япон Улс “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоох чиглэлд тодорхой хүч чармайлт гарган бүс нутгийн улс орнуудтай хамтран ажиллаж байгаа талаараа танилцуулав.Тэрээр “Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулж буй Монгол Улстай энэ чиглэлд хамтран ажиллахын төлөө” байгаагаа нотолсныг Монгол Улсын Ерөнхий сайд дэмжин хүлээн авав. Албан ёсны яриа, хэлэлцээний дараа У.Хүрэлсүх, Ш.Абэ нар хоёр улсын Байгаль орчны яам хооронд Хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, дараа нь хоёр улсын хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийв. Дараа нь Ерөнхий сайд Ш.Абэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдөд хүндэтгэлийн зоог барив.

Монгол, Япон Улсын Стратегийн түншлэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц

МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙГ

УЛАМ БҮР БЭХЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр дараах Хамтарсан мэдэгдлийг гаргав.

1. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам бэхжүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд Ш.Абэ эрх чөлөө, ардчилал, хүний эрх,  эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс нь Япон Улсын бүс нутаг дахь чухал түнш болохыг тэмдэглэж, хоёр улсын өргөн хүрээтэй, олон талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн сацуу бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан асуудлуудаар харилцан уялдаа холбоотой ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын “гуравдагч хөрш” улсууд дотроос нэн тэргүүнд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон чухал түнш Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа  улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ нотлов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын зүгээс өнөөг хүртэл Монгол Улсад үзүүлж ирсэн өргөн хүрээтэй дэмжлэг туслалцаа нь Монгол орны орчин үеийн хөгжлийн суурийг тавихад чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэж, Япон Улсын Засгийн газар, ард түмэнд  гүн талархал илэрхийлэв.

Мөн Ерөнхий сайд Ш.Абэ Япон Улсад энэ онд учирсан байгалийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын төр, засаг болон ард түмний зүгээс халуун дотно илгээлт ирүүлж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

2. Хоёр улсын Ерөнхий сайд нар 2017 оны 3 дугаар сард байгуулсан “Монгол, Японы Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, соёл, олон нийтийн солилцоо зэрэг өргөн хүрээнд харилцаа бэхжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Хоёр улсын Засгийн газар “Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх танилцуулгыг олон нийтэд зориулан гаргав. Цаашид  хоёр улсын харилцааг энэхүү Дунд хугацааны хөтөлбөрт тулгуурлан үргэлжлүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ хоёр тал нотлов. 

3. Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Япон Улсын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэмжлэгийг сүүлийн зургаан  жилийн турш үзүүлж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлэв. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахын сацуу Монгол Улс болон АНУ-ын хамтран зохион байгуулж буй “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуулилтад Япон Улс үргэлжлүүлэн идэвхтэй оролцох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

4. Хоёр улсын Ерөнхий сайд нар энэ оны 12 дугаар сарын 12-ны өдөр Япон, Монголын төр, хувийн хэвшлийн хамтарсан IX зөвлөлдөх уулзалт амжилттай зохион байгуулагдсаныг сайшаахын сацуу энэхүү зөвлөлдөх уулзалтын механизмд тулгуурлан хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг улам бүр бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн хөгжүүлнэ гэдэгт санал нэгдэв.

Мөн хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар нь гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болсныг сайшааж, тус төвөөр дамжуулж Монгол дахь Японы хөрөнгө оруулалтыг тэлэх чиглэлд  дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов.

Түүнчлэн хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн Хамтын ажиллагааны дэд хороо 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр анхдугаар хуралдаанаа амжилттай зохион байгуулсныг сайшааж, хэлэлцээрийн хүрээн дэх хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус дэд хороог тогтмол хуралдуулж байхаар санал нэгдэв.

Мөн хоёр улсын Ерөнхий сайд нар Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага (ЖЕТРО)-аас энэ сарын 13-ны өдөр Токио хотноо  хамтран зохион байгуулсан бизнес форум нь хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулсныг үнэлж,  баяр хүргэв.

5. ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл” нь Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой удирдлага, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үзүүлэх тусламжийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.

6.  Хоёр улсын Ерөнхий сайд нар Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал нь Монгол, Японы хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн солилцоог өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газар болон Японы консорциум хоорондын яриа хэлэлцээ бодитоор урагшилж, ойрын хугацаанд тохиролцоонд хүрэхэд хоёр улсын Засгийн газар үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ нотлов. Монгол Улсын Засгийн газар 2019 оны 1 дүгээр сард багтааж Концессын гэрээг эцэслэн тохиролцох, түүнчлэн олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ирэх онд багтааж шуурхай ашиглалтад оруулах чиглэлээр ажиллаж буйгаа мэдэгдэж, Япон Улсын Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын баримталж буй чиглэлийг хүндэтгэн дэмжиж, нисэх онгоцны буудлын аюулгүй үйл ажиллагааны менежментийг хангах нөхцөлтэйгээр аль болохуйц богино хугацаанд ашиглалтад оруулах чиглэлд Японы консорциумын үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж ажиллах эрмэлзэл илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газар шинэ нисэх онгоцны буудлыг саадгүй ашиглалтад оруулахад гэрээний дагуу бэлтгэл ажлыг эрчимжүүлж, Монгол Улсын Засгийн газар хариуцаж буй холбогдох байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж, үйл ажиллагааны менежментийн бүрэлдэхүүнийг байгуулж, олон улсын болон дотоодын бүхий л арилжааны нислэгийг нүүлгэн шилжүүлэх болоод шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааны менежментэд шаардлагатай холбогдох яам, агентлаг, байгууллагыг нүүлгэх ажлыг нээлтээс өмнө бүрэн дуусгахаа нотлов.

Мөн хоёр улсын Ерөнхий сайд нар тус нисэх онгоцны буудалд түшиглэн хоёр улсын агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж,  Монгол Улсын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлд яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцов. 

7. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх  үлэмж нөөц бололцоо байгааг тэмдэглэж, аялал жуулчлалын салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ илэрхийлэв. 

Түүнчлэн хоёр улсын Ерөнхий сайд нар Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр ноолуурын чиглэлд үйл ажиллагаа эрхэлдэг хоёр талын байгууллагууд хамтран ажиллаж, Монголын ноолуурын үйлдвэрлэлийн чадавхийг бэхжүүлж Япон дахь экспортыг дэмжихэд чиглэсэн техникийн хамтын ажиллагаа болон Японы зах зээл дэх  сурталчилгааг идэвхжүүлж буйг сайшаав.

8. Хоёр улсын Ерөнхий сайд нар сургалтын эмнэлгийн барилгын ажил урагшилж буйг сайшааж, тус эмнэлэгт зохистой менежментийг нэвтрүүлж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлд хоёр тал хамтран ажиллахаа нотлов.

9. Ерөнхий сайд Ш.Абэ Хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-ыг  Япон Улстай Монгол Улс хамгийн анх байгуулж хэрэгжүүлсэн болохыг дурдаж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хоёр улсын хамтын ажиллагааг улам хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг талууд нотлов.

Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Япон Улсын Байгаль орчны яам хооронд “Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг” энэ өдөр байгуулсныг сайшаав.

Хоёр улсын Ерөнхий сайд нар энэ оны 11 дүгээр сард болсон Хамтарсан кредит олгох механизмын Хамтарсан хорооны 6 дугаар хуралдааны үр дүн болон энэ онд зохион байгуулагдах хоёр улсын Байгаль орчны яам хоорондын Бодлогын 12 дугаар зөвлөлдөх уулзалтын механизмаар дамжуулан глобаль түншүүдийн хувьд уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны салбар дахь бусад холбогдох асуудлаар хоёр талын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхээр тогтов. 

10. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд хөдөө аж ахуйн салбарыг улам бүр хөгжүүлэхийн чухлыг онцолж, энэхүү салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтов. Энэ хүрээнд монголын талаас санал болгосон “Хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх замаар нэмүү өртгийн сүлжээг бий болгох мастер төлөвлөгөө” төслийг хэрэгжүүлэхээр албан ёсоор шийдвэрлэснийг талууд сайшаан хүлээн авав.

11. Хоёр улсын Ерөнхий сайд нар 2020 оны Токиогийн Олимп, Паралимпийн наадмыг угтаж Япон Улсын 16 орон нутгийн захиргааны нэгж Монгол Улсын “Хүлээн авагч хот”-оор бүртгүүлээд байгаа нь хоёр улсын ард иргэд хоорондын солилцоо нэн өндөр түвшинд хүрснийг илтгэн харуулж байгааг тэмдэглэн сайшаав. Хоёр улсын Ерөнхий сайд нар 2020 оны Олимп, Паралимпийн наадамд оролцох баг тамирчиддаа амжилт хүсэхийн сацуу тус наадмыг биеийн тамир, спорт, иргэд хоорондын солилцоог улам бүр гүнзгийрүүлэх талбар болгоно гэдэгт санал нэгдэв.

12. Ерөнхий сайд нар бүс нутаг болон олон улсын тавцан дахь хуулийн засаглал, энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагаа болон хөгжил цэцэглэлтийг хангахад НҮБ-ын дүрэм, олон улсын хууль журмын суурь зарчим болон төрт улсын тусгаар тогтнол ба бүрэн эрхт байдлыг хүндэтгэх явдалд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг чанд мөрдлөг болгохын ач холбогдлыг онцлов.

13. Японы тал “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоох чиглэлд гаргаж буй хүч чармайлтынхаа талаар мэдээлж, Монгол Улстай хөгжүүлж болохуйц хамтын ажиллагааны талаар цаашид хоёр улсын зөвлөлдөх уулзалт, Монгол Улс, АНУ, Япон Улсын гурван талт уулзалт болон бусад механизмаар дамжуулан үргэлжлүүлэн санал солилцох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Монголын тал Ази, Номхон далайн бүс нутгийн интеграцчлалд идэвхтэй оролцох сонирхолтой байдгаа нотолж, Япон Улсын “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” үзэл санаа нь тус бүс нутгийн улс орнуудыг хамарсан, интеграцчлалыг дэмжсэн, нээлттэй хөгжил, хамтын ажиллагааны санаачилга хэмээн ойлгож байгаагаа тэмдэглэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г  цогцлоох чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв.

14. Хоёр улсын Засгийн газар олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн хамт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын яриа хэлэлцээг эрчимжүүлж, уг шинэчлэлийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана. Япон Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болохыг Монгол Улсын Засгийн газар цаашид ч тууштай дэмжинэ.

15. Хоёр улсын Ерөнхий сайд нар НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенц (UNCLOS)-д тусгагдсан зүйлсийг хамруулсан олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцүүлж, хуульд суурилсан эрх чөлөөт, нээлттэй далайн дэг журмыг дэмжих амлалтаа нотлов.

Хоёр улсын Ерөнхий сайд нар усан болон агаарын хөлөг онгоцоор чөлөөтэй зорчих, худалдааг саадгүй хийх, хүлээцтэй байх, эрх зүйн болон дипломат үйл явцыг бүрэн хүндэтгэж, олон улсын эрх зүйд суурилсан энхийн замаар маргааныг шийдвэрлэхийн чухлыг онцлов. Мөн хоёр улсын Ерөнхий сайд нар өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөх, хурцадмал байдлыг нэмэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх зарчмыг баримталж ажиллах нь  чухал гэдэгт санал нэгдэв.

16. Хоёр улсын Ерөнхий сайд нар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын чадавхийг бэхжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотлов.

17. Ерөнхий сайд Ш.Абэ Япон Улстай нэгдмэл үнэт зүйлстэй Монгол Улс нь бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгт улам бүр идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэх эрмэлзлийг нааштай үнэлж, Япон Улс тус уулзалтад Монгол Улсыг нэгдэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

18. Хоёр улсын Ерөнхий сайд нар  Солонгосын хойгт сүүлийн үед өрнөж буй нааштай үйл явцууд, түүний дотор АНУ-БНАСАУ болон БНСУ-БНАСАУ-ын хооронд болсон дээд түвшний уулзалтууд нь маргаантай асуудлуудыг цогцоор шийдвэрлэхэд чиглэсэн алхам болсон хэмээн сайшаан тэмдэглэв.

Хоёр улсын Ерөнхий сайд нар БНАСАУ үй олноор хөнөөх бүхий л зэвсэг, бүхий л тусгалын баллистик пуужингаасаа бүрмөсөн, хяналттайгаар, эргэлт буцалтгүйгээр ангижрах асуудлыг баталгаажуулахын тулд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг НҮБ-ын нийт гишүүн улс орон бүрэн хэрэгжүүлэхийн чухлыг нотлов.  Хоёр улсын Ерөнхий сайд нар маргаантай асуудлуудыг дипломат аргаар шийдвэрлэхийг дэмжиж байгаагаа мөн нотлов.

Монгол Улс эдгээр зорилтын хүрээнд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, олон улсын бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд  японы тал бүс нутгийн асуудлуудыг хэлэлцэх Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зэрэг Монгол Улсын санаачилга, байр суурийг ойлгон хүлээн авч байгаагаа илэрхийлэв. 

Ерөнхий сайд Ш.Абэгийн зүгээс хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн ач холбогдлыг онцолж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн Япон Улсын байр суурийг дэмжихээ илэрхийлэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар хулгайлагдсан иргэдийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхийн төлөө үргэлжлүүлэн нягт хамтран ажиллана гэдэгт санал нэгдэв.

19. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын 50 жилийн ой тохиож буй 2019 онд Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар Улаанбаатар хотноо Олон улсын хурал зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдэв. Энэ мэт Монгол Улсын олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулахад чиглэсэн эрмэлзлийг Ерөнхий сайд Ш.Абэ сайшаав.

***

Абэ Шинзо: Хамтарсан мэдэгдэл нь хоёр улсын харилцааны чиглүүлэгч болно 

Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нар Токио хотноо уулзаж, албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нар хамтарсан ХЭВЛЭЛИЙН МЭДЭГДЭЛ хийлээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэе.

Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо:

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх таныг Ерөнхий сайдын хувьд анх удаа айлчилж байгаад баяртай байна. 2015 онд миний бие тантай Сэндай хотноо НҮБ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх олон улсын чуулга уулзалтын үеэр уулзаж байсан. Токиод дахин уулзсандаа нэн баяртай байна. Монгол Улс нь эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хууль эрхзүй зэрэг нийтлэг үнэт зүйлсийг манай улстай хуваалцдаг, Японы Стратегийн түнш юм. Өнгөрсөн оны гуравдугаар сард хоёр улсын Засгийн газар Стратегийн дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан. Уг хөтөлбөрийн дагуу улс төр, эдийн засаг, аюулгүй байдал зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж ирлээ. Өнөөдөр хоёр улсын харилцаагаа цаашид улам гүнзгийрүүлэх асуудлаар У.Хүрэлсүх Ерөнхий сайдтай илэн далангүй ярилцсандаа баяртай байна.

Япон, Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр тууштай үргэлжилж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлалаар эдийн засаг, бизнесийн харилцааг хөгжүүлэхэд түлхэц өгнө хэмээн итгэж байна.

Улаанбаатар хотын нисэх онгоцны шинэ буудал нь манай хоёр улс  төдийгүй бүс нутгийн хувьд чухал ач холбогдолтой. Япон улс Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлыг барьж байгуулах, сайн менежментын дор ажиллуулахад хамтран ажиллаж байгаа.  Уг нисэх онгоцны буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулахад У.Хүрэлсүх сайд манлайлан ажиллахыг чин сэтгэлээсээ хүсч байна.

Өнөөдөр Япон, Монгол хоёр улс байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсанд баяртай байна. Бид цаг уурын өөрчлөлт зэрэг дэлхийн хэмжээний асуудлуудыг шийдвэрлэхэд Монгол Улстай улам гүнзгий хамтран ажиллах саналтай байна. Япон, Монголын хамтын ажиллагааны хэтийн төлөв нь улам өргөн болж байна. Монгол Улсын энхийг сахиулах үйл ажиллагааны чадавхийг дээшлүүлэхэд цаашид байнга дэмжиж ажиллана. Үүнтэй зэрэгцэн Монгол Улстай хамт Японы улс олон улсын энх тайван, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулах сонирхолтой байна.

Япон Улс Энэтхэг номхон далайн “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоох чиглэлд тодорхой хүч чармайлт гарган бүс нутгийн улс орнуудтай хамтран ажиллаж байна. Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулж буй Монгол Улстай энэ чиглэлд хамтран ажиллахын төлөө байна.

Япон Улс Монгол Улсын  бүс нутаг, олон улсын энх тайвны төлөө оруулж буй хувь нэмрийг үнэлж байгаа бөгөөд Зүүн Азийн дээд түвшний уулзалтад танай улс нэгдэхийг дэмжиж байна. Хойд Солонгосын асуудалд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг хэрэгжүүлэх нь чухал гэдгийг мөн илэрхийлсэн. Мөн Хойд Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхэд У.Хүрэлсүх сайдын зүгээс ихээхэн дэмжлэг авсан.

Өнөөдөр гаргасан Хамтарсан мэдэгдэл нь хоёр улсын харилцааны чиглүүлэгч болох бөгөөд У.Хүрэлсүх сайдтай хамт хоёр орны харилцааг бүх салбарт улам бэхжүүлэхийн сацуу бүс нутагт дэлхийн энх тайван хөгжилд хувь нэмрээ оруулсаар байх болно.     

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ:

Та бүхний амар амгаланг айлтгая.

Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, өнөөдөр Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ. Яриа хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд боллоо.

Ерөнхий сайд Ш.Абэ бид хоёр Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг цаашид эрх чөлөө, ардчилал, хүний эрх, заах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан улам идэвхжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо. Монгол Улсын тогтвортой хөгжлийг бидний “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь дотно түнш Япон Улс цаашид ч тууштай дэмжихээ илэрхийллээ.

Монгол, Японы харилцааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол,спорт гээд өргөн хүрээтэй салбарт тэлж өргөжүүлэхийн сацуу олон улс, бүс нутгийн тавцанд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар ярилцлаа.

Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хэрэгжиж, удахгүй нээлтээ хийх гэж буй Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ойрын үед ашиглалтад оруулахаар тохиролцлоо.

Яриа хэлэлцээний дүнд Ерөнхий сайд нарын Хамтарсан мэдэгдэл, Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлсэн танилцуулга гаргаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн хамтарсан 9 дүгээр зөвлөлдөх уулзалт, Монгол, Японы бизнес форум болж, хоёр улсын бизнес, хувийн хэвшлүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлснийг сайшаахын хамт Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах шаардлагатай байгааг цохон тэмдэглэе.

Манай улсын стратегийн дотно түнш, “гуравдагч хөрш” Япон Улстай бид цаашид ч харилцаа, хамтын ажиллагаагаа манай хоёр улсын язгуур эрх ашиг, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн тусын тулд улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлэх болно.

***

Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд:

  • УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
  • Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал
  • УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар
  • УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир
  • УИХ-ын гишүүн О.Баасанхүү
  • УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан
  • УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
  • БОАЖ-ийн дэд сайд Ц.Батбаяр
  • Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин
  • Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан
  • ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Р.Мэргэн
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн
  • ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос
  • ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд
  • ГХЯ-ны Дипломат ёслолын газрын захирал Д.Баярхүү
  • ЗГХЭГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг нар багтаж байна.

 

Сэтгүүлч Н.Гантуяа

Гэрэл зураг Г.Ган-Өлзий

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SK(66.181.161.53) 2018 оны 12 сарын 16

MGL-н хувьд нийт эдийн засагаа тэлэх э/з-н еселтийн хурд нэмэгдэж бга нь эерэг узуулэлт хэдий ч хамгийн гол нь макро э/з-н шалгуур гол узуулэлтуудийн еселтийн зохистой байх харьцааг хадгалах нь чухал

0  |  0
Зочин(202.179.31.115) 2018 оны 12 сарын 16

Японтой нягт хамтаран ажиллах маш чухал

0  |  0
zochin(202.55.188.39) 2018 оны 12 сарын 16

amjilt

0  |  0
sainbayar(66.181.160.63) 2018 оны 12 сарын 16

erunhii saiddaa ajliin ulam ih undur amjiltiig husie.bugdiig uguisgej harluulah bish bolj butej baigaagaa demjij nudee neeh heregtei.amjilt

0  |  0
Зочин(64.119.27.147) 2018 оны 12 сарын 15

Зүгээр сайхан ерөнхий уриа .. Хуралд сууж мэдэгдэл гаргаад л ирж байгаам байна доо хэхэ

0  |  0
Иргэн(64.119.27.147) 2018 оны 12 сарын 15

Энд дурдсан зүйлийн ихэнх ӨНГӨРСӨН ЦАГ дээр юм даа! Яг шийдсэн томоохон зүйлгүй л юм байна. Эхлээд дотооддоо тогтвортой байдал буй болгохгүй бол том хөрөнгө оруулалт юу гэж амлахав дээ Япончууд, ер нь гадаадынхан !

0  |  0
Batsaikhan(66.181.161.84) 2018 оны 12 сарын 15

таалагдлаа

0  |  0
Zochin(139.5.216.208) 2018 оны 12 сарын 14

Za estoi medeh um algo ur dun muutai l.um bna ajila dugnuulsen umuu

0  |  0
Иргэн(66.181.161.73) 2018 оны 12 сарын 14

МАШ ҮР ДҮНТЭЙ АЙЛЧЛАЛ БОЛЖЭЭ,.БАЯР ХҮРГЭЕ. Шийдэмгий ажиллаж байгаа Хүрэлсүхэд амжилт хүёье

0  |  0
Mongol(203.91.115.44) 2018 оны 12 сарын 14

Manai armi ch tasarlaa shuu oros yopon amerik germantai iim undur tuvshind hamtardag armi delhii deer manaihaas uur bhgui bh shuu saihan bnaa amjilt husie!

0  |  0
Top