Хүний гараар бүтээгдсэн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй объект болох Олон улсын сансрын станц /ОУСС/ хэрхэн өргөжиж, хөлбөмбөгийн талбайн хэмжээнд хүрсэн түүхийг ТАСС агентлаг танилцууллаа.
Олон улсын сансрын станцыг барих тухай анх 1980-аад оны дунд үеэс ярьж эхэлжээ. АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган “Freedom” төслийн талаар зарласан нь Зөвлөлтийн “Мир” станцад үзүүлж буй хариу үйлдэл байлаа. НАСА агентлагийн хөтөлбөрт Канад, Япон, Европын сансрын агентлаг оролцоно гэж таамаглаж байсан хэдий ч АНУ-ын санаачилга хэтэрхий өндөр өртөгтэй байжээ.
ЗХУ задарсны дараа буюу 1993 онд Москва өөрөө Вашингтонд хамтарсан станц барих санал тавьсан аж. Хэдийгээр Америкийн улстөрчдийн ихэнх нь эсрэг байсан ч Конгрессийн төлөөлөгчдийн танхим нэг хүний илүү саналаар Хамтарсан станц байгуулах саналыг дэмжсэн байна. Мөн оны сүүлээр тус хоёр улс хэлэлцээрт гарын үсэг зурж байжээ.
ОУСС-ын Америкийн “Unity” хэсэг “Freedom” төслийн шинэчилсэн хувилбар байсан бол Оросын “Заря” хэсэг нь Зөвлөлтийн станцыг орлох ёстой байсан ч хэрэгжээгүй ба “Мир-2” төслөөс төрөн гарчээ. ОУСС хэрхэн ажиллах талаар эцэслэн тохиролцоход хэдэн жилийн хугацаа шаардагдсан ба эцэст нь талууд 1998 онд эхний хоёр модулийг орбитод гаргажээ. Станц эздээ хоёр жил хүлээсэн юм.
2000 оны арваннэгдүгээр сард ОУСС анхны эздээ хүлээн авчээ. Эхний экспедиц тус станц дээр дөрвөн сар хагастай ажилласан байна. Энэ бүх хугацаанд багийн гишүүд болох Сергей Крикалёв, Уильям Шеперд, Юрий Гидзенко нар төхөөрөмжүүдийг тохируулах, нарны зайг цэнэглэх, ОУСС-ын анхны эрдэм шинжилгээний лаборатори болох “Destiny /Хувь заяа/” модулийг залгах зэрэг дараа дараагийн экспедицийг хүлээн авах бэлтгэлийг хангав.
2003 оны хоёрдугаар сард ОУСС-аас дэлхий руу буцаж ниссэн “Колумбиа” сансрын хөлөг онгоц осолдсон юм. Энэхүү осол ОУСС-ын үйл ажиллагааг үндсээр нь өөрчиллөө. НАСА агентлаг өөрийн сансрын хөлгийг хөөргөхөө түр хугацаанд зогсоосон ба зөвхөн Оросын “Союз” пуужингуудыг тээвэрлэлтийн зорилгоор ашиглах болжээ. Станцын баг гурвн гишүүнтэй байсныг хоёр гишүүнтэй болгон цомхотгож, үлдсэн зайг ачаа тээвэрлэхэд зориулж байв. Сансрын хөлөг хөөргөх нь цөөрсөн нөхцөлд багийн бүрэлдэхүүнийг цомхотгосон нь ус, хүнсийг хэмнэх боломжтой байв.
Аажмаар станцын үйл ажиллагаа хэвэндээ орж чадсан юм. 2006-2007 онд ОУСС өнөөгийн дүр төрх, хэмжээнд хүрчээ. Сансрын нисгэгчид илүү том хэмжээний нарны зайнууд суурилуулсан эрчим хүчний модулийг залгажээ. Хэмжээнээс гадна тус станцын хүчин чадал мөн нэмэгдсэн байна. Үүнийг дагаад сансар дахь эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ ч нэмэгдлээ.
Олон улсын сансрын станц байгуулагдсанаас хойш арван жилийн дараа Европын сансрын агентлаг өөрийнхөө төхөөрөмжийг суурилууллаа. Анх 1990-ээд онд боловсруулж байсан “Колумб” лаборатори нь тус агентлагийн томоохон төсөл байв. Түүний анхны хэрэгсэл болон судлагдахуун нь атомын цаг байжээ. Энэ нь нэг талаар ОУСС-ын ажлыг илүү нарийвчлахад дөхөмтэй байсан бөгөөд нөгөө талаар эрдэмтдэд сансрын уудамд атомын физик чанар хэрхэн өөрчлөгддөгийг судлах боломж олгожээ.
Хожим нь ОУСС Японы “Kibo" /Найдвар/ лабораторитой болжээ. Энэ нь өнөөг хүртэл сансрын станц дээрх хамгийн том модуль хэвээр байна. 15 тонн жинтэй модулийн урт нь 11 гаруй метр ажээ.
2011 он хүртэл ОУСС-ын үйл ажиллагаа өргөжиж байсан бол Америкийн тал төслөөс гарч болзошгүй хэмээн мэдэгдэж, Роскосмос станц дээрх ажлыг үргэлжлүүлэх эсэх асуудлыг тавьж эхлэв. Гэхдээ 2011 оны дөрөвдүгээр сард ОУСС-ын оролцогчид хөтөлбөрийг дор хаяж 2020 хүртэл сунгах тохиролцоонд хүрснээр тус станцад найдварын оч ассан юм.
Эх сурвалжийн мэдээллээс үзвэл, ОУСС-д нийт 100 гаруй тэрбум ам.доллар зарцуулсан нь түүхэн дэх хүний гараар бүтсэн хамгийн өндөр өртөгтэй объект болж байна.
1990-ээд оны сүүлээр сансрын аялал жуулчлал идэвхтэй хөгжиж эхэлсэн. 2001 онд Олон улсын сансрын станц дээр Дэннис Тито гэгч 20 сая ам.доллар төлж, зочилсон байдаг. Түүний араас нийт зургаан жуулчин сансарт аялаад байна. Удаан хугацааны туршид төрийн мэдлийн корпорациуд сансрын тоног төхөөрөмж, аппаратыг бүтээхэд монополь байр сууриа хадгалж байв. Харин SpaceX, Blue Origin, Orbital Sciences Corporation зэрэг компаниуд бий болсноор төрийн бус сансар судлалын хөгжлийг эрчимжүүлсэн юм. 2012 оны тавдугаар сард SpaceX компанийн хувийн “Dragon” сансрын тээврийн хөлөг ОУСС-т хүрсэн бол дөрвөн жилийн дараа Bigelow Aerospace компанийн бүтээсэн “BEAM” модуль сансрын станцад залгагджээ.
2019 оны нэгдүгээр сард ОУСС дээр бас нэгэн шинэ лаборатори бий болно. Энэ нь Роскосмос, Европын сансрын агентлагтай хамтран бүтээсэн “Наука” модуль бөгөөд энэ нь өнөөг хүртэл хамгийн том хэмжээтэйд тооцогдож буй “Kibo” модулиас хоёр метрээр урт байх гэнэ. Энэ төхөөрөмжийн чухал хэрэгсэл нь “ERA” нэртэй робот байх бөгөөд түүний гол үүрэг нь Оросын хэсэгт ажиллах юм. Роботын тусламжтайгаар сансрын нисгэгчид задгай сансарт гаралгүйгээр төхөөрөмжүүд болон шаардлагтай материалуудыг станцаас гадагш, дотогшоо зөөх боломжтой болох аж.
Үүнтэй хамт мөн холбогч “Причал” модуль болон эрдэм шинжилгээ, эрчим хүчний модулийг хөөргөх гэнэ. Эдгээр нь Оросын тал ОУСС хөтөлбөрөөс гарсан тохиолдолд байгуулахаар төлөвлөж буй үндэсний сансрын станцын үндсэн суурь нь болох юм байна. Энэ тохиолдолд Америкийн хэсэг болон бусад модулийг 2024 онд Номхон далайд живүүлэхээр төлөвлөж байна.
Энэ хувилбараас гадна ОУСС хөтөлбөрийг 2028 он хүртэл сунгах эсвэл хувийн компаниудад шилжүүлэх боломж ч бий. Хувийн компаниудад шилжүүлэх асуудлыг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тавьсан. Ямартаа ч энэ хөтөлбөрт оролцогч талууд эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. Тиймээс Олон улсын сансрын станцын орших эс орших асуудал нээлттэй хэвээр байгаа юм.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )