ДУУРЬ 68: “Учиртай гурван толгой” дуурь бол бидний алтан гуунд заларсан бурхан юм

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 28

 Монгол Улсад хамгийн анхны хөгжмийн театр 1950 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан түүхтэй. Азид цор ганц"Хөгжмийн сонгодог театр" бий болсон нь энэ юм. Театрын байгуулагдсан оныг судалгаа шинжилгээний үндэслэлтэйгээр үнэн зөв тогтоох, баталгаажуулах зорилгоор Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/-ын Ерөнхий захирал Ц.Түвшинтөгс 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр "Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын үүсэл хөгжил" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг соёл урлагийн салбарын эрдэмтэн, профессорууд, судлаач нартай хамтран хэлэлцэж, анхны хөгжмийн театр 1950 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтанд орж байсныг тогтоосон байна. Ийн Монголын анхны сонгодог дуурь болох Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" дууриар нээлтээ хийж байсан түүхтэй хөгжмийн театр үүсгэн байгуулагдсаны 68 жил, УДБЭТ-ын туурга тусгаарлагдсаны 55 жилийн ой тохиож буйтай холбогдуулан өнөөдөр /2018.12.27/ Театрын захирал Ц.Түвшинтөгс болон уран бүтээлчид мэдээлэл хийлээ.


Хөгжимт театрын 68 жил, театр тусгаарлагдсаны 55 жилийн ойн хүрээнд УДБЭТ-ын хамт олон энэ сарын 30-ны өдөр үе үеийн удирдлагууд, уран бүтээлчид, ажилтан, албан хаагчдадаа хүндэтгэл үзүүлэн Монголын үндэсний шилдэг дуурь "Учиртай гурван толгой" дууриа гурван үеийн уран бүтээлчид хамтран тоглохоор болжээ. Тус дуурийн Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын дүрийг УДБЭТ-ын тайзнаа амилуулж ирсэн үе үеийн уран бүтээлчдийг нэг дор, нэгэн тайзан дээрээс харах боломж үзэгчдэд олгож буйгаараа тун онцлогтой юм.

“Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, Хоролмаа нарын дүрийг олонтаа бүтээж, орон нутгийн иргэдийн хүртээл болгож байсан нэрт дуурийн дуучин
МУГЖ А.БҮТЭД "Тухайн үед би гайхалтай олон сайхан алдартангуудтай хамт тоглож явснаараа маш их бахархдаг. Өнөөдрийн хувьд хоёр, гурав дахь үетэйгээ хамтраад тоглолтонд орох гэж байгаадаа талархаж байна. Яагаад гэхээр би энэ тоглолтонд орж байгаа хүмүүсийнхээ хамгийн ахмад нь болж байгаа юм. Шавь нартайгаа хамт оролцох гэж байна. Нансалмаад тоглоно доо" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн бол МУГЖ Б.Цэцэгээ "Би 1995 онд дуурийн театрт анх орж ирээд 1998 онд "Учиртай гурван толгой" дуурийн Бүүвэйчийн дүрд анх гарч байлаа. Тэгэхэд миний багш, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай дуурийн дуучин, Ардын жүжигчин Пүрэвдорж гэж мундаг хүн надад хэлж байсан. Бүүвэйчид гарахдаа би хоорын дуучин байлаа шүү дээ. Тэгээд багш маань "Бүүвэйчид гарна гэдэг цаашдын чинь уран бүтээлийн эхлэл шүү, маш сайн хичээж, олон талаас нь бодож сэтгэлгээтэй дүр гаргаж дуулаарай, хоёр, гурван бадаг гэж битгий голж чамлаарай" гэж захиж байсан юм. Одоо энэ тоглолтонд Бүүвэйч маань нэг үзэгдэлд дуулдаг учраас МУГЖ Б.Долгормаа маань уригдаж дуулж байгаа" хэмээв.

УДБЭТ-ын Ерөнхий захирал Ц.Түвшинтөгс:
Дуурийн театрын брэнд гэж байдаг бол тэр нь “Учиртай гурван толгой” 

-Дуурийн театрын үйл ажиллагаа бол нийлмэл юм. Зуун хүнээс нэг хүний ажил шалтгаална, нэг хүнээс зуун хүний ажил шалтгаална. Тийм учраас энд оролцдоггүй хүн гэж байхгүй. Бид “Учиртай гурван толгой” дууриа 68 дахь жилдээ хэд дэх удаа тоглож байна вэ гэсэн статистик судалгаа гаргаж байгаа юм. Жил бүрийн зургаадугаар сарын 17-нд "Учиртай гурван толгой" дуурийн өдөр гэж явж байсан юм билээ. Яг түүхэн дээр бичигдсэн тодорхой зүйлгүй хэрнээ яагаад тэр өдрийг “Учиртай гурван толгой” дуурийн өдөр гээд байсан юм гэдгийг бас судалж байна. Манай дуурийн театрын үнэхээрийн брэнд гэж байдаг бол тэр нь “Учиртай гурван толгой” юм. Бид дуулалт жүжгээс нь эхлээд дуурь болтол нь хөгжүүлсэн. Тэгэхээр үүнд Дуурийн театрын хамт олон нэгэн сэтгэлээр хөдөлж, ажиллаж байгаа. 12 дугаар сарын 30-ны өдөр бол "Учиртай гурван толгой" дуурь тоглогдсоны 68 жилийн ойн өдөр. Яг энэ театрынхаа настай адилхан зүйл байгаа юм.

УДБЭТ-ын Ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар:
Алтан гуунд залардаг бурхан мэт тахидаг жүжиг маань "Учиртай гурван толгой"

-Өнөөдрийн бидний гол сэдэв бол манай театр баригдсаны 68 жил, УДБЭТ гэж нэрлэгдсэний 55 жил, театр ашиглалтанд орсноос хойш "Учиртай гурван толгой" дуурийн маань 1000 дахь тоглолт болж байгаа гээд энэ олон баяруудыг бүгдийг нь нэгтсэн өдрийн тухай юм. Арванхоёрдугаар сарын 30 гээд яг оны өмнөх энэ өдрийг яагаад сонгосон бэ? гэдгийг бид мэдэхгүй ч гэсэн их учиртай л өдөр байж таарна. Манай ахмадууд маш их алсын хараатай, маш олон зүйлсийг хийсэн нь аажим аажмаар гарч ирээд байдаг юм.

Хөгжмийн театр гэдгийг Монголчууд маань өнөөдөр ойлгодог болсон байна. Нэг үе театр бол театр л гэж ойлгодог байсан үе бий. Драммын театр манай театр хоёрыг ялгадаггүй байлаа. Нэг нь дуулдаг, нөгөөх нь ярьдаг театр гэж хүртэл хэлдэг байсан. Тэр цаг саяхан. Одоо дэлхийн урлагийн төрлүүд дотроос 80 хувийг нь хөгжмийн урлаг ноёлж байна. Театрууд дотроос хөгжмийн театр хамгийн зонхилох хувийг эзэлж, хүн төрөлхтөний соёл дотор хамгийн өндөр байр суурийг эзэлж байна. Дандаа дуучид, бүжигчид, хөгжимчид, удирдаач гээд хөгжмийн мэргэжилтнүүд ажилладаг болохоор "Хөгжмийн театр" гэж тусдаа бие даасан нэртэй болсон. Энэ театр маань олон жилийн түүхийн зузаан номыг бүтээхдээ маш олон салбар ухагдахууныг бий болгож чаджээ. Өнөөдөр манай театрд дэлхийн хөгжмийн театруудад байдаг нэлээн хэдэн төрлүүд тавигдчихсан байна. Азид гэхэд ийм театр олон байгаад байдаггүй.

Бид анх “Учиртай гурван толгой” дууриар эхэлж байсан бол дэлхийн оргил болсон бүтээлүүдийг хамгийн дээд талаас нь сорчлоод тавьчихсан, уран бүтээлчид маань тэрийг яг дэлхийн стандартаар нь бүтээчихсэн байна. Ингэхээр яалт ч үгүй манай театрыг үүсгэн байгуулсан ахмадууд, энэ барилгын зургийг гаргаж өгсөн хүний буянаар баригдсан энэ ягаан байшингийн амжилт юм. Тухайн үед дөнгөж төгсөөд ирчихсэн Лувсаншарав, Намхайцэрэн, Гаваа, Жамъяндагва, Намсрайжав гээд олон залуучууд бараг дөрөв, таван жилийн турш төр засаг, нам, яамдад ойлгуулах гэж цөхрөлтгүй явсан байгаа юм. Тэгж явсны хүчинд дэлхийн сонгодог урлаг, хүн төрөлхтөний соёл иргэншлийн оргил гэж ийм хүчин зүйл байдаг юм байна, үүнийг энд хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг маш олон жилийн уйгагүй зүтгэлээр ойлгуулаад, зөвшөөрөл авч УДБЭТ гэдэг нэр аваад, Драммын театр гэж салсан байдаг. Үүнийг манай ахмадууд өөрсдөө ярьдаг. Түүнээс хойш манай театр маш олон жилийн зузаан түүхийг туулж ирэв. Эх орондоо олон сайхан уран бүтээлчдийг төрүүллээ. Энэ театраас Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Гавьяат жүжигчид Монгол Улсад хамгийн олон тоогоор төрж гарсан байдаг.

Хамгийн өндөр төвшний мэргэжлийн урлагийг хийж гүйцэтгэж байгаа нь манай театр. Хамгийн зарчимч, театрын жинхэнэ ном журмын дагуу ажиллаж байгаа нь манайх. Ингээд яривал манайх улсын тэргүүний театр, тэгж яригдсаар ч ирсэн. Энэ жил бид олон сайхан түүхэнд байгаа зүйлсээ бүгдийг нь нийлүүлж ард түмэндээ мэдэгдэх, тодорхой хэмжээний урлагийн салбартаа мэдэгдэх гээд ийм зорилгуудыг агуулаад баяраа тэмдэглэх гэж байна. Тахилын ширээн дээр хамгийн өндөрт алтан гуунд залардаг бурхан мэт тахидаг жүжиг маань "Учиртай гурван толгой" юм. Цаашдаа жил болгон үүнийг хийнэ. Гэхдээ “Учиртай гурван толгой”-гоо тоглоод байхгүй, дэлхийд хүрсэн шилдэг бүтээлүүдээ бүтэн жил бэлдэж байгаад оны төгсгөлд тайлан болгож тоглодог заншлыг бий болгоно гэж бодож байна.

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top