Хойд туйл дахь эдийн засгийн боломж ба Хятадын бодлого

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 07

Дэлхийн их гүрэн болохоор зорьж буй Хятад улс хөрш орнуудтайгаа газар нутгийн маргаан дэгдээж, олон улсын хууль, дүрэмтэй зөрчилдөх нь бий. Хамаагүй цөөхөн өрсөлдөгчтэй, дүрэм нь дөнгөж шийдэгдэж буй нэг бүс нутаг түүний овоо хараанд өртсөн нь Хойд туйл юм.

Тэдэнд Арктикийн өргөн уудам мөсөн далай том боломж гэж харагдаж байгаа. Худалдаа, арилжааны шинэ зам, маршрут нээх, газрын тос, байгалийн хийн хайгуул хийх, уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа явуулах үүднээс Бээжин тус бүс нутаг дахь өөрийн оролцоог нэмэгдүүлэхээр чармайж байна гэж шинжээчид дүгнэж байна.

Газар нутгийн хувьд Арктикийн тойргоос хэтэрхий хол байгаа нь Арктикийн тойрогт газар нутаг нь багтдаг найман оронтой харьцуулбал Хятад улс төрийн хувьд сул юм. Тус бүс нутгийг онилсон Хятадын эрх ашиг нэмэгдэхийн хэрээр Арктикийн зөвлөлийг бүрдүүлэгч найман улсыг талцахад хүргэж байна. Исланд, Норвеги мэтийн жижиг эдийн засгууд үүнийг боломж гэж харж байгаа бол стратегийн эрх ашиг бүхий Орос, Канад зэрэг бусад гишүүн орнууд болгоомжтой хандаж байна. Хятад улс энэ бүсийг сонирхож буй цорын ганц Арктикийн тойрогт ороогүй улс биш хэдий ч хамгийн том нь юм. 2013 онд Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон, Сингапур Арктикийн зөвлөлд санал өгөх эрхгүй ажиглагчийн статустай элссэн. Хятад улс энэ бүсэд тоглогчдын нэг болох нь тодорхой болж байгаа ч Хятадын цаад зорилго, тоглоомын сүүлийн нүүдэл бүрхэг байгаа нь бусад орныг санаа чилээхэд хүргэж буй бололтой.

 

Арктикийн зөвлөлийн Гадаад хэргийн сайд нар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Тиллерсоны хамт /2017/

 

ТУЙЛЫН ТОРГОН ЗАМ

 

2018 оны нэгдүгээр сард Бээжин Арктикийн талаар баримталж буй стратегиа анх удаа нийтэлж, бүс нутаг дахь хууль ёсны эрх ашгаа шаардан, газар нутгаа өргөтгөх хүслээс нь айх айдсыг дарах гэж оролдсон. Энэхүү баримт бичигт Хятад өөрийгөө  “Арктикийн зэргэлдээ улс” гэж тодорхойлоод, Хойд туйл дахь байгаль орчны өөрчлөлт Хятадын уур амьсгалын систем, экологид шууд нөлөө үзүүлж байна гэж онцолжээ. Үүний сацуу Ерөнхийлөгч Ши Жиньпиний нэрийн хуудас болсон олон их наяд ам.долларын өртөг бүхий “Бүс ба Зам” дэд бүтцийн хөтөлбөрийн нэгэн хэсэг болсон Туйлын торгоны замын төлөвлөгөөг энд нарийвчлан тусгажээ.

 

Хятад улс хөгжиж буй орнуудыг өрөнд живүүлж байна гэж Бүс ба Зам санаачилга барууны ертөнцөд ихээхэн шүүмжлэлд өртдөг ч Бээжинтэй эдийн засгийн харилцаа тогтоох сонирхол бүхий Арктикийн зарим нэг жижиг тоглогчид ихээхэн дэмжиж байна. Нордикийн буюу Скандинавын хэд хэдэн улс орнууд Хятадын тэнгисийн зам өргөжин, шинэ боомтууд бий болно хэмээн харж, энэ санаачилгыг алга ташин хүлээн авсан. “Хамтын ажиллагаа”-г дахин дахин тодотгосон харилцан ашигтай түншлэл гэх үзэл санаа нь Хятад улсын Арктикийн бодлогын итгүүлэхийг хүсч буй мессеж яахын аргагүй мөн.

 

Тэнгисийн мөс хайлж буйг 2017 оны гуравдугаар сарын 30-нд Гринландын дээрээс НАСА агентлагийн судалгааны нисэх онгоцноос ажиглажээ. Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгаа тэлэх Хятадын бодлого Арктикийн тойрогт давтагдах вий гэх Арктикийн зөвлөлийн гишүүн орнуудын айдастай зэрэгцэн тэс өөр нөхцөл байдал үүсэв.


Хойд мөсөн далайн мөс хайлж буй гэрэл зургийг НАСА агентлаг авчээ

Хятад улс Өмнөд Хятадын тэнгист ихээхэн хэмжээний газар нутаг өөрийнх нь хэмээн зарлан, Спартли болон Парасель  арлууд дахь өөрийн байр суурийг бэхжүүлэхийн тулд хиймэл арлуудыг бий болгосон. Үүнтэй харьцуулахад Арктикийн бүс дэх нөхцөл байдал харьцангуй тайван, газар нутгийн ноцтой маргаангүй байгаа ба Арктикийн улс орнууд энэ байдлыг хадгалан үлдэх сонирхолтой буй нь дамжиггүй.

 

Бээжин Арктик дахь өөрийн эрх ашгийн үндсэн зорилгыг эрдэм шинжилгээний судалгаатай холбодог. Арктикийн бүсийн талаар баримталж буй стратеги нь дэлхийн байгаль орчны асуудлыг шийдвэрлэх үүднээс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг судлахад чиглэнэ гэж тодорхойлсон. Гэвч,  Хятадын энэ бодлогыг байгалийн баялаг ихтэй бүс нутагт эдийн засгийн болон улс төрийн нөлөөллийг тогтооход чиглэсэн хэмээн зарим ажиглагчид сэжиглэж байна.

 

Хойд туйлд дэлхийн байгалийн хийн нөөцийн гуравны нэг, дэлхийн газрын тосны нийт нөөцийн 13 хувь нь агуулагдаж буй гэсэн тооцоог Мэрилэндийн их сургуулийнхан гаргажээ. Дэлхийн дулаарлаас шалтгаалан Хойд мөсөн далайн мөс хайлж, урьд өмнө нь гатлах боломжгүй байсан усан замын чиглэлүүд өдгөө дэлхийн хоёр дахь том эдийн засгийн сонирхлыг татаж эхэлжээ. Хойд туйл эдийн засгийн хязгааргүй нөөц, боломжийг амалж байна. Тус бүс нутгийн эдийн засаг 450 тэрбум ам.доллараас давжээ.

 

НАСА агентлагийн прогнозын дагуу, энэ зууны дунд үе гэхэд Хойд туйлын мөс зуны улиралд бүрэн хайлж, усан тээврийн нэгэн чухал зам болох төлөвтэй байна. Хятад улс Арктикийн байгалийн нөөцийн төлөөх тэмцлийг үүсгэж, энэ тэмцлийн талбарт өөрийн байр суурийг эзлэхийг үнэхээр хүсч байгаа. Учир нь энэ байдал Хятадад ашигтай хэмээн Хойд туйл судлаач ярьж байна. Энэ байр сууриа баталгаажуулах үүднээс Хятад Хойд туйлын боломжийг бэхжүүлж байна. Өнгөрсөн оны есдүгээр сард Хятад улс хоёр дахь мөс зүсэгч “Сюэ Лун 2” буюу “Цасан луу 2” онгоцыг танилцуулж энэ оны эхний улиралд судалгааны зорилгоор Хойд туйл руу илгээхээр зэхэж байна. “Цасан луу 2” нь Хятадын бие даан бүтээсэн анхны мөс зүсэгч онгоц бөгөөд гаднынхантай хамтран бүтээсэн өмнөх мөс зүсэгчийг бодвол мөс зүсэх хүчин чадал нь илүү, мөн өндөр төвшний судалгаа явуулах илүү боломжийг олгож буйгаараа давуу талтай.


"Цасан луу" мөс зүсэгч хөлөг онгоц

ВАШИНГТОНЫ ЯЛАГДАЛ, БЭЭЖИНГИЙН ХОЖИЛ

 

Хойд туйлд харьцангуй цөөн оролцогч, хууль тогтоомж үйлчилж буй үед Арктикт хөрөнгө оруулах нь Хойд туйл дахь засаглалын бүтцийг өөрт ашигтайгаар зохион байгуулахад чухал гэдгийг Хятад маш хурдан олж харав. Тус улс Арктикийн тойрог дахь өөрийн оролцоог нэмэгдүүлж байхад Вашингтоны зүгээс ямар ч байр суурь, сонирхол илэрхийлсэнгүй. Тэр ч байтугай, 2017 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Рекс Тиллерсон Хойд туйлын бүс нутаг дахь тусгай элч, төлөөлөгчийг эгүүлэн татсан. Учир нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудал  Трампын засаг захиргааны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн сүүлд бичигдэж буй.

 

Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ долоон мөс зүсэгч хөлөг онгоцтой байсан бол 2018 онд хоёр нь л ашиглалтад үлдсэн байв.

 

Обамагийн засаг захиргаа Хойд туйлын талаар холын хараатай стратеги баримталж, тус бүс нутаг дахь АНУ-ын хүчтэй оролцоог батжуулах, 2020 он гэхэд мөс зүсэгч онгоцнуудаа шинэчлэхээр төлөвлөж байв. Харин өдгөө АНУ-ын байр суурь тодорхойгүй байна. Хилийн аюулгүй байдалд их хэмжээний төсөв зарцуулагдаж буй учир мөс зүсэгч хөлөг онгоцыг ажиллуулдаг АНУ-ын эргийн хамгаалалтын албаны төсөв төдий хэмжээгээр танагдав. Трампын засаг захиргааны хувьд Хойд туйл тэргүүлэх ач холбогдолтой бус байгаа үед Хятад улс жолоодлогыг гартаа авч, Арктикийн талаар өөрийн бодлогыг эрчимтэй зүтгүүлж байна.

 

Дөч гаруй мөс зүсэгч онгоц бүхий ОХУ тус бүс нутгийн хамгийн идэвхтэй улс. Мэдээж хэрэг, ОХУ Хойд туйлын бус орон энэ бүс нутгийг хөгжүүлэхэд таатай хандахгүй. Гэвч улам бүр чангарч буй барууны хориг арга хэмжээтэй нүүр туулсан Москва Бээжингийн талаар баримталж буй бодлогоо улам бүр зөөлрүүлсээр. Орос улс Сибирийг хөгжүүлэхэд нь туслах цөөн орны нэг нь Хятад гэдгийг сайн ойлгосон. Тус хоёр улс шингэрүүлсэн байгалийн хийн төсөл зэрэг хэд хэдэн хамтын ажиллагааны төслийг Хойд туйлд хэрэгжүүлээд байна. Одоогоор Хятадын хувьд Хойд туйлаас илүү Африк, Өмнөд Азид хөрөнгө оруулахыг чухалчилж байна.

 

Гэвч Арктикийн улс орнуудад таалагдсан ч, эс таалагдсан ч Хятад улс Хойд туйл дахь өөрийн оролцоог нэмэгдүүлэх нь дамжиггүй.

 

Эх сурвалж: CNN.com

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.42.90) 2019 оны 01 сарын 07

Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо

0  |  0
Top