Дэлхийн эдийн засгийн өсөлт 2019 онд 2.9 хувь болж буурна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2.9 хувь болж буурах төлөвтэй байна гэж Дэлхийн банк тооцоолжээ. “Дэлхийн эдийн засгийн төлөв байдал” тайландаа ДБ дэлхийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, худалдааны салбар дахь хурцадмал байдал болон хөгжиж буй орнуудын санхүүгийн зах зээл дээрх хямралаас үүдэн дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв таагүй дүнтэй гарчээ. Эдгээр хүндрэлүүдээс болж хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2019 онд 4.2 хувьтай байх бөгөөд энэ нь өнгөрсөн оны зургадугаар сард таамаглаж байсан үзүүлэлтээс 0.5 хувиар доогуур байна.

 

Энэ онд төв банкнууд мөнгөний нийлүүлэлтээ бууруулсан хэвээр байгаа тул  2018 онд 2.2. хувьтай байсан хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт хоёр хувь хүртэл буурах төлөвтэй байна. Санхүүгийн зах зээл дээр эмх замбараагүй байдал үүсч, худалдааны маргаан хурцдах магадлал өндөр байгаа нь эдийн засгийн өсөлт буурах эрсдэл улам бүр нэмэгдэж буйг ДБ анхааруулж байна.

 

Тайланд бичсэнээр, 2018 онд 6.5 хувийн үзүүлэлттэй байсан Хятадын эдийн засгийн өсөлт буурч, 6.2 хувьтай байх төлөвтэй байна. Гадаад хүчин зүйлсийн нөлөөг бууруулах үүднээс Хятадын эрх баригчид  мөнгө, санхүүгийн бодлогоо зөөллөх алхам хийж байгаа нь Хятадын экспортод үзүүлж буй өндөр тарифын сөрөг шууд нөлөөллийг мэдэгдэхүйц багасгана гэж тайланд дурджээ.

 

“2018 оны эхээр өндөр хурдаар өсч байсан дэлхийн эдийн засаг жилийн туршид хурдаа сааруулсан бөгөөд энэ жил хурд нь нэлээн саарах төлөвтэй байна” гэж ДБ-ны Гүйцэтгэх захирал Кристалина Георгиева онцолжээ.

 

Санхүү, эдийн засгийн таатай бус нөхцөл байдал хөгжиж буй орнуудад даамжирснаар ядуурлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй олон улсын хүчин чармайлтад саад учруулахаар байна гэж тэрбээр хэллээ. Иймээс хөгжиж буй улс орнуудын бодлого тодорхойлогчид санхүүгийн зах зээл дэх хямралын ээлжит үе шатанд бэлэн байж, зөв зохистой макро эдийн засгийн бодлого барьж ажиллахыг санал болгож байна. Үүний сацуу эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор хүний хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтын саад тотгорыг арилгах, худалдааны интеграцыг дэмжих алхмыг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж тайланд онцолжээ.

 

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top