Хүүхдүүд уралдааны замд амь үрэгдэж, “уяач” улс төрчид морьдоороо бахархсаар байх уу?

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 30

Хүлэг сайн морьдоороо бахархдаггүй Монгол хүн гэж үгүй. Уралдааны замд тоос татуулан давхих морьдоо тосоод зогсож буй хэний ч самсаа шархирч, уяхан нэг нь нулимсаа барьж ядан байдаг. Энэ яахын аргагүй Монгол бахархал, Монгол араншин. Хүүхдийн гийнгоолох дуу өвөл ч, зун ч хадаж байдаг манай оронд ирсэн харийн гийчид харин эндээс нэг л зүйлийг гайхаж байна. Хурд мэдэн давхих морьдыг унасан эзэд 5-8 орчим насны бяцхан үрс байгаа нь тэдний нүдийг бүлтийлгэнэ. Хүүхдийн эрх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр хэмээн сүржин ярьдаг улс төрч-уяач нар нь хүртэл ингэж  зугаацахыг хараад бүр алмайрч орхино. Манай эрхмүүд болохоор үүнийгээ Монгол уламжлал хэмээн бахдалтай нь аргагүй гадаадынханд сурталчлахыг яана.
Тэгэхээр уламжлалд авах ч юм бий, хаях ч юм байгаа. Бушуухан хаях зүйлийн нэг нь бяцхан үрсээ морьдын тоосон дор унагаж эрэмдэг зэрэмдэг болгон, заримыг нь бурханы оронд илгээдэг “Уламжлал” болов уу. Жилийн жилд баахан хүүхэд гэмтлийн эмнэлэгт хэвтэнэ. Хамгийн сүүлийн бүрэн бус мэдээгээр /мориноос унаж бэрхтсэн, нас барсан хүүхдийн талаар хэн ч тусгайлан бүртгэж тооцдоггүй/ 2010 оны 5 сарын 25-наас энэ оны 5 сарын 25-ны хооронд 60 орчим хүүхэд уралдааны замд унаж гэмтжээ. Энэ бол зөвхөн томоохон уралдаанууд дээр болсон гамшиг. Хөдөөгүүд жалгын нэг хийдэг морин уралдаанаас гэмтэгсдийг нэмбэл хамаагүй өндөр тоо гарах нь мэдээж. Хөл, гар, эгэм хугарсан, тархи доргисон, бөөр унасан л гэнэ. Харин талийгаач болсон хүүхдүүдийн талаар бол хэн ч, юу ч ярьдаггүй. Цагаан сарын өмнөхөн Өлзийт хороололд өвлийн бооцоот уралдаан боллоо. Үүнийг очиж үзсэн зарим хүмүүс “Баячуудын бэл бэнчингээ гайхуулах наадам болсон” гэж байна. Морьд ч яахав. Унасан хүүхдүүдийн нэлээд хэсэг нь хөлдөө гуталгүй байж гэнэ. Морьд нь даахгүй болохоор гутлыг нь тайлаад хаячихдаг бололтой. Морины эзэд, уяачид маань харин чонон дах нөмөрч, булга суусраар гангарсантай харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаа харагдана. Моринд хайртайгаа олонд зарлах аргаа олж ядсан юм байлгүй, энэ удаагийн уралдааныг нэгэн сайн хүлэг морины нэрэмжит болгосон ч гэх шиг. Үүний дараагаар шинийн гурванд Хүй долоон худагт болсон уралдаан дахиад бооцоон дээр явагдлаа. Бас л гуталгүй, зайдан морь унасан хүүхдүүдийн хацар нь хайрагдчихсан ирж байв. Энд манлай уяач Д.Одгэрэл, Тод манлай уяач П.Буянжаргал нар бай шагналыг нь хувиасаа нэмж гаргасан байна лээ. Морин спорт, уяачдын холбооноос тэднийг шагнал өг гэж хэн нь ч хэлээгүй аж. Зүгээр л сайн дураараа ийнхүү бэлтэй уяач гэдгээ харуулахыг хүссэн байна. Тэд удахгүй болох Дүнжингаравын хурдыг угтаж бусад уяачдаа ийнхүү битүүхэн ёвроод авсан ч байж магадгүй. Ухаандаа бидэн шиг бэлтээхэн байж үзээрээ гэж сануулсан байх. Хүүхэд мориноос унаж л байсан, хашрууд ийнхүү бие биесээ байлж, баалж шагнан найрлаж л байлаа. Ийм уралдаантай зэрэгцээд Сүхбаатар, Өвөрхангай, Багануурт болсон бооцоот уралдаанд хэдэн хүүхэд унаж бэртсэн тухай албан ёсны мэдээ алга байна. Гэхдээ нэгэн эх сурвалж хэлэхдээ Өвөрхангайд хэд хэдэн хүүхэд унаж гэмтсэн гэлээ. Хүүхэд хамгаалах тухай уяачидтай яриад нэмэргүй бололтой. Хамгаалалтын хувцас, дуулга маягийн малгай зэргийг нь “Моринд хүнд эд” хэмээн тэд ад үзэн аваад хаячихдаг юм байна. Морио хүүхдээс илүүд үздэг хүмүүсийг юутай зүйрлэмээр ч юм дээ. Адгуус гэвэл арай ойрхон ч юм уу. “Уяач” улс төрчид нь бас ялгаагүй адгууснууд. Дүнжингаравын бооцоот уралдаанд бас хүүхэд мориноосоо унаж бэртсэн.  Ер нь хүүхэд гэмтдэггүй морины уралдаан бараг байхгүй Уяач-улс төрчийн морийг унаж яваад бэртэгсэд тэнд цөөнгүй гэх эх сурвалж тааралдлаа. Тэрээр нэрийг нь эхлэхээс айж байна гэдгээ харин нуусангүй. УИХ-ын гишүүн Г.Батхүү хэдэн хурдан хүлгээ мөнхжүүлэн рок маягийн дуу зохиолгож “Харанга”-гийн Лхагвагаар дуулуулан овоо их мөнгө төлсөн гэдэг. Харин мориноос унаж бэртсэн, талийгаач болсон хүүхдүүдэд зориулж тэр  лав юу ч хийсэнгүй. Саявтар Сүхбаатар аймагт хурдан хүлгүүдээ сурталчилах томоохон баяр болоод өнгөрсөн. Тэнд уяач улс төрч Ч.Улаан, Р.Буд нар очсон сурагтай. Морь унаач хүүхдүүдэд мөн л юу ч өгөөгүй дуулдана.Хуулиар бол морь унасан хүүхдүүд бай шагналынх нь 20-иос доошгүй хувийг авах ёстой. Ийм заалтыг “Уяач” улс төрч Ч.Улаан, М.Энхболд, Ц.Цэнгэл мэтийн хүмүүс хуулинд хийж өгч батлалцсан гэдэг. Гэвч тэд  шагналынх нь энэ хувийг хүүхдүүдэд өгдөггүй гэнэ. Хүүхдээс шагналаа харамласан уяачдын морь хурдлах эсэхийг хөх тэнгэр харж байгаа хойно доо. За шагнал ч яахав, дүүрч гэж бодъё. Одоо удахгүй болох Дүнжингаравын бооцоот уралдаанд хэдэн хүүхэд мориноосоо унаж, бэртэх бол оо.  

Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top