”Болор цом”-ын бодрол | Мөн ч их ХҮЛЭЭСЭН ДЭЭ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 14

“Болор цом-36” наадмын тэргүүн шүлэг “Гүн ухааны сүлжээ бодролууд” буюу “Талархлын шүлэг” нэртэй байв. Яруу найрагчийн мэдрэмж, авьяас, чадал чансааг сорьдог нэг хэлбэр нь сонет. Тэр тусмаа эрхин сонет. Үүнийг Монголын яруу найрагт жинхэнэ утгаар нь нэвтрүүлсэн хүн бол нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай юм. Харин энэ жилийн “Болор цом”-ын эзэн найрагч 12 бүлэг бүхий эрхин сонетоороо тэргүүн байр эзэлсэн билээ. Үнэндээ Б.Баттулга найрагчид сүүлийн шатанд унших час хийсэн шүлэг байсан гэнэ лээ. Гэхдээ түүнд яруу найраг дотроо олон янз байдаг гэдгийг уншигч түмэндээ мэдрүүлэх чухал байсан хэмээсэн юм. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Яруу найрагч Ц.Бавуудорж “Монголын их амар амгалан” шүлгээрээ, А.Эрдэнэ-Очир “Зам” шүлгээрээ цом авсан. Тиймээс “Болор цом” наадмын тэргүүн шүлэг гэдэг утга зохиол хийгээд яруу найргийн өнөө цагийн өнгө төрх, чиг баримжааг илтгэсэн байх ёстой” гэж үздэг тухайгаа өгүүлж байсан. Тэгвэл тэр өөрөө “Талархлын шүлэг” сонетоороо яруу найрагчдын чансааг илтгэж, цомын эзэн болсноороо наадмынхаа нэр хүндийг өндөрт өргөлөө.

 

 

“...Ийм тунгалаг орчлонд амьдарч явах сайхан юм

Ихээ сайтар тунгаавал амьдраагүй байсан ч сайхан юм

Морь буусан шагай шиг босоо хийморьтой эр хүн

Монголынхоо буян заяаг дааж явах учиртай юм...”

"Талархлын шүлэг"-ийн дөрвөн мөрийг түүнд өөрт нь зориуллаа...

 

МӨН Ч ИХ ХҮЛЭЭЛГЭСЭН ЦОМЫН ЭЗЭН

 

Zindaa.mn сайтын сурвалжлах баг Говьсүмбэр аймгийн “Боржигон” чуулгаас “Болор цом-36” наадмыг шууд дамжуулан ажилласан билээ. Дараагаар нь эгшиглэнт эхийн хишиг хүртсэн, цомын эзнийхээ ажилладаг сургууль, амьдардаг гэрт нь очиж ярилцсан юм. Түүнийг би “Мөн ч их хүлээлгэсэн цомын эзэн” гэж нэрлэсэн. 2016 онд “Мөнгөн шөнөөр” шүлгээ дуудсан тэр цагаас Б.Баттулга найрагчийг цом авчих болов уу гэсэн найдлагыг яруу найрагт хайртай ард түмэн, найрагчид хүртэл битүүхэндээ хүлээж ирсэн билээ. Тийм ээ, тэр авсан. Мөн ч олон хүнийг магнайгаа хагартал нь баярлуулсан. Харин тэр цом авсан тухайгаа “Тэртээ 36 жилийн өмнө агуу их Дэндэвийн Пүрэвдорж агсны санаачилсан “Болор цом” наадмын нэр хүндийг бид өндөрт өргөж явах учиртай юм. Угаасаа яруу найраг гэдэг маш их тэнгэрлэг ойлголт. Тэрийг жинхэнэ агуулгаар нь өндөрт өргөж явах зохиолч, яруу найрагчдын түүчээ нь бидний мөнгөн үеийнхэн гэж боддог” хэмээсэн билээ. Ах нь хайр, хүндэтгэлд дасаагүй хүн, гэхдээ хүн намайг хайрлаж, хүндэлж буйг мэдрэх сайхан юм аа гээд даруухнаар инээмсэглэж суусан. Харин миний бодлоор ийм л хүмүүст бид хайртай байдаг даа гэж бодогдож байлаа.

 

“Болор цом”-ын эзэн болчихоод зогсож байхад юу бодогдож байх юм гэхэд "Яагаад ч юм, Зүүдэлсэн ч үгүй явлаа ай хө, Санасан ч үгүй явлаа ай хө гэдэг ардын дууны үгүүд л орж ирээд байсан. “Булган чиг нударгыг шалчийтал нь уйлав аа хө” гэдэг ардын дууны үг ч бас санаанд эрхгүй орж байв шүү" гэж тэр хариулав. Яруу найрагч хүн магнайгаа хагартал баярлахаар ардын дууны үг санаанд нь ордог ажээ. Харин тэр “Зүүдэлсэн ч үгүй явлаа ай хө” гэдэг нь “Сийлэн бөөр”-ийн үг юм билээ.

 

"Аралтай тэрэг нь айлын дундаа
Алтан шанлуу ширээний минь дундаа хө
Амраг жаалхан Сийлэн бөөрийг
Авна гэж зүүдэлсэн ч үгүй явлаа хө" гэдэг дээ...

 

Наадмын гутгаар байр эзэлсэн яруу найрагч О.Цэнд-Аюушаас цомын эзний талаар ямар сэтгэгдэл төрж буйг сонирхоход, “Энэ сайхан найрагч авах ёстой” гэсэн билээ. Хүлээсэн, хүлээсээ тайлахын учир энэ буюу.

 

“МЗЭ-ийн шагналт, БОЛОР ЦОМЫН ЭЗЭН найрагч Базарсадын Баттулга”

 

“Болор цом”-ын эзэн маань 1971 оны наймдугаар сарын 25-нд Завхан аймгийн Их-Уул суманд төржээ. Магадгүй түүнийг өсч төрсөн хийгээд амьдарч асан нутгаа хамгийн их хайрладаг хүн гэж нэрлэж болох юм. Учир нь 1994 онд МУИС-ийн Хэл зохиолын факултетийн Монгол хэл, утга зохиолын ангийг төгсөөд, Архангай аймгийн Цахир сумын найман жилийн сургуульд Монгол хэл, уран зохиолын багшаар очжээ. Тэр цагаас хойш говь, хангай, тал гээд амьдралын шаардлагаар олон ч газар ажиллаж, амьдарсан гэдэг. Тиймдээ ч “Гэгээн хэсүүлчин” хэмээн нэрлэгдэх болсон биз ээ. Ярилцаж суухад, амьдарч асан нутаг усаа ярих бүртээ зориулсан шүлгээ цээжээр дуудаж суухыг нь хараад ингэж бүгдэд сэтгэлээ, итгэлээ зориулж, чин үнэнээр хайрладаг нь хэр олон бол гэж өөрийн эрхгүй бодогдож суулаа...

 

...Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх

Намирч асгарах зөнтэй морин шарга од байх сан

Түг түмэн жил хязгааргүйд гэрлээ түгээж

Төгөлдөр орчлонг гийгүүлэх монгол аялгуутай од байхсан... 

 /"Талархлын шүлэг"-ийн VII бүлгээс/

 

Хайрт ижийгээсээ хагацах тухай огт бодож, төсөөлж чаддаггүй байсан тухайгаа найрагч бидэнтэй хуваалцсан юм. Хэн чиг л тиймдээ гэж бодогдох. Гэхдээ түүнийг яруу найргийн их замд оруулсан хүн нь ижий нь аж. Өглөө бүр үнсэж сэрээх хүүгээ номтой, эрдэмтэй хүн болно гэдэгт сэтгэлийн гүнээс итгэдэг цор ганц хүн түүний ээж байжээ. Харин аав нь нутаг усандаа алдартай анчин Базарсад гэж хүн байжээ. Анх авсан авааль гэргий нь бурхан болж, амьдын хагацлаа гэтэлж чадахгүй явахад хадам аав нь гэргийтэй болвол өөрийн хүү шигээ гэр барьж өгнө гэсэн гэдэг. Ингэж л Б.Баттулга найрагчийн ижий, аав хоёр нийлж, ирээдүйн цомын эзнийг өлгийдөн авчээ. Багаасаа үзэг номтой нөхөрлөсөн айлын том хүү аавынхаа цахиур бууны дууг үзгийн чимээгээр үргэлжлүүлсэн гэмээр...

 

Цом авна гэж төсөөлөө ч үгүй түүнд “МЗЭ-ийн шагналт болон "Болор цом"-ын эзэн найрагч Базарсадын Баттулга” гэж дуудуулна гэхээр санаанд нь нэг л багтаж өгөхгүй байгаа тухайгаа үе үе ярих. Харин биднийхээр тэр бол цомын эзэн гэж дуудуулах эрхтэй цөөхөн найрагчдын минь нэг билээ.

 

ТУН УДАХГҮЙ “БОЛОР ЦОМ” ТӨРНӨ

 

Монгол түмэн “Болор цом-36” наадмын тэргүүн найрагчаа өлгийдөж аваад удаагүй байна. Харин тэргүүн найрагч маань тун удахгүй зургаа дахь хүүхдээ өлгийдөн авна. Тэрбээр ажил, амьдралын гараагаа эхэлсэн Архангай аймгийн Цахир сумаасаа амьдралын ханиа олж, өдгөө хориод жилийг хамт туулжээ. Найман насаар дүү гэргий нь түүнд хоёр охин, гурван хүү төрүүлж өгчээ. Долуулаа дөрвөн ханатай гэртээ бужигнан амьдарч байгаа тэднийг хараад олон л зүйл бодогдож байв. Удахгүй шинэ хүнээ өлгийдөж авахаар наймуулаа болно. Найзууд нь түүнд хүү төрвөл Болорцом, охин төрвөл Янжинлхам гэж нэр өгөөч гэсэн гэнэ лээ. Найрагч ч бас аливаа зүйлийн бэлгэдэл гэж бий, энэ тухай бодож л байна хэмээсэн юм.  

 

...Могой зүүдлэхэд хүүтэй болохоо яаж мэдээд

Моносны цэцэг дэлгэртэл бүсгүй хүн баярлана вэ?

Адуу эвшээхэд аз тохиохоо яаж мэдээд

Алтан ятга уянгалтал эр хүн баярлана вэ?... гэх түүний хамгийн хайртай дөрвөн мөртөөр тэмдэглэлээ жаргаая.

 

Ярилцлагыг БҮРЭН ЭХЭЭР нь ВИДЕО хэсгээс үзнэ үү!

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.190.24) 2019 оны 01 сарын 14

Ямар сайхан гэгээн тунгалаг , энгийн хэрнээ агуу амьдрал энэ багш, яруу найрагчид л байна. Амжилт

0  |  0
Top