Иванка Трамп Дэлхийн банкны ерөнхийлөгч болох уу?

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 17

Иванка Трамп Дэлхийн банкны дараагийн ерөнхийлөгч болох уу? Саяхан чөлөөлөгдөх хүсэлтээ олон нийтэд зарласан Дэлхийн банкны одоогийн ерөнхийлөгч Жим Ён Кимийг орлон, тус албан тушаалд горилогчдын дунд АНУ-ын Ерөнхийлөгчийн охин Иванка Трампын нэр дуулдах болсон.  

 

Иванка Трамп Дэлхийн банкийг тэргүүлэх энэ санаа зарим хүмүүсийн дургүйцлийг төрүүлж, “амьдралдаа сонссон хамгийн хачирхалтай санал байлаа” гэх тайлбарууд олон нийтийн сүлжээнд үзэгдэв.

 

Гэвч Дэлхийн банкийг хэн удирдах нь зөвхөн Дональд Трампын давуу эрхийн хүрээнд шийдэгддэг асуудал биш. Зарим ажиглагчдын хэлж буй шиг энэ албан тушаал Цагаан ордноос барьдаг бэлэг огтхон ч биш юм. Трамп өөрийн охин Иванка Трамп эсвэл хүргэн Жаред Кушнер, бүр дуртай рэп од Канье Уэстийн нэрийг дэвшүүлж болох. Тэд Дэлхийн банкны ерөнхийлөгч болох эсэхийг Дэлхийн банкны Захирлуудын зөвлөлийн санал өгөх эрх бүхий гишүүдийн 50-иас доошгүй хувийн дэмжлэгийг авч чадах эсэхээс шалтгаална.


Дэлхийн банкны ерөнхийлөгч үргэлж Америк хүн байсан

 

Дэлхийн банкны 75 жилийн түүхэнд түүний ерөнхийлөгчөөр Америк хүн л ажиллаж ирсэн. Гэхдээ Дэлхийн банкны дүрэмд ерөнхийлөгч нь аль улсын иргэн байхыг заагаагүй байдаг.

 

1945 онд Бреттон-Вуудсийн систем бий болсноос хойш тогтсон Дэлхийн банкны тэргүүн Америк хүн байж, харин Олон улсын валютын санг Европ хүн удирдана гэсэн “жентлмен эрчүүдийн албан бус тохиролцоо“ бий. Бреттон-Вуудсийн систем буюу Бреттон-Вуудсийн хэлэлцээр нь 1944 оны зургадугаар сарын 1-22-ны өдрүүдэд болсон Бреттон-Вуудсийн бага хурлын үр дүнгээр байгуулсан мөнгөний харилцаа, худалдааны төлбөр тооцоог зохион байгуулах олон улсын систем бөгөөд энэхүү бага хурал ОУВС, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны суурийг тавьсан юм.

 

Дэлхийн эдийн засгийн бүтэц өөрчлөгдөн, хөгжиж буй орнуудын ач холбогдол өсөхийн хэрээр эдгээр байгууллагуудын засаглалын бүтцийг санал өгөх эрх, удирдлагуудын харьяаллын хувьд өөрчлөх тал дээр шахалт үзүүлж эхэлсэн.

 

Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн засаглалыг шинэчлэх шаардлага Их-20 бүлгийн уулзалтын гол асуудлын нэг болсон. 2009 онд Лондон хотноо болсон Их-20 бүлгийн улс орнуудын дээд хэмжээний уулзалтаас гаргасан мэдэгдэлд талууд олон улсын санхүүгийн байгууллагуудын тэргүүн, удирдах албан тушаалтнуудыг нээлттэй, тунгалаг, мерит зарчим дээр дээр үндэслэсэн сонгон шалгаруулалтаар томилохыг хүлээн зөвшөөрчээ. Бусад улс орнуудаас үзүүлж буй шахалтаар энэхүү томьёоллыг гаргаж ирсэн хэдий ч АНУ болон ихэнх Европчууд “харьяаллыг үл харгалзан” гэдэг үгийг тус өгүүлбэрт нэмж оруулахыг эсэргүүцсэн юм.

 

Одоогоор АНУ ч тэр, Европ ч тэр Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн тэргүүн нарын иргэншлийн тал дээр тогтсон уламжлалаас татгалзахад бэлэн бус байна. Эл уламжлалыг авч үлдэхийн тулд тэд бие биенийгээ дэмжих шаардлагатай.

 

АНУ-ын нэр дэвшигчид ЕХ-ны гишүүн орнуудын дэмжлэг хэрэгтэй


АНУ Дэлхийн банканд 16 орчим хувийн саналын эрхтэй. Гэхдээ Дэлхийн банкны гүйцэтгэх захирал /АНУ-ын иргэн/ болон Европын холбооны төлөөллүүдийн саналын эрхийн хувийг нийлүүлэхэд ерөнхийлөгчийг томилоход хангалттай 50 орчим хувьд хүрэх юм.

 

АНУ-аас Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчид ЕХ-ны гишүүн орнуудын дэмжлэг хэрэгтэй нь бодит үнэн. Харин энэ дэмжлэгийн хариуд АНУ Олон улсын валютын сангийн тэргүүний суудлын төлөө өрсөлдөж буй Европын нэр дэвшигчийг дэмжих ёстой. Сүүлийн жилүүдэд эдгээр албан тушаалын төлөөх өрсөлдөөн зөвхөн өрсөлдөөн төдий л болов.

 

2011 онд Доминик Страусс-Кан Олон улсын валютын сангийн тэргүүний албан тушаалаа өгөхөд тус албан тушаалд Францын сангийн сайд Кристин Лагард, Мексикийн Төв банкны тэргүүн Агустин Карстен нар нэр дэвшсэн. Лагард Европ, АНУ болон хэд хэдэн бусад орны дэмжлэгтэй байсан. Карстенийг Австрали, Канад, Мексик зэрэг орнууд дэмжиж байсан нь хөгжиж буй орны нэр дэвшигч дэмжлэггүй байх нь тус байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэх болгоомжлол байв.

 

2012 онд Дэлхийн банкны тэргүүний албан тушаал сулархад АНУ-ын нэр дэвшигч Ким Нигер болон Колумбын сангийн сайд нартай өрсөлдсөн. Кимийн туршлага /эрүүл мэндийн мэргэжилтэн, Дартмутын коллежийн ерөнхийлөгч/ бусад хоёр өрсөлдөгчийгөө бодвол хангалтгүй байна гэж олон хүмүүс үзэж байв. Гэсэн хэдий ч Обамагийн засаг захиргаа Кимийг дэмжих кампанит ажил өрнүүлэн, Өмнөд Солонгос, Европын ихэнх улс орнууд, Канад, Австрали, ОХУ, Хятад, Энэтхэг, Мексик зэрэг улсын дэмжлэгийг авч чадсан. Өмнөх тохиолдлуудыг бодвол энэхүү явц “ханцуй дотроо” хийсэн тохиролцоо бус харин нээлттэй явснаараа том алхам болсон. Ингэхээр АНУ-ын нэр дэвшигчид бусад орны дэмжлэг амин чухал бөгөөд энэ дэмжлэгийг авахын тулд АНУ ихээхэн хүчин чармайлт гаргах ёстой. Трампын “Юуны өмнө Америк” гэх хандлага, уур амьсгалын өөрчлөлт, олон талт оролцоог үгүйсгэдэг байр суурийг дэмждэг нэр дэвшигч яг ийм л үүргийг хэрэгжүүлэх болно.

 

Тиймээс Трампын башир аргад анхаарлаа хандуулахын оронд, Дэлхийн банкны бусад гишүүн орнууд ДБ-ны ерөнхийлөгчийг сонгох тал дээр тохиролцсон хамтарсан мэдэгдлийг л дагах учиртай. Өөрөөр хэлбэл, томоохон хэмжээний байгууллага удирдаж байсан, олон улсад танил байх, төрийн албаны талаар мэдлэгтэй байх, харилцааны өндөр чадвартай байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг хангасан мэргэжлийн хүнийг нэр дэвшүүлэх нь чухал юм. Энэ тохиолдолд нэр дэвшигчийн гарал, үүслийг үл харгалзан нээлттэй, тунгалаг, мерит зарчмаар хамгийн тохиромжтой нэр дэвшигчийг сонгох боломжтой болно.

 

Эх сурвалж: https://www.lowyinstitute.org

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top