ТЦА: Өнгөрөгч онд 45 хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 18

Өнгөрч буй долоо хоногт Тээврийн цагдаагийн алба нийт 990 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 760 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэлээ. Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 18 хүн гэмтэж бэртэн, орон нутагт гурван хүний амь нас хохирсон ноцтой ослууд бүртгэгдсэн байна.

 

Нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 21 нь мөргөлдөх хэлбэрээр, гурав нь үл хөдлөх зүйл мөргөх, нэг нь онхолдох хэлбэрээр тус тус үйлдэгдсэн байна. Мөн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 132 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, 15 жолоочийг шүүхээр баривчилж ажиллав.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

 

  1. Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг “Өлзийт зүүн салаа” гэх газар шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль онхолдож, жолооч М-н амь нас хохирсон,
  2. СХД-ийн нутаг Нарангийн гудамж T.Pruis маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Aqua автомашиныг мөргөөд, явган зорчигч хоёр хүнийг мөргөж гэмтээсэн.

Түүнчлэн ноцтой зам тээврийн ослын тэргүүлэх шалтгаанд хурд хэтрүүлсэнээс үүдэх осол хэрэг эзэлж байгаа бөгөөд зөвхөн нэг цагийн шалгалтаар энэ төрлийн зөрчил 10-15 бүртгэгдэж байна. Энэ төрлийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн хэмжээнд алслагдсан гудамж зам, орон нутгийн замуудад зөөврийн хурд хэмжигчийг байрлуулан хяналт шалгалтыг явуулж байна. Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 12 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 10 хувиар, гэмтсэн хүн 14 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна. 

 

Өнгөрөгч 2018 оны статистик үзүүлэлтээр, улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1120 бүртгэгдэж ослын улмаас 45 хүүхэд амь насаа алдаж, 1189 хүүхэд гэмтэл авснаас 143 хүүхэд ноцтой гэмтэл авч, эрүүл мэндээрээ ноцтой хохирчээ. Дээрх үзүүлэлтийг өнгөрсөн онтой харьцуулахад хүүхэд өртсөн ослын гаралт 10 хувиар өссөн ч амь насаа алдсан хүүхэд 18  хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 23 хувиар тус тус буурчээ.

 

Гэсэн хэдий ч зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдийн 73 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд 70 орчим хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч хэлбэрээр буюу автомашинд хамгаалах суудал, хэрэгсэл хэрэглэлгүй буруу тээвэрлэснээс шалтгаалсан байна. Хүүхдүүд эцэг, эх, ах эгч, эмээ, өвөө, томчуудтай явж байхдаа хамгийн аюулгүй гэж боддог хэдий ч томчуудын буруу үйлдлийн улмаас бяцхан үрс амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагч та хүүхдэдээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top