Альпын нурууны мөнх цаст уулсын бэлд дэлхийн онцлох дүрүүд нэг дор, нэгдүгээр сард уулзаж, дэлхийн эдийн засаг, хөгжлийн ирээдүйг хэлэлцдэг болсоор 10 илүү жилийн нүүр үзжээ. Энэ жил тэд 31 дэх удаагаа, Давос хотод 18 дахь удаагаа чуулах гэж байна. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал даяарчлалд хэрхэн нөлөөлөх тухай хэлэлцэх энэ удаагийн форум популизмын сүүдэр, технологийн дэвшил, сэтгэцийн эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, баялгийн тэгш хуваарилалт энэ удаагийн чуулга уулзалтын гол асуудал. Олон нийтээс ямар ч үр дүнд хүрдэггүй гэж шүүмжлүүлдэг ч олон жил улс төрчдийн бодлын солбицол, үзэл бодлын талбар байр дэлхийн эдийн засгийн чуулган болох гэж байна.
Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал
Тэртээ 100 илүү жилийн өмнө Будант Альбионоос эхэлсэн аж үйлдвэржилтийн хувьсгал аль хэдий нь мандаад орчин цагийн хүн төрөлхтний ажлын бүтээмж, нөхцөл байдлыг орвонгоор нь өөрчилж, урьд хожид байгаагүйгээр хүн төрөлхтөн хөгжлийн замдаа шуударсан. Гэвч өдгөө гурав дахь хувьсгал алсран одож, дөрөв хувьсгалынхаа босгон дээр иржээ. Чухамдаа хиймэл оюун ухаан хэмээгч нь дөрөв дэх хувьсгалын гол цөм байх аж. Нөгөө өрөөнд үлдсэн гурав дахь хувьсгал уурын хөдөлгүүрээс эхэлж байсантай яг адилаар хиймэл оюун ухаан шинэ хувьсгалын шанг татаж буй.
Өдгөө хиймэл оюун ухааны салбарт 7.3 тэрбум ам.доллар эргэлдэж буй. Энэ жил 11.2 тэрбумд хүрэх тооцоол гараад байна. Харин долоон жилийн дараа энэ тоо 89.3 тэрбум ам.доллар болтлоо өснө.
Дэлхий даяар бүртгэгдсэн 10 гарааны бизнес тутмын гурав нь хиймэл оюун ухааны салбарынх байгаа нь дөрөв дэх хувьсгалын шанг аль хэдий нь татжээ гэсэн үг. Ази тивээс БНХАУ энэ салбартаа анхаарал хандуулж төрийн зүгээс бодлогоор дэмжээд байна. Япон болон АНУ, Финланд, Эстон улсууд анагаах ухааны салбартаа хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхээр судалгааны ажлаа эхлүүлжээ.
Популизмын сүүдэр
Хүйтэн дайны хөшигтэй хамт тайзнаасаа буучихлаа гэж бодож байсан ч популистууд 2006 оноос Өмнөд Америк тивээс төрөх болсон. Тэгвэл тэдний бүхэл бүтэн шинэ үе шинэ тэмүүлэлтэй шинэ зуунд хүчээ улам тэлсээр байна. Өндөр хөгжилтэй АНУ ч, өрөндөө баригдсан Грек ч, шинэ цагийн босгон дээр ирээд байсан Унгар ч, шинэ цагийг авчирч, ард түмнээ ялалтад хөтөлнө гэж уянгалж байсан ч Венесуэл ч популистуудын “шүлсэнд” даруулж буй.
Принстоны их сургуулийн Улс төр, нийгмийн ухааны сургуулийн гаргасан судалгаагаар дэлхийн эдийн засгийн хямралын дараахан буюу 2008 оноос популистуудын арми хүчтэй нэмэгдэх болсон байна.
Хямралт нөхцөл байдлыг дэлхийн өнцөг булан бүрт хүн бүр өөр, өөрсдийнхөө хэмжээнд даван туулаад байхад улс, эх орон, ард түмэн гэх үгсийг ч жирийн иргэд шууд хүлээн авах хөрс суурьтай болсон байна. Гэвч дэлхийн эдийн засгийн хямралаас хойш олон улсын зах зээл савалгаатай болж ганхаж эхэлсэн учраас армиа тэлсээр буй популистууд улам хор хөнөөлтэй болохыг мэргэжилтнүүд сануулсаар буй.
Гэтэж буй бар
Өнгөрсөн онд БНХАУ-ын эдийн засаг 6.2 хувиар өсөв. Дэлхийн дунджийн хэмжээнд гэсэн үг. Хамгийн гол сүүлийн 10 жилийн турш тэд эдийн засгийн хөгжлөө таван хувиас буулгасангүй. Ерөнхий багтаамжийг нь харвал аж үйлдвэрийн салбар, жижиглэн худалдааны үзүүлэлт сайнгүй ч гэсэн уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын тогтвортой байдал, гадаад худалдааны эргэлт зэрэг нь тэртээ тэргүй том эдийн засаг гэгдэх болсон БНХАУ-ыг улам хүчирхэгжүүлж байна. Эдийн засгаа тогтмол барьсан яг гурав дахь жил дээрээ дэлхий дахинтай худалдаагаараа ойртох, АНУ-ын монопольчлолыг бууруулах “Бүс ба зам” бодлогоо боловсруулсан нь зүгээр ч нэг бодож олоогүй гэдгийг нь батална.
Гэвч өнгөрсөн оны дундуур АНУ-Хятад улс худалдааны дайн дэгдээж харилцан тарифаа нэмж, татвараа өсгөн байгаа нь Ази тив болон Европ тивд шинэ айдас төрүүлээд байна.
Магдагүй тэдний хоорондын маргаан дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн шинэ хямрал руу хөтөлж ч болохыг ОУВС-гаас анхааруулаад буй. Тийм ч учраас Давосын индэр дээр тэдний маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ, бусад улсууд ямар арга хэмжээ авах вэ гэдгээ хэлэлцэх гэж буй нь мэдээж.
Уур амьсгалын өөрчлөлттэй хийсэн тэмцэл үр дүнгүй байсан уу?
Нээрээ юу билээ. Уур амьсгалын өөрчлөлт гэж ярьдаг, хэлдэг болсноос хойш байдал дээрдсэнгүй. Агаар болон хөрсний бохирдолтой орнуудын тоо нэмэгдэж Гренландын мөсний зузаан энэ зууны сүүл гэхээр огцом хайлах өндөр эрсдэлтэй болоод байна. Хойд болон Өмнөд туйлын мөсний хайлах хурд жилд хэдхэн мм байсан бол одоо нэг см рүү ойртоход тун дөхжээ. Чухамдаа бидний дөрөв рүү тэмүүлж буй аж үйлдвэрийн хувьсгалаас хойш мөсний хайлах хурд огцом нэмэгдсэнийг эрдэмтэд шүүрс алдан мэдэгдэж байна.
Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк үүнээс гарах шинэ арга бол хиймэл оюун ухааныг ашиглан сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлж, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах явдал гэж үзэж буй.
Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахын тулд АНУ, БНХАУ тэргүүтэй эдийн засгаараа дэлхийд тэргүүлдэг 20 улсын манлайлал тунчиг хэрэгтэй гэдгийг ч онцолж байгаа. Киотогийн протокол батлагдсанаас хойш АНУ ч тэр, БНХАУ ч тэр уур амьсгалын өөрчлөлтөд тийм ч дорвитой хандаж байгаагүй. Энэ удаад ч тэд “Парис”-ын хэлэлцээрийг үл тоосон. Тиймээс бодлого тодорхойлогч гүрнүүдийн толгой эрхмүүд олноороо хэлэлцэж, тэдний бодлыг өөрчлөх нь гол асуудал болоод байна.
* * *
Анх 1988 онд Швейцарьт улстөрчид уулзан дэлхий дахин хаашаа чиглээд байна, улстөрчид бодлоо хэрхэн өөрчлөх вэ гэдгээ хэлэлцэж эхэлсэн энэ уулзалт өдгөө 31 дэх жилтэйгээ золгоод байна. 2001 оноос үйл явдлын далайц, оролцогчдын тоо, форумын хэлбэр зэргээрээ дэлхий нийтийг татаж ирсэн энэ уулзалтын зохион байгуулагчид дөрөв дэх хувьсгалын түүчээгээр дэлхий дахиныг өөрчлөхөөр эрмэлзэж байна. Үр дүнд хүрдэг болохын тулд дэд сангуудыг байгуулж, салбар болгонд анхаарахаар төлөвлөж эхэлсэн. Энэ уулзалтын нэг хэсэг болсоор Монгол Улс багагүй хугацааг туулсан. Гурав дахь хувьсгалын үнэр ч үгүй сууж байхад тэд аль хэдий нь дөрөв дэх хувьсгалын тухай ярьж, шинэ цагийн популистуудаас салах, автахгүй байхыг анхааруулж байна. Баялаг ихтэй байж болох ч хамгийн том баялаг болох хүнээ мартахгүйг уриалж байна. Илүү ухаалаг байхыг, хөгжлийн бодлогоо цогцоор нь урт хугацаанд хэрэгжүүлэхийг сануулж буй...
Сэтгэгдэл ( 0 )