Түүхий нүүрсийг халж, ШАХМАЛ ТҮЛШ хэрэглэхэд бэлэн үү?!

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 01 сарын 23

Утаа, агаарын бохирдлыг багасгах зорилгоор Засгийн газраас ирэх тавдугаар сарын 15-наас эхэлж Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар хэрэглэх түүхий нүүрсийг оруулахыг хориглож, гэр хорооллын айл, өрхүүдийг түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэрийг гаргасан билээ.

 

Энэ хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулсан байдаг. Учир нь, нийслэлчүүд жилд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэх судалгаа бий. Харин гэр хороололд нүүрс түлэхийг хориглож, оронд нь сайжруулсан шахмал түлшийг хэрэглүүлснээр утаа, агаарын бохирдол 50 хувь буурна гэж албаныхан тооцоолжээ.

 

Манай улсад өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн 11 шахмал түлшний үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн онд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос шахмал түлш үйлдвэрлэдэг нэр бүхий 11 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, квот олгосон байдаг. Тэд түүхий нүүрсний хэрэглээг орлох сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэж, худалдаанд гаргах юм.

 

Н.ЦЭРЭНБАТ: ИРЭХ ӨВӨЛ 100 ХУВЬ САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШЭЭР ХАНГАНА

 

Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай өчигдөр /2019.01.22/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцлаа.

 

Тэрбээр энэ үеэр “Засгийн газраас ирэх өвөл гэхэд нийслэлчүүдийг 100 хувь сайжруулсан шахмал түлшээр хангана. Үүнээс өмнө сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна. Засгийн газартай гэрээ хийсэн хувийн хэвшлийн компаниудын ажилтай нь танилцлаа. Бид хэн нь ямар шатанд ажиллаж байгаа зэргээс нь хамаарч энэ онд шахмал түлш нийлүүлэх квотыг дахин хуваарилах болно. Учир нь, эдгээр аж ахуйн нэгжүүд өөрсдөө “Чадна, оролцоно” гэж хэлээд гэрээгээ байгуулсан. Түүнээс  тэдэнтэй хүчээр гэрээ байгуулаагүй, ажил өгөөгүй. Бид нэг ч компанид санал тавиагүй. Тиймээс гэрээнийхээ гүйцэтгэлийг хатуу чанд сахиж, үүргээ биелүүл гэсэн шаардлагыг тавьж байна” хэмээн ярилаа.   

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

 

ШУУДАЙ ШАХМАЛ ТҮЛШИЙГ 3750 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ БАЙНА

 

Төр, засгийн зүгээс сайжруулсан шахмал түлшний үнийг тогтоож өгчээ. Ингэхдээ нэг тонн сайжруулсан шахмал түлшийг 150 мянган төгрөгөөр дээш үнээр худалдахыг хориглосон байна. Энэ нь нэг тонн түүхий нүүрсний үнээс даруй хямд бөгөөд иргэдийн эдийн засагт ч дарамт үүсгэхгүй гэж тооцжээ.

 

Тэгвэл Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Хотын түлш” ХХК болон “Усу коал” компани гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлж байна. Тэд нэг тонныг нь 150 мянган төгрөг, 25 кг-аар шуудайлсан шахмал түлшээ 3750 төгрөгөөр тооцож, түгээлтээ хийж эхэлжээ. Тухайлбал, “Хотын түлш” ХХК өөрсдийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшээ Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны өрхүүдэд нийлүүлж эхлээд байгаа аж. Харин “Усу коал” компани тус дүүргийн хоёр ч хороог сайжруулсан шахмал түлшээр хангах үүрэг хүлээжээ.

 

Х.ХАЛИУН: ҮЙЛДВЭРЛЭСЭН ШАХМАЛ ТҮЛШЭЭ ТЭЭВЭРЛЭХЭД АЛДАГДАЛ ХҮЛЭЭДЭГ

 

Харин “Усу коал” компанийн захирал Х.Халиун “зовлон”-гоо ч хэлж байлаа. Тэрбээр “Үйлдвэрлэсэн шахмал түлшээ хоёр хэлбэрээр тээвэрлэж байна. Тухайлбал, Налайхад үйлдвэрлэсэн шахмал түлшээ Сонгинохайрхан дүүрэг рүү 92 км замын туулж тээвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, 30 тонн сайжруулсан шахмал түлшээ 600 мянган төгрөгөөр зөөлгөж байна. Тэгэхээр нэг тонн шахмал түлш дээр шууд 20 мянган төгрөг нэмэгдэж байна. Нөгөө нь Ухаа-худагаас 50 мянган төгрөгөөр зөөлгөдөг” хэмээн хэлж байна.  

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

 

Ж.АМГАЛАН: ТӨРӨӨС ТАТААС АВАХ ЮМ БОЛ АШИГТАЙ АЖИЛЛАНА

Тэгвэл “Хотын түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Амгалан “Жилийн гэрээ хийгээгүй. Хоёр сарын хугацаанд таван мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх гэрээ байгуулсан. Харамсалтай нь, оны өмнө гэрээ хийсэн боловч төрөөс өгсөн дэмжлэг, татаасанд хамрагдаж чадаагүй. Одоогийн байдлаар 300 тонн шахмал түлш бэлдчихээд байна. Удахгүй Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд нийлүүлнэ. Төрөөс татаас авахын бол ашигтай ажиллана. Татаас авахгүй бол ашигтай ажиллахгүй” гэв.  

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

 

ХАТААСАН ШАХМАЛ ТҮЛШИЙГ ЖИЛ ХАДГАЛЖ БОЛНО

 

 

Сайжруулсан шахмал түлшийн хамгийн том давуу тал нь үнэ хямд. Дээр нь хоёр дахин удаан шаталттай, илч өндөртэй байдаг аж. Харин Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дээрх хоёр шахмал түлшний үйлдвэр бусдаасаа шахмал түлшээ хатааж гаргадагаараа ялгаатай юм байна. Учир нь, хатаагчаар орсон шахмал түлшийг жилийн дөрвөн улиралд хадгалж, нөөцлөх боломжтой аж. Харин хатаагчаар ороогүй шахмал түлшийг зөвхөн өвөл, хүйтний улиралд л хадгалж, хэрэглэдэг талаар тэд хэллээ.

 

Түүнчлэн “Бусад түүхий нүүрстэй харьцуулахад Налайхын нүүрс нэг тонн нь 170-180 мянган төгрөг, Багануурын нэг тонн нүүрс арай хямд 120-130 мянган төгрөг байгаа. Хүмүүс нэг зүйлийг андуурдаг. Портерт нэг тонн нүүрс ордоггүй. Ойролцоогоор 800 орчим кг л ордог. Тиймээс шахмал түлшний хувьд гол давуу тал нь үнэ хэмнэлттэй, хоёр дахин удаан шаталттай, илч өндөртэй. Айлын эдийн засагт дэмтэй гэж хэлж болно” хэмээн ярьж байна.

ЗУРАГЛААЧ: Д.ДАЯНДАЛАЙ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(5.70.201.134) 2019 оны 01 сарын 23

Yoo.ene ulsiig buren oron suutsjuulahad yu ni hetsuu bnaa.eldev yanziin tulsh edr gej zavaan hotsrogdson yum setgehee boliochee.Bas mongo ideh tolovlogoo biz dee. Ger horoolol bgaa tsagt utaa hezee ch arilahgui.Hen ter shahmal tulsh iig chin yigaaraa avahiin bas tegeed l nogoo hog novsh oo tulj eheldiin bgaaz dew

0  |  1
Top