Манай гараг руу 300 метр голчтой астероид буюу сансрын биет өндөр хурдтай ойртож байгаа талаар олон улсын хэвлэлүүд сүүлийн хэдэн хоног шуугиж байна. “Хүн төрөлхтөнд 49 жил үлдлээ. Том хэмжээтэй астероид дэлхийг чиглэн нисч байна” гэх мэдээллийг хэвлэлүүд сануулав.
Түүнийг эртний Египетийн домогт гардаг нарыг залгиж, дэлхийг мөнхийн харанхуйд автуулах хорон санаа тээсэн аймшигт могой төрхтэй Апофис бурхны нэрээр нэрлэгдсэн алуурчин-астероид хэмээн хэвлэлүүд онцлов.
Үнэхээр Дэлхий сөнөх үү?
Товчхон хариулбал: Үгүй.
Тэгвэл дэлхийн сөнөнө гэсэн мэдээлэл хаанаас, яагаад гарсан бэ?
Апофис гэгч астероид үнэхээр байдаг бөгөөд тэр дэлхий рүү ойртож байгаа нь үнэн. Эл сансрын биетийг анх 2004 оны зургадугаар сард нээсэн бөгөөд тэр үед ч ихээхэн шуугиан тарьсан юм. Анхны тооцоогоор, 2029 онд түүний дэлхийтэй мөргөлдөх магадлалыг 2.7 хувьтай гэж үзэж байжээ. Сансрын биетийн хэмжээ, жинг харгалзан үзвэл энэ нь магадлал их өндөр гэсэн үг юм.
Хэвлэлүүдэд бичсэнээр Апофисын голч нь 325 метр /Зарим хэвлэлд сүүлдээ 325 км болж хувирсан/ гэсэн нь яг ч бас тийм биш юм. Дэлхий руу ойртохын хэрээр астероидын хэмжээ илүү нарийн тогтоогдох боломжтой бөгөөд хамгийн сүүлийн мэдээллээс үзвэл түүний голч нь 370 метр байна.
Сансрын биет дэлхийтэй мөргөлдсөн тохиолдолд манай гараг дээрх амьдрал үнэхээр сөнөх аюултай. Үүнийг хүн төрөлхтний түүхэнд бүтээсэн хамгийн хүчтэй 10 атомын бөмбөг зэрэг дэлбэрсэнтэй зүйрлэх боломжтой.
Апофис манай гараг руу нэг бус удаа ойртоно гэдэг мэдээлэл ч үнэний ортой. Давхардсан тоогоор сансрын биет манай гараг руу 12 удаа ойртох ба хамгийн ойр зайд гурван удаа нисч өнгөрнө. Энэ нь 2029 оны дөрөвдүгээр сар, 2036 оны гуравдугаар сар, мөн 2068 оны дөрөвдүгээр сард тохиох юм. 2068 оныг хүн төрөлхтний хувь заяаг шийдэх он хэмээн зөгнөж байгаа.
Эхний удаа Апофис манай гарагаас 31.2 мянган км зайд нисч өнгөрнө. Энэ нь дэлхий, сар хоёрын хоорондох зайнаас 12 дахин бага ба зарим хиймэл дагуулын тойрог замаас бага зэрэг ойрхон гэсэн үг юм.
Үүгээр шуугиан тарьж буй мэдээллүүдийн бодит баримтууд дуусч, хэтрүүлэг эхэлнэ. Нэгдүгээрт, энд тавигдсан зургийн адил дэлхийг астероидтой мөргөлдөж буй байдлыг дүрсэлсэн бүх зургууд зураачдын уран сэтгэлгээний үр. Бодит байдал дээр Апофисын сайн чанарын гэрэл зураг байдаггүй. НАСА агентлагийн цахим хуудсанд тавигдсан хамгийн чанартай гэх гэрэл зургууд ингэж харагдаж байна.
Хамгийн сүүлийн үеийн тооцооллоос үзвэл, Апофис сансрын биет 5.85 км/с буюу 21 мянган км/ц хурдтай манай гараг руу чиглэж байна. Энэ тоо хэдийгээр сүртэй сонсогдож байгаа ч сансрын хэмжигдэхүүнээр үнэн хэрэгтээ харьцангуй бага юм. Манай гарагтай мөргөлдөх боломжтой бусад сансрын биет үүнийг бодвол нэлээд хурдтай бидэн рүү ойртож байгаа билээ.
Апофис харьцангуй бага хурдтай нисч байгаа тул түүний траекторыг нарийвчлан гаргахад хүндрэлтэй байгаа. Тиймээс үүнийг байнга тодруулж байдаг.
Эхэндээ дээр дурдсанчлан 2029 онд сүйрэл 2,7 хувийн магадлалтай болно хэмээн таамаглаж байсан. Гэвч хоёр жилийн дараа буюу 2006 онд тодруулсан мэдээлэл энэхүү таамгийг бүрэн үгүйсгэж, дэлхий, сансрын биет хоёр мөргөлдөх магадлалыг 2036 он хүртэл хойшлуулсан. Энэ прогноз мөн л удаан үргэлжлээгүй. Апофисын шилжилтийн траекторыг дахин тооцоолсны үндсэн дээр 2013 онд эрдэмтэд дэлхийн сүйрлийг дахин хойшлуулсан.
Одоогоор манай гараг, эл астероидтой мөргөлдөх магадлал саяд нэг тохиохоор байна. Иймээс 2036 онд дэлхий Апофистой мөргөлдөхгүй гэж бүрэн итгэж болохоор байна гэж НАСА агентлагийн дэлхийд ойрхон объектыг ажиглах хөтөлбөрийг хариуцсан Дон Йоманс тэр үед мэдэгдэж байв. Ойрын ирээдүйд Апофис астероидыг зөвхөн шинжлэх ухааны үүднээс сонирхох болно гэж тэрбээр ярьжээ.
Үүнээс хойш НАСА агентлаг Апофис астероидыг ажигласан хэвээр байгаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзвэл, 2068 онд түүний дэлхийтэй мөргөлдөх магадлал 0.000007 буюу 110 мянгад нэг тохиох хэмжээнд үнэлэгдэж байна. Харьцуулбал, манай гараг дээр хүн автомашины осолд амиа алдах магадлалаас нэг мянга дахин, зөгийд хатгуулаад нас барах магадлалаас хоёр дахин бага ба нохойд хазуулаад шууд үхэх магадлалтай ойролцоо юм.
Дэлхийтэй мөргөлдөх бодит аюул учруулж буй сансрын биетийн жагсаалтад Апофис эхний гуравт оролгүй, тавдугаарт бичигдэж байна. Тиймээс хорон санаат Апофис могой нарны бурхан Рад ялагдана гэдэг эртний Египетийн домог илүү бодитой мэт.
Эх сурвалж: ВВC.com
Сэтгэгдэл ( 2 )
Setgetsiin uvchtei mal um orchuulmar aydsiin bhdaa ! Hutsalgui l amidraliin ali gegeetei tald n zogsood amidar !! Ghdee delhiid tsewregee bol yawagdanaa yalanguya mongold ah duu turul sadnaaraa ad zetger bolson haraal jatga hiij hunii energi tsus sorj amidardag heseg hun durst segnuud bugd tam ruu toniloh bolno ! Bug chutguruudiig dagaj soliordog , buzar shulamiig uhsend bayrlahiin orond eliircheed olon um hutsaad bga luivarchid bugd delhiigees zailtsgaa uhliin hundiid ochij hewtetsgee !! Hun gutgej hulgai hiij haraal jatga hiij olson mungu cine tamd heteg boloh umu ugui umu buu med ochood l m
Za uhernuud min 2068 on hurtel naad chuluunii helterhiig yaj zailuulahaa oloh bailgui. Heregtei hereggui yumand hudlaa surjignelgui urd urdah ajilaa sain hiigeerei