Монголын Аялал Жуулчлалын Холбоо, тус холбооны дэргэдэх Жуулчны баазуудын зөвлөлийн санаачилгаар БОАЖЯ, МХАҮТ-ийн дэмжлэгтэйгээр “Жуулчны баазуудын анхдугаар чуулган”-ыг өчигдөр /2019.01.23/ зохион байгууллаа. Чуулганаар аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарыг нуруундаа үүрч яваа нийт бизнес эрхлэгчдийн дуу хоолойг нээлттэйгээр сонсох, салбарын хэмжээнд тодорхойгүй, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд, хөгжлийн гарцыг хамтдаа хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх стратеги, чиглэлээ тодорхойлсон юм. Зөвлөгөөнд 240 гаруй амралтын газар, 574 жуулчны бааз, 331 гэр буудлын төлөөллүүд, төрийн болон төрийн бус байгууллага, багш судлаачид, хөтөч тайлбарлагч, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцлоо. Чуулганаар бизнес эрхлэгчдийн хууль эрх зүйн тулгамдсан асуудал, гадаад, дотоод маркетинг, дэд бүтцийн оновчтой бодлогыг гаргаж, жуулчны баазуудын хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, хамтын ажиллагаа, жуулчны аюулгүй байдал, үйлчилгээний чанар зэрэг сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдаж, нээлттэй хэлэлцлээ.
Чуулганд оролцогчид жуулчны баазуудын стандарт, дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалт, жуулчны баазуудын хүний нөөцийн асуудал хурцаар тавигдаж байгааг онцолж байна. Жил ирэх тусам жуулчны баазуудад ажиллах боловсон хүчин хомстож байгаа ажээ. Манай улсад өвлийн аялал жуулчлалын хөгжил төдийлөн хангалттай биш учраас жуулчны баазуудын дийлэнх нь зөвхөн урин дулаан цагийн үед хэдэн гэр барьж үйл ажиллагаа явуулдаг. Ингэснээр ажлын байр тогтвортой бус, түүнд ажиллах боловсон хүчин дутагдах байдалд ордог байна. Жуулчны баазад ажилладаг боловсон хүчин бусад салбар луу “урвах”, тэр тусмаа уул уурхайн салбар луу орж ажиллах нь ихэссэн гэж чуулганд оролцогчид онцолж байна. Өвөл ажиллах боломжоор хангах, жуулчны баазууд тасралтгүй үйл ажиллагаа явуулахад төрийн дэмжлэг туслалцаа нэн шаардлагатай байгаа аж. Салбар яам, удирдах байгууллагын зүгээс дээрх асуудлууд дээр шаардлагатай арга хэмжээ авах, эрх зүйн орчинг сайжруулах хэрэгтэй байгааг төлөөлөгчид дуулгаж байна.
Я.Отгонбаяр: Өөрсдөө жуулчдаа авч, маркетингаа хийдэг болмоор байна
“Жуулчны баазуудын анхдугаар чуулган”-д оролцогчдын байр суурийг сонслоо. Хөвсгөл аймгийн Аялал жуулчлалын холбооны дэд тэргүүн, Монголын аялал жуулчлалын холбооны дэргэдэх Жуулчны баазуудын сургалт хариуцсан гишүүн Я.Отгонбаяр “Жуулчны баазуудын ирээдүйн хөгжил, төлөв”, “Орон нутаг дахь газар олголтын байдал” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Түүнээс дараах зүйлийг тодрууллаа.
-Жуулчны баазуудад тулгамдаж буй гол асуудал юу байна вэ?
-Бүгдээрээ хөгжих гээд л зүтгээд байна. Гэвч хөгжил маань удаан, хоцрогдсон байдалтай байгаа. Тиймээс жуулчны баазуудын зөвлөл байгуулсан. Хаана, ямар шилдэг зүйл байна. Хэн хаанаас шинэ зүйл нэвтрүүлж, амжилттай ажиллаад байна. Түүнийг нь бид харилцан бие биендээ хуваалцах, туршлага судлах гэж зөвлөл байгуулсан юм. Өмнө нь бол аймаг бүртээ тусдаа холбоотой байлаа. Аймгуудын холбоод нэгдээд Жуулчны баазуудын холбоог байгуулсан. Шинэ холбоо маань анхдугаар чуулганаа зохион байгуулж байна. Жуулчны баазуудад өнөөдөр санхүү, хөрөнгө мөнгө дутагдаж байна. Хоол үйлдвэрлэл, материал бааз байна. Гэтэл орчин үетэй нийлүүлэх шинэ технологи, иноваци, олон улсын түвшинд хүрсэн амралтын баазтай больё гэхээр хөрөнгө оруулалт, санхүүгийн чадвар дутагдаж байгаа. Биднийг жижиг дунд үйлдвэрлэгч гээд зээл авах гэхээр ЖДҮ гэж үздэггүй. Зээл авья гэхээр гэрүүдийг маань үл хөдлөх хөрөнгө, барьцаа хөрөнгө гэж хардаггүй. Тэгэхээр бид төрийн бодлогоор ЖДҮ гэсэн ангилалд, эсвэл ямар нэгэн статустай болж зээл авдаг болмоор байна. Хоёрдугаарт, бидэнд техник технологи, маркетингийн асуудал тулгамдаж байгаа. Зөв маркетинг байхгүй учраас хоорондоо өрсөлдөж, үнээ унагадаг. Тэгэхээр бид хөгжихгүй шүү дээ. Маркетингаа зөв хийж, гадаад зах зээлд хурдан гарч, хөгжмөөр байна.
-Та илтгэлдээ хүний нөөц дутагдаж байна гэж ярилаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Жуулчны баазуудад ажилладаг байсан гадаад хэлтэй залуус маань уул уурхайн салбар өндөр цалинтай учраас жилийн дөрвөн улирлын турш ажил хийхээр тийшээ яваад байна. Хөдөө сумынхан жуулчны баазуудад тэр бүр ажиллах сонирхолгүй байна. Зуны гурван сар ажилчихаад бусад үед жуулчны баазуудын ихэнх нь ажилладаггүй учраас тэр хүмүүс өвөл нь ажилгүй суух болдог. Бид тэднийг өвөл цалинжуулж, нийгмийн даатгалыг нь төлж чаддаггүй. Жилийн дөрвөн улиралд ажил хийдэг газар оччихоод байна. Бид хүний нөөцөө их алдсан. Тэгэхээр хүний нөөцийн асуудлаа яаж шийдэх, яаж бэлдэж авах юм гэдгээ өнөөдрийн чуулганаар ярьж байна. МСҮТ-өөр дамжуулж хүний нөөцөө бэлдэх үү, эсвэл богино хугацааны сургалтаар дамжуулан бэлдэх юм уу гэдгээ шийдэж авах гэж байна. БОАЖЯ сая таатай мэдээ дуулгалаа. Энэ жил аймаг бүрт аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн сургалтыг явуулахаар багагүй хөрөнгө төсөвлөсөн байна. Тэгэхээр бид идэвхтэй ажиллаад, жуулчны баазууддаа хүний нөөцөө сургаж авах нь чухал юм.
Хоёрдугаарт, жуулчны баазын үйлчилгээний ажил хийж байгаа хүмүүсийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд оруулмаар байгаа юм. Хөдөлмөрийн хүнд нөхцөл гэж оруулаад цалинг нэмэгдүүлэх, тэтгэвэрт гарахад нь тэтгэврийг нь өндөр тогтоодог болгомоор байна. Яагаад хүнд нөхцөл гэхээр, зарим нь дандаа завин дээр ажиллах ч юм уу. Эсвэл байнга гадаа бороо, шороонд цохиулаад ажил хийдэг. Бороо орж байлаа гэхэд жуулчдаа хүлээж аваад, гадаа гүйж л байдаг. Манай салбарт ажиллах хүмүүсийг насан туршдаа баталгаатай ажлын байраар хангаж чадах юм бол хүний нөөцийн асуудал шийдэгдэнэ. Хүний нөөцийн асуудал шийдэгдэж байж, жуулчны баазууд хөгжинө. Тиймээс хөдөлмөрийн хүнд нөхцөл гэж төрөөс үзээд тэтгэвэр, тэтгэмжийг нэмдэг, хүмүүсийг ажиллах дур сонирхолтой болгох шаардлагатай байна.
-Гадаадын жуулчид, аялагчдыг татах ажлыг жуулчны баазууд хэр хийдэг вэ?
-Түр операторуудаа хараад, жуулчин оруулж ирдэг хэдэн газраа хувааж аваад, булаацалдаад л явж байна. Тэгээд үнээ хямдруулаад өрсөлдөөд байна. Цаашид тэгэхгүйгээр шууд захиалгын системд орохын тулд техник, технологийн шинэ шийдлүүдээ хийж, өөрсдөө жуулчдаа авч, маркетингээ хийдэг болмоор байна. Гэтэл жуулчид оруулж ирдэг түр оператороосоо давсан тооны жуулчны баазууд бий болсон. Тэгээд манай баазууд хүнгүй суудаг. Яахав дотоодын аялагчид өсч байна. Дотоодын аялагч нараа авдаг жуулчны баазууд бий. Гэхдээ гадаадаас жуулчид татах ажлыг өөрсдөө хийдэг, бусдаас хамааралтай амьдарчихаар ирээдүйгүй байна. Үнээ хямдруулж өрсөлдсөөр байгаад дампуурах магадлалтай байгаа. Тиймээс өөрсдөө шууд гадаадаас жуулчдаа авдаг, захиалга хүлээн авдаг болох шаардлагатай. “Замчин” компани гадаадын жуулчид шууд захиалгаа өгөх апликейшн бүтээсэн байна. Ямар ч улсын нэг жуулчин интернетээр, буудлах жуулчны баазын захиалгаа өгөх боломж удахгүй бүрдэх юм.
Өмнөговь аймгийн Сэврээ сумын “Говь-Эрдэнэ” жуулчны баазын ерөнхий менежер М.Энхмандах “Өмнөговиос 16 жуулчны баазын төлөөлөл ирж чуулганд оролцож байна. Манай жуулчны бааз 120 хүнийг хүлээн авах хүчин чадалтай. Жуулчны бааз маань хавар 5 дугаар сараас 10 сар хүртэл идэвхтэй ажилладаг. Үндсэн 10-аад хүн ажиллаж байна. Ажилтнаа гол төлөв орон нутгаасаа авч ажлуулдаг. Жуулчны баазуудад хүндрэлтэй тал нь төвөөс хязгаарлагдмал. Цахилгаан эрчим хүчний хувьд өөрсдөө дизель генератор асаадаг. Өндөр хүчдэлд холбогдоогүй. Мөн хүнс, бүтээгдэхүүнээ татан авалт хийхэд цаг хугацаа, зардал их зарцуулах гээд хүндрэлтэй тал их байдаг. Жуулчны баазуудын стандартыг яаралтай гаргуулах шаардлагатай байна. Стандарт боловсруулж байна гээд хоёр, гурван жил ярьж байгаа ч батлагдаагүй байгаа. Хоёрдугаарт тусгай хамгаалалттай газар манайх үйл ажиллагаа явуулдаг. Тусгай хамгаалалттай газрын гэрчилгээг нэн дариу гаргадаг байх хэрэгтэй байна. Манай салбар яам энэ тал дээр их хойрог хандаж байна” гэлээ.
“Жуулчны баазуудын анхдугаар чуулган”-аас гарсан саналыг үндэслэн төрийн болон төрийн бус байгууллагуудын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.
Сэтгэгдэл ( 0 )