Шагналын хуртай Энхийг сахиулагчдын өдөр

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

Сүхбаатарын талбайд өчигдөр НҮБ-ын Энхийг сахиулагчдын олон улсын өдрийн ёслолын арга хэмжээ боллоо. Эл арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Батлан хамгаалах яам, Төрийн цэргийн байгууллагуудын удирдлага, Гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Батлан хамгаалахын болон Цэрэг-агаарын цэргийн атташе, хүндэт зочид болон Улаанбаатарын цэргийн хүрээний анги нэгтгэлүүд оролцсон юм. Дэлхийн Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Афганистаны “Тогтвортой эрх чөлөө" ажиллагаанд амжилттай оролцож үүргээ нэр төртэй биелүүлээд ирсэн зэвсэгт хүчний алба хаагчдыг төрийн одон медаль болон “Энхийн төлөө” медалиар шагналаа. Тодруулбал, Зэвсэгт хүчний жанжин штабын хэлтсийн дарга, хурандаа П.Батжаргалыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч штабын дарга, дэд хурандаа Ч.Болдбаатар, Үндэсний аюулгуй байдлын зөвлөлийн ажлын албаны референт, дэд хурандаа Д.Ганзориг нарыг Цэргийн гавьяаны одонгоор тус тус шагнасан бол цөөнгүй энхийг сахиулагч “Энхийн төлөө” медалиар энгэрээ мялаалгав.

Эх сурвалж: Өдрийн шуудан сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top