УЛС ТӨРИЙН ТОЙМ: УИХ-ын ГАЦАА ариллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 04

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы сүүлийн долоо хоног таарлаа. Энэ утгаараа улс төрийн үйл явдал олон өрнөсний дотор албан тушаалын халаа, сэлгээ, томилгооны томоохон шийдвэрүүд гарсан долоо хоног тохиов. Тухайлбал, Сүүлийн хоёр сарын хугацаанд халуун сэдэв байж ирсэн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, улмаар дараагийн спикерийг томилох, Зам тээврийн хөгжлийн болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдуудыг огцруулах, орны сайдуудыг томилох гээд УИХ ээлжит чуулганыхаа сүүлийн долоо хоног амжуулж олон чухал шийдвэр гаргалаа. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдлын асуудлаар онц байдал зарлахыг шаардаж, Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товыг тогтов. Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн улс төрийн ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫГ тоймлон хүргэж байна.


1.    УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь ЧӨЛӨӨЛЛӨӨ


 

УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагийн /2019.01.29/ нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. УИХ-ын тухай хуулийн 10.3-д  УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг үндэслэн нууц санал хураалтаар шийдэхээр заасан тул энэ удаад нууц санал хураалтаар асуудлыг шийдсэн юм.

 

Чуулганаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг дэмжихгүй гэдэг томьёоллоор санал хураалт явуулав. Учир нь Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг дэмжээгүй юм. Тус байнгын хороогоор М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн саналын тоо дэмжсэн 8, дэмжээгүй 8, хүчингүй 1 саналын хуудас гарч тэнцсэн тул хуулийн дагуу санал тэнцсэн тохиолдолд саналыг дэмжээгүйд тооцдог билээ.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Сарангэрэл, Я.Санжмятав, Ж.Батзандан, С.Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Цогзолмаа, Л.Болд, Ё.Баатарбилэг, С.Жавхлан, Т.Аюурсайхан, М.Билэгт, Ж.Эрдэнэбат, Ц.Мөнх-Оргил, Л.Оюун-Эрдэнэ, Д.Хаянхярваа нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Ийнхүү УИХ-ын даргыг чөлөөлснөөр хоёр сар гаруй гацсан парламентын үйл ажиллагаа цааш хэвийн үргэлжилнэ гэж найдаж буйгаа гишүүд хэлж байлаа. Түүнчлэн цаашид парламентын засаглалын дархлаа хэврэг болж болзошгүйг сануулж байв.

 

УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа М.Энхбод УИХ-ын даргын тамгыг хүлээлгэн өгөхдөө хэлсэн үгэдээ “Монголын төрд дарангуйлах ёс тогтох вий гэж санаа зовж байна” гэдгээ онцолсон. Тэрбээр “Энэ явдал хэзээнээс эхэлсэн, хэн юу ярьсан, хэн хэн гарын үсэг зурсан, ямар хугацаанд үргэлжилсэн гээд энэ бүх үйл явдал, өнгөрсөн хугацаанд болсон бүхэн Монголын хууль тогтоох байгууллагын түүх болон үлдэж байна. Дахин энэ хуулийн зүйл, заалтаар Улсын Их Хурлын хэн нэгэн удирдлагыг өөрчлөх, солих үйл явдал дахин бүү давтагдаасай гэж хүсэх байна. Би албан тушаалтай зууралдаагүй. Үүнээс өмнө ч гэсэн төрийн, намын албан тушаалуудыг би хашиж, өгч явсан хүн. Энэ удаа би асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэдэг зарчмын байр суурийг баримталсан. Өргөдлөө өөрөө өгөхөд ч бодит шалтгаан, үндэслэл байх ёстой. Надад ийм зүйл байгаагүй учраас өргөдлөө өгөх боломж байгаагүй. Би хуулийн дагуу энэ асуудлыг шийдэх ёстой гэдгийг ярьж, хэлж, энэ асуудлыг шийдэхэд гишүүд ухаалгаар хандаж ийм гарц гаргалгаа бий болгосон явдал бол өнөөдрийн төрд үүссэн гацааг гаргах боломж бүрдүүлсэн байж болох талтай. Гэхдээ ийм зүйл бүү давтагдаасай” гэсэн юм. 

***

 

2. Г.Занданшатар УИХ-ын ДАРГА боллоо


 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох асуудлыг хэлэлцэн, 95.2 хувийн саналаар дэмжиж, УИХ-ын даргаар сонголоо (2019.02.01). Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгогдсоны дараа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Монголын төр төвшин, түмэн олон амгалан байхын ерөөл дэвшүүлье” хэмээн УИХ-ын даргын тамгыг гардуулж өгсөн юм.

 

Түүнийг УИХ-ын даргаар сонгох асуудлыг /2019.01.31/ МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжиж, улмаар УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэн, 100 хувийн саналаар дэмжсэн ба Төрийн байгуулалтын байнгын хорооноос мөн 100 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцүүлсэн.


Г.Занданшатар УИХ-ын даргаар сонгогдсоныхоо дараа чуулганы индэр дээрээс “Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна” гэж заасан. Төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай. Ард түмэн энэ эрх мэдлээ сонгосон гишүүдээр төлөөлүүлж эдэлдэг! Та бид ард түмнийхээ хүсэл эрмэлзэл, дуу хоолойг илэрхийлэгч, элч төлөөлөгч байх нь Үндсэн хуулийн суурь зарчим мөн. Монголын ард түмэн, сонгогч иргэд маань шударга ёсыг хүсэмжлэн шаардаж байна.

 

Олон нийтийн анхаарлын төвд шийдэгдэхгүй байгаа томоохон хэргүүд, нийгмийн шударга бус байдал, төрийн бүх шатанд ажиллаж байгаа албан хаагчдаас сахилга хариуцлага, ёс зүйг, хариуцсан ажилдаа сэтгэлтэй, зүтгэлтэй санаачлагатай байхыг нийгэм хүсэмжлэн хүлээж байна!

 

Нийгмийн шударга ёсны хүсэмжлэлд хариу өгөх учиртай. Хариуцлага бол ард түмний хүсэмжлэлд хариу өгөх чадвар юм. Монголын төрд хуулийн засаглал, хариуцлагын тогтолцоо бий болж байж, тэр нь тэгш, шударга хэрэгжиж байж Улсын Их Хуралд итгэх ард түмний итгэл эргэж сэргэнэ!

 

Улс төрийн эгзэгтэй цаг үед Монголын улс төрд цэгцрэх хөдөлгөөн эхэлж байна. Монголын ард түмний хүсэмжлэл, хүсэл зориг нь хуулийн засаглал, шударга ёс, эв нэгдэл. Нийгмийн шударга ёсны хүсэмжлэлийн төвд төр өөрөө цэгцрэх ёстой нь тод томруун харагдаж байна. Улсын Их Хурлын даргын хувьд хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон эв нэгдлийг тогтоохын төлөө манлайлан зүтгэх болно!” хэмээсэн юм.

 

***

 

3. Засгийн газрын гишүүдийг ТОМИЛЛОО



Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын САЙД, ЗГХЭГ-ын ДАРГА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2019.02.02/  Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 88.1 хувийн саналаар томиллоо.


Л.Оюун-Эрдэнэ нь 2001 онд “Бэрс” дээд сургуулийг, 2008 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгсөж, 2011 онд  Монгол Улсын боловсролын  их сургуулийн Нийгмийн ухааны сургуульд суралцаж, боловсрол судлалын магистрын зэрэг, 2015 онд АНУ-ын Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд суралцаж, төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2005 онд Австралийн Мельбурнийн их сургуульд Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Сэтгүүлч, эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй.


Тэрбээр 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч, Бүсийн захирал, 2007-2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2009-2010 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2014 онд Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2011-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байжээ. Улмаар 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.


Шинээр томилогдож буй сайдад хандан УИХ-ын гишүүд “Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газар гэдэг төрийн институцийн гол зүрх, жанжин штаб, Засгийн газрын арын алба юм. Иймээс тухайн Засгийн газрын үйл ажиллагаа хэр амжилттай байх нь Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай тул Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хуулийн биелэлтийг ягштал хангахад гол ажлаа чиглүүлж ажиллах”-ыг захиж байлаа.


***

 

Ё.Баатарбилэг: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын САЙД


 

Өнгөрсөн долоо хоногт мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2019.02.01/ Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас огцруулах тухай асуудлыг хэлэлцэн, гишүүдийн 71.4 хувийн саналаар огцрууллаа. Энэ үеэр Ц.Цогзолмаа “Бүтэн нэг жил, хоёр сарын хугацаанд хамтарч ажилласан Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүддээ талархал илэрхийлье. Мөн БСШУСЯ-ны зөв менежменттэй ажиллаж чадсан хамт олондоо баярлалаа. Ажил хүлээж авахдаа 13 яамны 13-т жагссан яамыг хүлээж авсан. Одоо салбар маань 5-6 дугаарт, 90 хувийн ажлын үнэлгээтэй болоод байна. Миний бие улстөрч хүний хувьд ёс зүйг ажил мэргэжлийн ур чадвараас илүүд тавьсны үндсэн дээр эхэлсэн ажлаа гүйцээхгүйгээр ажлаа өгөх нөхцөл байдал үүслээ. Монгол Улсын Ерөнхий сайдад хичээнгүйлэн захихад манай салбарт гурван сарын өмнө томилогдож ирсэн Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай хамтарч ажиллах боломж үнэхээр байгаагүй шүү. Та цаашид зөв, сэтгэлтэй хүнээр солихгүй бол энэ салбарын ажил явахгүй ээ. Би өнгөрсөн хугацаанд салбарынхаа нэр хүнд, цар хүрээг үргэлж бодож ирсэн. Ерөнхий сайд та үүнд онцгойлон анхаарна уу” гэсэн юм.

 

Чуулганаар /2019.02.02/ Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дараагийн сайдын Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийг гишүүдийн 91.5 хувийн саналаар томиллоо. Ё.Баатарбилэг нь 1993 онд Архангай аймгийн Цэцэрлэг сумын II  дунд сургууль, 2002 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр төгссөн байна. 2004 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.

 

Тэрбээр 2001-2002 онд ШУА-ийн ажлын алба, 2002-2009 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах, 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх, 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга, 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ. 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм байна.

 

Ё.Баатарбилэг сайдаар томилогдох үеэрээ “Төрийн ажил залгамж чанартай, тогтвортой байх ёстой, төрийн албан хаагчид хариуцлагтай, хуулийн хүрээнд үр дүнтэй ажиллах ёстой” хэмээж байлаа.

***

 

Б.Энх-Амгалан: Зам, тээврийн хөгжлийн САЙД


 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2019.02.01/ гишүүдийн 69.1 хувийн саналаар Я.Содбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөв. ЗТХ-ийн сайд Я.Содбаатар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтээ 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор ирүүлснийг Ерөнхий сайд хүлээн авч, улмаар холбогдох байнгын хороод хэлэлцэн чуулганаар оруулсан юм.

 

Чуулганаар мөн Я.Содбаатарын оронд УИХ-ын гишүүн Бямбасүрэнгийн Энх-Амгаланг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилуулах саналыг хэлэлцэн /2019.02.02/ бямба гарагт 96.7 хувийн саналаар дэмжлээ. Бямбасүрэнгийн Энх-Амгалан нь 1971 онд төрсөн. 1989 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн II дунд сургуулийг, 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академийг, 1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийг, 1996 онд Төрийн захиргаа, удирдлагын академийг тус тус төгсчээ.

 

Тэрбээр 1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах Ерөнхий газарт, 1999-2006 онд “World Trans” ХХК-д, 2003-2005 онд “Улаан бутан” ХХК, 2005-2006 онд “Мишээл групп” ХХК-д ажиллаж байсан бөгөөд 2008-2016 онд НИТХ төлөөлөгч, тэргүүлэгч тус тус ажиллаж байгаад 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байгаа юм.

 

Чуулганы хуралдааны үеэр гишүүд Б.Энх-Амгаланд хандаж, Дархан-Улаанбаатар, Налайх-Чойр болон улс, орон нутгийн чанартай зураг, төсөв нь батлагдсан авто замуудыг түргэн шуурхай, чанарын өндөр түвшинд гүйцэтгэхэд анхаарч ажиллахыг сануулаад эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад онцгой анхаарахыг хүсч байлаа. Мөн төмөр зам, агаарын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сануулж байлаа. 

 

***

 

4. Ерөнхийлөгч утааны эсрэг ОНЦ БАЙДАЛ зарлахыг шаардав


 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар /2019.01.31/ Төрийн ордонд агаарын бохирдлын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол хийлээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Агаарын бохирдол хэрээс хэтэрлээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд утаа, агаарын бохирдлыг арилгах боломж байсан. Одоо агаарын бохирдлын асуудлаар яаралтай онц байдал зарлаж, утааг арилгах болон бууруулах чиглэлээр ажиллах шаардлагатай байна" хэмээн онцлоод “Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг ноцтой зөрчин, нийслэл болон аймгийн төвүүдэд оршин суугаа нийт иргэдийг хордуулж, амь нас, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хохирол учруулж байгаа агаарын бохирдол, хорт утааны асуудалтай Монгол Улс 10 гаруй жил тэмцээд үр дүнд хүрсэнгүй, нөхцөл байдал жил ирэх тусам хүндэрч байна. Агаарын бохирдол энэ хэвээр үргэлжилсээр байвал 2024 он гэхэд буюу ердөө тавхан жилийн дараа агаарын бохирдлоос үүдэн цаг бусаар нас барагчдын тоо 5200-14000 д хүрнэ гэж  эрдэмтэн судлаачид судалгаа дүгнэлтдээ анхааруулсаар байна. Монголын ирээдүй – нялхсаа мянга мянгаар нь хэвлийд нь хөнөөж байгааг онц байдал зарлах гарцаагүй нөхцөл гэж үзэж байна. Онц байдал зарлаж, төсөв, хүн хүч, төрийн бүхий л нөөц бололцоог агаарын бохирдлыг бууруулах арга  хэмжээнд нэгтгэн төвлөрүүлж, яаралтай арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж богино хугацаанд үр дүнд хүрэх боломж байсаар атал хойргошин сууж болохгүй ээ.

 

Яаралтай онц байдал зарлаж төсөв, хөрөнгийг төвлөрүүлэн, бүхий л түвшинд авч байгаа арга хэмжээгээ уялдаа  холбоо, нэгдсэн зохион байгуулалтад оруулах шаардлага байна. Миний бие өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулах боломжийг судлуулах баг гарган иж бүрэн судалгаа хийлгэсэн. Гэр хороололд 230 мянган өрх байгаагийн 30 мянга нь Налайх, Багануур, Багахангай зэрэг захын дүүргүүдэд байна. Утааны идэвхтэй голомтод 200 мянган өрх байна. Үүний нөгөө талд айл нүүж ороход бэлэн 30 мянга гаруй, 2018 онд ашиглалтад орох 80 мянга гаруй орон сууц байсан. Эхний ээлжид энэ нөхцөл байдлыг уялдуулах шаардлагатай байна.  Бэлэн байгаа орон сууцнууддаа төрийн албан хаагчдыг цалингаар нь барьцаалан, улмаар ямар нэг тогтмол орлоготой л бол хүүгүй зээлээр иргэдийг оруулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Ингэснээр борлуулалтгүй орон сууц эдийн засгийн эргэлтэд орж  газар суларна. Улаанбаатарын утаа маш богино хугацаанд наад зах нь 50 хувиар багасах боломж байна. Харин нүүсэн айлын хашаанд дараагийн утаа үйлдвэрлэгч орохгүй байх зохион байгуулалтыг давхар хийх хэрэгтэй. Үүнд ямар ч мөнгө шаардлагагүй, зөвхөн зохион байгуулалт хэрэгтэй” гэсэн юм.

***

 

5. Н.Энхбаяр: МАНАН-гийн гол эзэн нь “Сахал” Д.Эрдэнэбилэг


 

Өнгөрөгч долоо хоногт /2019.02.01/ улс төрийн жижиг нам болох МАХН, ИЗНН, МҮАН, БНН гэсэн дөрвөн нам хамтран УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Тэдгээр намууд "МАНАН-тай тэмцэх амаргүй. Үүнийг устгахын тулд нэг, хоёр хүнийг албан тушаалаас нь чөлөөлөөд тайвширч болохгүй. Бид МАНАН-гийн тарьсан балгийг хурдан хугацаанд арилгахыг УИХ, Засгийн газраас шаардаж байна" хэмээсэн. Мөн "Эрдэнэт"-ийн барьцаалсан нөхдөд хариуцлага тооцох, Цагаан суваргын орд зэргийг төрийн өмчид шилжүүлэх, Ноён уулын лицензийг цуцлах, "Чингис", "Самурай" бондын зарцуулалтыг ил болгох, "АСЕМ" зохион байгуулсан хөрөнгийг ил болгох, 60 тэрбумын хэргийг эцэслэх, ЖДҮ-гээс зээл авсан сайд, гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна” гэсэн юм.

 

Шаардлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч асан МАХН-ын дарга Н.Энхбаяр МАНАН бүлэглэлийн талаар мэдээлэл дуулгасан юм. Тэрбээр “МАНАН-гийн жинхэнэ гол эзэн нь “сахал” гэгдэх Д.Эрдэнэбилэг юм. Худалдаа хөгжлийн банкийг хулгай луйврын аргаар авахад нь би Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа таслан зогсоох гээд амжаагүй. Тэгээд хуйвалдаж намайг унагаж байгаад авсан. МАНАН гэдэг бүтэц Худалдаа хөгжлийн банкаар дамжиж ажилладаг. Зорилгоо биелүүлэхийн тулд шударга бусын хонгилыг байгуулсан” хэмээн ярилаа.

***

 

6. Намрын чуулганы хаалтын өдөр хэлэлцсэн асуудлууд



УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хаалтын өдөр (2019.02.02)  Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхцөн сонгуулийг ирэх зургадугаар сард явуулах шийдвэр гаргав. Мөн Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо.  

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах ялын шинэ төрлийг нэмж, уг ялыг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар хуульчилж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэм, хамт олноос нь тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх, дахин хүмүүжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Уг ялыг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг байгуулах санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардагдах цахим бугуйвч, түүний техникийн үзүүлэлт, дагалдах тоног төхөөрөмжүүдийн төрөл тодорхой болоогүй байгаа аж. Иймд хуулийн хэрэгжилттэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаа тул Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ гэж заасныг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр шийдвэрлэсэн юм. 

***

 

7. Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг ХОРИГЛОВ


 

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс тавдугаар сарын 01-ний өдрийн хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Мөн тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгав.

 

Засгийн газрын 2018 оны “Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 21 аймаг, Нийслэлийн Засаг даргад орон нутагтаа уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргах, захирамжгүйгээр уралдаан, сунгаа зохиосон бол хариуцлага тооцох тухай санал хүргүүлсэн.  Тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш зургаан аймаг, 13 суманд хурдан морины уралдаан болж 975 хүүхэд морь унаж оролцсон байна. Тогтоол зөрчсөн 12 хэргийг шалган Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

 

1996-2017 онд болсон хурдан морины уралдааны үеэр 40 хүүхэд амь насаа алдсан байна. 2016 онд мориноос унаж бэртсэн тохиолдол 2199, 2017 онд 2223 бүртгэгджээ. Хүүхдүүдийн 56-62 хувь нь толгой, 27-37 хувь нь дээд мөч, 12-14 хувь нь доод мөчний, зургаан хувь нь цээж, нуруундаа гэмтэл авсан байна.


***

8. УИХ-ын 2018 оны намрын чуулган ХААЛТАА ХИЙВ


УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган бямба гарагт /2019.02.02/ хаалтаа хийлээ.

 

Намрын чуулганы ажлыг дүгнэж, УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын чуулган олон улсын парламентын дэвшилтэт зохион байгуулалтыг нэвтрүүлэн ажиллаж байна. УИХ-ын ээлжит чуулган завсарлах нь амралт биш юм. Монгол Улсын Их хурал байнгын ажиллагаатай. Тодорхой хугацаанд чуулж, завсарлаж байх Үндсэн хуулийн зохицуулалттай. Тиймээс чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Монгол Улсын хууль тогтоомжийг тайлбарлан таниулж ажиллах үүрэгтэй. Мөн ажлын хэсгүүд ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудад сайтар бэлтгэх хэрэгтэй” хэмээгээд “Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болно” гэсэн юм.

 

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган ажлын 88 өдөр чуулж, өнөөдөр өндөрлөж байна. Намрын чуулганы хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулган 31, Байнгын болон Дэд, Түр хороод 92 удаа хуралдсан байна. Намрын ээлжит чуулганы хугацаанд бие даасан 5, хуульд өөрчлөлт оруулах тухай 25, зээлийн болон гэрээ хэлэлцээр соёрхон батлах тухай 25, хууль хүчингүй болсонд тооцох тухай 3, нийт 46 хууль, Улсын Их Хурлын 41 тогтоол хэлэлцэн баталсан болохыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэллээ.

 

Мөн УИХ-ын дарга “Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай зэрэг хуулийн хугацаатай, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдол бүхий асуудлаа шийдэж чадсан” гэв. Улсын Их Хурлаас нийгэмд хүлээлт үүсгэсэн, зайлшгүй шийдвэл зохих хөрөнгө оруулалтын болон бусад зардлыг төсөв санхүүгийн боломжтой уялдуулан шийдвэрлэх чиглэлийг тууштай баримталж ажилласныг тэрбээр тэмдэглэн хэллээ. Улсын Их Хурлын хууль тогтоох бүрэн эрхээс гадна хянан шалгах бүрэн эрхээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд анхаарч хийж хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулав. Нийгэм, эдийн засгийн амин чухал зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болно гэдгийг Улсын Их Хурлын дарга онцолсон юм. Төгсгөлд нь удахгүй болох монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын мэндчилгээг ард түмэндээ дэвшүүлж, төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан, төр улсаараа элбэг дэлбэг, төрөл садан хотлоороо сайхан шинэлэхийг хүсэн ерөөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top