Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн тоот тушаалаар, жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон.
Гэтэл хоёрдугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт дааганы уралдаан зохион байгуулж, улмаар есөн настай хүү гараа хөлдөөсөн тухай мэдээлэл цахим орчинд тархаж эхэлсэн юм. Дээрх мэдээллийг иргэн С.А анхлан олон нийтэд түгээсэн бөгөөд тэрбээр Сэлэнгэ аймгийн харьяат, зургаан настай хүү дааганы уралдаанд оролцохдоо хоёр гараа хөлдөөсөн хэмээсэн байв.
Дээрх мэдээллийг тодруулахаар Хэнтий аймгийн Биндэр сумын засаг дарга С.Эрхэмбаяртай холбогдоход “Цахим орчинд тархаж байгаа мэдээлэл нь ор үндэсгүй зүйл юм. Засгийн газрын тушаал гарсантай холбогдуулан хурдан морины уралдаан, сунгаа үсэргээ зохион байгуулахыг хориглосон байгаа. Манай нутагт хурдан морины уралдаан зохион байгуулсан зүйл байхгүй. Мэдээллийг анх гаргасан гэх хүмүүстэй бид холбоо барьсан. Энэ талаарх мэдээллийг бид удахгүй албан ёсоор өгнө” гэлээ.
Харин орон нутгийн эх сурвалж тус суманд албан ёсны зохион байгуулалттай хурдан морины уралдаан болоогүй ч хаврын морин уралдаанд бэлтгэх сунгаа болсон гэдгийг хэлэв. Энэ үеэр унаач хүү гараа хөлдөөж, Хэнтий аймгийн Биндэр сумын эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан бөгөөд асран хамгаалагчтайгаа Сэлэнгэ аймгийг зорьсон гэх мэдээллийг өглөө.
Өвөл, хавар хурдан морины уралдаан зохиох нь хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлж, хүүхдийн тэвчишгүй хүнд хөдөлмөрийн хэлбэрт шилжээд байгаа билээ.
Өнгөрөгч 2018 онд улсын хэмжээнд хурдан морины 491 уралдаан болж, 11.000 гаруй хүүхэд оролцсон ба 661 хүүхэд мориноос унаж, 98 хүүхэд бэртэж гэмтсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй болсон хүүхэд хоёр, амь насаа алдсан тохиолдол нэг гарсан бол 2019 он гарсаар нэг хүүхэд сунгааны үеэр моринд дайруулж, амиа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа.
Монгол Улсад 560 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас 80 орчимд нь хүүхэд, хүүхдийн эрхтэй холбоотой заалт тусгагдсан байдаг аж. Гэвч энэ бүхэн хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг хангалттай бүрдүүлж чадахгүй байгаа нь морины уралдааны үеэр гэмтэж бэртсэн, амь насаа алдсан хүүхдүүдийн тооноос харагддаг. Олон улсын болон үндэсний хууль тогтоомжоор хүүхдийг эрх зүйн бие даасан субьект мөн хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрсөн хэдий ч албан тушаалтнууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хэрэгжүүлж чадахгүй байгаа асуудал олон жил яригдаж байгааг хаа хаанаа тунгаах цаг болжээ.
Сэтгэгдэл ( 0 )