Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна

2019 оны 03 сарын 01

Төв аймгийн Заамар сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т орших Баянголын амны Ууцар гэдэг газарт “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмалын олборлолтын 100 метр өргөн, 80 метрийн гүнтэй ил уурхайд нуралт болж зургаан хүн,  КАТ-374 загварын эксковатор, КАТ-D-8-Т загварын бульдозер дарагдсан осол гарсан. Уг осол болсон даруйд хоёр иргэнийг эсэнд мэнд гаргасан бөгөөд ослын дуудлагыг Онцгой байдлын байгууллагад мөн өдрийн 16:50 цагт ирүүлсэн.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах ангийн 20 алба хаагч Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэргээр ослын газарт очин шороонд дарагдсан дөрвөн иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг явуулж байна.

Мөн Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, Үндэсний аврах бригадын дөрвөн алба хаагч өнөө өглөө ослын газарт очин, хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм.

Осол болсон уурхайн карьерт усны ундрага ихтэй байгаа тул аврах ажиллагаа нэлээд хүнд нөхцөлд үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top