Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг өчигдөр /2019.03.06/ Завхан аймагт ажиллаж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа. Аймгийн хэмжээнд 24 сумын 116 багт 9.1 мянган малчин өрхөд 3.6 сая мал хаваржиж байна. Бусад сумын нутагт 258 өрхийн 233,5 мянга, гадна аймгийн нутагт 94 өрхийн 75.8 мянга, дархан цаазтай болон төрийн тусгай хамгаалалтын бүсэд 83 өрхийн 50.2 мянга, хилийн зурвас бүсэд 110 өрхийн 16.3 мянган мал тус тус хаваржиж байгаа юм. Отор нүүдлээр яваа иргэдийн дунд 0-5 насны 49 хүүхэд, жирэмсэн 2, ахмад настан 9, архаг суурь өвчтэй 22, хөгжлийн бэрхшээлтэй 8 иргэн байна. Одоогийн байдлаар Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Отгон, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Яруу зэрэг 16 суманд хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг аймгийн Засаг дарга Д.Батсайхан мэдээллээ.
Өнгөрсөн зун, намрын улиралд бэлчээрийн ургац багатай, өвлийн эхэн сард цас орж дулааран, мөсөн бүрхүүл тогтсон, 1-2 дугаар сард давтамжтай хүйтний температур нэмэгдсэн тул мал сүргийг нэмэгдэл тэжээлд оруулсан. Энэ оны 2 дугаар сарын 8-15-ны өдрүүдэд хүйтний эрч чангарч, хангайн уулархаг нутгаар шөнөдөө агаарын температур 40-47 хэм, бусад нутгаар 33-39 хэм, хөрсөндөө 47 градус хүрч хүйтэрчээ. Одоогоор нийт нутгаар 2-23 см цасан бүрхүүлтэй, цасны дундаж нягт 0.08-0.26 г/см3 байна. Энэ өвөл өмнөх жилүүдтэй харьцуулахад цас бага орсон, ирэх 5-6 дугаар сард хур тунадас бага орох, улмаар хуурайшилт явагдаж, ой, хээрийн түймэр гарах, зуншлага оройтож болзошгүй байна.
2018 онд мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 795,5 мянган мал хамруулсан бөгөөд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин төвийн бүсийн аймгуудад гарсантай холбоотойгоор эрүүл бүс нутгаа хадгалахын тулд мал эмнэлгийн хяналтын түр цэгийг Их-уул сумын Цэцүүх багийн нутаг Солонготын даваанд 2018 оны 12 дугаар сарын 31 ныг дуустал ажиллуулжээ.
Аймгийн хэмжээнд 1501.4 мянган хээлтэгч мал 3 дугаар сарын 5-10-ны өдрөөс төллөж эхэлнэ. Тийм учраас нэмэгдэл тэжээлд орох малын тоо нэмэгдэж өвс, тэжээлийн дутагдал үүсэх, цаг уурын дулаарал хуурайшилттай холбоотойгоор говийн сумдад малын усан хангамж дутагдах нөхцөл үүсч, цаашлаад хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа юм.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 2019 оны нэгдүгээр сард Засаг даргын захирамжаар 4 ажлын хэсэг гарган сумдын малчин өрхийн 60 гаруй хувьд нь очиж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан. Аймгийн онцгой комисс хуралдсаны үндсэн дээр аймгийн нөөцөд бэлтгэсэн 144 тонн өвсийг үнэгүй, 90 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгоод байна. Одоо малчдын болон сумдын аюулгүй нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг зарцуулж дуусчээ.
Тиймээс хаваржилт хүндэрсэн сумдад улсын нөөцөөс 900 тонн өвс, 700 тонн тэжээлийг хямдралтай үнээр олгох, аймгийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Идэр сумын ЭМТ, аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн болон тусгай зориулалтын машиныг шийдвэрлэж өгөхийг Улсын онцгой комиссын Шуурхай бүлэгт уламжиллаа.
Саналыг сонссон, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар Цагаанхайрхан, Тэлмэн суманд учирсан хохирлыг арилгахад 25 сая төгрөг, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий албан хаагчдын томилолт, шатахууны зардалд 35 сая төгрөг, Засгийн газрын шийдвэрээр 900 тонн өвс, 680 тонн тэжээл, Цагаанхайрхан суманд түргэн тусламжийн автомашин, Яруу, Тосонцэнгэл, Тэс сумын ЗДТГ-т автомашин олгохоор тус тус шийдвэрлэснийг танилцуулав.
Сэтгэгдэл ( 0 )