Chrysler цамхагийг алдагдалтай үнээр зарахаар болжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 11

Нью Йорк хотын урлагийн бүтээл болсон алдарт Chrysler цамхагийг өмнө нь зарагдаж байсан үнийн маш бага хувьтай тэнцэх хэмжээний үнээр зарахаар болжээ.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн мэдээ, мэдээллийн The Real Deal сэтгүүлийн авсан эх сурвалжийн мэдээллээс үзвэл тус цамхагийг 150 сая ам.доллараар зарах гэнэ. 2008 онд Абу Дабигийн хөрөнгө оруулалтын Мубадала сан тус барилгын 90 хувийг 800 сая ам.доллараар, 10 хувийг нь Tishman Speyer компани худалдан авч байжээ.

Chrysler цамхагийн шинэ эзэмшигчээр RFR холдинг тодроод байгаа бөгөөд энэ талаар тайлбар одоогоор хийгээгүй байна.

Ийм алдагдалтай үнээр зарах болсон нь тус барилгын доорх газрын түрээс өссөнтэй холбоотой гэнэ. Барилгын доорх газрыг Нью Йорк хотын Купер Юнион коллеж эзэмшдэг. Өнгөрсөн жил 7.75 сая ам.доллар байсан газрын түрээс энэ жил 32.5 сая ам.доллар хүрсэн бол 2028 онд 41 сая ам.доллар болж өсөх гэнэ. Гэтэл тус цамхаг дахь талбайн түрээс төдийлөн өсөөгүй аж.

Сүүлийн жилүүдэд Нью Йорк хотод сүндэрлэн боссон орчин үеийн барилгууд тус хотын нэрийн хуудас болсон Chrysler барилгатай өрсөлдөх болжээ. 1953 он хүртэл АНУ-ын машин үйлдвэрлэгчийн эзэмшилд байсан Chrysler цамхагийг тус компанийн нэрээр бус, харин түүний эзэмшигч Вальтер Крайслерын нэрээр нэрлэжээ.

Chrysler цамхагаас гадна сүүлийн жилүүдэд хэд хэдэн тэнгэр баганадсан барилгууд өндөр үнээр зарагдсэн байна. Тухайлбал, 2016 онд “Waldorf Astoria” зочид буудал хоёр тэрбум ам.доллараар Хятадын даатгалын Anbang Insurance компанид зарагдсан бол 2015 онд “Blackstone” групп  Чикаго хотын “Willis” цамхагийг 1.3 тэрбум ам.доллараар худалдан авч байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top