Зау Зау Аунг: “Шнайдер электрик” олон улс дамнасан корпораци учир маргаашийг харж тухайн улсад хөрөнгө оруулдаг

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 18

“Зиндаа” сэтгүүлийн 2018 оны №10/510 дугаарын “Үл хөдлөх хөрөнгө” буланд дэлхийд ногоон хөгжлийн инновациар тэргүүлэгч Шнайдер Элекстрик компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Мьянмар улсын иргэн Зау Зау Аунгийг урилаа. Бид Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжил, барилга байгууламжийг дэлхийн түвшинд зохион байгуулах үйл ажиллагааны онцлог болоод үл хөдлөх хөрөнгийн зах зээлд Шнайдер Электрикийн хийж буй өөрчлөлтүүдийн талаар ярилцсан юм.


-2013 онд Шнайдер электрик Монголд нээгдсэнийг бид мэднэ. Монголд анх орж ирэхдээ “үдэшлэгээс хоцорсон” байв уу, эсвэл яг цагтаа орж ирсэн гэж үздэг үү?

-Мэдээж бид зөв цагтаа орж ирсэн. 2012 онд Монголд анхны эдийн засгийн давалгаа үүсэн дээд цэгтээ хүрч байсныг та бүхэн санаж байгаа байх. 2013 онд бид Монгол дахь оффисоо нээсэн. Дараахан нь Монголд эдийн засгийн үзүүлэлт буурч, үүнээс үүдэн борлуулалт тодорхой хэмжээнд саарч байсан удаа бий. Тухайн үед буюу 2012, 2013 онд маш олон гаднын компаниуд Монголд үйл ажиллагаагаа нээсэн боловч ихэнх нь үүд хаалгаа хаасан. Одоо үлдсэн нь хэд билээ. Харин бид тэр том шуургыг даваад гарсан. Нөгөө талаасаа Шнейдер электрик бол нэг хоёр жилийн өндөр борлуулалтыг хардаггүй, ирээдүйг хардаг. Удаан хугацааны хамтарч ажиллах боломж, мөн харилцан ашигтай хамтран ажиллахыг чухалчилж үздэг компани юм. Монгол бол эдийн засгийн уналт нь эрдэс баялгийн түүхий эдээс шууд хамааралтай орон. 2013 оноос хойшхи эдийн засгийн байдал үүнтэй шууд хамааралтай байсан учраас унаж л байдаг өсч л байдаг. Иймд тодорхой хугацаанд нэмэх гарах уу, хасах гарах уу гэдэг нь ажлын үр дүн болдог.

Шнейдер электрик “Монголын эдийн засаг муудчихлаа, Монголоос гаръя” гээд гардаг компани биш. Бид богино хугацааны бизнестэй хамтардаггүй. Хятад компани шиг барилга барилаа, барилга дууслаа гээд гараад явдаг компани биш. Бид алсын хараатай, стратегитай өндөр түвшний компани.

Бид эдийн засгийн хямралын үед тодруулбал, өнгөрсөн таван жилийн хугацаанд ч гэсэн партнеруудаа мэргэжлийн түвшинд хүргэж хөгжүүлэх, дэлхийд гаргах тал дээр илүүтэй ажилласан. Тиймдээ ч Стар Интэлижэнт компанийн Төрбат захирал бидэнтэй удаан хугацаанд хамтарч ажиллаж байна. Тэр хүний хуримтлуулсан туршлага мэдлэг маргаашийн Монголд маш их хэрэгтэй.

-Шнайдер электрик компани Монголд ямар алсын хараатайгаар орж ирсэн нь сонирхол татаж байна?

-Шнайдер электрик дэлхий даяар илүү дижиталчлагдсан “дижитал” ертөнцийг бий болгохын төлөө ажиллаж байна. Түүний нэг хэсэг болох Монгол Улсыг бид дижитал эринд хөтлөн аваачих зорилготой юм. Эрчим хүчний менежмент, үйлдвэрийн автоматжуулалтын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Шнайдер электрик Монголын хэрэглэгчдэд энэ түвшинд хүрэх хөтлөгч нь болж чадна гэдэгт итгэлтэй байна. Цахилгаан эрчим хүчийг үүсгэхээс эхлээд хэрэглэгч хүртэлх бүх цэгт автоматжуулалт, ухаалаг систем нэвтэрсэн технологийн платформыг бид хөгжүүлсээр ирсэн. Энэ бол 60 гаруй жилийн турш хяналт удирдлага, хязгаарын удирдлага, программ хангамж гэх зүйлс бүхэлдээ нэгтгэгдсэн Struxure гэх технологийн платформыг Монголд нэвтрүүлэхээр үйл ажиллагаагаа өргөтгөн ажиллаж байна.

-Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хамгийн эрчимтэй хөгжиж буй Ухаалаг Эрчим хүч ба Цахилгаан автоматжуулалтын ямар шинэ технологийг Монголд нэвтрүүлэхийг зорьж байгаа вэ?

-Одоогийн байдлаар дэлхий дахинд үйлдвэрлэж буй нийт эрчим хүчний 30 орчим хувь нь барилга, орон сууцанд ашиглагдаж байна. Гэсэн хэдий ч, эрчим хүчний хэмнэлтийн эдийн засгийн үр ашгийн чадавхи нь барилгын салбарын хувьд 82 хувь, үйлдвэрлэлийн секторт 50 хувьд нь нэвтэрч, хөгжөөгүй хэвээрээ байна. Шнайдер электрикийн барилгын цахилгаан хангамжийн гол шийдлийн түлхүүр нь эрчим хүчний үр ашигтай хэрэглээ юм. Програм хангамжийг тоног төхөөрөмжүүдтэй нэгтгэсэн шийдэл нь IоТ технологийн платформыг ашиглан барилгын өнцөг булан бүрээс мэдээлэл цуглуулж, хиймэл оюун ухааны (AI) хөгжлийн ололт дээр тулгуурлан эрчим хүчний ашиглалт болон хэрэглээний загваруудыг шинжлэх боломжтой болгосон. Энэ оновчтой шийдлийг нэвтрүүлсэн барилга байгууламж болон аливаа объект эзэмшигчид давуу үнэ цэнийг мэдэрч, эрчим хүчээ үр ашигтай зарцуулах боломжтой болно. Үүний зэрэгцээ уг шийдэл нь барилга ашиглалтын эдийн засгийн үр ашгийг 30 хувиар нэмэгдүүлдэг. Энэ нь зөвхөн барилга байгууламж төдийгүй бидний үйлчлүүлж амьдарч буй бүхий л орон зайд, тухайлбал эмнэлэг, зочид буудал, банкны барилгад ч нэвтрүүлэх боломжтой шийдэл юм.

-Шнайдер электрик компанийг төлөөлөх гол бүтээгдэхүүн, технологийг танилцуулна уу?

-Schneider Electric нь EcoStruxure хэмээх нэгдсэн архитектур шийдэл бүхий технологийн платформыг хөгжүүлсэн бөгөөд энэ нь хүчирхэг чадамжтай дижитал эдийн засгийг бий болгох БРЭНД болоод байна. Дэлхийн зах зээл өөрөө платформ бүтэцтэй, интеграцлагдсан зах зээл рүү эргэлт буцалтгүй шилжин ороход бэлэн болоод байна. EcoStruxure нь үйлдвэрлэлийн 4.0 хувилбарт шилжин ажиллах боломжтой, үр ашигтай, уян хатан байдлаар зохицож ажиллах шаардлагатай өмнөх үеийн технологийг шингээсэн уламжлал- шинэчлэлийг хадгалсан систем юм. Энэ нь дараа үеийн IоТ- суурьтай эрчим хүчний менежмент, процесс автоматжуулалтын технологийн платформд шилжих бүрэн боломжтой шийдэл юм. EcoStruxure –ыг эдийн засгийн үр өгөөжийг хүртээх, үйл ажиллагааг оновчтой болгоход шаардлагатай эрчим хүчийг хамгийн их хэрэглэдэг барилга байгууламж, усан онгоц, цахилгаан станц, үйлдвэрлэлийн салбарын аль ч түвшинд суурилуулж болно. EcoStruxure -ийн өвөрмөц давуу талуудыг ашиглан боломжтой өөр бусад шийдлүүдтэй харьцангуйгаар холбогддог нь: 1) Холбогдсон бүтээгдэхүүнүүд 2) Хязгаарын хяналт, 3) Хэрэглээний програм, шинжилгээний хэрэгсэл, үйлчилгээнээс бүрдэх 3 түвшний интеграцийн шийдэл юм. Энэ нь бусад үйлдвэрлэгчийн систем интерфейс болон протоколуудтай нийцэх боломжийг олгодог бөгөөд тухайн хэрэглэгч компанийн үндсэн хөрөнгө ашиглалтын ба эрчим хүчний гүйцэтгэлийн менежментийг бүрэн дүүрэн хангах үндэс суурийг тавьж, улмаар хэрэглэгчид илүү сайн, оновчтой шийдвэр гаргахад нь тусалдаг. EcoStruxure нь “Түвшин бүрт инноваци”-ийг нэвтрүүлэх архитектор шийдэл юм.

-Үл хөдлөх хөрөнгө, худалдаа үйлчилгээний болон үйлдвэр аж ахуйн барилгуудад Шнайдер электрикийн бүтээгдэхүүнийг ашиглахын давуу тал нь юу вэ? Та жишээ баримт дурдаж энэ асуултад хариулна уу.

-Шнайдер Электрикийн шийдлээр тоноглосон нэг сая орчим барилга байгууламж дэлхий даяар баригдсан байдаг ба одоо ч ашиглалтад байна. “EcoStruxure Building” платформ нь инженерчлэлийн үр ашгийг хамгийн өндөр түвшинд байлгах шийдэл юм. Мөн барилгын эрчим хүчний хэмнэлттэй инженерийн байгууламжийг зураг-төсөл, ТЭЗҮ боловсруулах шатнаас эхлэн ашиглалтанд хүлээлгэн өгөх бүх үе шатанд гүйцэтгэлийн үйлчилгээ, барилгын ажил гүйцэтгэлийн олон улсын стандартын түвшинд хүрсэн менежментийг эцсийн хэрэглэгчдэд илүү тохиромжтой байдлаар хүргэх шийдлийг хангадаг. Хэд хэдэн амжилттай хэрэгжсэн үлгэр жишээ төслөөс дурдвал, Хилтон Гарден Инн Дубай Молл, Хилтоны сүлжээ зочид буудлууд. Дэлхийн зочид буудлын нэгдсэн холбооны шалгалтын тестийг давсан Шнайдер Электрикийн Барилгын Менежментийн Системийг (BMS) нэг ижил стандартаар нэвтрүүлэхээр холбооны харьяа зочид буудлуудад зөвлөх болсон байна.

Шнайдер Электрикийн Ле Хивэ-д байрлах манай шинэ төв байрны BMS болон Хяналт, удирдлагыг системтэйгээр сайжруулах ажлыг 2008 оноос эхлэн хийснээс хойш 2014 онд (манай шинэ төвийн) эрчим хүчний үр ашгийн итгэлцүүр дөрөв дахин нэмэгдсэн үр дүн гарчээ. Тоттенхэм Хотспур шинэ цэнгэлдэх хүрээлэн BMS-ийг суурилуулснаар барилгын цахилгааны ашиглалтын зардлаа 20 хувь хэмнэх болсон нь хамгийн бодитой эрчим хүчний хэмнэлтийн жишээ мөн. Шнейдер Электрикийн “EcoStruxure Building платформ” дээр “Building Management System (BMS)- ийг 2015 оны 5-р сард нээгдсэн дэлхийн санхүүгийн үйлчилгээгээр тэргүүлдэг “Deloitte-ийн оффис”-д суурилуулсан. Энд Deloitte -ийн уламжлалт эрчим хүчний хэрэглээг үр дүнтэй бууруулж чадсаныг зориуд онцлон тэмдэглэе. Шнайдэр Электрик нь “The Edge” барилгад 28,000 мэдрэгчийг суурилуулсан бөгөөд энэ нь барилгын нэгж бүрт дотор болон гадна температур, хөргөлт, халаалт, гэрэлтүүлэг тус бүрээр болон өрөө болгоноос гэрэлтүүлгийн тоон мэдээллийг бодит цагийн горимоор цуглуулдаг. Энэ бүх өгөгдлийг барилга доторх төв сервер рүү илгээдэг бөгөөд үүнийг гэрэлтүүлэг, хөргөх төхөөрөмж болон халаагуурыг тодорхой нэгж цаг хугацаанд удирдан ажиллуулахын тулд бүх өгөгдлийг цуглуулж шинжилгээ хийдэг. Энэ нь эрчим хүчний үргүй зарцуулалтаас сэргийлж, цахилгааны чадлын хэрэглээг багасгаснаар “Schneider electric-ийн BMS тухайн барилгын эрчим хүчний зарцуулалтыг яг ижил багтаамжтай уламжлалт барилгатай харьцуулахад 30 хувь бууруулсантай тэнцүү хэмжээтэй байна. Эрчим хүчний хэрэглээг үр дүнтэйгээр бууруулснаар “The Edge” Их Британи барилгын судалгааны хүрээлэн өөрсдийн үнэлгээний аргачлалаар (BREEAM) тооцож үзээд “Дэлхийн хамгийн байгаль орчинд ээлтэй барилга”-аар шалгаруулсан юм. Нэмж тодруулахад, “The Edge” цамхаг нь өөрийн эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангах хүчин чадал бүхий дотоод эх үүсгүүртэй бөгөөд хэрэглэж буй эрчим хүчнийхээ 102 хувийг үйлдвэрлэх боломжтой шийдэл болсон юм.

-Шнайдер Электрикийн цахилгаан тоноглол дэлхий даяар танигджээ. Үүнд гол түлхэц үзүүлсэн хүчин зүйл нь юу байсан бэ?

-Бидэнд анхаарал татсан өвөрмөц нэгэн уриа бий: Бидний технологи нь хүн бүрийн амьдралд хүрч бүх цаг хугацаанд “Life is on” байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг. Бид эрчим хүч найдвартай, үр ашигтай, тогтвортой байх эрхэм зорилгыг хангах ёстой. Мөн бид харилцагчиддаа өрсөлдөгч компаниудын санал болгодоггүй зүйлийг, тухайлбал бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс эцсийн цэг дээрх суурилуулалт хүртэлх үе шат бүрт инноваци шингэсэн оновчтой эцсийн шийдлийг олж санал болгож чаддаг. Интернет бидний ажил амьдралын хэв маяг, тоглоомын дүрмийг хэдийнээ өөрчилж чадсан. Харилцаа холбооны шинэ эрин үе нь биднийг дараагийн түвшинд хүргэх урт хугацааны стратеги төлөвлөлттэй ажиллахад хүргэлээ. Энэхүү IT/ОТ- ийн нэгдлийн цаана хурдтай хөгжиж буй IоТ технологи байгаа ба энэ нь ялангуяа аж үйлдвэрийн дижитал хувьсгалд хүчтэй түлхэц болсон юм. Бид даяаршиж буй дэлхийн ойртон нэгдэж байгаа бизнес орчинд нэгдэн орох боломжийг олж залахад танд туслах технологиудыг хөгжүүлэн, энэхүү бизнес орчинг бүрдүүлэхээр ажилладаг. Энэ шилжилт нь тоон технологид (дижиталчлал) тулгуурлан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, төвлөрлийг сааруулах зэрэг эрчим хүчний шинэ ландшафтыг нэвтрүүлэхэд туслах болно. Бид аж үйлдвэрийн болон арилжааны компаниудын үйл ажиллагааны гүйцэтгэл, ашигт ажиллагааг оновчтой болгох дэвшилтэт технологийг санал болгодог бөгөөд ИоТ технологийг дараах дөрвөн үндсэн зах зээлийн сегментэд төвлөрүүлж байна. Үүнд: Барилга, Мэдээллийн Төв, Үйлдвэр, Дэд бүтцийн сүлжээ.

 -Шнайдер Электрик нь Монголын эрчим хүчний цахилгаан хангамж, Эрчим хүчний зах зээлд ямар шинэчлэл, өөрчлөлт хийхийг зорьж байгаа вэ?

-Шнайдер Электрикийнхэн “эрчим хүчээр хангагдах нь хүний үндсэн эрх” гэж үздэг. 2020 он гэхэд Дэлхийн эрчим хүчний хэрэглээ 50 хувиар өсөх төлөвтэй байна. Парисын Цаг Уурын Консорциумын хэлцлийн дагуу протоколд нэгдсэн улс орон бүр хүлэмжийн хийн ялгаруулалтаа 2 дахин бууруулах үүрэг хүлээх замаар дэлхийн дулааралтыг хязгаарлах явдал юм. Энэ зорилтыг улс орнууд хангаж чадвал дэлхийн агаарын температур 2 градусаас дээш нэмэгдэх эрсдэлийг энэ хугацаанд хязгаарлах боломжтой болох юм. Бид хэчнээн их эрчим хүч үйлдвэрлэж, тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангаж чадах вэ гэдэг чадамжаас илүү, одоо хэрэглэж байгаа эрчим хүчний үр ашгаа нэмэгдүүлэх, технологийн ололтод тулгуурлан эрчим хүчийг хэрхэн үр ашигтай зарцуулах чадамжаа нэмэгдүүлэх нь илүү чухал тулгамдсан зорилт болоод байна. Бид дэлхийн дулаарлыг тогтоон барихын тулд тогтвортой хөгжлийн зорилтуудын нэг болох эрчим хүчний хэрэглээг инновацийн дэвшилд тулгуурлан бүх түвшинд үр ашгийг нь одоо байгаа түвшнээс гурав дахин нэмэгдүүлэх боломжийг ашиглан хэрэгжүүлэх хэрэгтэй.

Монгол Улсад эрчим хүчний системд ухаалаг менежмент хийж, үр ашгийг дээшлүүлэхийн тулд сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч нөөцлөх систем (ESS), ухаалаг шугам сүлжээ, эрчим хүчний хэмнэлтийн дэвшилтэт технологид суурилсан дижитал эрчим хүчний үр ашигтай системийг бий болгох хэрэгтэй байна. Тэгэхээр одоо байгаа эрчим хүчний эх үүсвэрүүдээс боломжийн хямд үнэтэй, хамгийн үр ашигтай эрчим хүч хэрхэн үйлдвэрлэх вэ гэдэг нь өнөөдрийн хувьд хамгийн чухал асуудал болоод байгаа болов уу гэж харж байна.

-Шнайдер Электрик Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ямар амбицтайгаар хандаж үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Стратеги, маркетингийн алсын хараа хааш чиглэж буйг сонирхож болох уу?

-Бидний хувьд Эрчим хүч, цахилгаан хангамж, автоматжуулалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийн томоохон тоглогчийн хувьд бизнесийн холбоо сүлжээгээ өргөтгөн хурдасгах боломжийг шинэ харилцагчид маань ашиглан бидэнтэй хамтран ажиллах цаг ирлээ гэдэгт бид итгэж байна. Бидний зорилго бол бизнесийн харилцаа холбоог тууштай дэмжин, харилцагчиддаа үнэ цэнийг бий болгох явдал юм. Бидний хүсэл эрмэлзэл бол дэлхийн даяаршилд тулгуурласан бизнесийн харилцаа холбоог бий болгоход тэргүүлэх байр суурь эзлэх явдал юм. Энэ салбарын манлайлагч нартай хамтран ажиллахдаа бид баяртай байх бөгөөд бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Бид харилцан холбоотой байж, технологи нутагшуулах ирээдүйн талаар хуримтлуулсан туршлагаа харилцагч нартаа чөлөөтэй хуваалцаж, бидний бий болгосон Экосистемд нэгдэх шинэ түншүүдээ мэргэжлийн түвшинд хүртэл хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэн харилцан ашигтай ажиллах үндсэн зорилготой. Мэргэжлийн экспертүүд, зураг төслийн байгуулагуудтай нягт хамтран ажиллаж, өмнө хэрэгжсэн, одоо гүйцэтгэж байгаа, цаашид хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд борлуулалтын өмнөх болон дараах үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх нь Монголын босоо бүтэц, зохион байгуулалттай зах зээл, газарзүйн онцлогт тохирсон шийдлийг олж, цаашид улам сайжруулахын төлөө ажиллахын зэрэгцээ өөр өөр салбарын үйлчлүүлэгчдийн онцлогт тохирсон гадаад экспертүүдтэй холбон, сургалтаар хангах, тэдний тэргүүн туршлагаас хуваалцахыг эрмэлзэх болно. Товчхондоо, Монголд нэвтрүүлэх манай бүтээгдэхүүн, шийдлүүд зөвхөн түншлэлд тулгуурласан бизнес харилцаа болж цаашид хөгжих болно.

-Монголын засгийн газар болон Монголын томоохон хөрөнгө оруулагч нартай хамтарч эрчим хүчний салбарт шинэчлэл хийх төлөвлөгөө бий юу?

-Шнайдер электрик Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш Монголын засгийн газар болон томоохон хөрөнгө оруулагчидтай маш ойр харилцаатай байсан. Миний бие хагас жилийн өмнөөс Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн билээ. Түүнээс хойш Эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний сургалтын төвд тоног төхөөрөмжийн сургалтыг анхан шатны түвшнээс эхлүүлэн хийх зорилгоор хөрөнгө оруулж, хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна. “Эрчим хүчний автоматжуулалт, ухаалаг систем” хэмээх төсөл хийхээр Эрчим хүчний яамнаас гадна БСШУСЯ, Францын засгийн газартай хамтарч бас нэг том төсөл Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний хүрээнд Шнайдер электрикийн шилдэг техник тоног төхөөрөмжтэй технологийн лаборатори байгуулж, инноваци нэвтрүүлэхээр ажиллаж байна.

-Шнайдер электрик компани нь хамтрагч түнш орнууддаа дэлхийн хэмжээнд ажиллах боломжийг нээж өгдөг үү? Хэрхэн харилцаж, туршлагаа хуваалцдаг вэ?

-Энэ үнэхээр чухал асуулт байна. Шнайдер электрик дэлхий даяар 150 гаруй мянган ажилтантай, 30 гаруй оронд үйлдвэртэй. Өндөр технологи, инновацийн шийдэл, давуу талаа бүгдийг нь түнш байгууллагууддаа нэвтрүүлдэг. Шнайдер электрик борлуулалт шууд хийдэггүй, бидэнд өөрийн нэрийн дэлгүүр байхгүй. Тэгэхээр бид бүх борлуулалт болон эцсийн хэрэглэгчдэд хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээгээ түнш компаниар дамжуулж орон нутагт байгаа дистрибьютер болон түнш компаниудаараа дамжуулж хүргэдэг. Ингэж хүргэхийн тулд энэ түнш компаниудаа яг бид нарын технологийг ойлгодог, мэддэг, угсарч суурилуулж чаддаг түвшинд хүргэх ёстой. Тиймээс бид энэ ажлынхаа хүрээнд гадаадын эксперт, мэргэжилтэн багш нарыг урьж партнеруудаа сургаж, дэлхийн түвшний сертификатыг олгодог. Жишээ нь Монголд байгаа үйлдвэрүүд болон самбар угсардаг, автоматжуулалт хийдэг, эрчим хүчний техник технологи угсардаг компаниуд нь манай лицензийн дагуу үйлдвэрлэх боломж нээлттэй байдаг. Гэхдээ Монголын хувьд үйлдвэрлэлийн бааз байхгүй учраас бага зэрэг хэцүү. Одоогийн байдлаар Электро паблик гэдэг байгууллага манай Шнайдэр электрикийн төхөөрөмж үйлдвэрлэх зөвшөөрөл аваад үйлдвэрлээд явж байгаа.

-Шнайдер электрикийн Монголын хэрэглэгчид олон улсын хэрэглэгчдээс ямар онцлог ялгаатай байна вэ?

-Монгол бол хөгжиж буй орон. Би хувьдаа Монголыг Мьянмартай харьцуулж хардаг. Монголын хэрэглэгчдийн зах зээл нь яг хөгжингүй орон шиг өндөр технологийг илүүтэйгээр сонирхдог. Жишээлбэл барилгын менежментийн систем буюу ухаалаг барилга гэр гэх мэт өндөр технологийн инновацийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид нь түлхүү сонирхдог. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монголын барилгын салбарт эдийн засгийн хүндрэлээс үүдсэн асуудал их байсан. Тиймдээ ч энэ салбарт монголчууд хөрөнгө оруулах боломж хомс байлаа. Харин одоо эдийн засаг сэргэж байгаа учир илүү хөгжил дэвшил, гэрэлтэй ирээдүй харагдаж байна. Хэрэглэгчид бидний нэвтрүүлж буй технологийг барилгын цахилгаан холбоо, дохиолол хэмээн өнгөцхөн ойлгодог. Гэтэл энэ нь зөвхөн тоног төхөөрөмж биш. Орчин үед энэ нь программ хангамжтайгаа уялдаад автоматжуулалт, ухаалаг систем, барилгын удирдлагын систем зэрэг илүү цогц, төвөгтэй бүтэцтэй болж байна. Энэхүү онцлог нь магадгүй Монголын хэрэглэгчдийг татах нэг гол шалтгаан болж чадсан байх. Дэлхийн дөрвөн том хуулийн фирмийн Нидерланд дахь оффис. Энэхүү барилгад Шнайдер электрикийн шийдлийг хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, энэ барилга гаднаас эрчим хүч авдаггүй. Барилгад 28 мянга гаруй мэдрэгч суурилагдсан. Үүний тусламжтайгаар зөвхөн хүн явж байгаа үед гэрэл нь асах гэх мэт “ухаалаг” шийдэлтэй. Нөгөө талаас энэхүү барилгын шилэн фасад нь бүхэлдээ нарны эрчим хүч цуглуулагч юм. Дээвэр болон наран талын шилэн фасад нь нарны эрчим хүч цуглуулагч хавтангаар бүрхэгдсэн байдаг байна. Мөн энэхүү барилга нь 100-240 нэгж хүртэл эрчим хүч үйлдвэрлэдэг. 100 нь өөрсдийн хэрэглээний эрчим хүч, 240 нь илүү их хурц нартай үед цуглуулдаг эрчим хүчний хэмжээ аж. Энэ барилга нь дэлхийн №1 байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй, мөн эрчим хүч үйлдвэрлэгч барилга юм.

-Монголд энэ технологийг нэвтрүүлэх боломж нөхцөл нь ямар байна вэ?

-Монголд хууль эрхзүйн орчин нь яг сайн бүрдээгүй байна. Эрчим хүчний тариф бага байна хэмнэлтийг дэмжих торгуулийн систем байхгүй. Жишээ нь хөдөөний нэг айл хашаандаа нэг нарны панел тавиад л шууд сүлжээнд холбоод хэрэглэхээ хэрэглээд, авахаа аваад, өгөхөө өгөөд ингээд явах хууль эрх зүйн систем нь байгаа боловч үүнийг хэрэгжүүлэхгүй байна. Нөгөө л нэг станцдаа утаа гаргах сонирхолтой хэвээрээ. Үүнийг төр засаг анхаарах хэрэгтэй гэж боддог.

-Ямар нэгэн алхам хийх шаардлагатай гэж та үзэж байна уу?

-Үүнийг шийдвэр гаргагчид бодлогын түвшинд л гаргаж ирэхгүй бол болохгүй. Жишээлбэл санхүүгийн механизм, хууль эрх зүйн орчин гэх мэт. Үүрэг хүлээсэн хэрэглэгч гэсэн хууль эрх зүйн орчин гарчихсан яваад байна. Гэхдээ бодлогын түвшинд өндөр технологио хэрэглэх хөшүүрэг хол л байгаад байна гэж харж байна.

-Шнайдер электрик компанийн эдийн засгийн хүчин чадал, орлого, түүний хуваарилалтын талаар мэдээлэл өгч болно биз дээ?

-Жишээлбэл, Шнайдер электрикийн 2016 оны орлого нь 24.5 тэрбум орчим байсан. Бид орлогынхоо 5 хувийг судалгаа шинжилгээний ажилд зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, технологийн хөгжүүлэлтэд шууд зарцуулдаг гэсэн үг. Дэлхий даяар Шнайдер электрик 100 гаруй оронд салбартай, 144 мянган ажилтантай үйлдвэртэй учраас энэ ажилтны тоо их өндөр гардаг. 2016 оны борлуулалтын 43 хувийг барилга, орон сууц буюу олон нийтийн байгууламжаас авсан орлого, өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгөөс гэсэн үг. 22 хувь нь дэд бүтэц буюу шугам сүлжээ, ашиглалтын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж гэх мэт төслөөс авдаг. Дэлхий даяар нийт борлуулалт нь 28 хувь байдаг. Хамгийн өндөр ашиг олдог нь хойд Америк. Мөн Баруун Европ 27 хувь, Ази номхон далайн бүс нутаг 17 хувь, дэлхийн бусад бүс нутаг 18 хувийн ашигтай зах зээлийн тоглогч юм. Дашрамд хэлэхэд дэлхийн глобал фортун 500 компанийн жагсаалтад Шнайдер электрик 250 дугаар байрт жагсдаг. Үүнээс дээгүүр Apple, Microsoft гэсэн технологийн компаниуд орно. Дан инженерийн чиглэлээр жагсаавал Шнайдэр электрик эхний аравт зүй ёсоор багтдаг.

Сонирхуулахад 2017 онд Шнайдер электрик ногоон хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч топ 10 компанийн нэгээр шалгарсан.

-Шнайдер электрикийн технологи дэлхийн 100 гаруй улс оронд салбараа нээсэн гэлээ. Тэдгээр улс орнуудаас хамгийн амжилттай яваа улс, орон гэвэл аль улсыг нэрлэх вэ?

-Шнайдер электрик өөрөө Франц гаралтай компани. 1880-аад онд ах дүү Шнайдер хамтран байгуулсан компани учир Франц улс бараг 100 хувь ашгаараа ноёрхсон байдаг. Зах зээл дээр Франц улс гол тоглогч нь гэсэн үг. Үүний дараа хойд Америк, Хятад хоёр ордог. Хятад илүү том бүс нутаг учраас дангаараа үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнээс гадна зүүн өмнөд Азийн бүс гэж Хятадаас бусад орон багтдаг. Хойд Америк, Хятад хоёр маш амжилттай өсч буй зах зээл. Монгол Улсын харьяалагддаг зүүн өмнөд Азийн зах зээл одоогийн байдлаар амжилттай өсч яваа бүс нутаг.

-Тухайн улс орны онцлогтой холбоотойгоор шинэ технологи нэвтрүүлэхэд өөр өөр бэрхшээл тохиолддог байх. Үүнийг Шнайдер электрик хэрхэн шийддэг вэ?

-Шнайдер электрик бол 180 гаруй жилийн түүхтэй глобал компани. Дэлхийн 150 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулахад янз бүрийн хүндрэл бэрхшээл гардаг. Гэхдээ бид глобал үйл ажиллагаа явуулдаг учраас бэрхшээл сорилтыг даван туулахад хялбар байдаг. Жишээ нь Шнайдер электрик Монголд таван жил үйл ажиллагаагаа явуулж байна. Солонгос улсад 20 гаруй жил, Хятадад 30 гаруй жил, Сингапурт 40 гаруй жил үйл ажиллагаагаа явуулсан байна. Монгол Улс Өмнөд Солонгос болон Сингапур улсаас дэмжлэг авдаг. Энэ улс орнууд нь маш арвин туршлагатай учраас Монгол Улсад оффис нээхэд энэ хоёр улсын туслалцаа их байсан гэхэд хилсдэхгүй. Улс орон бүр өөр өөрийн гэсэн онцлогтой, эдийн засгийн онцлог болон хүн ардын соёлтой. Нэг талаас бид 180 жилийн туршлага дээрээ үндэслэж сорилтыг даван туулдаг гэж хэлж болно. Нөгөө талаас Шнайдер электрик олон улсын компанийн хувьд олон улсын хэм хэмжээ, тухайн улсын хууль эрхзүйн орчныг маш сайн чандлан дагаж мөрддөг. Авлига хээл хахуулиас ангид, цэвэр аргаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Манай компанийн ёс зүйн зарчим, хариуцлагын зарчим гэж байдаг. Бид үүнийг маш сайн чандлан мөрддөг. Үүнд хэн нэгнийг доромжлохгүй, хэн нэгнийг ялгаварлан гадуурхахгүй гэх мэт НҮБ-ын хүний эрхийн түгээмэл тунхаглалтай адилхан зүйл байдаг. Мөн ёс зүйн хэм хэмжээ, олон улсын хэм хэмжээг мөрдөн ажилладаг. Энэ хоёр зарчим дээр үндэслэж бид улс орнуудад үйл ажиллагаагаа амжилттай явуулж чаддаг.

-Тухайлбал Монгол дахь Шнайдер электрикт Монголын нөхцөл байдалтай холбоотой ямар асуудал тулгарч, ямар боломж харагдаж байгаа вэ?

-Энэ асуултад хариулахаасаа өмнө нэг зүйлийг илүү тодорхой болгоё. Шнайдер электрикийн хувь үндсэн гурван түвшинд асуудал болоод түүний шийдлийг авч үздэг. Level 1, Level 2, Level 3 гэж. Түвшин нэгд connected device буюу хоорондоо холбогдсон төхөөрөмжүүд. Жишээ нь интернет, дотоод сүлжээгээр холбогдон удирддаг төхөөрөмж. Хоёр дахь нь Hcontrol буюу захын болон хязгаарын хяналт удирдлага гээд гар утас, аппликейшн гэх мэт. Харин level 3 түвшинд дата буюу мэдээлэлд анализ хийдэг илүү үйлдвэрлэлийн түвшний систем юм. Энэ гурван түвшнээс доор level 0 гэж байдаг. Энэ түвшинд Шнайдер электрик тоглодоггүй. Тодруулбал Хятад юм уу, Орос ч юм уу, бидний өмнө хэрэглэж байсан хуучны технологиуд болох дижитал тоон түвшинд хүрдэггүй технологиудийн зах зээл гэсэн үг. Бид энэ түвшинд амжилттай ажиллаж байгаа гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл энэ түвшинд хүмүүс хөрөнгө оруулж чадахгүй учраас тэр.

Шнайдерийн хувьд level 1, 2, 3 дээр Монголтой хамтарч ажиллах сонирхолтой байгаа юм. Жишээ нь Мьянмар бол Монголтой ижил түвшний хөгжиж буй орон. Тэдгээр оронд зөвхөн level 0 түвшинд ажилладаг. Харин Монгол бол level 1, 2 дээр ажиллахад боломж өндөртэй улс. Яагаад гэхээр Монголчууд шинэ техник технологид илүү анхаарал хандуулдаг. Цаашдаа бид бүх түнш, хамтрагч болон дистрибьютор компаниудтай level 3 түвшин дээр ажиллахаар төлөвлөж байна. Нэг болон хоёрдугаар түвшинд амжилттай хэрэгжсэн төслүүд олон байгаа учир level 3 түвшинд ажиллахаар зэхэж байна.

level 0 түвшний бүтээгдэхүүнүүдийг бол аль ч улс орон үйлдвэрлэж чадна. Монголд ч үйлдвэрлэж чадна. Харин нэг болон хоёрдугаар түвшний хувьд Монголд зах зээл нь байна. Бид үүн дээр төвлөрч ажиллана. 0 түвшин дээрээ суурилаад энэ 0 түвшний төхөөрөмжүүдийг, тодруулбал кабелын утас, унтраалга гэх мэт зүйлс дээр тулгуурлан үүнийгээ интернетэд холбох, сүлжээнд холбох гэхчлэн үүгээр л Шнайдэр электрикийн онцлог гарч ирж байгаа юм. Бид нэг, хоёрдугаар түвшинд тоглоод эхэлчихсэн. Одоо гуравдугаар түвшинд орохоор ажиллаж байна.

-Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг илүү дэвшилттэй, ахисан түвшинд хүргэх боломжтой гэж ойлгож болох нь ээ, тийм үү?

-Бид олон улсын үндэстэн дамнасан корпорацийн хувьд маргаашийг харж тухайн улсад хөрөнгө оруулдаг. Өнөөдөр бид Монгол Улсад маш их хөрөнгө оруулж үйл ажиллагаагаа явуулж байна. Шнайдер электрик өнөөдөр ашиг олохоос илүүтэйгээр алдагдалтай ажиллаж байгаа ч гэсэн Монголын гэрэлт ирээдүй, хөгжил бидэнд харагдаж байна гэдгийг онцолж хэлэх гэсэн юм.

-Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөгжилд дэм болохуйц сонирхолтой мэдээлэл өгч, нээлттэй ярилцсан танд баярлалаа.

Ярилцсан: Б.АМИРДАА

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
вкн(5.136.249.243) 2019 оны 09 сарын 19

внвн

0  |  0
Close menu