XX зууны уянгын их найрагч, Монголын уран зохиолын алтан үеийн нэрт төлөөлөгч Бэгзийн Явуухулан 1929 оны гуравдугаар сарын 15-ны энэ өдөр Завхан аймгийн Жавхлант суманд мэндэлжээ.
Б.Явуухулан 1949 онд анхны шүлгээ нийтлүүлснээс хойш 1950 онд “Бидний хүсэл”, 1952 онд “Цэнхэр мандлын тэнгэр дор” хэмээх хоёр ном хэвлүүлж, 1954 онд Москва хот дахь А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль, Москва хот дахь Тимерязевийн ХАА-н академид тус тус суралцаж төгсчээ.
Дэлхийд утга зохиолын боловсрол олгодгоороо хамгийн шилдэгт тооцогддог сургуулиудад суралцсан жилүүд бол Б.Явуухулангийн уран бүтээлийн цэцэглэлтийн онцгой үе юм.
Тэрээр мөн "Залуучуудын үнэн", "Улаанбаатарын мэдээ" сонинд сурвалжлагч, хариуцлагатай эрхлэгч, МЗЭ-ийн хороонд яруу найргийн зөвлөлийн эрхлэгч, нарийн бичгийн дарга, мэргэжлийн зохиолчоор ажиллаж байсан.
Б.Явуухулан нь 1967 онд "Би хаана төрөө вэ", "Сохор зоосны дууль", "Пионер", "Түлээчин", "Анхны цас" зохиолоороо Төрийн шагнал, 1979 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн ба 1982 онд ертөнцийн жамаар насан эцэслэсэн юм.
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн шүлгээс хүргэж байна.
МӨНГӨН ХАЗААРЫН ЧИМЭЭ
Зорин ирэх амрагаа хүлээхэд
Морин төвөргөөн зүрхнээ хоногшино
Шөнийн чимээгүй гадаа налайн
Унийн углуургаар саран гэрэлтэнэ
Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон баясгана.
Намрын сэрvvн унахлаар
Нуурууд ийм л байдаг уу
Хотон шувуудаа нvvчихлээр
Хатан хар ус уйдаа юу
ТУУЛЫН ШУГУЙ
Туулайн гүйдэл шиг салхинд
Туулын шугуй найгана.
Уулын согоо шиг хүүхэнд
Хайрын сэтгэл дасна.
Хээрийн салхинд Туул минь
Тахийн зоо шиг бидэрлэнэ.
Хайрын хүчинд сэтгэл минь
Тэнгэрийн заадас шиг гэрэлтэнэ.
Гүнзгий амьсгаа авмаар
Тал шиг бүсгүй чи юм.
Гүнд нь хангинах дууны
Эгшиг нь миний сэтгэл юм.
Мөнгөн аяга шиг гараас чинь
Туулын уснаас амсах юмсан.
Мөнхийн усыг уусан юм шиг
Танхил чамтай амьдрахсан.
Туулайн гүйдэл шиг салхинд
Туулын шугуй найгана.
Уулын согоо шиг хүүхэнд
Хайрын сэтгэл дасна.
Сэтгэгдэл ( 5 )
Хөх дунайн эрэгтгт дахиад чамтай учрахгүй Хөлгүй талимаарах нүдэнд дахиад би унахгүй Туулайн бөөр мод бидний тухай ярихгүй Туулан өнгөрөх насандаа хэн хэнээ мартагүй гэж нэг шүлэг нь санаанд орж байна
Бичсэн шүлэг найраглал нь хүний сэтгэлд хүрсэн ,нүдэнд харагдтал дүрслэгдэх агуу найрагч маань үе үеийн залууст домог болон мөнхөрч дээ
Дорнын их найрагч маань домог болон мөнхөрчээ.
Салхийг туулай гүйдлээр зүйрлүүлэх энэ уран санааг гайхамшигтай гаргасан. Хар ус нуурыг нүдээр хараагүй ч намар цагийн байдлыг хүний нүдэнд харагдтал дүрсэлсэн нь гайхамшигтай
Явуухулангийн шүлгүүд үнэхээр гоё!