-“Эмээлт” зах дээр ойролцоогоор хагас сая адууны арьс хадгалагдаж байгаа гэнэ. Засгийн газар, Арьс ширний үйлдвэр эрхлэгчдийн холбоо дотооддоо адууны арьс боловсруулах үйлдвэр барина гэдэг ч одоогоор ямар ч үйлдвэр баригдаагүй байна-
Малын түүхий эд, арьс ширээ боловсруулах үйлдвэргүй мөртлөө гадагшаа түүхийгээр нь гаргахыг Засгийн газраас хориглосон нь “Эмээлт” захын ханган нийлүүлэгчдийг /ченжүүд/ хүнд байдалд оруулжээ. Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай” 291 дүгээр тогтоол гаргаж, малын гаралтай боловсруулаагүй түүхий эд, арьс, ширийг гаргахгүй байхаар хоригложээ. Хилээр арьс, ширийг түүхийгээр нь гаргахгүй байгаатай холбоотойгоор “Эмээлт” захын хашаа бүрт олон мянган арьс шир хураалттай, зарим нь эхнээсээ муудаж эхэлжээ. Тэр тусмаа Монголдоо адууны арьсыг боловсруулж бүтээгдэхүүн хийдэггүй учраас хэрэгцээгүй түүхий эд болоод байна. “Эмээлт” зах дээрх нөхцөл байдлыг сурвалжиллаа.
Түүхий эд ханган нийлүүлэгч “Их уул” компанид гэхэд 20 мянга гаруй адууны арьс хураалгатай байлаа. Сүүлийн жил гаруйн хугацаанд малчид, нийлүүлэгчдээс авсан адууны арьсаа БНХАУ руу экспортолж чадахгүйгээс ийм их хэмжээгээр хуримтлагджээ. Эхнээсээ адууны арьс муудаж, заримыг нь хог дээр хаяхад хүрсэн гэж байв. Хаврын урин дулаан ирсэнтэй холбоотойгоор адууны арьсыг муудахаас сэргийлж, тус компани 7000 орчим адууны арьсыг давсалсан байна.
“ОДОО БАЙГАА АДУУНЫ АРЬСАА НЭГ УДАА ХЯТАД РУУ
ЭКСПОРТОЛЧИХМООР БАЙНА”
ТҮҮХИЙ ЭД ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ “ИХ УУЛ” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Н.ГАНХУЯГ:
-Монголд адууны ширээр бүтээгдэхүүн хийдэг үйлдвэр алга. Угаах хүчин чадалтай боловсруулах үйлдвэргүй мөртлөө боловсруулж, угааж гаргана гэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь төрийн бодлогогүй шийдвэр гэж хэлэхээс өөр аргагүй байна. Тийм учраас “Эмээлт” зах дээр түүхий эд ханган нийлүүлэгчид жил гаруйн өмнөөс худалдан авсан адууны арьсаа гаргаж чадахгүй байгаа. Хаврын урин дулааны улирал ирж байгаа учраас эхнээсээ муудаж эхэлсэн. Заримыг нь давсалсан ч энэ хэвээрээ зуныг хүргэвэл хаяхаас өөр аргагүйд хүрнэ. Засгийн газар шийдвэрээ эргэн харж, адууны арьсыг түүхийгээр нь Хятад руу гаргах боломжтой болно гэж найдаж байна. Урьдчилан сануулалгүй, хугацаа өгөлгүй төрөөс ийм гэнэтийн шийдвэр гаргасан нь биднийг олон сая төгрөгөөр алдагдалд орох эрсдэлд хүргэсэн. Адуу нь битүү туурайтай амьтан, өвчингүй гэдэг утгаар арьсыг нь угаахгүйгээр хил гаргадаг байсан. Бусдыг нь тодорхой хэмжээгээр угааж, цэвэрлэж гаргадаг. Ядаж одоо байгаа адууны арьсыг нэг удаа боловч Хятад руу гаргачихмаар байна” гэлээ. Хятад руу адууны ширийг түүхийгээр нь гаргахаа больсноор үнэгүй болжээ. Дэл сүүлний үнэ 16000 төгрөгтэй байсан ч угааж гаргах шийдвэр хэрэгжиж эхэлснээр үнэ нь мөн буурчээ. Одоо адууны ширийг сүүлтэй нь 10-15 мянган төгрөгөөр авч байна. Дэл, сүүл нь дангаараа 10000 төгрөг. Харин үхрийн ширийг Монголдоо боловсруулж, түүхий эд бүтээгдэхүүн хийдэг учраас асуудал үүсээгүй байна. “Их уул” компанийн хувьд “Монгол Шевро” компанийн бэлтгэн нийлүүлэгч аж. Нас бие гүйцсэн том эр үхрийн шир 15000 төгрөг бол бяруу, бага үхрийн шир 8000 төгрөгөөр худалдан авч байна. “Дархан минж”, “Дархан нэхий” зэрэг үйлдвэрүүд үхрийн ширээр дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа учраас үхрийн арьс харьцангуй борлуулагдаж байна. Хонины нэхий 1000-1400 төгрөг, ямааны ноолууртай арьс 30000-45000 мянган төгрөг байна. Борлонгийн ноолууртай арьс 20000-25000 төгрөгийн үнэтэй байна.
БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧ Д.МӨНГӨНГАЛТ: АДУУНЫ АРЬС БОЛОВСРУУЛДАГ ҮЙЛДВЭР АЛГА БАЙНА
-Зөвхөн нэг хашаанд гэхэд 20000-30000 адууны арьс хураалгатай байгаа. Аймаг, сумдуудад мөн хэдэн мянгаараа адууны арьс хаягдаж байна. Муудуулахгүй давсална гэхээр 4000-5000 төгрөгөөр давсална. Гадагшаа гаргахгүй юм чинь тэр үнэндээ шатах гээд байдаг. Тэгэхээр төр засгаас түүхийгээр нь хамаагүй гаргамаар байна. Цаашид зун болохоор үнэр орно, муудна. Мөнгөөр авчихаад дээр нь хаяхдаа хүртэл мөнгө зарцуулж, алдагдалд орох гээд байна. Хятад руу гаргахгүй юм бол эртхэн хаясан нь дээр болж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
“Эмээлт” зах дээр ойролцоогоор хагас сая адууны арьс хадгалагдаж байгаа гэнэ. Засгийн газар, Арьс ширний үйлдвэр эрхлэгчдийн холбоо дотооддоо адууны арьс боловсруулах үйлдвэр барина гэдэг ч одоогоор ямар ч үйлдвэр баригдаагүй байна. Харин “Эмээлт” зах дээр адууны дэл, сүүлийг угааж, цэвэрлэж, бэлдэц хийдэг шинэ үйлдвэр энэ өвөл байгуулагджээ. Дэл, сүүл боловсруулах “Их зам транс” компани байгуулагдсанаар адууны дэл, сүүлний үнэ харьцангуй тогтвортой байгаа аж. Өмнө нь 2014, 2015 онд хураагдсан 500 мянга гаруй адууны ширийг түүхийгээр нь экспортод гаргах нэг удаагийн шийдвэрийг Засгийн газраас 2016 онд гаргаж байжээ: “Эмээлт”-ийн ханган нийлүүлэгчид ийм нэг удаагийн арга хэмжээг хэрэгжүүлэхийг хүлээж байна. Арьс, шир үйлдвэр эрхлэгчдийн холбоо төрд асуудлыг уламжлах ёстой аж.“Арьс, ширний урамшуулал авч байгаа малчид ажилдаа хянуур хандмаар байна”
Малчид малаа төхөөрөхдөө ч хариуцлагатай ханддаг болмоор байгааг ченж нар учирлаж байна. Өвлийн хүйтэнд хөлдүү арьсыг малчдаас авахдаа бүрэн бүтэн байдлыг нь шалгаад авна гэдэг боломжгүй. Тиймээс ирсэн арьс, шир бүрийг худалдан авдаг ч дараа нь үйлдвэрт очихоор гологддог. Урагдсан, цоорсон байдгаас үнэ буурдаг байна.
БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧ О.БУЯНЦОГТ:
-Малчдад бас дутагдал байдаг. Малчид түүхий эдээ стандартын дагуу бэлтгэх ёстой. Махаа л бүтэн авч байвал болно гээд арьсыг нь урчихдаг. Арьсаа муудуулдаг. Хамаагүй эсгэж цоолдог, урдаг. Малаа эрүүлжүүлээгүйгээс болоод арьс ямар нэгэн байдлаар гэмтсэн байдаг гэх мэт малчдаас шалтгаалах зүйл байна. Үхрийн ширийг гэхэд л голд нь цоолчихоор ашигтай талбай нь багасчихдаг учраас үйлдвэр авахдаа үнийг нь буулгадаг. Адууны арьс маш нимгэн учраас урагдаж муудах нь амархан. Тиймээс адууны арьс маш их урагдаж, цоорсон ирдэг. Иймд малчид өөрсдөө хүртэл малаа төхөөрөхдөө хариуцлагатай хандмаар байна” гэсэн юм. Арьс ширний урамшуулал гэж улсаас малчдад урамшуулал өгдөг. Бод малын арьсанд 15000 төгрөг, бог малын арьсны урамшуулалд 5000 төгрөг олгодог. Малаа төхөөрөхдөө хянуур хандаж, арьсыг бүрэн бүтэн авчирж өгч байгаа малчдад арьс ширний урамшууллыг нь өгдөг болмоор байна гэдгийг ченж нар онцолж байна.
НООЛУУР ХЭНТИЙД 120 МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
“Эмээлт” зах дээр ямааны мах 4500-5000 төгрөг, хонь 5000-5500 төгрөгөөр худалдан авч байна. Үхрийн махыг 6500-7000, адуу 6000, тэмээний мах 4000 төгрөгөөр худалдан авч байгаа юм. Тэмээний мах ховор ирдэг ч Нарантуулын ойролцоох зоогийн газрууд гол төлөв тэмээний махыг хоол, хүнсэндээ хэрэглэдэг байна.
Харин Эмээлтэд ноолуур 100.000-110.000 төгрөгийн үнэтэй байна. Орон нутгаас ирүүлсэн мэдээллээр ноолуур Төв аймагт 108 мянган төгрөг, Сүхбаатар, Дорнод аймгуудад 110 мянга, Хэнтийд 120.000 төгрөгийн үнэ хүрчээ.Хөдөө аж ахуйн биржээс өгсөн мэдээллээр “Ноолуурын үнэ өнгөрсөн оныхтой харьцуулахад ханш нь буурахгүй байхаар ажиглагдаж байгаа. Нэгдүгээрт, Засгийн газраас баталсан “Ноолуур” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжинэ. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдэд Хөгжлийн банкнаас зээл олгож байгаа. Ноолуурын төвлөрсөн худалдааг хэд хэдэн аймагт хийе гэсэн төлөвлөгөөтэй байна. Үндэсний үйлдвэрүүдэд урилга явуулна. Гадаад, дотоодын ноолуур худалдан авагчид төвлөрсөн худалдаанд оролцох боломжтой. Мөн төвлөрсөн худалдаанд малчид оролцох боломж нээлттэй. Тэгэхээр дундын дамжлагагүйгээр малчид ноолуураа борлуулах боломж бүрдэнэ” гэсэн юм. Өнгөрсөн жил ноолуур зарим аймагт 116 мянган төгрөгт хүрч байв.
Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙН СОНИН"-оос унших боломжтой.
Сэтгэгдэл ( 3 )
Amidaar n aduu Gargaj bolohgui!!!!! Harin aris gargahgui gej heleegui shuuu
Muudahaas ni omno 1 udaa hileer gargaad naad zah,talbaig ni zaichlaad ,tseverlvvlmeer yum daa
Адууны арьсыг нь гаргаад өгөөч энэ бол ард түмний л өмч юмдаа ямар хулгайн эд биш