АНГЛИ МАЯГИЙН САЛАЛТ:  Британыг хатуу буулт хүлээж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 26

Британийн парламентын ги­шүүд Брексит буюу Их Британийн Европын Холбооны гишүүнчлэлээс гарах талаарх хэлэлцээрийг дахин няцаалаа. Европын эрх баригчдын зүгээс Британийн Ерөнхий сайд Тереза Мэйд хийсэн буулт ч нөхцөл байдлыг аварч чадсангүй. Хэлэлцээрийн эсрэг 391 парламентын гишүүд саналаа өгсөн бол 242 нь дэмжсэн байна. Ингэхдээ Их Британийн хувь заяаг шийдвэрлэх асуудлын эсрэг санал өгсөн хууль тогтоогчдын тоонд Мэйн намын 75 нөхөр нь оржээ.

 Санал хураалтын дүн гарсны дараа Тереза Мэй парламентчид үйл ажиллагааны дараагийн журмыг тодорхойлох ёстой хэмээн сануулав. Брекситийн эцсийн хугацаа энэ сарын 29-ний өдөр тул алгуурлах цаг бага үлдсэн байв. Энэ сарын 13-нд Нийтийн танхим хэлэлцээр байгуулалгүйгээр Брекситийг хэрэгжүүлэх асуудлаар эцсийн санал хураалт явуулсан бөгөөд мөн л дэмжлэг авч чадсангүй. Ингэснээр энэ сарын 14-нд Брекситийн хугацааг сунгах тал дээр санал хураалт явуулав. Британийн хууль тогтоогчдын 413 нь Брекситийн хугацааг сунгахын төлөө саналаа өгсөн бол 202 эсрэг санал өгчээ. Тиймээс Их Британи өмнө нь төлөвлөгдөж байсанчлан  энэ сарын 29-нд ЕХ-ноос гарахгүй гэсэн үг.

Ирэх долоо хоногт түүний хэлэлцээр хууль тогтоогчдын дэмжлэгийг авч чадвал, Брекситийн хугацааг гурван сараар буюу зургадугаар сарын 30 хүртэл хойшлуулах боломжтой гэж Мэй хэлжээ. Эс бөгөөс илүү урт хугацаа шаардагдах болно. Ямар ч тохиолдолд энэ асуудал ЕХ-ны бусад 27 гишүүн орны дэмжлэгийг авах ёстой. Консерватив намын гишүүдийн олонх нь Брекситийн хугацааг хойшлуулахын эсрэг санал өгчээ. Үүнд Тереза Мэйн танхимын долоон гишүүд орсон. Тиймээс Мэй Хөдөлмөрийн нам болон бусад сөрөг хүчнийхэнд найдахаас өөр аргагүй болж байна. Удаан хугацааны турш Их Британийг энэ сарын 29-нд ЕХ-ноос гаргахын төлөө зүтгэсэн Тереза Мэй Брекситийн хугацааг хойшлуулахын төлөө санал өгсөн байна. Тэрбээр “салалтын” хугацааг сунгах нь ардчилалд итгэх итгэлийг сулруулж болзошгүй хэмээн өмнө нь сануулж байсан. Хугацааг сунгаснаар Их Британи ирэх таван сард болох Европын парламентын сонгуульд оролцох болж байна. Ирэх лхагва гарагт Тереза Мэй Брекситийн хэлэлцээрийн талаар бас нэг санал хураалт явуулахаар төлөвлөжээ. Гэтэл Брюссельд /ЕХ-ны төв/ Брекситийн хугацааг сунгах үндэслэл байхгүй гэж үзэж байгаа тул энэ асуудал мухардмал байдалд орох магадлалтай байна. Европын зөв­лөлийн дарга Дональд Туск ЕХ-ны зүгээс Их Британитай хэлэлцээр байгуулах тал дээр бүх зүйлийг хийсэн гэсэн бол Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн л Брекситийн хугацааг сунгахын эсрэг байр суурьтай байгаа. Хэрэв британичууд хугацааг сунгах учир, шалтгаанаа тодорхой тайлбарлаж чадвал боломжгүй гэх зүйлгүй. Гэвч, Брюссельд Их Британи дахин ямар тайлбар гаргаж тавихыг ойлгохгүй байгаа нь илт.

Брекситийн асуудал аль хэдийн Британийн нийгэмд хагарал үүсгээд байна. Англи болон Уэльс ЕХ-ноос гарахын төлөө байгаа бол эдийн засгийн үр дагавраас нь эмээж буй Шотланд болон Умард Ирланд эсрэг байр суурийг баримталж байна. Гэхдээ, эцсийн шийдвэрийг зөвхөн Британийн парламент гаргана.

Хэлэлцээрийн талаар парла­ментчидын дунд битгий хэл, Мэйн танхимд ч санал нэгдэж чадахгүй байгаа. Энэ оны хоёрдугаар сард Британийн дөрвөн сайд Их Британийг ЕХ-ноос хэлэлцээр байгуулалгүй буюу “хатуу” нөхцөлтэй гарахаас зайлсхийх үүднээс Ерөнхий сайддаа Брекситийн хугацааг сунгахыг уриалж байсан.

Лондон, Брюссель хоёрын дунд үл ойлголцлыг бий болгож буй гол асуудал нь Умард Ирланд, Бүгд Най­рамдах Ирланд Улсын /БНИУ/ хил. Одоогийн байдлаар, Их Британийн бүтцэд ордог Умард Ирланд, ЕХ-ны гишүүн Бүгд Найрамдах Ирланд Улсын хооронд хилийн зааг байхгүй. Лондон хилийг бүрэн бүтэн байдлаар тогтоох тал дээр зогсож байгаа бол Брюссельд ийм хилийн зурвас улс төрийн хямралыг бий болгож, бүс нутгийн эдийн засагт ноцтой үр дагавар учруулна хэмээн болгоомжилж байна.

Мэй Их Британи ЕХ-ноос энэ оны гуравдугаар сарын 29-ний өдөр гарсан ч  ЕХ-ны Гаалийн холбоо болон Европын нэгдсэн зах зээлд 2020 оны сүүлч хүртэл хэвээр үлдэх саналыг дэвшүүлж байсан. Энэ нь “зөөлөн нөхцөлтэй” Брекситийн хувилбар юм. Түүнчлэн, шилжилтийн үед Лондон, Брюссель хоёр цаашдын хамтын ажиллагааны хэлбэрийг зөвшилцөж, эхний ээлжид, Умард Ирланд, БНИУ-ын хооронд бодит хилийн зурвас тогтоохоос зайлсхийсэн хэлэлцээрийг авч хэлэлцэх саналыг зүтгүүлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Лондон, Брюссель хоёр тохиролцоонд хүртэл Умард Ирландын газар нутагт ЕХ-ны дүрэм, журам үйлчилсэн хэвээр байх юм.

Брекситийг дэмжигч нар энэхүү механизм нь Британийг тодорхойгүй хугацаагаар Европын дүрэмтэй уяна хэмээн болгоомжилж, үүний эсрэг байр суурьтай байна. Тереза Мэй Еврокомиссын тэргүүн Жан-Клод Юнкертэй энэ байдлаас гарах боломж олгосон хэд хэдэн өөрчлөлтийг оруулах тохиролцоонд хүрсэн.  Гэвч Их Британийн Ерөнхий прокурор эдгээр өөрчлөлтүүд Их Британи Европын дүрэмд тодорхойгүй хугацаагаар баригдах эрсдэлийг бууруулсан ч бүрэн арилгаагүй хэмээн дүгнэсэн нь парламент дахь Тереза Мэйн суларсан байр суурийг улам хүчгүйдүүлэв.

Ройтерс агентлагаас явуулсан судалгаанд оролцсон эдийн засагчдын дийлэнх олонхи буюу 54-ийн 51 нь энэ сарын 29-нд товлогдсон Брексит хэрэгжихгүй гэж үзэж байсан нь биеллээ оллоо. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд Их Британи ЕХ-ноос гарч чадахгүй гэж үзээд Брекситийн хугацаа энэ оны долдугаар сар хүртэл хойшлогдоно хэмээн таамаглаж байв. Хилийн маргаанаас гадна талууд худалдааны болон гаалийн асуудлаар тохиролцоонд хүрч амжаагүй л байна.

Их Британи ЕХ-ноос гарснаас үүдэлтэй сөрөг талууд тодорхой байгаа ч давуу тал нь өнөө хэр бүрхэг байгааг шинжээчид дүгнэжээ. Харин цагаачдын тоо жилд 200 мянгаар буурна гэдэг нь дамжиггүй. Хэдийгээр энэ нь британичуудын амьдралын түвшинг нэмэгдүүлэхгүй ч, Брюсселийн хэтэрхий зөөлөн цагаачлалын бодлого тэдний дургүйцлийг хүргэхээ болино.

“ЕХ, Английн “салалт” оролцогч талуудад аль алинд нь ашиггүй. Нэр төрийн хувьд ч, хөрөнгө оруулалтын хувьд ч бизнест хохиролтой. Мэдээж хэрэг, олон жилийн бизнес харилцаа тасрахгүй ч, гадаад худалдааны сал­бар дахь хамтын ажиллагаанд олон тооны хүндрэлүүд гарч ирнэ”, гэж Олон улсын санхүүгийн төвийн шинжилгээний газрын дарга Роман Блинов онцолжээ.

Брекситээс хойш британичуудад тулгарах гол асуудал бол Гаалийн хямрал. Брюссель, Лондон хоёр худалдааг зохицуулах асуудал дээр тохиролцоонд хүрч чадсан тохиолдолд ч хүндрэлүүд гарсаар байх болно гэж шинжээчид дүгнэж байна. 

Брекситийн үр дагавар Европын хүчтэй болон сул гишүүн орнуудад өөр өөр тусна. Грек болон Зүүн Европын эдийн засгийн хувьд сул улс орнууд санхүүгийн тусламж, хөнгөлөлтийг илүү шаардах бол Герман, Франц, Итали, Хойд Европын улс орнууд эсрэгээр бодлогоо чангатгаж эхэлнэ. Энэ нь Бүх Европын “завийг” ганхуулах замыг нээнэ гэсэн үг юм гэж шинжээчид ярьжээ. 

Үүнээс үзвэл Их Британид үүсээд буй нөхцөл байдал нь сэтгэл хөдлөл, хувийн амбицад хөтлөгдөх бус, эртнээс тохиролцох нь чухал гэдэг сургамж болж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top