"Зиндаа" сэтгүүлийн №13 дугаарын "Хүмүүн цадиг" булангийн онцлох зочин Монголын Үндэсний урлагийн их театрын Ерөнхий захирал, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл байлаа. Түүнийг уншигчид маань "Хувьсал"-ын Цогоо гэдгээр нь андахгүй. Энэ эрхэм хүмүүний сонирхолтой ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
-Бидний урилгыг хүлээн авч, ярилцахыг зөвшөөрсөнд баярлалаа. Та тэр болгон хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй ховор зочдын нэг болжээ. Энэ ч утгаараа таныг уншигчид маань ч олзуурхан хүлээж авах байх гэж бодож байна?
-Маш их баярлалаа. “ЗИНДАА” сэтгүүлийн хамт олон, уншигчдад энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.
-Тантай уулзахаас өмнө ярилцлагаа ямар асуултаар эхлүүлэх вэ гэж их бодлоо. Яагаад ч юм таны дотоод хүн, дотоод сэтгэлийг “онгичмоор” санагдаад болдоггүй. Гэхдээ та яагаад хэвлэлд ярилцлага өгөх дургүй болчихов оо?
-Би түргэн ааштай. Хамаагүй үг хэлчих гээд байдаг. Тэгээд ч “би” гэж ярих дургүй. Өнөөдөр уран бүтээлчдийн маань амьдрал дээшилж, гэрэл ассан зүйл ховор байна. Ийм байхад ярилцлага өгөөд явах нь зохимжгүй л дээ.
-Та 200 гаруй уран бүтээлчийн “эцэг”. Эцэг хүн ямар байхаас шалтгаалж тэр гэр бүлийн амьдрал уншигддаг. Харин “үр хүүхэд”-ээ өнгөтэй, өөдтэй явуулахын тулд сэтгэлдээ ямар жанжин шугам баримталдаг вэ?
-Би Монголын Үндэсний урлагийн их театрыг Монголын үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга нэртэй байхад нь даргаар ирсэн. Өөрөөр хэлбэл, 2012 оны дөрөвдүгээр сарын 1-нд албан ёсоор ажлаа хүлээж авч байлаа. Түүнээс хойш зургаан жил өнгөрсөн байна. Манайх 200-гаад уран бүтээлчтэй. Монгол Улсын тусгаар тогтнолын гал голомт нь гэж хэлж болно. Үндэсний гэх бүх л зүйл манайд байна. Энэ байгууллагыг удирдаж байгаадаа өөрийгөө азтай хүн гэж боддог. Хүн болгонд заяахгүй их хувь заяа юм. Бас асар их хариуцлага ч гэж ойлгодог шүү. Нөгөөтэйгүүр манайх авьяас, цэвэр мэдрэмжийн газар. Амьд, халуун мэдрэмж гэх үү дээ. Шүдэнз зурахад сар гээд л асдаг биз дээ, тэр мэдрэмж. Асч, унтарч чаддаг, бас асааж чаддаг мэдрэмжийг л хамт олноосоо шаарддаг. Миний баримталдаг жанжин шугам гэвэл хүнтэй нь л харьцдаг даа. Би ажилтан болгонтойгоо уулздаг, ар гэрийг нь мэддэг. Энэ чинь амьдралын гоё өгөгдөл, агшин юм.
-Та урлагийн олон төрөлд хүч үзэж, хат суусан уран бүтээлч. Гэхдээ сүүлийн зургаан жил та үндэсний урлагт хүчин зүтгэж байна. Уг нь, таны унаган мэргэжил жүжигчин, найруулагч байх аа?
-Тийм. Харин чиглэл маань продюсер. Би драмын урлаг, кино урлаг, хошин урлаг, рок поп, загварын ертөнцөд ажиллаж байлаа. Өнөөдөр үндэснийхээ урлагт хүчин зүтгэж байна. Миний хувь тавилан л даа. Зарим нэг нь намайг тогтворгүй, олон тийшээ үсчсэн гэж бодох л байх.
-Та бас их зальтай харагддаг шүү?
-Заль гэдэг чинь ухаан шүү дээ. Зальгүй бол хүнд сэтгэлгээний өндөрлөг гэж байхгүй. Бүх хүн л зальтай. Харин ямар үед яаж гаргаж байгаа нь ухаан, түүгээрээ л ялгарах байх.
-Ер нь, продюсерийн мэргэжил эзэмшсэн хүн олон биш байх аа, тийм ээ?
-Үнэн. Монголд продюсер гэдэг бол их том үг шүү. Энэ мэргэжлээр төгссөн хүн байдаг эсэхийг мэдэхгүй юм.
-Та продюсерээр ажиллаад удаж байна. Харин та хэр баян хүн бэ. Учир нь, олон улсад продюсеруудыг баян чинээлэг, эдийн засгийн хараат бус болчихсон байх шаардлагатай гэж үздэг юм билээ?
-Монголд баян хүн ховор шүү дээ. Зарим хүнийг “би баян” гэж хэлэхээр өмнөөс нь ичдэг. Даруухан, хөдөлмөрч, чадвартай хүн бол бий.
-Би танаас тэс өөр хариулт хүлээж байлаа?
-“ЗИНДАА” гэдэг үг өөрөө асар том зүйлийг илэрхийлдэг.
-Би хувьдаа одоо цагт хүний чин сэтгэл, нөхөрлөлийн үнэ цэнийг олоход бэрх болсон гэж боддог. Ховордсон гэх үү дээ. Та юу гэж боддог вэ?
-Цоггэрэлийн бүх л муухай аашийг хүлээн зөвшөөрдөг хүнийг л жинхэнэ найз, нөхөрлөл гэнэ дээ. Би өөрөө ч яг тэгэж амьдардаг. Нэг нэгнээ хайрлаж, хүндлэхэд хандлага их чухал байдаг.
-Сайхан хариулт байна. Тэгвэл та хэр зөрүүд хүн бэ?
-Би асар их зөрүүд.
-Зөрүүд хүн алдаж байж ухаардаг гэдэгтэй санал нийлэх үү?
-Магадгүй.
-Та хэр алдаж байв?
-Би зөндөө алдсан. Тэр алдаанаасаа зөндөө ухаарсан. Харин хүн төрийн байгууллагад ажиллахаараа алдах эрхгүй болчихдог юм билээ. Ухаарах, ойлгох зүйл ч их байдаг. Би байнга л боддог юм. Театрынхаа шинэ ордонг барьчих л юм бол хамгийн анхны тушаалаа гаргаад өөрөө явна даа гэж. Анх ирэхдээ л хамт олондоо хэлж байсан.
-Ингэхэд Монголын Үндэсний урлагийн их театрын шинэ ордонтой болох хүсэл тань хаана очоод гацчихсан юм бэ. Их олон жил яригдлаа шүү дээ?
-Эрх баригчид театр барьж өгнө гэж амласан. Манайд дэлхийн стандартад нийцсэн, хүлээн зөшөөрөгдсөн тайз алга. Монголын Үндэсний урлагийн их театрын тайз онцгой байх ёстой. Гадны ямар ч уран бүтээлч ирээд тоглосон гологдохооргүй байх шаардлагатай. Гэтэл зөвхөн газрын зөвшөөрөл авах гэж олон хүнтэй уулзлаа. Нааштай хариу өгөхгүй, зовлонтой юм. Үнэндээ манай театрын ордныг хаана барихаас эхлүүлээд өндөр ач холбогдол өгөх ёстой л доо. Үнэхээр л эх орноо гэсэн бодол, үзэлтэй л юм бол энэ театрын шинэ ордонг барих ёстой гэж боддог. Даанч миний эрх мэдэл хүрэхгүй байна.
-Дэлхийн стандартад нийцсэн ордонтой болоход хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай юм бэ?
-Шалихгүй. Ойролцоогоор 150-иад л тэрбум төгрөг. Гэхдээ театрын барилга хотын төвд сүндэрлэх ёстой ч хот газар өгдөггүй. Ойлгодоггүй, ойлгох сэтгэл байдаггүй.
ЯАГААД ХҮН ХҮНДЭЭ ХАЙРГҮЙ БОЛЧИХОВ ОО
-Та урлагт зүтгээд 30 гаруй жил болжээ. Уран бүтээлч хүнд эмзэглэл гэж байдаг. Уран бүтээлчид маань янз бүрээр л хариулдаг юм. Зарим нь “Урлаг хатуу. Заавал нэг зүйлээ зольж байж амжилтад хүрдэг” гэдэг. Харин та уран бүтээлч хүнийхээ хувьд сэтгэлдээ ямар эмзэглэл тээж явдаг нь сонин байна л даа?
-Маш гоё асуулт байна. Би өөрийнхөө хэмжээнд 20 орчим жүжиг, 7 кино хийжээ. Хошин урлагт олон жил зүтгэсэн. Драмын урлагт ч багагүй хугацаанд зүтгэсэн байна. Театрын урлаг, зах зээл ямар хүнд байсныг хүмүүс мэднэ. Жүжиг бол хүний оюун ухааныг нээж өгдөг. Үүний төлөө би зүтгэсэн. Ямар ч байсан 2010 он хүртэл хувийн жүжиг хийсэн. Харин 1993-2000 он хүртэл хошин урлагаар амьсгалсан. Театрын урлагт тодорхой хэмжээний уран бүтээлийг хийж эхэлсэн ч эргээд сонин байдалд орчихлоо л доо. Уг нь хамгийн хоцрогдохгүй урлаг нь үндэсний урлаг, сонгодог урлаг, драмын болон кино урлаг байх ёстой.
-Магадгүй тантай санал нийлэх олон хүн байгаа байх. Учир нь, орчин цагт театрыг зорьдог хүн ховор, жүжиг үздэг залуус гэж бараг алга байна шүү дээ?
-Манай “Хувьсал” продакшн байна. “Хувьсал” гэдэг нэрийг ямар ч үед цаг үеэ мэдэрч, байнга хувьсах ёстой гэдэг утгаар нь өгч байлаа. Өнөөдөр театр яг л ийм байх ёстой. Цаг ямагт амьд байх шаардлагатай.
Би театрыг хамгийн их амьд байгаасай гэж боддог. Тэнд сэтгэлтэй, авьяастай хүмүүс л орших ёстой юм. Түүнээс амбицтай, ажил хийдэггүй, авьяасгүй, арчаагүй хүмүүсээр дүүрэх ёсгүй л дээ.
Өнөөдөр яагаад театрын урлаг хүнд байна. Яагаад үндэсний урлагт орж ирэх уран бүтээлчид онцгой биш байна. Яагаад хэн нэгэн цойлж гарч ирэхгүй байна вэ. Бүр сүүлийн арван жилд шүү. Бид боловсон хүчний хомсдолд орчихсон байна. Багш муу газраас ямар ч авьяастан төрөхгүй нь ойлгомжтой. Багш, оюутны ялгаа гэж алга. Тэнд сурч байгаа оюутан жилд 3-5 сая төгрөгийн төлбөр төлчихөөд эцэст нь хэлмэгдэж байна шүү дээ. Яагаад хүн хүндээ хайргүй болчихов оо гэж л эмзэглэх юм.
БИ ХҮНД МУУ ЗҮЙЛ ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ
-Урлагт зүтгэсэн он жилээ эргээд нэг харахад алдаа нь их байх юм уу, оноо нь их байх юм уу?
-Сайн нөхдийн хүчинд оноо нь их, алдаа нь бага. Алдаагаа ухамсарлаж байж оноогоо зөвтгөж явжээ. Би хүнд муу зүйл хийж үзээгүй. Нөхөрлөвөл нөхөрлөсөн шиг нөхөрлөж, хаявал хаясан шиг хаядаг. Миний аавын хэлдэг сайхан үг байдаг. “Чи хүнд хэр сайн тусална түүний чинь буян ирнэ. Чамд ирэхгүй юм аа гэхэд үр хүүхдэд чинь ирнэ” гэж. Миний амьдралдаа баримталж явдаг жанжин шугам минь гэх үү дээ.
-Ингэхэд та эцэг, эхээс олуулаа. Багаасаа л бужигнаж өссөн байх аа?
-Би эхээсээ 10-уулаа. Айлын долоо дахь хүүхэд нь. Аавыг минь Сүхбаатар аймгийн Д.Жунай овгийн Ишийн Гончиг гэдэг. Дарьганга сумын уугуул. Харин миний ээж Эрдэнэцагаан сумын үзэмчин. Тайж угшилтай, айлын хамгийн бага охин байсан. Нэрийг нь Товог гэдэг. Миний ээж энэ орчлонгийн хамгийн сайхан хүүхэн. Зургийг нь харахад нүд, хамар, үс, гэзэг нь үнэхээр гайхамшигтай. Би тийм сайхан эхээс төрсөндөө баярладаг.
-Бас их сайхан эхнэртэй. Таны эхнэрийг Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг гэдгийг уншигчид андахгүй. Одоо “Хувьсал” продакшны захирлаар ажиллаж байгаа бил үү?
-Тийм. Манай гэр бүлийн хүн авч явдаг. Би бол эхнэрээ магтана аа. Миний эхнэр шиг хөдөлмөрч, гайхамшигтай, мундаг эмэгтэй ховор. Над шиг муухай ааштай, сонин, олон өнгөөр солигддог хүнийг тэвчиж чаддаг. Агуу хатан ухаантай эмэгтэй бол миний эхнэр.
-Хэр цаг зав гаргаж байна даа?
-Хамгийн муу. У.Уранчимэгээс өөр хүн байсан бол “За больё доо, Цогоо минь” гэж хэлэх байсан гэж боддог.
-Яагаад тэр вэ?
-Төрийн ажлыг хийхэд хувийн ажлыг хийхээс хоёр дахин их ачаалал, эрчимтэй ажилладаг. Би нэр хүнд гэдэг зүйлийг л асар их чухалчилдаг. Өнөөдрийн Үндэсний урлагийн их театрын дарга муухайгаар яригдах л юм бол хэзээ ч өөдлөхгүй. Би улаан тугийг нь бариад урд нь гишгэж байгаа л бол муу, сайхан нэрийг сайнаар нь л харуулах үүрэгтэй.
БИ “ХУВЬСАЛ”-ЫГ БУЯНТАЙ АЖИЛ ХИЙДЭГ БАЙГУУЛЛАГА ГЭЖ БОДДОГ
-Танаас “Хувьсал” продакшны чинь талаар асуулгүй өнгөрч болохгүй. Урлагийн салбарт бас л том орон зай эзэлдэг, тэр хэрээр гарсан уран бүтээл бүр нь чанартай, хүнд хүрдэг шүү дээ. Харин одоо “Хувьсал”-ынхаа талаар ямар бодол тээж явдаг нь сонирхолтой хариулт байх болов уу?
-Би “Хувьсал”-ыг яг ганцаараа авч явж байсан. Бүх зүйлийг нь ганцаараа л хийдэг байлаа. Залуу нас, дээр нь дур сонирхолтой ч байсан. Өнөөдөр манай “Хувьсал” продакшн хүн бий болгодог, жүжигчдийг олонд таниулдаг байгууллага. Маш олон уран бүтээлч манайхаар дамжлаа. Өнөөдөр “Хувьсал”-аар дамжиж гарсан манай жүжигчин, хөтлөгч Ууганбаяр, Топ модель Пүрэвсүрэн, “Акапелла” хамтлагийн залуус, жүжигчин Эрхэмбаяр гээд байна. Хамгийн сүүлд л гэхэд Ганцэцэг, Ганчимэг хоёр маань бие дааж уран бүтээлээ хийхээр гарлаа. Би “Хувьсал”-ыг буянтай ажил хийдэг байгууллага гэж боддог. Хүнээр бол их урт насална даа. Хамгийн ариун гэгээн газар гэж боддог шүү. Бүтээл хийсэн хүн бүр, тэнд оршиж гарсан хүн бүр л хэлнэ дээ. Лав л муулахгүй байх гэдгийг бардам хэлэх байна.
-Би сэтгүүлчийнхээ хувьд бичиж, нийтэлж түүнээсээ кайф авдаг. Харин уран бүтээлч хүнийхээ хувьд та юунаас аз жаргал, таашаал авдаг вэ?
-Би өөрийнхөө бодсон сюжет болгон амьдарч байгааг хараад баярладаг. Миний сэдсэн санаа болгон гэсэн үг. Өнөөдөр “Хувьсал”-ын жүжиг, кино бүхэн миний санаа байдаг. Тэрэндээ би бахархаж, баярлаж явдаг. Би бүх жүжгийнхээ нэрийг өөрөө өгдөг. Залуу насандаа багтамгүй олон уран бүтээлийг сэдэж хийж байлаа. Би 20-иод жүжиг, 7 кино хийсэн байна. “Хувьсал”-ын бүх уран бүтээл хит болсон шүү. “Шөнө дундын бүжиг”, “Чамайгаа алдмааргүй байна”, “Надаар тоглосон хайр”, “Нэг л уучилья”, “Бид эрчүүдийг хүснэ”, “Зургадугаар сар минь баяртай” гээд л. Би жүжгийнхээ гол санааг нь хэлж өгдөг. Ш.Гүрбазар, Б.Батрэгзэдмаа нар бичээд л ирнэ. “Шөнө дундын бүжгийг” эхнэртээ зориулж бичүүлж байлаа. С.Жаргалсайхан гэж аугаа жүжгийн зохиолч шүү дээ. Бид хоёр шөнөжингөө ярьж байж билээ.
-Яаж тайтгардаг вэ?
-Нэг бол усанд сэлнэ, эсвэл хөдөө гарна. Бүр болохгүй бол эмэгтэйчүүдтэй ярьж суух дуртай. Миний хийсэн бүтээл болгон дандаа эмэгтэй хүнийг магтан дуулсан байдаг. Мундаг эрчүүдийн гол түлхүүр нь эмэгтэйчүүд байдаг. Би эмэгтэй хүн, эх хүнийг дээдэлдэг.
-Эмэгтэй хүнд хатуу хандаж үзсэн үү?
-Үгүй. Миний ганц хүсдэг зүйл бол ямар ч хүн эмэгтэй хүнд муу зүйл битгий хийгээсэй гэж боддог. Эхнэрээ алгадчихаад дараа нь үнсдэг эрчүүдэд дургүй. Би эхнэртээ хатуурхаж үзээгүй. Яах вэ, хэрэлдэх үе байдаг. Гэр бүлээрээ гавьяатууд гэж хүндлэгддэгээрээ бахархаж явдаг. Гэр бүл гэдэг бие биедээ итгэх итгэл байдаг юм байна гэж боддог. Амьдралд бие биедээ итгэх шиг сайхан зүйл байхгүй. Итгэл байж л тэнд хүн оршино. Итгэл байж тэнд бат бөх суурь тогтоно. Хүний хувь тавилан гэж байдаг. Бурхны зурсан зургаар л явж байна даа.
-Та хувь заяаны зураг, төөрөгт итгэдэг хэрэг үү?
-Итгэдэг. Миний зургийг бол сайн зурсан гэж боддог шүү.
-Тэгвэл та улс төр хэр сонирхдог вэ. Танд улс төрд хөл тавих бодол байдаг уу?
-Үгүй. Гэхдээ өнөөдрийн бодлого, чиглэлийг 76 гишүүн хуульчилдаг. Өөрөөр хэлбэл, бидний хувь заяатай холбоотой асуудлыг хэлэлцдэг, шийддэг гэдэг талаас нь улс төрийг сонирхдог.
-Хүн мөрөөдлөөр, бас дурсамжаар амьдардаг гэж боддог. Яг одоо та юу хүсч, мөрөөдөж байна вэ?
-Монголын урлагийн ирээдүй сайн сайхан байхыг л мөрөөдөж сууна даа. Залуу уран бүтээлчид маш хурдтайгаар дэлхийд гарч ирээсэй гэж хүсэж байна. Бид хаттай, зоригтой, тэвчээртэй байх ёстой. Урлаг бол хүний л гоо сайхан. Биеийн болон сэтгэлийн гоо сайхан юм. Өөрийн чин сэтгэлийн зориг, хүч нь байх хэрэгтэй. Ингэхийн тулд бие, сэтгэлийн гоо сайхнаа хөгжүүлэх хэрэгтэй байна. Дээр нь авьяасаа сайн хөгжүүлэх шаардлагатай. Үүнийг л одооны залуус ойлгохгүй юм.
...Тэр өөрчлөгджээ. Миний мэдэх “Хувьсал”-ын Цогоо биш болсон нь анзаарагдана. Хатуухан хэлэхэд, тэр өмнө нь “би”-гээр өвдсөн нэгэн байв. Харин өөдөөс минь харан суугаа гавьяатын харцнаас хамт олноо гэсэн сэтгэл, хийж бүтээхийн их “шунал” уншигдана. Үнэндээ Монголын Үндэсний урлагийн их театрыг дэлхийн стандартад нийцсэн шинэ ордонтой болгох яриа олон жилийн өмнөөс л сонсогдож эхэлсэн. Гэвч өнөөг хүртэл газрын асуудлыг нь хүртэл шийдэж чадаагүй л байна. Бас олон жил УДЭТ-ын тайзыг хувааж, тоглолт болон бэлтгэлээ хийсэн хэвээр байгаагаа ч хэлж байна. Ямар сайндаа л “Хоёр театрын нэг нь хаалгаа барьж байж л төр засгийнхан сая нэг анхаарах байх” гэж байх вэ. Энэ бол уран бүтээлч, тэр дундаа удирдах албан тушаал хашдаг хүний аргаа барсан үг гэлтэй...
Ярилцсан: Б.ТӨРБАТ
"Зиндаа" сэтгүүл №13.
Сэтгэгдэл ( 2 )
Saihan yriltslaga boljee! Ajild ni amjilt xusii
Миний охин Монголын Үндэсний Урлагийн Их Театрт 1 жил ажиллаад гарсан юм. Энэ хамт олон үнэхээр сайхан хамт олон байна лээ. Цогоо дарга хамт олноо маш сайхан удирдаж авч явдаг, ажилчидтайгаа энгийн сайхан харицдаг, хувь хүний хувьд сайн хүн шиг санагдсан. Ажилд нь амжилт хүсье.