"Зиндаа" сэтгүүлийн "Хүмүүн цадиг" булангийн хойморт "Гранд премиум" ХХК-ийн ерөнхий захирал Зоригтын Тамир хэмээх туулсан замтай, бүтээсэн үйлстэй эрхэм уригдлаа. Тэрбээр Монголын бизнесийн орчныг ээлтэй болгохын төлөө сэтгэлээ чилээж, хойч үеийнхэндээ санхүүгийн боловсрол олгохын чухлыг онцолж байна.
-Таны бизнест хөл тавьсан түүхээс ярилцлагаа эхэлье. Анхны компаниа хэзээ байгуулж байв?
-Би нягтлан бодогч хүн л дээ. Тийм учраас хамгийн сайн чаддаг ажлаа л хийе гэж бодсон. 2008 онд анх санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг “Гранд актив” компаниа байгуулж байлаа. Одоо бид 100 гаруй компанид нягтлан бодох, санхүүгийн үйлчилгээг үзүүлж байна. Манай компани өргөжиж “Гранд премиум” ХХК-ийн дор дөрвөн охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж байгаа.
-Танай компани энэ хугацаанд нэлээд өргөжсөн байна. Бизнесийн орчин ер нь ямар байв?
-Манай улсын хувьд компанийн хөгжил гэдэг ойлголт их өөр. Гадаад оронд байдаг шиг жижгээс эхлээд томрох боломж манайд бүрэлдээгүй. Манайхаар санхүүгийн тайлангаа хийлгэдэг олон компани бүгд л нэг зовлон ярьдаг юм. Тэр нь бизнесийн орчин дахь татварын асуудал. Энэ асуудал дээр л үйл ажиллагаа явуулж байгаа болон дөнгөж шинээр байгуулагдсан ААН- үүд сөхрөөд байна. Уг нь нэгэнт ААН байгуулсан юм чинь орлогоо бүрдүүлж ашгаа олоод, улсад татвар төлөх ёстой. Гэтэл орлого нь зарлагадаа хүрдэггүй, ашиг байхгүй, дээр нь манайхан санхүүгээ барьж сураагүй. Яг цэвэр орлого нь хэд юм, зарлага нь хэд юм, хэдээс нь ашиг олж байна гэдгээ зарим нь мэддэггүй. Зүгээр л худалдагчийн хар дэвтэр шиг юм хөтлөөд явдаг. Үүн дээр л их алддаг юм билээ. Дээр нь санхүүгийн төлөвлөлт хийж сураагүй байна. Компани байгуулах уу, үгүй юу гэдгээ шийдэхдээ хариуцлагатай бус, сэтгэл хөөрлөөр ханддаг нь үүнд нөлөөлж байгаа. Ядаж л улсад хэдэн төгрөгийн татвар төлөх ёстойгоо төлөвлөж мэдэхгүйгээр бизнес рүү орж байна шүү дээ. Тэгээд эцэст нь “Тайлан гаргана гэдэг чинь ямар хэцүү юм. Татварын асуудал үүсч байна. Нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөх ёстой гэж байна” гээд л зовлон тоочдог. Ингээд л хоёр өөр замаар явж байгаа юм. Нэг хэсэг нь ерөөсөө больё гэдэг бол, нөгөө хэсэг нь татвараас зайлсхийх арга зам руу орж байгаа нь ажиглагддаг.
ИРГЭН 5 САЯ ААН 10 САЯ ГЭДЭГ БОСГО ХЭРЭГТЭЙ ЮУ, ҮГҮЙ ЮУ ГЭДГИЙГ Ч БОДОЖ ҮЗЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙХ. ОРЛОГО ОЛЖ БАЙГАА ХҮН БҮР НӨАТ ТӨЛӨГЧ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ БИ ҮЗДЭГ.
-Таны бодлоор энэ байдалд юу нөлөөлж байна вэ?
-Тэр хүн урьд нь ерөөсөө тийм юм мэдэж байгаагүй, бодож ч байгаагүй. Олон жил социализмын тогтолцоонд санхүүгийн мэдлэггүй явж ирсэн учраас гэнэт ийм асуудал үүсэхээр цочролд ордог. Тийм учраас одооноос эхлээд арван жилийн дунд сургуулиудад санхүүгийн хичээл заах хэрэгтэй юм байна гэж би боддог юм.
-Өндөр хөгжилтэй орнуудын дунд сургуульд ийм хичээл заадаг жишиг байдаг л даа.
-Мэдээж суурь хичээлүүд ордгоороо орно. Гэхдээ манай улс нэгэнт зах зээлийн эдийн засгийн тогтолцоог сонгосон учраас бизнес, санхүүгийн анхан шатны боловсрол олгох тал дээр анхаарахгүй бол жилдээ хэдэн мянган хүүхэд төгсөж байгаа шүү дээ. Гэтэл санхүүгийн төлөвлөлтийн “А” ч үгүй, нийтээрээ зүгээр л мөнгө үрдэг хүмүүс болон төлөвшиж байна. Бизнес эрхэлж байгаа зарим нэгнийг харахад үйл тамаа цайж хэдэн төгрөг олоод түүгээрээ Ланд-200 авна. Тэгээд л эргэлтийн мөнгөгүй болж машинаа ломбарданд тавиад л өрийн сүлжээнд орж байна. Ийм байдал нь санхүүгийн наад захын мэдлэггүй байгаатай шууд холбоотой.
-Монголын бизнесийн орчинд ямар асуудал хамгийн их тулгамдаж байгаа харагддаг вэ?
-Бизнесийн орчны тухай ярихад, хамгийн эхний асуудал нь санхүүгийн мэдлэг муутайгаас үүдэлтэй татварын асуудал юм. Хоёрдугаарт, татвар дотроо ярихад НӨАТ- ын асуудал. Жил болгон л олон мянгаараа хэрэгт орж мөрдөгддөг, шалгагддаг асуудал гарч байна. Би олон жил санхүүгийн ажил хийж байгаа хүний хувьд хэлэхэд, ерөөсөө бүгд л НӨАТ төлөгч байх нь зөв юм шиг санагддаг. Жишээ нь, хувь хүнээс бараа авлаа гэхэд НӨАТ бичигдэхгүй. Тийм учраас хуурамч НӨАТ-тай худалдан авалт хийх алхам руу маш олон ААН орж байна. Манай санхүүгийн систем, татварын бодлого буруу байгаа учраас л ийм байдал үүсч байгаа.
-Бүгд НӨАТ төлдөг болох юм бол асуудал шийдэгдэнэ гэж та үзэж байна уу?
-Хамгийн нэгдүгээрт ААН-үүдийн хувьд НӨАТ төлөгч мөн, биш гэсэн асуудал үүсэхгүй. Иргэн 5 сая, ААН 10 сая гэдэг босго заавал байх хэрэгтэй эсэхийг ч бодож үзэх шаардлагатай байх. Ер нь орлого олж байгаа хүн бүр НӨАТ төлөгч байх ёстой гэж би үздэг. Жишээ нь, 100 айлыг хар л даа. Тэнд хэдэн зуун сая төгрөг эргэлдэж байгаа. Гэтэл НӨАТ төлдөггүй. Энэ чинь улсын эдийн засагт ч гэсэн хохиролтой биз дээ.
-Таны бодлоор ямар гарц байна вэ?
-Хамгийн түрүүнд иргэддээ санхүүгийн боловсрол олгох хэрэгтэй. Тэгээд татварын асуудлаа зохистой хуульчлаад зохицуулчихвал болмоор санагддаг.
-Үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэхэд төр засгийн бодлогын дэмжлэг үнэхээр чухал байдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Эргээд таны бизнесийн сэдэв рүү оръё. Таны бизнесийн дараагийн алхам юу байв?
-Тайланг нь гаргаж өгдөг компаниудтайгаа хамтран ажиллаж байхдаа, манайхан юм хийе гэхэд тоног төхөөрөмж нь байдаггүй юм байна гэдгийг олж харсан. Ихэнх нь социализмын үеийн хуучин тоног төхөөрөмжтэй байлаа. Герман, Америкийн тоног төхөөрөмж авъя гэхээр дийлдэшгүй үнэтэй. Үйлдвэрлэлийн салбарт уг нь мэргэжлийн ур чадвартай, сэтгэж бүтээдэг оюуны өндөр чадамжтай хүн олон байдаг. Хийе гэхээр тоног төхөөрөмжөө авч дийлдэггүй. Энэ үндсэн дээрээс би тоног төхөөрөмжийн зуучлалын компаниа байгуулж байсан юм.
-Нэг ажлаас нөгөө ажил нь ургаж гарч ирсэн байна шүү дээ.
-Тийм ээ. Эхэндээ компани болгоё гэж бодоогүй. Хятадад сурдаг манай менежер тоног төхөөрөмжийн үйлдвэрүүд рүү холбогдож хүчин чадал болон үнийн саналыг нь аваад харьцуулалт хийж Монголын үйлдвэрүүдэд санал болгон зуучлах хэлбэрээр л эхэлсэн. Бид ашиг харалгүйгээр нэг талд нь тоног төхөөрөмж олж өгөх, нөгөө талд нь цаг хугацаанд нь төлбөрийг нь төлүүлэх байдлаар ажилласан юм. Ийм маягаар 20-30 хүнд зуучлаад хүмүүс нь ам сайтай, ажил урагштай болоод эхлэхэд нь ААН болгож “Гранд бизнес трейд” компаниа байгуулж байлаа. Хамгийн гол нь Хятадын үйлдвэрүүдтэй сайн харилцаа тогтоож ажлаа явуулаад, Монголынхоо үйлдвэрлэл эрхлэгчдэд чанартай тоног төхөөрөмж нийлүүлэхийг үндсэн зорилгоо болгосон. Энэ зорилгоо ч хэрэгжүүлж байгаа.
-Танайх бас үйлдвэрлэл эрхэлдэг гэсэн байх аа?
-Энэ бол нөгөө л тайлангаа хийлгэдэг компаниудтай холбоотой/ инээв/. Манай харилцагчид дотор барилгын компани олон байдаг. Тэдэнд ажлын хувцасны хэрэгцээ их. Манайхан урд хөршөөс ажлын хувцас их хэмжээгээр оруулж ирж байгаа харагддаг. Эхлээд би тайлан хийлгэдэг хүмүүсээсээ захиалга авч өөр оёдлын үйлдвэрт захиалга өгч хийлгээд буцаагаад нийлүүлдэг байлаа. Захиалга авдаг оёдлын үйлдвэрүүд маань манайхаар тайлангаа хийлгэдэг боллоо. Ийм маягаар хагас жил орчим болсон юм. Тэгээд туршилтын журмаар захиалга авч үзлээ. Боломжийн байхаар нь компаниа байгуулсан. Гэхдээ ажлын хувцас бол дагалдах маягаар, харин гол үйл ажиллагаа маань Монголдоо биеийн тамирын хувцас үйлдвэрлэхэд чиглэгдсэн юм. Үзэсгэлэнд хүртэл оролцоод, материалын сайнаараа гайхагдаад амжилт олж эхэлсэн. Тэгээд бид Монголдоо үйлдвэрлэсэн даавуугаар биеийн тамирын хувцсаа оёвол бас нэг үйлдвэрт ч гэсэн дэм болно гэж үзээд хайж үзсэн. Харамсалтай нь ийм үйлдвэр олдоогүй. Тэгээд л Хятадаас даавуугаа аваад үйлдвэрлэлээ хөгжүүлж дэлгүүр, лангуу нээлээ. Гэтэл яг дэргэд хятад биеийн тамирын хувцасны лангуу ажиллаж хямд үнээр борлуулж эхэлсэн. Ингээд зэрэгцээд байж байхад монголчууд маань гадаадын бүтээгдэхүүнийг нь сонгоод авчихдаг юм билээ. Энэ тал дээр сэтгэл дундуур байдаг. Гурван юм худалдаж авлаа гэхэд ядаж нэгийг нь үндэсний үйлдвэрээсээ авдаг болоод эхлэх юм бол Монголдоо үйлдвэрлэх боломж нэмэгдэнэ шүү дээ. Гэтэл монголчуудад маань ийм сэтгэлгээ дутагдаж байгаа нь харагдсан.
Мөнгөөр юм л бүтээх ёстой болохоос биш, ямар ч зорилгогүйгээр үрээд байвал мөнгө биш цаас болж хувирна. Мөнгөөр ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
-Одоо танайх биеийн тамирын хувцсаа хийж байгаа юу?
-Уг нь монгол хүүхдүүддээ Монголдоо үйлдвэрлэсэн биеийн тамирын хувцас өмсгөх юмсан гэж их хөөцөлдөж явсан. Боловсролын яаманд хүртэл хандсан. Одоо үйлдвэрлэл маань үндсэндээ зогсонги байдалтай байна. Захиалга орж ирсэн үед л ажилладаг. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд төр засгийн бодлогын дэмжлэг үнэхээр чухал байдгийг яс махандаа шингэтэл ойлгосон доо.
-Төрийн байгууллагуудтай харилцахад ААН-ийн хувьд ямар хүндрэл бэрхшээл тохиолдож байна вэ?
-Хаалгаар нь ороход л жижүүр нь эвгүй угтаж авдаг. Яамд төрийн тусгай хамгаалалттай гэдгийг мэдэж байна л даа. Гэхдээ л ядаж сайхан мэндлээд угтдаг бол гэж бодогддог юм. Ороод уулзахаар уулзаж байгаа хүн маань дуугай суугаад л байна. Уг нь төрийн байгууллага бол иргэддээ үйлчлэх ёстой. Энэ мэт байдал нь харьцахад хэцүү болгож байгаа юм. Би тоног төхөөрөмжийн асуудлаар, мөн биеийн тамирын хувцасны асуудлаар хамтран ажиллая гэдэг санал тавьж үзсэн. Гэтэл тэр төрийн байгууллага хамтран ажилладаг байгууллагатай болчихсон гээд, ямар ч байсан бүгд л үгүй гэсэн хариулт өгсөн. ААН-ийн хувьд манай харилцдаг компани гэж яривал ойлгож болно. Төрийн байгууллага тэгж яримааргүй л юм. Болохгүй юм их байгаа. Гэхдээ болоод байгаа л даа /гашуунаар инээв/. ААН болон иргэдтэйгээ тэгш харьцаад саналыг нь хүлээж авч шийдэх нь тэдний үүрэг шүү дээ, уг нь. Төрийн үйлчилгээ гэж нэрлэдэг биз дээ.
МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ҮЙЛДВЭРЛЭДЭГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ
-Танайх бизнесийн шинэ төсөл хэрэгжүүлж байгаа юу?
-Хамтарч ажилладаг бизнес эрхлэгчидтэйгээ ярьж суугаад “Ер нь монголчууд яагаад харандаагаа ч хийж чаддаггүй юм бол. Польшоос, Хятадаас балын харандаагаа худалдаж авч байна” гээд санал бодлоо солилцоод, тэр нь явсаар байгаад үйлдвэрийн асуудал яригдсан юм. Хөрөнгө оруулъя гэсэн хүмүүс ч байгаа. Одоохондоо төслийн хэмжээнд байгаа зүйл л дээ. Би жишээ нь үйлээ үзээд л, олон хүнд цалин өгөөд, болоод ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг явснаас ломбард нээгээд суучихвал амар байхгүй юу гэж заримдаа бодогддог л юм.
-Тэр нь илүү хялбар гэж үү?
-Хялбар. Би санхүүгийн хүний хувьд сайн мэднэ. Мөнгө хүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ББСБ, ломбард бол нийгэмд юу ч бүтээдэггүй, зөвхөн ашиг олдог. Энэ нь ямар ч байсан улсын хөгжилд нэмэр болохгүй гэж үздэг учраас би үүнийг хийхгүй л дээ. /инээв/
-Гэхдээ хүмүүсийн амьдралд өнөө маргаашаа аргацаахад нь хэрэг болдог юм биш үү?
-Ядуу буурай оронд л мөнгө хүүлэх ажиллагаа их хөгждөг юм билээ. Хэчнээн их ядууралтай байх тусмаа төдий чинээ сайн хөгжинө. Хөгжсөн улсуудад бол юу гэж гар утсаа лизингээр авч, ломбарданд тавиад явж байх вэ дээ. Гар утсаа ломбарданд тавиад мөнгө авдаг гэвэл тэд гайхах биз. Тэгэхээр ганц л гол уриа байна. Монголчууд өөрсдөө үйлдвэрлэдэг болох хэрэгтэй, өөрсдөө юм хийх хэрэгтэй. Нэг нэгнээ шулаад, нэгэн дээрээ ажиллаад байх нь гол биш юм.
БОДО ШЕФЕРИЙН “САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРЭХ ЗАМ” ГЭДЭГ НОМЫГ УНШААРАЙ ГЭЖ ЗӨВЛӨЕ
-Таны яриад байгаа санхүүгийн боловсрол олгох хичээл л хэрэгтэй юм байна даа. Хүн болгон насан туршдаа мөнгөтэй харьцана шүү дээ.
-Ийм боловсрол олгох тогтолцоо байхгүй учраас л бид ийм байдалтай яваад байна шүү дээ.
-Хүүхдүүдийг одооноос эхлээд орлого зарлагаа тооцдог, мөнгөө юунд зарцуулаад байна гэдгээ бодож үздэг сэтгэлгээтэй болгох хэрэгтэй юм биш үү?
-Энэ сэтгэлгээг суулгах ёстой л доо. Гэтэл оюутан хүүхдүүд 70 мянгаа аваад хоёр өдөр шоудаад дуусгаж байна гэдэг. Тийм бодлогогүй. Уг нь ном дэвтрээ авах, сургалтын төлбөртөө нэмэрлэхэд нь боломж олгож байгаа хэлбэр биз дээ. Яг тэр зориулалтаар нь ашигладаг, 70 мянгаа цуглуулсаар байгаад төлбөрөө төлдөг хүүхдүүд ч байдаг. Нийтээрээ тийм биш л дээ.
-Танайх барилгын салбар компанитай гэсэн байхаа. Энэ ажил руу хэзээ оров?
-Тайлангаа хийлгэдэг барилгынхан эхэлж санал тавьсан юм. Манайх ийм ажил авсан. Замаск хийлгэх хэдэн хүн хэрэг болоод байна гээд. Эхэндээ би дүүгээ, хүргэнээ туслах ажилчнаар нь явуулаад л жил гаруй болсон юм. Сүүлдээ захиалга ихсэхээр нь зар өгч хөлсний ажилчид аваад нөгөө хэд рүүгээ явуулдаг болсон. Иймэрхүү байдалтай явж байгаад л компаниа нээсэн. Одоохондоо туслан гүйцэтгэх ажил хийж байна. Туслан гүйцэтгэгч хийхэд үндсэн ажил авсан компани нь мөнгөө өгдөггүй байх зэрэг асуудал бас гардаг.
-Ийм байдалд гол нь юу нөлөөлөөд байна вэ?
-Тогтвортой төрийн бодлого гэж ярьдаг даа, тэр л дутагдаж байна гэж боддог. Түшигтэй, тулхтай аавтай айл гэдэг ноён нуруутай байдаг шүү дээ. Гэтэл манай төрийн байгууллагууд бол иргэд, ААН- үүдээ хашрааж байна л даа. Би гэхэд өөрийнхөө чаддаг ажлаар бизнесээ эхлээд 100, 100 мянгаар нь хураагаад энэ компаниа босгож ирэхэд мөн ч их юмыг туулж байгаа. ААН-д мөнгөтэй байх ч үе байна, мөнгөгүй ч үе байна. Татварын өртэй байх бол байдаг, мөн шийдэгддэг л асуудал. Тэгэхэд данс хаачихдаг. Би энэ олон банкуудаас нэг банкийг нь сонгоод, нууцлалын гэрээ байгуулаад явж байхад улстай хамтраад биднийг ийм байдалд оруулна гэдгийг ерөөсөө ойлгодоггүй юм. Энэ бол банкны хувьд хууль зөрчсөн ёс зүйгүй үйлдэл. Ийм учраас л их мөнгөтэй хүмүүс нь гадаадын банк руу мөнгөө хийдэг байлгүй дээ гэж бодогддог юм. Би ч адил. Нэгэнт Монголын банкууд итгэл даахгүй байгаа учраас гадаадын банк манайд орж ирээд арилжааны гүйлгээ хийлээ л бол, тэнд компанийнхаа бүх дансыг шилжүүлэхэд бэлэн байна.
-Монголынхоо банкинд итгэх итгэл алдарсан учраас уу?
-Тийм ээ. Би байтугай бүх бизнес эрхлэгч нар бэлэн байгаа.
-ААН-үүдийн дансыг шууд хаах нь шударга биш л дээ.
-Данс нь хаагдчихсан компанитай харьцах харилцаа хүртэл өөрчлөгддөг учраас бид ажлаа явуулах, татвараа төлөх орлогоо алддаг. ААН-д ч хохиролтой, улсад ч хохиролтой. Бидний ярилцлагын эхэнд асуусан бизнесийн орчин гэдэг маань ийм л байна даа /инээв/.
-Бизнесийн орчин ийм байна. Гэтэл манай Монголын залуучууд ирээдүйд бизнес эрхлэх нь гарцаагүй. Буцаад коммунизм байгуулахгүй нь ойлгомжтой биз дээ?
-Арван жилийн дунд сургуульд бизнес, санхүүгийн боловсрол олгох хичээл заадаг болох л хамгийн чухал. Мөнгөний тухай ойлголтыг их зөв өгөх хэрэгтэй. Манайхан мөнгөтэй маш буруу харьцдаг. Мөнгийг мөнгө гэдэг үүднээс нь биш, зүгээр л нэг үрэх ёстой зүйл гэж ойлгоод байх шиг байгаа юм.
-Мөнгөөр юм л бүтээх ёстой болохоос биш, ямар ч зорилгогүйгээр үрээд байвал мөнгө биш цаас болж хувирна. Мөнгөөр ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, аливаа худалдан авалт хийхдээ энэ надад зайлшгүй хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг байнга бодож байх нь чухал юм.
-Дунд сургуулийн сурагч байх үеэс нь ойлголт өгч байж л манайхны сэтгэлгээ өөрчлөгдөх байх даа?
-Тийм ээ. Дээр нь нэмж алдартай мөнгөтэй хүмүүсийн түүхийг унших хэрэгтэй. Яагаад мандсан юм, яагаад буурсан юм. Тэр түүхүүдээс бага ч гэсэн ойлголт авч байж л өөртөө тусгаж авна шүү дээ.
-Бизнесийн орчны энэ “барьцгүй” байдал хойч үед маань хэрхэн нөлөөлөх бол?
-Сөргөөр нөлөөлөх учраас л хүүхдүүдэд санхүүгийн боловсрол олгох хэрэгтэй гэж би яриад байгаа юм. Тэгэхгүй бол замбараагүй нийгэмд ажлаа бүтээхийн тулд хүмүүсийг дайлах ёстой юм байна, мөнгөгүй болчихвол энийгээ аваачаад зарчихаж болдог юм байна гэдгийг тэд чинь өдөр болгон л харж байгаа.
-Уг нь дараа үеийнхэн маань биднээс нэг түвшин, бүр хоёр түвшнээр илүү явах ёстой шүү дээ.
-Энэ бол хамгийн том асуудал. Гэтэл өнөөдөр дээд сургууль төгсөөд ирж байгаа хүүхдүүд маш хэцүү байна. Яагаад ийм мэдлэг муутай байдаг юм. Толгой муутай байна гэж баймааргүй л юм.
-Та өөрөө тэдний насан дээр ямар байв? Тэднийг тэр үеийн өөртэйгээ харьцуулж боддоггүй гэж үү?
-Би арван жилийн сургуульдаа сайн сурдаг байсан. Дээд сургуульд ч бас адил. Сургууль төгссөн хойноо өөрөө бие дааж нягтлан бодох бүртгэлийг сурсан. Эксель программыг нэлээн сайн эзэмшиж, англи хэлийг тодорхой түвшинд сурсан. Хийх юмаа бол амьдрал дээр гараад л хийсэн. Жишээ нь би 5-р ангидаа анх “Элс цас” романыг уншиж байлаа. Ном маш их уншдаг. Гэтэл одооны хүүхдүүд ном уншихгүй байна. Утсаараа фэйсбүүкт ороод л сууж байгаа харагдах юм. Хайран цаг. Уг нь бизнесийн зорилгоор ашиглавал үр дүнтэй л дээ. Хов жив унших нь цаг үрсэн л зүйл шүү дээ. Би бол Монголын ажил олгогчдын нэгний хувьд хэлэхэд, ажилд орж байгаа хүмүүс арай л биш санагддаг болжээ. Эсвэл миний шаардлага тийм өндөр байна уу. Наад захын юм мэдэхгүй, хариуцсан ажлаа ч хийж чадахгүй хүн олон байна.
-Залуучууд нь ийм байна уу, эсвэл ерөөсөө хүмүүс ийм болчихсон байна уу?
-Төгсөж ирж байгаа хүүхдүүд л ийм байна. Ажил хийгээд сурчихсан хүмүүс нь бол өөрсдийгөө үнэлчихсэн байдаг юм. Ажилд авах гэхээр юу хийхээ асуухгүй мөртлөө цалин хэд вэ гэж асуудаг. Тэгэхээр өндөр цалин өгвөл юу ч хамаагүй хийнэ гэсэн үг юмуу, ерөөсөө ойлгомжгүй /инээв/.
-Та тэдний оронд байсан бол яах байсан гэж?
-Би байсан бол, эхлээд юу хийх юм, миний ажил үүрэг юу юм гэж асуумаар байдаг. Үүнийгээ ойлгочихоод цалингаа ярилцах хэрэгтэй биз дээ. Би танайд ийм юм хийж өгнө. Энэ ажлыг хийж өгөөд танаас ийм хэмжээний цалин авмаар байна, болох уу гээд яривал өөр л дөө. Тэгэхгүй шууд утасны цаанаас юу хийхээ ч мэдэхгүй байж цалин ярих нь зохисгүй гэдгийг манайхан ойлгомоор байгаа юм. Тэгээд энэ хүүхдүүд юм бичсэн ч алдаатай бичих юм. Нэг л их өмнөх үеэ үгүйсгэсэн хүмүүс байх юм даа.
-Өнгөрсөн түүхгүйгээр, өмнөх үегүйгээр яаж амьдрах гэж байгаа юм бол. Эсвэл мөнхийн залуугаараа байна гэж боддог юм болов уу? /Инээв/
-Юуг дамжиж, яаж явж ирсэний дараа өөрсдөө энд сууж байгаа билээ гэдгээ ойлгохгүй байх шиг байгаа юм. Үүнийг л эхлээд ойлгох хэрэгтэй байх. Бүгдийг нэгд нэгэнгүй уншиж судла гэж байгаа юм биш. Гэхдээ л нэг баримжаатай, багцаатай байх хэрэгтэй биз дээ. Манайд онцгой сайн хүүхдүүд цөөнгүй бий. Би бол ерөнхий массын тухай л яриад байгаа шүү дээ.
-Таны ширээний ном ямар ном? Та яг одоо ямар ном уншиж байгаа вэ?
-Миний ширээн дээр санхүү, бизнесийн олон төрлийн ном солигддог. Харин би уран зохиолд дуртай. Яг одоо А.Дюмагийн “Гүнгийн хатан Монсоро”-г уншиж байгаа.
-Өнөөгийн залууст таны яриад байгаа шиг санхүүгийн боловсрол олгогдоогүй. Та тэдэнд ямар ном унш гэж зөвлөх вэ?
-Саятан болохыг хүсвэл гэхчлэн олон янзын иймэрхүү ном уншаад саятан болохгүй л дээ /инээв/. Бодо Шеферийн “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” гэдэг номыг уншаарай гэж зөвлөе. Маш энгийн ойлголтыг өгсөн байгаа.
-Хэрвээ танд санал тавиад “Хүүхдүүдэд санхүүгийн анхан шатны хамгийн чухал ойлголтыг зааж өгөөч” гэвэл нэн тэргүүнд юуг ойлгуулахыг зорих вэ?
-“Санхүүгийн хариуцлага” гэж юу вэ гэдгийг л ойлгуулахыг хичээнэ.
-Сүүлийн асуултыг нээлттэй үлдээе.
-Төрийн бодлого тогтвортой, ойлгомжтой байвал эх орондоо амьдарч байгаа хүмүүст сайхан л байна байх. Ядаж л татварын хуулиа сайн болгочихвол бизнесийн орчин сайжирч, ард түмний амьдралд тэр хэмжээгээрээ нэмэр болно шүү дээ. Нэг компани шинээр байгуулагдахад 3 сарын дараа тайлангаа өгнө. Тэгээд л татвар ноогдчихдог. Ядаж нэг жил татваргүй байх хэрэгтэй байна. Харин бүгдийг нь НӨАТ төлдөг болгох хэрэгтэй. Тэгвэл нэг ч ААН татвараас зугтахгүй. Тэр хэмжээгээрээ төсвийн орлого нэмэгдэж, төрийн албан хаагчдын цалин ч нэмэгдэнэ. Гэтэл одоо систем нь буруу байгаа учраас компаниуд нь томорч чадахгүй байна. Компаниуд нь томрох юм бол улсдаа их татвар төлнө. Хаана хаанаа ашигтай. Ийм л болох хэрэгтэй байна даа.
-Бизнест тань амжилт хүсье.
Ярилцсан: Ц.Оюунчимэг
2017 он 06,07 сар "Зиндаа" сэтгүүл №05/505
Сэтгэгдэл ( 0 )