Б.Даваажав: Залуус бүгд тархины боловсролтой болжээ, харин зүрхний боловсрол дутаж байна

2021 оны 09 сарын 03

 

“ЗИНДАА” СЭТГҮҮЛИЙН 2019 ОНЫ №14/514 ДУГААРЫН "ХҮМҮҮН ЦАДИГ" БУЛАНГААС ОНЦОЛЖ БАЙНА.


Үйлдвэрлэл, урлалын Политехник коллежийн хаалгаар алхан ороход сургууль, соёлын газрын нийтлэг дүр болох дуу шуугиан, үймээн бужигнаан бус, харин ч эсрэгээрээ цэвэр цэмцгэр, намуухан орчин угтсан юм. Давхар бүрийн шатны дэргэд жижүүр оюутан зогсож, ирсэн хүн бүрийг найрсгаар мэндлэн угтах аж. Ихэнх байгууллага гаднаас өндөр дээд хэмжээний зочин ирэхэд л “Шинэ хувцсаа өмсөөрэй. Ширээний бүтээлгээ солиорой” хэмээн хөл алддаг бол Үйлдвэрлэл, урлалын Политехник коллежийн ердийн өдөр бүхэн ийм найрсаг харилцаа, харилцан хүндлэл, цэмцгэр орчин дунд өнгөрдөг ажээ. Энэ бүхнээс Б.Даваажав захирлын нягт нямбай хичээл зүтгэл харагдана.

Өдгөөгөөс хагас зууны тэртээ, 1966 онд ахуйн үйлчилгээ, уран баримал, уран сийлбэр, монгол дархны мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн энэ сургууль уран зураг, керамик, гобелен, үйлдвэрлэлийн график дизайн, арьсан урлал, металл урлал, чимэглэх урлаг, хувцасны дизайн, монгол зураг, автын засварчин, механик, цахилгаанчин, онгоцны үйлчлэгч, үсчин, гоо сайхан зэрэг нийтлэг үйлчилгээний чиглэлийн 36 мэргэжлээр хүрээгээ тэлж 1700 орчим оюутан сургаж, 145 багш ажиллаж байна. Тус сургуулийн үе үеийн төгсөгчдийн уран гараар бүтээгдсэн бүтээлүүдийг тоочиж баршгүй бөгөөд зэрвэс төдий дурдвал Төрийн ордон дахь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ёслол хүндэтгэлийн иж бүрэн сийлбэртэй гэр өргөө, УИХ-ын чуулганы танхим дахь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын эрдэнийн чулуун шигтгээт ширээ, сэнтий, индэр, Цагдаагийн ерөнхий газрын жанжин тугийн хорго, Дорноговь аймгийн Хамарын хийдийн сүмүүдийн чимэглэл, хаалга зэргийг нэрлэж болно. Энэ бүхнийг уншигчид нүдээрээ үзэж, телевизийн дэлгэцээр байнга хардаг учир ур хийцийг нь сайн мэдэх билээ.


УДМЫН ЦАДИГ

Монголчууд аливаа хүний мөн чанарыг танихын удиртгал нь түүний удам угсаа гэж үзэн түүгээр нь шинждэг. Хүн бүхэнд дээдэлж явдаг төрсөн нутаг, унасан газар, угаасан ус, алтан сургаалийг нь амьдралын дүрэм болгон дагадаг эцэг, эх, удам судар гэж бий. Батаагийн Даваажав захирлын хувьд нэр төртэй амьдарч, түмэндээ хэлэх үгтэй, хийсэн бүтээлтэй байхын сайхныг ааваасаа харж, түүнээс суралцаж, бахархаж явдаг гэдгээ нэн түрүүнд хэлсэн юм. Тэрээр “Миний аав бол миний бурхан. Шангас ургийн овогтой энэхүү дөрвөд айлын сайн сайхны эхлэл нь аав, ээжийн минь нутаг, уул нь өндөр, ус нь тунгалаг Увс аймгийн Ховд сум юм. Аав маань бурхан учир төрсөн нутгийг нь бурхдын орон хэмээн санадаг” гэж бахархал дүүрэн ярьсан билээ.

Батаагийн Даваажав захирал бол Монгол Улсын гавьяат механикжуулагч Доржийн Батаагийн том хүү. Доржийн Батаа гэхээр газар тариалангийн салбартай амьдралаа холбосон олон хүн андахгүй.

Батаа гуай алс баруун хязгаар нутгаасаа 1957 онд гарч Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйд ирж тракторч комбайнчаар ажилласнаас хойш бүтэн жарныг элээж, өнөөдөр 90 насыг зооглоод байна. Монгол Улсын газар тариалангийн салбарт хэлэх үгтэй, хүндлүүлэх гавьяатай, дуурсагдах алдартай хүний хүү болж төрсөндөө нүүр бардам явдгаа “Хүмүүн цадиг”-ийн зочин хүүрнэсэн юм.

Батаагийн Даваажав захирлын унасан газар нь Төв аймгийн Жаргалантын САА. Одоогийн Төв аймгийн Сүмбэр сум, тухайн цагийн Жаргалантын САА-н долдугаар тасаг буюу Хар эрэгийн тасаг бол түүний аав Д.Батаа гуайн баатрын энтэй өрнүүн их ажлынх нь талбар байв. Баатрын энтэй гэсний учир бол Хөдөлмөрийн баатар 14-ийг эгнээнээсээ төрүүлсэн Жаргалантын САА-н тариаланчидтай мөр зэрэгцэн алтан тариа найгаж, төмс, хүнсний ногооны арвин ургац бялхуулсан талбайд аварга комбайн нүргэлүүлж, Хөдөлмөрийн баатрын болзлыг хэдэнтээ биелүүлж, Улсын өндөр ургацын аварга цолыг гурвантаа хүртэж явсныг хэлж байгаа юм.

Б.Даваажав захирлыг хүүхэд байхад тэдний хашааны хаалган дээр “БНМАУ-ын гурван удаагийн аварга комбайнч Доржийн Батаа энд амьдарч байна” гэсэн хаяг хадаастай, хүүхдүүд нь түүгээр нь ихэд бахархдаг байж.

Д.Батаа гуай жирийн тракторч комбайнчаас ажлын гараагаа эхэлж, төмс, хүнсний ногооны чиглэлээр дагнасан Октябрийн САА-г байгуулалцаж, орлогч дарга хүртэл дэвшиж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгмийн үеийг хүртэл туулж, нийгэм солигдож өмч хувьчлагдахад Төв аймгийн Сүмбэр сумын “Өгөөж Сүмбэр” ХХК-ийн тариан талбайн анхны шанг татаж, өнөөдөр ч 90 насны босгон дээр тус компанийнхаа зөвлөхөөр ажиллаж байна.

Батаагийн Даваажав гурван эгч, хоёр дүүтэй. Эгч нарынх нь нэг “Өгөөж Сүмбэр” компанийн захирал, нөгөө нь ерөнхий нягтлан гээд тариаланч удам үргэлжилсээр байгаа. Тэдний ээж дээхэн үед насан өөд болж, эгч дүүс аавынхаа нөмөр дор хөдөлмөрч, хичээнгүй, хэрсүү хүмүүс болон өсч өндийжээ. Аав нь тэдэнд “Ээждээ хайртай бол газартаа мөргөж яв” гэснээр үр хүүхдүүд нь байгаль дэлхий, газар усаа хайрлаж, өгөөж хишгийг нь хүртсээр яваа юм. Ийм л удмын цадиг сайтай гэр бүлд Батаагийн Даваажав захирал төрж, удам, судрынхаа заяаг түшиж, өгөөжтэй сайхан нутаг, тариаланч олны дунд тариа будаа, газрын үнэр үнэрлэж, ажил хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч өссөнөөрөө өдий зэрэгт хүрсэндээ сэтгэл дүүрэн явдаг хүн юм.  Аавынх нь хэлдэг “Ажлыг харж дуусгадаггүй, хийж дуусгадаг” гэсэн үг түүний ажлын гол мөрдлөг болжээ.

Сайн удмын цадиг цааш үргэлжилсээр. Б.Даваажав захирал хүү, охин хоёртой. Хүү нь нэгээс дөрөвдүгээр ангидаа Москва хотод суралцаж, дараа нь Улаанбаатарт орос 14 дүгээр сургуульд шилжин ирж дүүргэжээ. Тэгээд ОХУ-ын Дотоод явдлын яамны их сургуулийг 100 хувийн гүйцэтгэлтэй онц дүнтэй төгсөж, Москвад 25 настайдаа докторын зэрэг хамгаалсан нь Монголдоо хууль зүйн ухааны хамгийн залуу доктор болоод байна. Тэрээр цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад одоо БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газарт ахмад цолтой алба хашиж буй бөгөөд дунд сургуульд нэг ангид сурч байсан бүсгүйтэй гэр бүл болжээ. Б.Даваажав захирал таван настай ач охинтой, бас л мундаг хүн болно хэмээн ирээдүйг нь мөрөөдөж сууна. Захирлын охин ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Судалгааны их сургуульд хуульч мэргэжлээр суралцаж буй агаад орос, англи, солонгос хэл эзэмшжээ. Б.Даваажав захирал бурхан болсон төрсөн ахынхаа хүүг бас өөрийн хүү шиг хүмүүжүүлснээ өгүүлсэн.

АЖИЛ, АМЬДРАЛЫН ЦАДИГ

Батаагийн Даваажав захирал Монгол Улсын боловсролын салбарт цорын ганц байдаг Үйлдвэрлэл, урлалын Политехник коллежийг удирдаж байгаадаа багш мэргэжилтэй болсныхоо хувьд их бахархдаг гэлээ. Монгол дархан, үнэт эдлэлийн дархан, сийлбэр, уран зураг, чимэглэх урлаг, дизайны чиглэлээр сургалт явуулж буй мэргэжлийн боловсролын салбар Монголдоо ганцхан гэдгийг тэрээр ам бардам хэлж байв. Сургуулийг зөвхөн удирдах бус, хамт олноосоо байнга суралцаж байдаг нь түүний бас нэгэн бахархал. Тэрээр 1987 онд Улаанбаатар хотын Багшийн сургуульд элсэн орж, бага ангийн багш, монгол хэлний багш мэргэжлээр дүүргэж, дараа нь МУБИС төгсчээ. Сүүлд Удирдлагын академи, МУБИС-ийн магистрын сургалтыг удаалан дүүргэсэн байна. Багшийн сургуульд сурч байхдаа ханьтайгаа учирч, сургууль төгсөөд төрсөн нутаг Төв аймгийн Сүмбэр сумаас ажлын гараагаа эхэлжээ. Нэгдүгээр ангийн А, Б бүлгийг нэг гэр бүлийн залуухан хоёр багш даан авч өнөөгийн энэ өндөрлөгт хүрэх анхны шангаа татсан түүхтэй. Зах зээлийн нийгэм эхлэхэд бусдын жишгээр ганзагын наймаа эрхэлж, Манжуураас Улаан-Үд, Москва хүртэл бараа зөөсөн намтар ч бий. Ингэж амьдралаа өндийлгөсөн хоёр багш боловсрол мэдлэгээ тасралтгүй дээшлүүлсээр гэргий нь өдгөө Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллаж байна.

Б.Даваажав захирал нэг үе Москва хотод Худалдааны төлөөлөгчөөр ажиллаж, дараа нь Төрийн тусгай албанд хэсэг хугацаанд байсан ч унаган мэргэжилдээ татагдан боловсролын салбартаа эргэн ирж, монголчуудын хэлж заншсанаар “Гандийн сургууль”-ийн захирал болжээ. Тэрээр сургуулиараа үргэлж бахархаж явдгаа хэлж, тэр ч хандлагаараа өөрийнхөө тухай бус байгууллага, хамт олон, оюутнуудынхаа талаар яриа өрнүүлсэн билээ. “Энэ сургуулийг төгсөгчдийн ур чадвар, мэргэжилдээ хандаж буй сэтгэл, зүтгэлийг олон нийт өндрөөр үнэлдэг. Манай сургуулийн үе үеийн багш, эрдэмтэн мэргэд, удирдлагуудын хичээл зүтгэлийн үр дүнд “Гандийн сургууль”-ийн өөрийн гэсэн дэг тогтсон. Мэргэжлийн боловсролын сургуулиуд дотроос хамгийн их эрэлттэй нь манай сургууль. Үүнийг дагаад сургуулийн үйл ажиллагаа, үнэ цэнэ өсдөг. Ийм ч учраас “Гандийн сургууль”-ийн захирал үргэлж хөгжиж, ноён нуруутай, жудагтай байх ёстой. Багш, оюутан нийлсэн 2000 хүнтэй сургууль гэдэг том айл. 1700 оюутныг мэргэжлийн ур чадварын зохих түвшинд бэлтгэж гаргахаас гадна “Гандийн сургууль”-ийн төгсөгчдөд хөдөлмөрийн зах зээл үргэлж нээлттэй байх ёстой гэж үздэг.

Хүн мэргэжлээ зөв сонгож, түүндээ үнэнч, тууштай, ур чадвартай байвал тэр амьдралын баталгаа нь болно. Энэ бол манай сургуулийн зорилго.

Боловсролын байгууллага хичээл сургалт, дадлагын үйл ажиллагааны зэрэгцээ хүмүүжлийн ажлыг орхигдуулж болохгүй. Манай хүүхдүүд ээлжээр жижүүр хийж, нэг нэгдээ шаардлага тавьж, дэг журам сахиулж, үүгээрээ давхар хүмүүжиж байдаг. Тиймдээ ч сургуулийн жилийн ажлын төлөвлөгөөний 40 хувийг хүмүүжлийн ажил эзэлдэг. Оюутнууд ямар ч мэргэжил эзэмшлээ гэсэн эх түүхээ мэддэг байх ёстой. Эх түүхээрээ хүн хүмүүждэг юм. Төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатартай хамтарч “Түүхийн сургамж ба ирээдүй” гэсэн лекцийг цувралаар оюутнууддаа сонсгож байна. “Цахим түүхийг хэн сайн мэдэх вэ?” гэсэн аян, эссэ бичлэг, илтгэлийн уралдаан явуулж, дараа нь түүхчтэй уулзалт, ярилцлага хийдэг.

Энэ удаа Атар газар эзэмшсэний 60 жилийн ойд зориулж “Монгол Улсын газар тариалангийн үүсэл хөгжил, түүх” сэдвээр Д.Өлзийбаатар доктороор оюутнууддаа Соёлын төв өргөөнд томоохон лекц уншуулах гэж байна. Ахмад тариаланчдаа ч үүнд оролцуулна. Тариаланч хүний удам шүү дээ, би. Аливаа сургууль сургалтын орчин сайтай байх ёстой. Спорт, урлагийн заал, цайны газар, дотуур байр, сургалтын танхим бүгд эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй, эрсдэлгүй байх учиртай. Энэ бүгд манайд бий. Бүгдээрээ цэвэр цэмцгэр, бүх зүйл тодорхой эзэнтэй. Эзэнтэй байсан цагт эмх цэгц аяндаа тогтдог. Аав минь “Ядарсан нэгэнд бурхан шиг яваарай. Задарсан нэгэнд тонгорог шиг байгаарай гэж захидаг. Үүнийг би дагаж амьдардаг.

Миний мөрөөдөл юу вэ гэвэл дээд сургуулиас дээгүүр төлөвшсөн, сайтар бэлтгэгдсэн, зөв сэтгэлтэй, зөв хандлагатай, багаар ажиллаж чаддаг хүнийг л бэлтгэх явдал. Манай төгсөгчид тааруухан дээд сургуульд орлоо гэхэд шууд голно гэж би бардам хэлж чадна.

Мэргэжлийн боловсролын сургуулиуд дотроос анх удаа манайх өнгөрсөн жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж, найман оюутан яваад ирсэн. Тэр наймтай өмнө нь уулзаад “Эндээс шантарвал та нар надтай найзлахгүй шүү” гэж хэлээд явуулсан. Явц дунд нь тэднийгээ эргэж очсон. Их сайхан болж ирцгээсэн. Тэгээд нөгөө “Оюутан цэрэг”-т явсан найм дээрээ найман эмэгтэй хүүхэд нэмж Оюутны зөвлөлөө шинэчилж, өрөө гаргаж өгөөд ажиллуулж байна. Тэд бусад оюутантайгаа ажиллаж, дэг журам, бүх зүйлийг хариуцдаг болсон. Ингэж хүүхдийг хүүхдээр нь хүмүүжүүлж, хариуцлагад сургадаг. Энэ жил “Оюутан цэрэг”-т дахиад 17 хүүхэд явуулахаар хөөцөлдөж байна” хэмээн захирал хүүрнэсэн. Ингэснээр яг л айл гэр шиг, ах дүүс шиг оюутнууд нэг нэгэндээ санаа тавьж, хичээл хүмүүжилд нь анхаарч, бас хүн удирдаж сурдаг ажээ.

Энэ сургуулийнхан эцэг эхийн хурал хийдэг уламжлалтай. Эцэг эхчүүд хүүхэд нь ямар багш нараар эрдэм заалгаж, ямар техник төхөөрөмж дээр ажиллаж, ямар анги танхимд сурч байгааг үзэж танилцаж, эргэх холбоо сайжирдаг байна. Б.Даваажав захирал “Хүүхэд байгаа учраас сургууль байж, бид цалин хөлстэй амьдарч байгаа. Тиймээс хүүхэд хайрладаггүй багш “Гандийн сургуульд байх ёсгүй” гэсэн хатуу шаардлагатай. “Одооны хүүхэд болохгүй байна, нийгэм нь болохгүй байна гэдэг хүмүүс тааралддаг. Хүүхдийн хүмүүжлийг нийгэм гэдэг хоосон зүйл рүү түлхэж хэрхэвч таарахгүй. Эцэг эх, багш нар, хамт олон бүгдээрээ хүүхдийн хүмүүжилд анхаарах учиртай. Анги даасан багшийн ангитайгаа ажилласан үзүүлэлт нь түүнийг шагнах хамгийн том үзүүлэлт болно. Их дээд сургууль олон боллоо. Дээд боловсролтой залуучууд дүүрэн байна. Нийгмийн сүлжээгээр мэдээлэл асар их түгдэг болсон.

Залуус бүгд тархины боловсролтой болжээ. Харин одоо зүрхний боловсрол дутаад байна. Зүрхний боловсролтой хүний суурийг тавьж өгөөд гаргах нь бидэнд хамгийн чухал. Тав, арван жилийн дараа шавь нар маань “Аргагүй л энэ чинь “Гандийн сургууль төгссөн хүн шүү дээ” гэж бахархуулах нь бидний зорилго.

Боловсролын дипломтой хүн болгон ч сэхээтэн биш. Ёс суртахууны хайрцагнаас гарчихсан задгай хүн бол боловсролын диплом хэдийг ч өвөртлөөд сэхээтэн болохгүй. “Гандийн сургууль”-ийн хаалгаар алхаж орсон өдрөөсөө л хүүхэд энэ сургуулийн дүрмээр амьсгалах ёстой. Сургуулийнхаа онцлогийг, сайн сайхныг, давуу талыг өөрөө олж мэдэх учиртай. Толгой дээгүүр явах ёстой. Өнгө зүстэй байх ёстой. Бусад сургуультай хамтарсан арга хэмжээнд очиход манай хамт олон бусдаас илүү дэгтэй, хариуцлагатай байх ёстой” гэсэн зорилгыг өмнөө тавьснаа Б.Даваажав захирал өгүүллээ. Зорилго нь ч ажил хэрэг болсон нь цэвэр тохилог анги танхим, цайны газар, орох гарах нь дэг журамтай оюутнууд, тэдний өмссөн нэгэн жигд, үзэмж сайтай дүрэмт хувцсаас харагдаж байв. Тус сургуульд хамгийн сүүлд Автын мэргэжлийн шинэхэн танхим нээгджээ. Орчин үеийн авто засварын газрын бүх шаардлагыг ханган тохижуулсан тус танхимд хүүхдүүд тун хичээнгүйгээр дадлага хийж байсан юм. Энэ дөрөвдүгээр сарын дундуур автын мэргэжлийн багш нар оюутнуудынхаа хамт уг танхимдаа сургуулийнхаа багш, ажилтнуудын авто машинд үнэгүй оношлогоо хийж зөвлөгөө өгөхөөр болжээ. Ингэж сургалт, дадлага хоёр амьдрал дээр хослон сайн мэргэжилтэн бэлтгэгдэж байна. Өвлийн амралтаар үсчин, гоо сайхан, тогооч, оёдол, компьютер графикийн мэргэжлийн багш нар дотроо, өөр хоорондоо сургалт явуулжээ. Ингэснээр багш нар бие биеэсээ ихийг сурахын сацуу бусдынхаа мэргэжлийг хүндэтгэдэг, ойлгодог, урамшдаг ажээ.

“Гандийн сургууль”-ийнхан мөнгөгүй гэж төрийн царай харж, гар хумхиж суудаггүй гэнэ. Нэг шинэ танхим байгууллаа гэхэд орчны дизайны багш зургийг нь гаргаж, гагнуурын багш ширээ, сандлыг нь, цахилгааны багш монтажийг нь хийж, хамтын хүчээр, гадны оролцоогүй шийддэгээрээ энэ сургуулийнхан давуу талтай. Үүгээрээ ч энэ сургуулийнхан өнгөтэй өөдтэй явдаг. Сургуулийн маань бас нэг бахархал нь манай хамт олон гэж захирал ам бардам хэлсэн юм.

Б.Даваажав захирал багш, оюутнуудынхаа санаачилгыг их, бага гэлтгүй дэмжиж ажил болгодог тул хамт олонд нь урам зориг орж дараа дараагийн санаа төрдөг аж. Саяхан урлагийн чиглэлийн багш нартайгаа Хөвсгөл аймагт очиж Мөсний баярт оролцох замдаа Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон аймгийн иргэдэд бүтээлээрээ гаргасан үзэсгэлэн үзүүлж, сургуулиа сурталчилсан байна. Бас Уран зургийн галерейтэй болох санал багш, ажилтнуудаас гарч хамт олныхоо хурлаар хэлэлцжээ. Урлагийн мэргэжлийн сургууль учраас галерей заавал байх ёстой. Сургууль бүү хэл, боломжтой айлууд галерейтэй болсон цаг. Галерейдаа зориулан сургуулийнхаа хашаанд 8х16 хэмжээтэй торхон байшин барьж, ирэх есдүгээр сарын 1 гэхэд нээлтээ хийхээр төлөвлөжээ. Одоо бол оюутнуудын бүтээлээс бүрдсэн жижигхэн музейтэй гэдгээ захирал хэлсэн.

Төрийн ёслолын албаны даргын албыг олон жил хашиж ихийн ихийг үзсэн, Энэтхэг Улсад Элчин сайд байсан н.Нямдаваа гуай тус сургуулийн хичээлийн жилийн нээлтэд оролцжээ. Хашир дипломатч тэр эрхэм “Танай сургуулийн үйл ажиллагаа яг л төрийн дээд хэмжээний ажил шиг протоколоор явж байна шүү” хэмээн ихэд тоосон гэнэ. Энэ үг тэдний хамт олныг баярлуулж урам нэмжээ. Б.Даваажав захирлын хадам аав Д.Өлзийсайхан гэж дипломатч хүн бөгөөд тэр гэр бүлд ойрхон байсан нь ч аливаа ажлыг протоколын дагуу ёслол хүндэтгэлтэй хийдэг болоход нь нөлөөлсөн гэдэг.

СУРГУУЛИЙН ГАДААД ХАРИЛЦАА

Б.Даваажав захирал сургуулийнхаа гадаад харилцаагаар бахархаж явдгаа нуусангүй. Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 11 дүгээр сарын 3-ны 197 дугаар тогтоолоор тус сургууль БНЭУ-ын Ерөнхий сайд асан Ражив Гандийн нэрэмжит болжээ. Түүнээс хойш дөрвөн үе шаттай хөтөлбөр хэрэгжиж, 2,8 сая ам.долларын өртөг бүхий сургалтын тоног төхөөрөмжийг Энэтхэгийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Гандийн сургууль”-д өгсөн байна. Тоног төхөөрөмж өгөхийн өмнө багш нарыг нь Энэтхэгт сурган бүрэн дадлагажуулжээ. Өдгөө тус сургууль БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай өргөн харилцаатай. Жил бүр гурваас доошгүй багш, оюутныг Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж заншжээ.

Цахилгаан, электроник, мехатроник, гагнуур, авто машины засвар зэрэг таван мэргэжлээр орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 11 дадлагын газрыг суурилуулж өгсөн аж. БНСУ-даа Онгоцны үйлчлэгч бэлтгэдгээрээ алдартай “Kyung-in Women’s” их сургуультай 1+1 гэсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлж Онгоцны үйлчлэгчийн анги хичээллүүлж байна. Оюутнууд нэг жил Монголд, дараагийн жил БНСУ-д суралцах хөтөлбөртэй. Агаарын хөлгийн бүхээгийн ажилтан, Нисэх буудлын бүртгэлийн ажилтан гэсэн мэргэжлээр тэдгээр оюутнууд Монгол, Солонгосын хоёр сургуулийн үнэмлэхтэй төгсөж гадаадын авиа компаниудад ажиллах боломж нээгдэх давуу талтай. Мөн гуравдугаар курсээсээ алдартай “Kyung-in Women’s” их сургуульдаа үргэлжлүүлэн сурч бакалаврын боловсрол эзэмших боломжтой юм. Одоо 16 оюутан, найман багш тус сургуульд танилцах дадлагаар явах гэж байна. Хэдэн жилийн дараа гадаад оронд зорчин гадны авиа компанийн онгоцны хаалгаар ороход төгсөгчид нь инээмсэглэн угтаж байх болно гэдэгт Б.Даваажав захирал огтхон ч эргэлздэггүй гэлээ.

ОХУ-ын Эрхүү хот, Буриадын ижил түвшний сургуулиуд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Ажил, мэргэжлийн дээд сургууль зэрэгтэй мөн идэвхтэй хамтын ажиллагаатай, оюутнуудаасаа явуулдаг хэмээн захирал танилцууллаа. Цаашдаа үсчин, гоо сайхны чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшүүлэх хууль, эрх зүйн орчинг судалж байгаа юм байна.

Тус сургуульд есдүгээр анги төгссөн хүүхдүүд орж, 2,5 жил сураад гардаг. ЕБС-д хүүхэд есдүгээр ангиас цааш дахин гурван жил сурч бүрэн дунд боловсрол эзэмшдэг тул Үйлдвэрлэл, урлалын Политехник коллежид 2,5 жил бус гурван жил сургадаг болох нь зүйтэй юм гэсэн саналыг багш нар холбогдох яаманд тавьж байгаа аж.

Автын засварчин болсон хүүхэд үргэлжлүүлэн сурч автын механик болдог. Цаашлаад дараагийн шатанд энэ сургуульдаа сурч техникийн боловсролын дипломтой болж, гадаад дотоодын их дээд сургуульд шатлан суралцах хууль эрх зүйн орчинг ч эрэлхийлж эхэлжээ.

Тус сургууль мөн ажил олгогчдын захиалгаар түр сургалтуудыг ч явуулж байна. Багш нарын цалингийн шатлал 2019 оны эхнээс нэмэгдсэн нь багшлах сонирхол хандлага нэмэгдэхэд түлхэц болжээ. Мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчид 100 мянган төгрөгийн тэтгэлэгтэй, дотуур байрны хүүхдүүд хоолны мөнгөтэй болсон нь оюутнуудын идэвхийг нэмэгдүүлсэн байна.

УХААНЫ ЦАДИГ

Б.Даваажав захирал аавынхаа хэлсэн, захисныг жанжин шугам болгон ийнхүү ажиллаж, амьдарч явна. Аав шигээ болдоггүй юм гэхэд аавынхаа хагасын дайтай, хүн шиг явахсан гэж тэрээр байнга хэлж байсан юм. Хүүхэд, настан хоёрт дээрэлхүү хүнд үнэн голоосоо дургүй гэж тэрээр өгүүлсэн. “Хүний насан туршдаа хуримтлуулдаг боловсролын 50-иас дээш, бараг 60 хувь нь удам угсаа, өсөж бойжсон гэр бүлээс шалтгаалдаг. Бүр нэгдүгээр ангид орохоосоо өмнө, аав ээжийнхээ дэргэд ирээдүйд ямар хүн болох нь ерөнхийдөө төлөвшдөг. Энэ дотор тархи, зүрхний боловсрол ч хамт явна. Сургууль, соёлоос олж авсан боловсрол 20 хувь. Үлдсэн 20 хувь нь мэдрэмж. Мэдрэмж хандлага зөв, зүрхний боловсролтой бол хүн аяндаа амьдралаа зөв аваад явчихна” гэж Б.Даваажав захирал үздэг юм.

Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн оюутанд сайн гагнуурчин, цахилгаанчин, засварчин, оёдолчин байхаас гадна урлагийн мэдрэмжтэй болж гарах ёстой гэсэн нэг шаардлагыг захирал тавьдаг.

Дуурь сонсдог, балет ойлгодог, үндэсний урлагаа мэдэрдэг, театр, музейнүүдийг үздэг, аяллын автобусаар Улаанбаатараа тойроод түүхэн газруудыг нь мэдчихсэн байх ёстой гэж оюутнууддаа захиж, сургалт, хүмүүжлийн төлөвлөгөөнд нь хатуу тусгажээ. Утсаа салгаад дуурь, драм үзчихдэг, театрынхаа орц, гарцыг мэддэг, цаг барьдаг, үзвэр үзэх наад захын соёлд суралцах нь “Гандийн сургууль”-ийн бас нэг зарчим. Ийм соёлд суралцсан бол энэ сургуулийн оюутан мөн гэж зөвшөөрөгдөнө. Уг заншил цаашдаа амьдралын хэвшил болж алсдаа өөрсдөө аав ээж болоод үр хүүхдээ дагуулаад театр, музей үздэг болно. Манай төгсөгчид сайн мэргэжилтэн болохоос гадна айлын сайн хань, сайхан аав ээж болох учиртай гэж боддог. Энэ бол Б.Даваажав захирлын ухааны цадигаас үүссэн нарийн мэдрэмж. Бүр анхнаас нь энэхүү хотын соёл, урлагийн мэдрэмжийг хэвшил болгохоор сургууль, эцэг эх, оюутан гурвалсан гэрээ байгуулдаг ажээ.

“ГАНДИЙН СУРГУУЛИЙН ХИЙЦ” ГЭХ ДЭГ СУРГУУЛЬ ТӨРҮҮЛЭХ МӨРӨӨДӨЛ

Энэ сургууль элсэлтийн төлөвлөгөө биелүүлэх гэж тооны хойноос хөөцөлдөж байсангүй. Чанарыг л эрхэмлэдэг. Түүгээр төгсөгчдийн чансаа илэрхийлэгдэнэ. Тус сургуулийн төгсөгчид зах, дэлгүүрийн лангуу “чимэх” бус, хөдөлмөрийн зах зээлд нэн хэрэгцээтэй мэргэжил эзэмшээд гарах нь л чухал. Энэ бол Б.Даваажав захирлын хатуу зарчим.

Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн шугамаар өнгөрсөн 2018 онд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий үнэт эдлэлийн дархны дадлагын газар байгуулжээ. Эндээс тав, арван жилийн дараа үнэт эдлэлийн дархны өөр нэг хэв маяг, дэг сургууль гарах байх гэж найдаж буй. Тожил дархны хийц, Дарьгангын мөнгөн эдлэл гэдэг шиг “Гандийн сургуулийн хийц” гэсэн шинэ хэв маяг гарч ирнэ гэж мөрөөдөж явна.

Захиралд амарсан ч, баярласан ч, гадаадад явсан ч утсаа унтраах эрх байхгүй. Хэдий хол явсан ч сургуулийн жижүүр, дотуур байрны багштайгаа утсаар ярьж цахилгаан, дулаан, ус, дотуур байрны 160 хүүхдээ асууж байж л санаа амардаг гэсэн. Тус сургуулийнхан долоо хоног бүрийн мягмар гарагийн 17.30 цагаас Монголын үндэсний радиогоор “Миний мэргэжил” гэсэн нэвтрүүлэг явуулж хэвшсэнийг оюутнуудын аав ээж, ар гэрийнхэн, мэргэжлээ сонгох гэж буй хүүхэд залуус сонсох дуртай болжээ. Мэргэжлээ зөв сонгож, түүндээ үнэнч байх нь амьдралын баталгаа юм гэсэн уриаг Б.Даваажав захирал оюутнууддаа байнга сануулдаг. Үсчин, гоо сайхны чиглэлээр суралцдаг оюутнууд дунд жил бүр “Алтан хайч” гэдэг тэмцээн болдог бөгөөд түүний бүх медалийн 50-60 хувь нь “Гандийн сургуулийн”-х болдог бол энэ төрлийн улсын хэмжээний мэргэжлийн тэмцээний медалийн 30 хувийн эзэд эдний сургуулиас төрдөг ажээ. Тус сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаа жигдэрч, үйлдвэрээр бол нэгэн жигдийн тасралтгүй хэмнэлээр найдвартай үргэлжилж байна.

Энэ бүхний цаана Б.Даваажав захирлын уг удмаасаа өвлөн авсан хүний төлөөх сэтгэл, ажил хөдөлмөрийг чин зүрхнээсээ дээдлэн хийдэг чанар оршиж байгаа юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MONGOLIA NEWS(206.232.66.255) 2023 оны 08 сарын 04

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.\nИмэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM\nWhatsapp дугаар: 19099134258

0  |  0
гасан(192.82.87.9) 2021 оны 09 сарын 05

болвсрол.мэргэжил хоер тэнгэр газрын зөрүүтэй.олон сургууль төгссөн хүнийг өндөр боловсролтой хүн гэж хэлдэггүй.

0  |  0
гасан(192.82.87.9) 2021 оны 09 сарын 05

зиндаагаар монголын сэтгүүл зүй арай хэмжигдэхгүй байлгүй дээ. бурхан минь тэр мандахбаяраас зайлуулж хайрла

0  |  0
гар(192.82.87.9) 2021 оны 09 сарын 05

1966-2019 он.хагас зуун жил болох уу.50шахам жил гэж бичдэг юм.зиндаа ч дээ.мандахбаяр ч мөндөө ээ хөөрхий монголын сэтгүүл зүйн салбар.......!!!!?????

0  |  0
ЗОЧИН(66.181.181.234) 2021 оны 09 сарын 05

МҮОНРТ-ийн тамгын дарга, бэлгийн дарахмт юу бололоо

0  |  0
Зочин (176.77.139.68) 2021 оны 09 сарын 05

Юу вэ? Эргээд сургуулийн захирал болсон юм уу? Сургуулийг шоу болгон ашигласан даа энэ нөхөр. Олон ч сайхан мэргэжил боловсролтой багш, ажилтан нарыг өөрөө сценари зохион байгуулж ажлаас халж явуулсандаа. Одоо ч мөнгөтэй бол өөрийгөө БУРХАН гэж хэлэх ч амар болж дээ. Миний сэтгэгдлийг нийтлэхгүй нь ойлгомжтой гэхдээ ядаж устгах хүн нь уншиг даа.

0  |  0
Зочин(202.126.90.77) 2021 оны 09 сарын 03

Ядаж сэтгэл гээд хэлчихэж болдоггүй юм уу? Энэ маягаараа манай хүүхнүүд бөгсний боловсролд дажгүй суралцаж байгаа юм шив дээ. Манайхны есөн шидээр оролдоод онож хэлж чадахгүй байгаа зүйлийг ерөнхийд нь төлөвшил гэнэ. Төлөвшил маш том ойлголт. Үүнд зан суртахууны хэв шинж, хүмүүжил, ёс зүй, эстэтик, эрдмийн боловсрол гээд бүгд орно. Төлөвшил ухамсар дээр суурилж байгаа юм. Манайхан зөвхөн эрдмийн боловсролыг нь диплом худалдаж авах хэмжээнд нэр хаачихаад боловсорчихлоо гэдэг. Том эндүүрэл байгаа биз дээ? Ухаан нь эрдэм, арга технологид ашиглагддаг бол ухамсар нь төлөвшлийн суурь болж байдаг.

0  |  1
Top