"Зиндаа" сэтгүүлийн №01, (08/508) дугаарт нийтлэгдэв
НҮБ-ын Химийн зэвсгийн шинжээчээр ажилласан Нобелийн Энхтайвны шагналт багийн гишүүн хурандаа, доктор Доржпаламын Эрдэнэцогтыг ярилцлагын хоймортоо урилаа. Тэрбээр Завхан аймгийн Ургамал сумын нутаг Хөх ам гэдэг газар малчин ард Доржпаламын долдугаар хүү болон төржээ. ОХУ-д Цэргийн дээд, Академи, АНУ-д Аюулгүй байдлын коллеж, Хуулийн сургууль, Европын холбоонд НАТО-гийн Цэргийн сургууль төгссөн. Армид 35 жил, түүний дотор Гаага хотноо НҮБ-ын Химийн зэвсэг хориглох байгууллага /OPCW/-д зэвсгийн шинжээчээр 10 жил тасралтгүй ажиллаж баг хамт олноороо Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн. Женев дэх олон улсын байгууллагад Хими, бактериологи, радиологи, цөмийн шинжээч /CBRN expert/ -ээр дэлхийн халуун цэгүүдэд тусгай үүрэг гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байв.
-Монгол хүн Нобелийн шагналт багийн бүрэлдэхүүнд багтсан нь сайхан үйл явдал. Шагналаа яг хэзээ хүртэв. Тухайн үед нэг л чимээгүй өнгөрчих шиг болсон?
-Хувь хүнд биш манай байгууллагад өгсөн шагнал. Бидэнд дурсгалын шагнал хадгалуулсан. 2013 оны аравдугаар сард Сирийн улс төрийн асуудал маш хэцүү болж АНУ болон барууны орнууд “Сирид химийн зэвсэг байна, дайралт хийх нь” гээд ОХУ болон зарим улс орон Сирид дайн гаргахгүйн төлөө анхаарч ажилласан юм. Манай байгууллага Сирийн химийн зэвсгийг хяналтад авч ажиллахаар болж, АНУ Сири рүү дайралт хийхээ больсон цаг үе. Ингэж л химийн зэвсгийн шинжээчид Сирид очиж химийн зэвсгийг устгасан. Тухайн үед Нобелийн шагнал олгох эсэх талаар яригдаж эхэлсэн юм. 250 гаруй байгууллага, хувь хүмүүс өрсөлдсөнөөс манай байгууллага, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин хоёр тунаж үлдээд бидэнд олгосон. Ер нь манай байгууллагын зорилго нь дэлхий дээрх химийн зэвсгийг бүрэн устгах юм. Дэлхийн химийн зэвсгийн 80 гаруй хувийг бид устгасан. Энэ бүхнийг харгалзаад манай байгууллагад Нобелийн Энх тайвны шагналыг олгох нь зүйтэй гэж үзсэн юм билээ. Байгууллагын шагнал боловч Сирийн химийн зэвсгийг устгасан учраас багийн гишүүдэд сертификат, медаль өгсөн юм.
-Таныг ах нараа дууриаж энэ салбарт ажиллах болсон гэдэг. НҮБ-д ажилласан дурсамжаасаа хуваалцвал?
-НҮБ-ын химийн шинжилгээний байгууллага 1997 онд байгуулагдаж ажиллаж эхлэхээс Монгол шинжээчид ажилласан байдаг. 1997 онд генерал Хүрлээ анхны шанг татсан. Долоон жилийн гэрээ байгуулж ажилладаг. Түүний гэрээ дуусахад хурандаа Нармандах ажиллаж, хурандаа Нармандахын халааг би авсан байдаг юм. Арваад жил ажиллалаа. НҮБ-ын химийн зэвсгийн шинжээчийн албыг Монгол хүмүүс тасралтгүй хашиж байна. Нобелийн шагналын багт багтаж, энэ шагналыг эх орондоо авчирч чадсандаа би их баяртай байдаг.
-Та гэр бүлээрээ очсон уу?
-Тийм. Би хоёр хүүхэдтэй. Хаана томилогдоно тэндээ хүүхдүүдээ цэргийнхний хүүхдүүдтэй хамт сургуульд сургаад явдаг. Би энэ жишгээр амьдарсан, ажилласан.
ХИМИЙН ЗЭВСГИЙН ШИНЖЭЭЧ ГЭДЭГ МЭРГЭЖЛЭЭС ГАДНА БИЕ БЯЛДАР, СЭТГЭЛ ЗҮЙ, ОЮУН САНААНЫ ӨНДӨР ШАЛГУУРТАЙ АЖИЛ
-Манай орон шиг дайн тулаангүй тайван улсад химийн зэвсгийг хүн бүр сайн мэдэхгүй. Товчхоноор илэрхийлбэл?
-Химийн зэвсэг гэж энгийнээр ойлгоход химийн бодисыг зөөгч хэрэгсэлтэй нь хамтатгаж хэлж байгаа юм. Химийн бодис задрах үед тухайн газраа хордуулдаг. Хороор амьсгалсан хүн нэг минут хүрэхгүй хугацаанд үхдэг, эсвэл маш ихээр тарчилж амь тавьдаг. Үй олноор нь хөнөөх зэвсгийн нэг төрөл. Химийн хорт бодисыг зөөгч хэрэгслийнх нь хамт химийн зэвсэг гэж хэлж болно. Зөөгч хэрэгсэл гэдэг нь пуужин, их буу, танк, нисэх онгоцны бөмбөг юм шүү дээ.
-Та Сири улсад химийн зэвсэг устгахад оролцсон тухайгаа дэлгэрэнгүй ярих боломжгүй байдаг уу?
-Сири, Ливи улсад ажиллаж байсан. Сирид иргэний дайн болж байсан. Шинжээчдийн хаана ямар зорилготой ажилласан гэдэг нь хамаагүй ярьж болдоггүй. Мөн 1940-өөд оны үед Японы Квантуны арми манай улсын эсрэг химийн зэвсэг ашиглах гэж байгаад хэрэглэж чадалгүй дайнд ялагдсан байдаг. Манжуур, Харбин гэх мэт газруудад элсэнд булагдчихсан химийн зэвсэг байсныг нь хүртэл манай шинжээчдийн баг очиж устгасан. Ер нь их олон газарт очиж ажилладаг. Яг химийн зэвсэгтэй орнууд гэх юм бол дээрх дурдсан Орос, Америк, Сири, Ливи гээд энэ дөрвөн орон байдаг. Харин сургалт дадлагаар өөр олон газраар явна. Химийн зэвсгийг гардаж бүрэн устгаснаар ажил маань дууссанд тооцогдоно.
-Химийн зэвсэг устгахад эрсдэл их байх, тийм үү?
-Химийн зэвсэг устгах хэд хэдэн технологи бий. Сүүлийн үед саармагжуулах замаар устгаж байна. Химийн бодисыг соруулж аваад өөр химийн бодистой хольж бага хортой буюу хоргүй болгодог гэсэн үг. Их биеийг нь 1000 хэмийн халуунтай пийшинд хийж шатаадаг. Төмөр дотор, хананд нь наалдсан химийн бодис шатаж ууршиж алга болдог. Төмрийн хаягдлыг нь гагнаасаар нь хувааж хаяснаар химийн зэвсэг устгах ажил маань бүрэн дуусч байгаа юм. Устгах ажиллагаа үйлдвэрлэл маягаар явагддаг учраас нэг л эхэлсэн бол устгаж дуустал ажил дуусахгүй, 24 цагаар ажилладаг. Тиймээс ажлын цаг, амралтын өдөр гэж байдаггүй. Уг ажилд ороод долоон жилийн турш гэрээсээ хол өдөр, шөнөгүй ажилласан. Химийн зэвсгийн шинжээч байна гэдэг мэргэжлээсээ гадна, бие бялдар, сэтгэл зүй, оюун санааны хувьд маш өндөр шалгууртай, өндөр шаардлагатай ажил шүү.
Химийн зэвсэг устгах хэд хэдэн технологи бий. Сүүлийн үед саармагжуулах замаар устгаж байна. Химийн бодисыг соруулж аваад өөр химийн бодистой хольж бага хортой буюу хоргүй болгодог гэсэн үг.
-Энэ хугацаанд маш их химийн бодис устгасан болов уу?
-Хэдэн арван мянган тонн. Дэлхийг хэд нугалахаар л тоо яригдана. Хоногт заримдаа 10 бөмбөг, зарим тохиолдолд 1000 бөмбөг ч устгадаг. Тухайн өдрийнхөө нөхцөл байдлаас болоод янз янз.
-Химийн зэвсэг устгаж байхад янз бүрийн адал явдал их тохиолддог байв уу?
-Байна, байна. Хот суурингаас хэт алслагдсан Жунглид хэдэн сар тусгай үүрэг /UN-OPCW mission/ гүйцэтгэхэд цаг уур, халдварт өвчин, ажлын хүнд нөхцөл гээд бэрхшээл зөндөө ч янз бүрийн араатан амьтанг нүдээрээ үзэх завшаан их тохиолдоно. Бидний амьдардаг өрөө тасалгаа бүгд агааржуулагчтай тул халуунаас зугтаах гүрвэл могой мэлхий сэрүүхэн газар хайн миний өрөөнд хаагуур ч хамаагүй нүх сүв олоод ороод ирнэ. Нэг шөнө унтаж байтал ямар нэг юм миний хүзүүн дээр арваганаад байх шиг болохоор нь авч шидээд гэрлээ асаагаад хартал нэг мэлхий өрөөний буланд багвайтал сууж байх жишээний. Манайхан байрнаас зэвсгийн объект руу чиглэх зам дээр том алаг эрээн бар харсан гэх ч би хувьдаа тэр зам дээр үүрээр сэрүүцэн хэвтэж байгаад ачааны хүнд даацын машинд бяц даруулан үхсэн арван метр орчмын урт аварга том (python) могойг хараад дотор жихүүцэж байсан. Мөн модноос модонд үсрэн дүүжлэгдэн тоглож өдөр шөнөгүй бидний байрны орой дээр хорь гучаараа түжигнэх сармагчингуудыг хараад залхана гэж үгүй. Тэд хүнийг ямар сэтгэлээр, ямар харцаар тэдэнд хандаж байгааг андахгүй. Тэднийг сайхан сэтгэл дулаан харцаар өхөөрдөнгүйгээр харах тутам хоорондоо эрхлэн тоглож хамгийн гоё гоё үзүүлбэрүүд, ид шидээ бидэнд харуулахыг хичээнэ. Харин нэг өдөр би сармагчингуудын талаар надад байнга уурлаж уцаарлаж гомдоллож явдаг серб найзтайгаа хоёулаа салхинд гараад байрны ойролцоо замаар алхаж байтал хашаан дээр зүв зүгээр сууж байгаа сармагчингуудыг хараад тэр маань “Энэ муусайн сармагчингууд зайлбал таарна, түжигнээд хүн ч унтуулахгүй юм” гээд хашгиран хатуу үг, ширүүн харцаар тэдний зүг хөмсөг зангидтал бүх сармагчингууд гэр бүлээрээ жижиг мод холтос барин бидний зүг муухай хашгиралдан ухасхийх нь тэр. Мань эр байр руугаа зугтаагаад сармагчингууд араас нь хөөгөөд инээдтэй дүр төрх харагдсан шүү. Иймэрхүү хөгтэй сонин зүйлүүд болно.
-Алан хядагчидтай нүүр тулсан уу?
-Үгүй. Хөгжилтэй ч гэх үү сургамжтай ч гэх үү зүйл болсон л доо. Бид Арабын Йорданы Вант улсад НҮБ-ын аюулгүй байдлын гүнзгийрүүлсэн сургалтад орж байсан. Манай сармагчинд хөөгддөг найз их үглээ. НҮБ-ын сургагч нарын өмнө гомдоллож байгааг ажигласан тэд “Таныг энэ цаг мөчөөс эхлээд барьцаанд орсон шинжээчийн дүрд 24 цаг тоглуулнаа” гээд ухасхийн гарыг нь мушгин газар дээр унаган өвдөглөөд хоёр эрхий хурууг нь нарийн троссоор ард нь хүлээд амыг нь скочдон, толгойд нь хар шуудай углан хүзүүгээр нь олсоор оосорлов. Ингээд өдөржин шөнөжин уул хад элсэн цөлөөр бидний нүдэнд дээр чирч гулдран явж алан хядагч босогчид исламын дайчдын барьцаанд орсон ийм нөхцөлд шинжээчид бид яах ёстойг найзын маань бие махбодь, сэтгэл зүй дээр амьд сургалт тоглолт хийж үзүүлсэн юм. Мань эрийн хулхи ёстой буусан даа.
-Таны энэ ажлыг хэр баргийн хүн хийхээргүй байсан болов уу?
-НҮБ-д ажилласан жилүүд тийм хүнд байгаагүй. Энэтхэгийн жунгли, Сибирийн тайгад хэдэн сараар үүрэг гүйцэтгэнэ. 50 хэмийн халуунд, -50 хэмийн хүйтэнд үүрэг гүйцэтгэх амаргүй. Монгол хүний аливаа зүйлд дасан зохицох, аливаа зүйлийг гүйцэтгэх чадвар маш сайн юм шиг санагддаг. Зарим үед бусад орны шинжээчид амрах гээд явж байхад ч монгол хүн үлдээд л ажиллаж байх жишээтэй.
-Таны гэр бүлийн хүн чинь гомдоллодоггүй юу. Эмэгтэй хүн ар гэрийнхээ асуудлыг ганцаараа зохицуулаад, нөхөр нь хол удаан явчихаар хэцүү л байх?
-Манай гэр бүлийн хүн гомдоллож байгаагүй. Хааяа эхнэрээ ийш тийшээ явахаар ганцаараа үлдэх хэцүү гэдгийг ойлгодог шүү. Томилолтоор явж ажилласнаас гэртээ ганцаараа үлдэх хэцүү шүү. /инээв/
ГАДААДАД АМЬДРАХДАА МОНГОЛ ОРОН, МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭ ЦЭНИЙГ УЛАМ ИХ МЭДЭРСЭН
-Анх энэ мэргэжлээ хэрхэн сонгосон бэ?
-Аравдугаар анги төгсөхөд бүх зүйл нам засгийн бодлогоор сонгодог байсан. Олон улсын байдал хүйтэн дайны шинжтэй байх үе шүү дээ. Манай сургуулиас хамгийн шилдэг дөрвөн хүүхэдтэй хамт сонгогдож, гадаадад цэргийн сургуульд явсан. Зургаан жил суралцаад цөм, химийн зэвсгийн инженер мэргэжлээр төгссөн. Сургууль хамт төгссөн ах нар маань эхнээсээ НҮБ-д орж ажиллаж эхэлсэн. Тэдэн шиг болох мөрөөдөлд автаж, хичээж, зүтгэдэг болдог. Миний НҮБ-д ажилласан хүсэл тэмүүлэл ерөөсөө л энэ. Хамгийн түрүүнд англи хэл сурлаа. Мэргэжлээрээ англи хэлний шалгалт өгч, биеийн эрүүл мэндийн үзлэгт орж 2005 онд НҮБ-д ажиллах эрхтэй болсон.
-Таныг олон хэл мэддэг гэж сонссон юм байна?
-НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн дөрвөн хэлээр ярина. Хэлийг бол бие дааж сурсан шүү. Араб, орос, англи, франц хэл мэднэ.
-Та НҮБ-д байсан талаараа дурсамж ном бичиж байгаа гэсэн байх аа?
-“Монгол эрийн зүрхний өчил” гэж ном бичиж байгаа. Хүүхэд наснаас эхлээд ажил, амьдралтай холбоотой юм л даа.
-Хүүхэд насныхаа дурсамжаас манай уншигчдад сонирхуулаач?
-Олон сайхан дурсамж бий. Ээж, ааваас олуулаа. Хүүхэд бүрт морь мал зүсэлж өгдөг аав, ээжтэйгээ байх үе хамгийн аз жаргалтай байдаг шүү дээ. Манайх азаргаар тоологдох адуугүй ч боломжийн хэдэн сайхан морьдтой, улаан гүү, хээр гэх хоёр гүүтэй байв. Манай аав хамгийн том эгч Ролмаад бор морио, цагаан гүүний удам сайвар хээр морийг миний эгч Сумъяад, хүрэн гүүний удам хүрэн халзан морийг ах Эрдэнэбилэгт, хүрэн халзангийн дүү хамар цагааныг эгч Цагаанхүүд, жороо халтрыг дүү Эрдэнэ-Оргилд гэх мэтчилэн хүүхэд бүртээ тэмээ адуу зэрэг амины таван хошуу малаа бараг бүгдийг нь зүслээд өгчихнө. Энэ нь хүүхдийг багаас нь өөрийн гэсэн өмчтэй харьцуулж сургах, түүнийгээ хайрлаж хамгаалах үзэлтэй болгох монгол ухаан байж. Миний саарал морийг аав болон бусад ах, эгч, дүү нар тэр болгон бараг унахгүй. Би амралтаараа ирэхээр унана, уяна. Хамгийн сүүлд би аавыг бурхан болдог жил саарал морио зэргэлдээ Завханмандалын баярт сойж айрагдуулж байв. Тэгэхэд, морь унах хүүхэд олдохгүй болохоор Ядамсүрэн Майнаагийн Даваажавыг томхон биетэй ч гэсэн гуйж уралдуулж байсан юм. Мөн наадамд хамгийн том хүргэн ахынхаа улаан гүүний удам хээр хязааланг хөтөлж очиж зургаад давхиулж байв. Түүнээс хойш би ер нь морь уясангүй юм байна.
-“Нутаг амьтай аав” дуунд гардаг Жирвий саарал гэдэг морь танайд байсан гэх юм билээ?
-Орост зургаан жил болохдоо зуны амралтаар ирэх болгондоо саарал мориныхоо дэлийг засч, Хүнгүйн голоо өгсөж уруудан нутгийнхаа айлуудаар орж гарч хэсч давхидаг байв. Түүнээс хойш саарал морио нэг их унаж байсангүй. Манайд Жирвий саарал морь байсан. Хурдан, номхон, хатираа сайтай, гүүн сайвар, алс замд эцнэ цуцна гэж үгүй, бас их ухаантай, эзнээ хээр хаядаггүй аргагүй л жинхэнэ монгол морь.
Бага байхад манайх “Нутаг амьтай аав” дуунд гардаг Талын гурван улааныг л тойрч зусч, хаваржиж, намаржиж, отор хийж байв. Талын гурван улааны дунд Хүнгүй голын эрэг дээр Олгой хэмээх газар “Өргөн айлсалт” болдог байв. Өргөн айлсалт нь социализмын үеийн нилээд томоохон компанит ажил бөгөөд анх түүнийг манай элсний хойт талаар орших манай ээжийн нутаг Сантмаргаз сум нэгдлийн дарга, хөдөлмөрийн баатар Цэдэн- Иш дарга санаачилсан гэдэг. Ингээд яриад байвал хүүхэд насны сайхан дурсамж их бий.
-Та “энэ хэдэн хонь цовхоргоор үхээсэй” гээд баларсан тухайгаа хүүрнэсэн байдаг шүү дээ?
-Тэгсэн удаа бий. /инээв/ Анх оторт дүүтэйгээ хамт хоёулхнаа Талын гурван улааны урд магнай дээр Цохио хадны ар шил дээр гарав. Отор хийнэ гэдэг үнэхээр сайхан ажил ч хүүхэд миний хувьд жаахан уйтгартай, бас гэдэс өлсдөг тийм үе байв. Нэг орой хонио майхныхаа гадаа хотлуулсны дараа хоттой нэгдлийн хонио харааж гарав аа, би. Энэ хэдэн хонь цовхоргоор үхээд өгөөсэй, цовхоргоны мах идээд нэг сайн цадах юмсан хэмээн дүрсгүйтэж орхисон чинь маргааш өглөө хотон дотор 5-6 хонь үхсэн хэвтэж байв. Баярлах айх хоёр зэрэгцэн арьсыг хурдхан хуулж, хуулахдаа хоёр чихийг арьстай нь огтолж авч хатаав. Учир нь хоёр чихтэй хатаасан арьсыг дараа нь бригадын малын эмчид үзүүлж, акт гаргуулж малын данснаас хасуулдаг юм л даа. Тэгээд хоёулаа том тогоонд нэг өрөөл махыг, шууд хаа гуяар нь хийж гэдсээ цадтал идлээ. Одоо битгий хонь цовхоргоор үхүүлээч гэж залбирснаас хойш харин олноор үхсэнгүй. Ийм дурсамжууд бий, бий.
-Аав тамхинаас гарсан юм чинь гээд гурван мянган төгрөгийн үнэтэй гаансных нь соруулыг чулуугаар хага цохисон гэл үү?
-Аавын 3000 төгрөгийн үнэтэй хаш цагаан соруултай гаансыг хашаан дээр гозойлгож тавьчихаад дүүгээ уруу татан “Аав тамхинаас гарсан юм чинь хоёулаа очиж аавын гаансыг чулуу шидэн онож Мэргэнээ үзье” хэмээн холоос чулуу шидсээр байгаад хага цохиж билээ. Тэр үед эм хонь 80 төгрөг байсан гээд бодохоор гурван мянгын гаанс гэдэг асар үнэтэй хөрөнгө байж. Би бага байх гурван наснаас хойшхи бүх зүйлийг тод санадаг юм. Хамгийн анхны мэдээ орж тод санадаг зүйл бол хоёр нас өнгөрч байхдаа ээжийн зуухнаас гаргасан халуун нурман дээр чармай нүцгэн сууж байснаа санадаг юм. Тэр үед манайх Цагаанчулуутынхаа хаваржаан дээр мал ид төллөж байсан үе юм. Бага байхдаа хурга ишигтэй их тоглодог байсан. Хөлд орж мэдээ орсноос хойш орны хөлд уягдахгүй хаа сайгүй дэмий тэнэж харзны зах, хурганы хашаа хавиар өдрийг өнгөрөөнө. Зуны дэлгэр сайхан өглөө ээж унтаж байгаад сэрээд арваад хүүхдээ бүртгэж үзэхэд нөгөө Цогоо хаана ч байхгүй байхыг олж мэдсэн ээж ихэд сандран, хаачив ийчив, харзанд унаад үхсэн болов уу хэмээн айж харзны захад байх хурганы хашааг зүглэж ирэхэд би хурга ишгэн дотор тайван гэгч унтаж байсан гэдэг. Хүүе миний хүү гэх дуунаар гурван настай жаалхүү би нойроо харамлан, нүдээ нухлан ихэд дурамжхан босож ээжийг дагаж гэртээ орж, ээжийн өглөөний цайны халуун галд дахин нам унтсан гэдэг.
-Монгол хүүхэд хөдөө бол нүцгэн гүйж өсдөг байсан. Энэ бүхэн Африк зэрэг халуун оронд ажиллахад хэрхэн нөлөөлдөг вэ?
-10 нас хүртлээ хүүхдүүд зун бол хувцасгүй наранд гүйж, борлодог. Энэ бүхэн эргээд халуун оронд ажиллахад арьс өнгөний ямар нэгэн өвчин тусахгүй дархлаа болдог юм байна. Үүнийг биеэрээ туулсан. Монгол нутаг цаг агаарынхаа байдлаас шалтгаалаад хүндээ хүртэл нөлөөлж, сэтгэлзүйг нь хатуужил тэсвэртэй болгодог юм байна. Энэ бүхнийг өөрийн биеэр туулж, тулж мэдэрсэн би. Зөвхөн нүдний шил зүүгээгүй өдий нас хүрнэ гэдэг бас нэгэн шалгуур болоод явж байгаа юм.
-Олон улсын байгууллагад ажиллахад өчүүхэн шалгуур ч том зүйлд тооцогддог байх?
-Тийм. Нүдний шил зүүгээд нөгөө химийн хорноос хамгаалах баг, хувцас хэрэглэл өмсөнө гэдэг амаргүй шүү дээ. Би одоо ч эмчийн үзлэгээр хараа маш сайн гэсэн үзүүлэлттэй гардаг.
-Энэ бүхэн юутай холбоотой вэ?
-Нүүдэлчин соёл иргэншилтэй зайлшгүй, бүр салшгүй холбоотой. Гадаадад 10-аад жил амьдрахдаа Монгол орныхоо, Монгол хүнийхээ үнэ цэнийг улам их мэдэрсэн. 50 гаруй улс оронд очиж ажилласан юм байна. Олон үндэстэнтэй явахаар авах авахгүй зүйл гэж бий. Амьдралын хэв маяг ямар байх хэрхэн зөв хүн болж төлөвших зэргийг суралцсан. Олон жил ингээд ирэхээр НҮБ, олон улсын байгууллага ямар чиг баримжаа, бодлого баримталдгийг мэддэг, гадарладаг болдог.
ЗАЛУУСААРАА БАХАРХАЖ, ТЭДЭНДЭЭ ҮЛГЭР ДУУРАЙЛ БОЛОХЫГ ХИЧЭЭДЭГ
-Та Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан. Нууц биш бол яагаад ажлаасаа гарав?
-2005 онд Батлан хамгаалахын сайдаар Ц.Шаравдорж гуай ирээд надтай хамтарч ажиллах сонирхолгүй байгаа нь ажиглагдсан Тэгээд хурандаа Г.Сайханбаярт ажлаа өгөөд гарсан. Г.Сайханбаяр хурандаа бид хоёр гэмгүй сайхан харилцаатай, тиймээс “Нөхрийн үйлс бүтвэл, өөрийн үйлс бүтдэг, миний найз сайн ажиллаарай” гээд явсан. Тэгээд удалгүй НҮБ-аас Гаагад шинжээчээр ажиллах санал ирж явсан даа.
-Та байгууллагынхаа хамгийн урт хугацаанд томилолтоор ажилласан, гоц хортой нөхцөлд хамгийн олон цаг ажилласан шинжээч гэгдэж байсан. Томилж явуулсан хугацаанаасаа илүү хоногоор ажиллах тохиолдол гардаг байх л даа?
-Гаралгүй яах вэ. Тусгай хамгаалалттай обьектод ажиллаад 2-3 сар болоход барууны мэргэжилтнүүд сэтгэл санаагаар унана. Монгол хүн бол үргэлж бусдыг бодож явдаг. Бусад нь болж байвал бид яах вэ гэдэг. Зарим үед шинжээч хүрэхгүй, ажлыг сунгаж үлдээдэг. Тэр үед хэн ч үлдэхийг хүсдэггүй. Гэтэл заавал нэг хүн үлдэх ёстой шүү дээ. Би гараа өргөөд “Үлдье” л гэнэ. Муу зүйл болоогүй. Химийн зэвсгийн шинжээч мэргэжлээр 20-иод орны 30-аад хүн ажиллаж байна. Нийтдээ 100-гаад шинжээч бий. Манай байгууллага гурван төрлийн шинжээчтэй. Химийн зэвсэгтэй гардаж ажилладаг нь би. Дараа нь шинжилгээ, дүгнэлт хийдэг шинжээч бий. Мөн химийн технологи өндөр хөгжсөн оронд очиж, химийн үйлдвэрийг шалгадаг гэсэн гурван төрлийн шинжээч бай- даг. Энэ байгууллагад ажиллаж буй хүмүүсээс шантраад замаасаа буцах нь ч бий.
-Монголд химийн хог хаягдал хаях менежмэнт бий юу?
-Химийн аюултай бодис элбэг. Гар утасны батерей, машины аккумлятор энэ бүхэн тэсэрч дэлбэрэх хог хаягдалд тооцогддог. Манай улсад булах, устгах менежмэнт, боломж байхгүй.
-Орчин үеийн залуусын мэдлэг, боловсрол чансаа, зиндаа муудаж байна гэдэг ч юм уу гардаг шүүмж яриатай санал нийлдэг үү?
-Нийлэхгүй. Дэлхийн чансаанд, дэлхийн зиндаанд Монгол залуус аль хэдийнэ хүрсэн. Гуравхан сая хүн амтай гэхэд гадаадын улс орнуудын нэр хүндтэй их, дээд сургуульд суралцагчдынхаа тоогоор тэргүүлдгээс харагдана. Өөрсдийнхөө хүч, авьяасаар тухайн сургуулийн тэтгэлгийн болзлыг ханган биелүүлээд тэтгэлгээр хүртэл суралцаж байна. Дэлхийн шилдэг 100 сургуулийн жагсаалт гаргасан. 50 мянгаас 100 мянган долларын тэтгэлэг, төлбөртэй сургуульд суралцаж байгаа олон монгол залуучуудаа би мэдэх юм. Төгсөөд НҮБ, дэлхийн хэмжээний том компаниудад ажиллаж байгаа нь эргээд Монгол бахархал болж байдаг. Эдний маань сайхан байдал Монгол залуустаа сайн үлгэр, дуурайл болж байна. Би өөрөө ч гэсэн НҮБ-д ажилласан 10-аад жилийнхээ туршлагаар залуучууддаа үлгэр, дуурайл болж явахыг хичээдэг.
-Залуучуудад хандаж юу захих вэ?
-Бидэнд заяасан Монгол сайхан эх орон, эцэг өвгөдийн, цэрэг эрсийн амь биеэр олдсон тусгаар тогтнолоо нүдний цөцгий мэт хадгалж яваарай гэж захих байна.
Ярилцсан: Д.Дамдиндорж
"Зиндаа" сэтгүүлийн №01, (08/508) дугаарт нийтлэгдэв.
Сэтгэгдэл ( 1 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая