“Зиндаа” сэтгүүлийн №11, 12/511, 512 дугаараас онцолж байна.
Амьдрал, ертөнцийн шалтгаан дуусахгүй бас таагдашгүй учраас хүмүүний орчлонг олж төрсөн хэн ч гэсэн энэ шалтгааныг олж танихын төлөө энэхэн бие сэтгэлээ зориулаад элэгддэг хуультай. Гэхдээ энэхэн учир шалтгаанд хэчнээн нь дөхөж очсоныг бас таах аргагүй. Ийм л таагдашгүй шалтгааны хойморт эгэл даруухан амьдарч, хүн ардынхаа, тэр тусмаа үндэсний хэмжээний учир шалтгааныг олохын төлөө хичээж яваа “Гарьд манлай” эмнэлгийн Ерөнхий эмч З.Цэгмид энэ удаагийн “Хүмүүн цадиг” буланд олон шалтгааныг уншигч та бүхэнд тайлж өгөхөөр зочилж байна.
“БИ ГОЁ САЙХАН БАЙШИНД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛЖ БОЛНО, ТЭГЭХ ХЭРЭГГҮЙ”
Монголд бүү хэл дэлхийд хамаарах олон хутагт хувилгаадын амилж дэвшсэн ариун дагшин газар шорооноо өдгөөгөөс 50 гаруй жилийн өмнө буюу туулай жилд нэгэн хөвгүүн төрсөн нь өдгөөгийн “Гарьд манлай”-н хэмээн овоглуулах болсон З.Цэгмид эмч. Хуучнаар бол Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт Уулын хошууны хүн. Одоо цагийн нэршлээр бол энэ хошуунаас салбарлан байгуулагдсан Завхан аймгийн Сонгино сумын уугуул. Хөдөлмөрийн баатар Ц.Нямхайнямбуугаас эхлээд олон алдартан өндийсөн нутаг л даа. Түүний өндөр дээдэс нутагтаа нэртэй малч хүмүүс байж, аав ээж нь ч өвгөдийн ухааныг уламжилсан хүмүүс гэнэ. Долоон хүүхэдтэй айлын дунд нь төрсөн жаал хүү өдгөө цагийн дэнсэн дээрээс дурсан суухдаа “Би төрсөн цагаасаа ихэд өвдөмтгий, өвчин ороодог хүүхэд байсан. Тийм ч учраас бага насандаа эмнэлгээр их явсан учраас багаасаа л эмч болохыг хүсдэг байсан” хэмээсэн.
Харин тэр өөрөө хоёр хүүтэй, нэгд нь эмчийнхээ ажлыг өвлүүлэн сургаж, нөгөөг нь Эдийн засагч болгожээ. Манай гэр бүлийн хүн Политехникийн сургуулийг геологич мэргэжлээр төгссөн ч өдгөө “Гарьд манлай” эмнэлэгтээ менежерийн ажилтай гэдгийг онцолсон. Хоёр хүү нь ч эмнэлэгтээ ажилладаг аж. Түүний ярианаас анзаарч байхад зөвхөн үр хүүхэддээ бус Монгол Улсын ирээдүйд нэг сайн Эрэгтэйчүүдийн эмнэлэг босгож үлдээх чин хүсэлтэй нь илт. Тэрбээр энэ тухайгаа “Би нэг хүүдээ өөрийнхөө мэргэжлийг өвлүүлсэн. 13 настайгаас нь өмнөд хөршид анагаахын чиглэлээр 10 жил сургаад, дараа нь эрэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжил олгох курст сургасан. Өндөр байшин бариад эмнэлэг байгуулж болно. Тэгэх хэрэггүй, би гагцхүү итгэл дээр суурилсан эмнэлгийн зах зээлийг хүүдээ, улсдаа бүрдүүлж өгнө. Хятадад нурж унах дөхсөн шавар байшинд 300 жилийн настай уламжлалт эмнэлэг ажиллаж, тэнд хүмүүс бужигнана. Гэтэл дэргэд нь өндөр сайхан барилга дотор байгаа эмнэлэгт хүн үйлчлүүлэхгүй байна шүү дээ. Тэгэхээр би ийм итгэлийн урт удаан настай эмнэлгийн зах зээлийг бүрдүүлж өгнө” гэлээ. Эрүүл мэнд, анагаах ухааны, тэр тусмаа гагцхүү бор зүрх, авьяас билгээрээ өндийлгөж чадах хувийн салбарт ажиллаж, 30 жил эмч байсан хүн юу эсийг үзээ аж.
Эмч хүн мэргэжилдээ дур сонирхолтой, бүр донтон дурласан байх ёстой. Өвчтөндөө яг л ээж, аавыгаа асарч байгаа шиг хандах, амьдралаа, бусад зүйлээ хаяад өвчтөнтэйгөө өдөр шөнөгүй сэтгэлээсээ зууралдаж чаддаг тэр хүн л эмч болно.
Түүнээс биш “за би магистр хамгаалчихлаа, одоо доктор болно” гэх зэргээр ажиллаж байгаа хүмүүс эмч биш. Тэд зүгээр л судлаачид байхгүй юу. Олон жил боловсорсон, судалсан, цол зэрэг авсан нөхөд бол тэс өөр, номноос ном хуулаад бичиж байгаа л хүмүүс шүү дээ гэдэг санааг цухалзуулсан. Ийм л учраас эрүүл мэндийн салбарт хүүгээ нялхаас нь бэлдэж, энэ философийг өвлүүлэхээр зорьж яваа эцэг хүн гэдгийг энэхэн санаанаас ойлгож болно.
“ЭМНЭЛГЭЭ БАЙГУУЛАХ САНАА ПОЛЬШИД ОЧООД БҮР БАТАЛГААЖСАН”
Олон үе дамжсан малч удмын эцэг эх нь “хүүхдүүдээ сургуулийн мөр хөөлгөнө” гээд 1969 онд нутгаас гарч Хүрээний айл болсон гэдэг. Нэгэн насаараа мал дагасан зах хязгаарын нутгаас хүрээг зориглон зорино гэдэг ёстой л амьдралын зураг төөрөг байх. Эсвэл З.Цэгмид хүүг өнөөдрийн энэ амьдралын тойрогт авчрах гэж зурагдсан тавилан ийнхүү гэр бүлээр нь хүрээнд авчирсан байх. Аливаа зүйлийн зураг төөрөг нь нэгэн гэр бүлийг бүү хэл улс орныг ч хөдөлгөдөг түүхтэй. Ийнхүү “Нийслэл хүү” болсон З.Цэгмид багын хүслээ дагаад Анагаахын дээд сургуульд шалгалт өгч тэнцсэн нь эмч болох хүсэл мөрөөдлийнхөө нэгэн шатан дээр гарч ирсэн хэрэг. Охид голдуу бужигнадаг Анагаахын сургуульд Цэргийн эмчилгээний ангийн оюутан болж, ангидаа нэг ч охингүй 25 залуу тохой залган суух болсон нь бас л нэгэн амьдралын зураг, хүний тавилан байх. Алтан гарт ачтануудыг өсгөж өндийлгөсөн энэ сургуулиас Цэргийн эмч болсон залуу Батлан хамгаалах яамны томилолт өвөртлөөд Налайхын Нисэхийн цэргийн ангид хуваарилагдан очсон нь өнөөдрийг хүртэл эрчүүдтэй ажиллах нэгэн шалтаг болсон байх. Анагаахын сургууль, 25 эрсийн дундаас хороо цэргийн дунд орж ирж байгаа нь энэ. Цэргийн ангиас Мэс заслын чиглэлээр курст суралцаж, Эрдэнэтийн эмнэлэгт Мэс заслын эмчээр ажиллаж байгаад хилийн чанадыг зорьсон түүхтэй.
Ажлынхаа гарааг 1988 онд Цэргийн ангиас эхлүүлж байсан залуухан дэслэгч эмч залуу зах зээлийн ороо бусгаа цагтай улаан нүүрээрээ тулсан нь саяхны түүх хэдий ч гучаад жилийн буданд үлджээ.
Энэ үед нийгэм бүхэлдээ шилжилтийн салхинд жиндэж, хилийн чанадад одох нь одож, зарим нь гахай үүрч, зарим нь мал дагаж гээд юм юм л болсон. Ийм л ороо бусгаа цагт З.Цэгмид Польшид ажиллахаар очиход эмнэлэг нь Эрчүүдийн өвчин судлах, эмчлэх тасагт хуваарилчихаж. Тэр энэ удаад ч эрчүүдээс холдож чадсангүй. Тэрбээр “Тухайн үед эмч нар Польш явах моод дэлгэрч байсан үе гэхэд болно. Тэнд Эрүүл мэндийн холбоо гэж байсан, түүний шугамаар очсон, европ эмнэлэг уналтын байдалтай болж, уламжлалт анагаах ухаан ихэд дэлгэрч байсан үе юм. Хилийн чанадын хүмүүс нь нээлттэй, эхнэр нь нөхрөө дагуулчихсан “манай энэ нөхөр надад үйлчлэхээ болилоо, үүнийг үзээд өг...” гээд ирдэг байсан аж. Энэ үед л манайд Эрэгтэйчүүдийн эмнэлэг байдаг бил үү, ерөөсөө эрчүүдийн өвчин судлах эмчлэх гэсэн ойлголт байдаг бил үү, улсдаа нэг ийм эмнэлэг байгуулах юмсан гэх бодол залуу эмчийн тархинд харваж орж ирсэн төдийгүй “Эрэгтэйчүүдийн эмнэлэг байгуулах эртний санаа нь Польшид баталгаажсан” гэдэг.
Амьдралын нарийн эмзэг, хүнд хэлж болохгүй тэр асуудлууд гагцхүү энд л нуугддаг биз ээ. Ийнхүү Их Зохиолч Д.Нацагдоржийн “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэнэ өвөрлөн ирнэ” гэж хэлсэнчлэн залуу эмч харийн нутгаас Эрэгтэйчүүдийн эмнэлэг байгуулах халуун хүсэл өвөрлөн ирсэн нь өнөөдрийн хэн бүхний мэдэх болсон “Гарьд манлай” эрэгтэйчүүдийн эмнэлэг. Өдгөө өргөн түмнийхээ өмнө үүдээ цэлийтэл нээсэн “Гарьд манлай” эмнэлэг байгуулагдаад 20 жил, З.Цэгмид эмч болоод 30 жил болоход эрчүүдээс огт салсангүй ээ.
“ӨВЧТӨНӨӨ ЭМЧИЛЖ БАЙХДАА Л НАЙЗУУД БОЛЧИХДОГ”
Монгол эр хүн гүдэсхэн чанартай, аливаад ам дэлгэн яриад байдаггүй байгалиас өгсөн өгөгдөхүүн, тэр тусмаа өөртөө тохиолдсон зовлон шаналанг тэр бүрий хүнд дэлгээд байдаггүй. Ийм л битүү хатуу ертөнцийн зовлон шаналал, гуниг баярыг мэдэрч, тэдэнтэй гүн гүнзгий ойлголцох хувь гагцхүү З.Цэгмидэд тохиосон гэхэд болно. Тэдэнд байх бие сэтгэлийн зовиур, цээжний алсад өөрөөсөө хүртэл нууж явдаг эмзэглэлүүдийг олон жил ойлголцож ажилласан хүн л мэдэх хэрэг. Түүний эрчүүдтэй суралцаж ажилласан 30 гаруй жилийн түүхэнд мөн ч олон эрс нууцын цоожтой сэтгэлийн хаалгаар нь зовлон үүрч ороод жаргал тэврээд гарсныг тоолох аргагүй. Төрийн өндөр дээд албан тушаалтнаас эхлээд төөрөг тавилан хазайж траншейнд орж гарсан нэгэн хүртэл энэ сэтгэлийн хаалгаар ороод гарсан нь бодит үнэн. Гагцхүү З.Цэгмид хэмээх сэтгэлийн цоожтой авдарнаас тэдний тухай үг унана гэж холоо хэвтэнэ.
Түүнээс “Танд олон эрчүүдийн нууц байдаг байлгүй?” гэхэд “Цэргийн ангид ажиллаж байхдаа цэргүүд нүцгэлээд жагсаахад төмсөг байхгүй, бэлгийн бойжилтгүй, сахал үс нь ургаагүй гээд түмэн асуудал байдаг. Үүнийг яах вэ гэвэл зөвхөн Урологид хандана, өөр хандах газар байхгүй. Эрчүүдэд очих эмнэлэг байхгүй цаг үе л дээ. Польшид очоод ажиллаж байхад энэ мэт зүйлс санагдаад эрчүүдийн эмнэлэг байгуулах санаа улам л лавширсан. Тиймээс 1998 онд “Гарьд манлай” эмнэлгээ байгуулсан юм. Ерөөсөө үнэн чин сэтгэлээсээ өвчтөнийг эмчилнэ гэвэл түүнтэй сэтгэлээсээ ярилцах, өөрөөс нь эхлээд амраг садан, ахан дүүс, найз нөхөд гээд ярихгүй юм байхгүй. Би ч өөрөө их яриа хүн шүү дээ. Өвчтөнөө эмчилж байхдаа л найзууд болчихдог” гэсэн юм.
“БҮСГҮЙЧҮҮД МИНЬ САЙХАН АМЬДАРЪЯ ГЭВЭЛ ЭРЧҮҮДЭЭ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ”
“Жендэр” гэдэг нь харьцааны онол юм гэсэн. Эрх тэгш байх “би би” хэмээн цээжээ дэлдэхийн нэр биш аж. Тиймдээ ч З.Цэгмид эмчээс үүнд зориулсан байж болох үгс цухалзах авч дэлгэрүүлж хэлсэнгүй. Гэвч “Гэр бүлээ аз жаргалтай байлгая гэвэл эрчүүддээ урам өгдөг, зоригжуулдаг бай. Тэр хэрээр эрчүүдийн хүсэл зориг дүүрэн байж, амьдрал тань сайхан байна. Эрэгтэй хүн романтик байдгийг ухаалаг эмэгтэйчүүд мэддэг учраас эрчүүдийн сэтгэлийг өөд нь өргөж явдаг. Ингэхээр амьдрал ахуй, сексийн амьдралаас эхлээд бүхий л зүйл өөдөө байдаг. Сайхан амьдаръя гэвэл эрчүүдээ хайрлаж яваарай” гэж захисан нь наанаа эрчүүдээ хайрлаж яваарай гэж захиж байгаа мэт боловч цаана нь үндэсний том агуулга нуугдаж байгааг би ажигласан. Яагаад гэхээр, тэрбээр “Аливаа үндэстний эрчүүд нь эрүүл, хүсэл тэмүүлэл, зоригтой байж тэр үндэстэн аугаа оршдог.
Эрчүүд нь өвчтэй, хүсэл зориггүй болчихвол үндэстэн яаж өөдтэй байх вэ” гэх утгыг сэтгэлээсээ шивнэсэн нь өдгөө цагт туйлын үнэн үг.
Өнөөдөр “Хүчирхэг эмэгтэй”, “Лидер эмэгтэй”, “Төмөр хатагтай” гэх мэтээр бүсгүйчүүдийг хөөрөгдсөн “онч мэргэн” үгс олон болсны ч нэг гай нь энэ байх. Эрчүүд эмэгтэйчүүдэд хийх ёстой ажил, аяглах ёстой араншинг байгалиас хуваарилж өгсөн байх. Үүнийг л битүү хатуухан сануулсан уу яасан “Бүсгүйчүүд маань улс төрд ч, урлаг уран сайхан, спорт гээд бүхий л салбарт манлайлал үзүүлж чадаж байна. Тэр ч бүү хэл хүнд даацын машины жолоо мушгиад давхина. Гэхдээ эмэгтэй хүнд хийж зохих ажил, зохихгүй ажил гэж бий. Газар шорооны ажил хийж байгаа эрчүүд цаанаа нэг өөр, гүжирмэг зориулагдсан харагддаг биз дээ, хүрз бариад газар шорооны ажил хийж байгаа эмэгтэй ямар харагдах вэ” гэсэн нь бодит амьдралын зурагтай хаашаа ч үгүй зохицно.
Тэрбээр энэ санаагаа бүр лавшруулан “Одоо нийгэмд ажиглагдаж байдаг, зарим айлын эмэгтэй манай энэ нэг хар юманд чадах юм байхгүй, би л гэр бүлээ авч явж байна гээд хаа сайгүй яриад явахаар өнөөх эрэгтэйн эршүүд байдал алдагдаж, улам л зориг зүрхгүй мохоо болдог” гэснээс харвал монголчууд эрт дээр үеэс эр хүний сүлд хийморийг өндөрт өргөж, малгай бүснээс нь эхлээд дээдэлж ирсний утга учрыг ямар ч тайлбаргүйгээр ойлгож болох.
“ХӨГЖИЛД ХӨТӨЛСӨН 20 НАСТАЙГАА ЗОЛГОЖ БУЙ “ГАРЬД МАНЛАЙ”
Польшид ажиллаж байхдаа Монгол Улсад Эрэгтэйчүүдийн эмнэлэг зайлшгүй хэрэгтэй, бүр агуулга, утга учраас нь үндэстэн оршихын нэг шалтгаан гэж бат ойлгосон залуухан эмч эх орондоо иржээ. Энэ л зориг зүрхтэй цагтаа “50 мянгат”-ын орон сууцанд хоёр өрөө байр тохижуулаад эмнэлгийн байраа бэлэн болгож байж. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг дээ, ингээд “Гарьд Манлай” эмнэлгээ байгуулжээ.
1998 онд манайд Эрэгтэйчүүдийн эмнэлэг бүү хэл, эрчүүдэд зориулагдсан эмч ч байсангүй. Нийгмийн сэтгэл зүй ч бэлэн бус, салбарын эвэртэн туурайтнууд ч таатай хүлээн авсангүй. Харьд ажиллахдаа Монголын эрчүүдэд яах аргагүй хэрэгтэй зүйл гэдгийг бүр том агуулгаар нь мэдэрсэн залуухан эмч нийгмийн салхи, дарга сайдын үгийг ч тоосонгүй эмнэлгээ байгуулаад авч, “Эрэгтэйчүүдийн өвчин судлал гэж юу байдаг юм. Эмнэлэг байгууллаа гээд хэн ирж үзүүлэх юм, дэлхийн том гүрэн Хятадад ч эрэгтэйчүүдийн эмнэлэг гэж алга, чи хүмүүсийн тархи угааж мөнгө олох гэж байгаа биз” гэж байсан мэргэжлийнхэн ч, дарга нар ч байсан тухай тэрбээр өөрөө дурдсан. Эрүүл мэндийн салбараас эхлээд нийгэм тэр чигээрээ таагүй хүлээн авч байсан ч залуухан эмч уйгагүй зүтгэсний хүчинд өнөөдөр “Гарьд Манлай” эмнэлэг нь монголчуудын зорин очдог нэгэн ээл дулаан газар болжээ.
Энэ бол зүгээр нэг эмнэлэг биш, нөхөн үржихүйн маш том бааз суурийг бий болгож, том агуулгаар нь авч үзвэл үндэстэнд хэрэгтэй шинжлэх ухааныг бүхэл бүтэн лабораторитой нь бэлэн болгоод өгсөн гэхэд болно.
Тэрбээр “Нөхөн үржихүй гэхээр л зөвхөн эмэгтэйчүүд гэдэг ойлголт байгаа нь буруу юм” хэмээсэн. Энэ бол зөвхөн хэдэн үйлчлүүлэгчдэд зориулсан зүйл биш, Монгол хэмээх үндэстэнд бэлдэж өгсөн том гавьяа гэдэгтэй маргах хэрэггүй. Ийнхүү бусдын шүүмжлэл, олон бэрхшээл туулж, 10 жилийн нүүрийг үзээд Гандангийн дэнжид хэвтэн эмчлүүлэх тасагтай эмнэлэг бариулаад авсан нь өдгөө олны хөлийн жим гарсан газар байх. Энэ тухайд “Бүхий л насны эрчүүд, гэр бүлд тохиолдох бэлгийн таашаал авахгүй байх, бэлгийн сулралд орох, дур тавихдаа үрийн шингэн гадагшлахгүй байх, гадагшилж байгаагаа мэдрэхгүй байх, үр тогтохгүй байх, хэн нэгэндээ таашаал өгөхгүй байх гээд эр эмийн хооронд юу эс тохиолдох билээ. Энэ бүх зовлон бэрхшээлийг тээж яваа хөгшин залуу хосууд Урологийн тасагт очихгүй, хэн нэгэн эмчид очоод ч үр дүнд хүрдэггүй” гэлээ.
Харин “Гарьд Манлай” эмнэлэг, З.Цэгмид эмч дээр очоод баяр жаргалаа олсон гэхийг өөрөөс нь бус өрөөлийн амнаас олонтаа сонсож байжээ. Тиймээс би энэ тал дээр яриа өдөж асуулаа. Тэрбээр “Манайх энэ тал дээр зөвлөгөө өгдөг, эмчилдэг ганцхан мэргэжлийн байгууллага учраас үйлчлүүлэгчдэд тохирсон зөвлөгөө өгч эмчилгээ хийдэг. Түүнээс бус “за төдөн наснаасаа секс хийх ёстой шүү”, “одоо та болно“ гэх боломжгүй. Сүүлийн үеийн дэвшилтэт технологи, бэлтгэгдсэн эмч нар, эм тариа ч байна. Таны эмзэг эрхтэн тасраад унаагүй цагт бүгдийг нь эмчилнэ. Үргүйдлийг ч одоо 100 хувь эмчилдэг болсон. Гэхдээ энэ бүгдийг бид шийдээд байгаадаа биш шинжлэх ухаан шийдэж байна. Харин бид шинжлэх ухааны ололт амжилтыг гүйцэтгэж байна” хэмээн ам бардам хэлэв.
Мэргэшсэн, бэлтгэгдсэн эмч нар гэснээс эрчүүдийн өвчин судлалыг бий болгож, тэднийг анагаах тал дээр амьдралынхаа жилүүдийг зориулсан З.Цэгмид 2000 онд Москва хотноо Эмч нарын сургалтын дараах академид эрэгтэйчүүдийн өвчин судлалын чиглэлээр суралцах, түүнийг судлахаар эрдмийн аянд дөрөө авч байсан гэдэг.
Иймдээ ч “Гарьд Манлай” эмнэлэг нь сүүлийн үеийн дэвшилтэт технологийг аль болох оруулж ирэхийг эрмэлздэг аж. Тэгвэл хятадууд, солонгосчууд гээд харийнхан дунд зэргийн аппарат авч ирээд өндөр үнээр харж үзээд явдаг. Харин З.Цэгмид эмч “Шанхай-2018” үзэсгэлэнд очоод хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт аппаратыг оруулж ирээд монголчуудад маш хямд үнээр үзэж хардгаа ч дуулгасан. Их зорилгын төлөөх “Гарьд манлай” эмнэлэг нь өдгөө 40 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ эмч ажилтнуудаа өндөр хөгжилтэй орнуудын эрүүл мэндийн салбартай танилцуулах, тэднээс туршлага судлах, сургах тал дээр анхаарч явдгийг салбарынх нь зүтгэлтнүүд ярина билээ.
Хүмүүсийг ажилд авахдаа ч би эмчийнхээ ажилд хэр дуртай вэ гэдгийг хардаг. Түүнээс биш Англи, Герман гэх мэт дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад эмчийн мэргэжил эзэмшсэн залуус байдаг, тэд аав ээжийнхээ шахалтаар суралцаад ирсэн учраас мэргэжилдээ төдийлөн дур сонирхолгүй байдаг аж.
“ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ ЯГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ НАР ШИГ ОЛОН БАЙХ ШААРДЛАГАТАЙ”
Тэрбээр хувийнхаа бизнесийг өргөжүүлээд зөвхөн хувийн эрх ашиг хөөж яваагүй, эрэгтэйчүүдийн өвчин судлал гэдэг зүйл манай улсад байх ёстой. Энэ талын мэргэжилтэн, мэргэшсэн эмч нар ч байх ёстой гэдэг үүднээс хэдэн жилийн турш санал тавьж хөөцөлдсөний үр дүнд АШУҮИС-д эрэгтэйчүүдийн эмчийг бэлддэг болгож. Харин эмч нараа бэлдээд төгсгөөд эхэлсэн ч тэдэнд ажиллах эрх зүйн орчин байхгүй нь З.Цэгмид эмчийн бас нэгэн хөөцөлдөх ажил болоод байгаа аж.
“Өнөөдөр дүүрэг, аймаг бүрт Эмэгтэйчүүдийн эмч байдаг ч Эрэгтэйчүүдийн эмч алга. Яагаад гэхээр манай улсад ийм эрх зүйн орчин алга. Өөрөөр хэлбэл, хууль байхгүйгээс болоод Эрэгтэйчүүдийн эмчийн орон тоо үгүй, орон тоо байхгүй учраас энэ чиглэлд бэлтгэгдсэн эмч нарт ажлын байр байдаггүй аж. Уг нь энэ тухай хуулийг Эрүүл мэндийн яамнаас санаачлаад УИХ-аар оруулчихвал цалин цаваг гээд асуудал нь шийдэгдэнэ дээ” гээд санаа зовнингуй өгүүлнэ лээ.
Түүний үзэж байгаагаар “Нөхөн үржихүйн гол үнэт зүйл Эрэгтэйчүүдийн эмч төвлөрсөн газар бүрт байх ёстой. Эрэгтэйчүүдийн эмч дутмаг, дүүрэг аймаг сум бүрт байхгүй байгаа нь өрсөлдөгчгүй үйл ажиллагаа явуулахад таатай гэж үзэх хүн байгаа байх. Тэгэхээр би зөвхөн хувийн эрх ашгаа бодож болохгүй, ард түмнээ бодож байгаа учраас энэ бүхний төлөө санаа чилээж хөөцөлдөж явдаг хүн. Ховдын Зэрэгээс, Завханы Сонгиноос Эрэгтэйчүүдийн эмчид үзүүлэхээр Улаанбаатарыг зорино гэдэг цаг нарнаас эхлээд зардал чирэгдэл зөндөө учирна. Энэ бүхнийг арилгах цаг нь болсон. Аймаг тус бүрт, сум дундын бүсэд Эрэгтэйчүүдийн эмч заавал байх шаардлага бий. Бидний хувьд урлагийнхан шиг аймгаас аймагт, сумаас суманд очиж үзээд явж чадахгүй учраас үүнийг шийдэх хэрэгтэй”-г сануулаад авсан.
Өнгөцхөн харвал З.Цэгмид эмч нь эрэгтэйчүүдийн хувийн эмнэлэг ажиллуулдаг л хүн. Товчхондоо, хувийн эмнэлэгтэй зуун зуун эмч нарын л нэг. Харин түүний дотоод сэтгэл рүү өнгийж харвал эрэгтэйчүүдийн эмнэлгээр дамжуулан нөхөн үржихүй, түүнийг дагасан эрүүл мэнд, үндэсний хэмжээний бодлого төлөвлөж ажилладаг нэгэн. Тиймдээ ч тэрбээр “Улс үндэстний эрчүүд нь эрүүл чийрэг, ухаан нь саруул байж тэр улс үндэстэн хүчирхэг оршин тогтноно” хэмээсэн байх. Түүний хэлснээр нөхөн үржихүйн гол судас болсон эрчүүд маань эрүүл, ухаантай байж эрүүл ирээдүй бий болно биз дээ. Ийм л нэгэн бодьгал бидний дунд чимээгүйхэн амьдарч, хийж бүтээхийн их хүсэлд шатаж явна. Хүн амынхаа эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн цагаас хойш 30 оныг үдэхэд хичнээн хүний аминд орж, хичнээн гэр бүлийг зовлонгоос салгасныг тоолох аргагүй биз ээ. Тиймээс З.Цэгмид эмчийн хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө зүтгэж яваа, тэр тусмаа улс үндэстний хүчирхэг оршин тогтнохын төлөө сэтгэл чилээн яваа их үйлсийнх нь замд үгийн сүү дусааж энэхүү бичиглэлээ өндөрлөв.
Нийтлэлч С.Ууганбаяр
Сэтгэгдэл ( 0 )