Өнгөрсөн сарын 27-нд /2019.03.27/ Энэтхэг улсын зэвсэгт хүчин хиймэл дагуул устгах A-SAT пуужин хөөргөж, дэлхийн нам тойрог дахь хиймэл дагуулаа устгасан билээ. Үүнээс өмнө зөвхөн АНУ, ОХУ, БНХАУ л ийм чадвартай байсан.
Хиймэл дагуул устгах пуужин амжилттай хөөргөсөн талаар Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди мэдээлэхдээ Энэтхэг улс сансрын их гүрнүүдийн тоонд багтлаа. A-SAT пуужин Энэтхэгийн сансрын хөтөлбөрт шинэ хүч авчирлаа гэж мэдэгдсэн. Шинэ зэвсэг нь зөвхөн батлан хамгаалах зорилготой гэж тэрбээр ятгав.
Мэдээж хэрэг, Энэтхэг улс пуужин, сансрын салбарт өөрийн хөрш болох Хятад улсаас хоцрохыг хүсэхгүй. Хятад улс нь 2007 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр өөрийн FY-1C цаг уурын хуучин хиймэл дагуулаа пуужингаар устгаж байсан. Саяхан Энэтхэг улс мөн ийм боломж буйг дахин сануулав.
Хуучин ЗХУ өнгөрсөн зууны 70-аад оны үед хиймэл дагуул устгах пуужин туршиж байсан. Тэр үед хиймэл дагуулыг пуужингаар устгана гэдэгт хэн ч итгээгүй. Учир нь дэлхийн тойрог дахь хурд 8 км/с байдаг. Гэсэн хэдий ч ийм боломж бий гэдгийг нотолж чадсан билээ.
Хиймэл дагуулыг пуужингаар устгах нь сансрын экологид сөрөг нөлөөтэй. Учир нь энэ тохиолдолд маш их хэмжээний “сансрын хог хаягдал” бий болдог. Хятадын FY-1C хиймэл дагуулын устгасны дараагаар хэдэн зуун хэлтэрхий сансарт цацагдаж, сансрын тойрогт буй сансрын аппарат болон олон улсын сансрын станцын аюулгүй ажиллагаанд аюул учруулсан.
Энэтхэгийн Ерөнхий сайдын мэдээлснээр, туршилтыг 300 км өндөрт явуулсан бөгөөд олон улсын улсын сансрын станц ойролцоогоор 400 км өндөр байрладаг. Мэргэжилтнүүдийн хэлснээр, хиймэл дагуул устгах пуужинг чиглүүлэхийн тулд газар дээрх дэд бүтэц маш сайн хөгжсөн байх учиртай. Сансрын объектыг илрүүлэх, байршлыг нь тогтоох, тойргийн өндөр, хазайлт зэргийг нарийн мэдэх хэрэгтэй. Дээрх туршилт Энэтхэг улсад бүх шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл байгаа гэдгийг нотоллоо.
Энэтхэг улс энэхүү туршилтаараа АНУ-ын уур хилэнг төрүүлэв. Энэтхэг улс хиймэл дагуул устгах пуужин туршсанаараа геополитикийн тавцан дээр зарим талаараа Хятад, Оросоос дутуугүй зэвсэглэсэн хүчтэй өрсөлдөгч гарч ирж буй дохио өглөө. Одоогоор Пентагон пуужин эсэргүүцэгч системтэй холбогдон ажиллах чиглүүлэгч хиймэл дагуулын сүлжээг дэлхийн тойрогт байгуулах төсөл дээр идэвхтэй ажиллаж байгаа. Ирээдүйд АНУ дэлхийн тойрогт лазер зэвсгийн системийг байрлуулах боломжийг мөн судалж байна. Онолын хувьд мөргөлдөөн гарсан тохиолдолд дэлхийн тойрог дахь АНУ-ын “цэргийн хүчнийг” хэсэгчлэн устгах чадалтай орнуудын тоо нэгээр нэмэгдсэн нь Пентагоны санааг зовоох асуудал мөн.
Лхагва гарагт /2019.04.03/ АНУ-ын батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Пэтрик Шанахан хиймэл дагуул устгах зэвсэг туршсан нь сансарт “эмх замбараагүй байдал” үүсгэж болзошгүй хэмээн сануулсан. Тэрбээр “Сансрын уудам бидний бизнесийн талбар байх ёстой. Сансрын уудам хүмүүсийн үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх орон зай байх ёстой”, гэж онцлов.
НАСА агентлагийн удирдлагын захирал Жеймс Брайденстайн туршилтын улмаас бий болсон хаягдал хэдхэн хоногийн дотор олон улсын сансрын станцад учрах аюулын эрсдэлийг 44 хувиар нэмэгдүүллээ гэж анхааруулаад дэлхийн нам тойрогт сансрын хог хаягдал бий болгосон нь хүн сансарт нисэх үзэл баримтлалтай зөрчилдөж байна гэж онцолжээ. Туршилтын дараа, НАСА агентлаг 400 хэсэг хог хаягдал үүссэнийг илрүүлсэн байна.
Дэли хотын их сургуулийн профессор Триша Ражагопаланы хэлснээр, дэлхийн тойрогт үүссэн хог хаягдал хэдэн долоо хоногийн дотор дэлхийн агаар мандалд шатаж үгүй болох гэнэ. 2007 онд Хятад улс цаг уурын хуучирсан хиймэл дагуулаа 800 км өндөрт устгаж байсан. Тэр үед гурав гаруй мянган хаягдал хэлтэрхий үүсч байсан бол 2008 онд АНУ хиймэл дагуулаа 250 км өндөрт устгахад ямар нэгэн сөрөг үр дагавар гарч байгаагүй гэж тэрбээр тайлбарлав.
Энэтхэгийн гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд, хиймэл дагуулыг нам тойрогт устгасан тул үүнээс үүсэн хэлтэрхийнүүд гурван долоо хоногийн дотор дэлхий дээр унана гэж дурдсан байна.
Энэтхэгийн Observer Research Foundation судалгааны төвийн ажилтан Аарши Тирки Энэтхэг улс сансар уудамд зэвсэглэлээр хөөцөлдөх бодолгүй гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Дэлхийгээс хамаагүй хол байрлаж буй бусад улс орны хиймэл дагуулыг устгах боломж Энэтхэг улсад үгүй. Гэтэл АНУ, Хятад улс Энэтхэгийн хиймэл дагуулыг устгах хангалттай эх үүсвэртэй гэж тэрбээр онцлов. Тиймээс, Энэтхэг улсын энэхүү туршилт дэлхийн их гүрнүүдэд заналхийлэх бус, цэргийн хүчээ харуулах зорилго агуулсан гэж шинжээч дүгнэж байна.
Одоогоор дэлхийн тойрогт хоёр мянга орчим хиймэл дагуул ажиллаж байгаа бөгөөд 800 нь АНУ-ынх бол 48 нь Энэтхэг улсад харьяалагддаг байна.
Сэтгэгдэл ( 0 )