Жинхэнэ жижгүүдийн өмнүүр орж, хоолыг нь булаасан гэх дуулианд зургаан сарын өмнө холбогдсон томчуудыг муйхраар буруутгаж, чичлэж болохгүй гэсэн агуулгатай үгсийг хуулийнхан хэлж, ярьж эхэллээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаяр гэж хүн ЖДҮ-тэй холбоотой хэргийн шалгалтын талаарх мэдээлэл өгөх зорилготой ярилцлагадаа “УИХ-ын гишүүн тойрогтоо ажлын байр нэмэгдүүлсэн, тойргийн сонгогчдоо бодлогоор дэмжсэн төсөлд тэднийг шууд буруутгах хуулийн үндэслэл байхгүй” хэмээн хоёр ч удаа давтан хэлжээ. Энэ албан тушаалтны хэлж буйгаар УИХ-ын гишүүд “бодлого”-тойгоор бусдын боломжийг хулгайлах нь хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн үйлдэл гэж ойлгогдож байна. Эрх мэдэл бүхий томчуудын нөлөөллөөр олгогдсон зээлийг дагаж ажлын байр нэмэгдсэн байж болох ч, энэ нь бусдын боломжийг хулгайлсан үйлдлийг зуун хувь зөвтгөх үндэслэл болж чадах уу гэдэг асуулт тавигдаж таарна.
ЖДҮ-ийн зээлтэй холбогдох хэрэг явдлыг зургаан сарын турш шалгаж буй хуулийн байгууллагын төлөөлөл ийм байр суурийг илэрхийлж буйтай зэрэгцэн албан тушаалын давуу талаа ашиглан хамаарал бүхий иргэн, аж ахуйн нэгжид ЖДҮ-ийн зээл авч өгсөн гэх томчууд ЖДҮ-тэй холбоотой төрийн шийдвэрт хуруу гараа дүрж суугаа нь анхаарлын гадаа үлдэх учиргүй байх. Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн ЖДҮ-ийн асуудалд холбогдсон Д.Дамба-Очир, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын төсөл болон “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих 2019-2022 оны хөтөлбөр”-ийг хэлэлцэх хуралд өөрсдийн санаа оноогоо хэлж байх юм. Тэгээд зогсохгүй 300 сая төгрөгөөс дээш зээлийг зохих шаардлага хангасан банкаар, түүнээс доош төгрөгийн зээлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн шилэн сонгон шалгаруулалтаар олгох шаардлагатай гэсэн саналыг дэмжиж буйгаа илэрхийлцгээв. Энэ бол манайхаас өөр оронд үл харагдах дүр зураг. ЖДҮ-ийн зээлийг давуу талаа ашиглан авсан байж болзошгүй УИХ-ын гишүүдийн хувьд ЖДҮ-тэй холбоотой аливаа асуудал, шийдвэрт оролцох нь ёс зүйн хувьд тохирохгүй баймаар. Гэвч манайд эсрэгээрээ, хулхи ЖДҮ-чид дараа дараагийн хулгайгаа хуульд нийцүүлэх хийх арга замаар эрэлхийлж байгаа дүр зураг үзэгдэж байна. Хэдхэн сарын өмнөх дуулиан руу өнгийхөд УИХ-ын нэр бүхий гишүүд, Ерөнхий Аудитор, Улсын ерөнхий прокурор /УЕП/-ын орлогч, бизнесийн салбарын “акул”-ууд гэхчлэн байж болох бүхий л томчууд, нам хүчин хамаарахгүй ЖДҮ-ээс мөлждөг болох нь ил болсон билээ. Тэд он он дамнан ЖДҮ-ийн салбарынхнаас, жинхэнэ эздээс боломжийг нь хулгайлсан тул алдаа завхрал гаргаж ирсэн шат шатны нөхдүүдтэй хариуцлага тооцох асуудал эхэнд эрэмбэлэгдэж байв. Тэгвэл ЖДҮ-тэй холбоотой хэрэг явдлыг зургаан сарын хугацаанд шалгаж буй хуулийнхан өнөөдрийн тухайд ямар байр суурьтай байгаад анхаарал хандуулъя.
100 гаруй ЖДҮ-чний боломжийг хулгайлсан нь ТОГТООГДЖЭЭ
АТГ-ын мэдээллээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 2018 онд зээл авахаар хүсэлт гаргасан 1544 иргэн, аж ахуйн нэгж байна. ХХААХҮ-ийн сайд 2018 онд хоёр удаагийн тушаал гаргаж, 216 иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн төсөлд зээл олгожээ. Мөрдөн шалгах ажиллагаа нь зээлийн хүсэлт гаргаад авч чадаагүй иргэн, аж ахуйн нэгжийн төсөл, бичиг баримт болон зээл авсан 216 төслийн үйл ажиллагааг хамарч явагдсан байна. ЖДҮ-ийн зээлийг олгохдоо сайдын хоёр удаагийн тушаалд хамрагдаж зээл авсан иргэн аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа хууль дүрмийн дагуу явагдсан эсэх, төсөл зорилтот бүлгийн этгээдэд очсон эсэх, сонгон шалгаруулах ажиллагаанд албан тушаалтан, төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүд, мэргэжилтнүүдээс нөлөөлсөн эсэх, тэдний хамаарал байгаа эсэхийг шалган тодруулах ажлыг АТГ хийж байгаа гэнэ. Энэ хүрээнд шалгарсан 216 төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг газар дээр нь очиж баримтжуулах, үзлэг нэгжлэг хийх, санхүүжилтийн баримт, мөнгөний зарцуулалтад аудитын шалгалт, шүүх ня-бо, санхүүгийн шинжилгээ хийх, зээлийн барьцаалбарыг зохих журмын дагуу хийж үнэлсэн эсэх зэргээр төсөл тус бүрт нарийвчилсан хяналт шалгалтын ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллага, эрх бүхий шинжээчийн бүрэлдэхүүн, хөрөнгийн үнэлгээний эрхтэй компани, тусгай мэдлэг бүхий мэргэжилтнүүдийг татан оролцуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга мэдэгдэж байна. Мөн тэрбээр Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой хэргийн гол хүрээг хумьж шалгаж дуусгах шатандаа орсон. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэн Ажлын хэсгээс санал, шийдвэрүүдийг хуулийн хүрээнд гаргаж хяналт тавьж буй Нийслэлийн прокурорт хүргүүлж байгаа. Зээл авсан иргэн, хуулийн этгээд бүрийг буруутан, гэмт хэрэгтэн гэж үзэж болохгүй. Зээлийг зохих журмын дагуу авсан, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн шалгуур шаардлагыг хангаж, зохих журмын дагуу шалгарсан, үйл ажиллагаа нь хэвийн хэрэгжиж байгаа төслүүд бий... Одоогоор 70 гаруй төслийг хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн тусгаарлан шалгаж, үүнээс гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн 50 гаруй хэргийг хаах санал гаргаж, прокурорын байгууллагад хүргүүлээд байна. Прокурорын байгууллага, мөрдөгчийн саналыг хянаж хуулийн хүрээнд шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалттай, өнөөдрийн байдлаар 10 гаруй төслийн материалыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг хаах прокурорын тогтоол гарсан.
ЖДҮ эрхлэгчдийн боломжийг хулгайлсан уу гэдгийг нотлох үүднээс бид зээл авсан 216 иргэн, аж ахуйн нэгжээс гадна төслийн сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа бүрдүүлж өгсөн 800 гаруй төслийн материалыг хураан авч шалгасан. Энэ ажиллагаанд дан мөрдөгчөөс гадна төрийн болон төрийн бус байгууллага, санхүү, аудитын чиглэлээр өмнө ажиллаж байсан, мэргэжилтэн, шинжээч болон иргэдийн хяналт, дэмжлэгтэйгээр төслийн материал бүрийг хянан шалгаж, нягтлан үзсэн. Өөрөөр хэлбэл, шалгарсан шалгараагүй бүх аж ахуйн нэгжүүдийг аль алийг нь үзэж нягталсан. Шалгараагүй үлдсэн 800 гаруй төсөл дотор шалгарах боломжтой 100 гаруй төсөл хүсэгч ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгжүүд байсан” гэсэн мэдээллийг АТГ өгч байна.
Тэгэхээр боломжтой хэрнээ зээл авч чадаагүй 100 ЖДҮ-чний боломжийг тойргийнхоо иргэдэд дэмжлэг үзүүлж ЖДҮ-ийн зээл авч өгсөн УИХ-ын гишүүд хулгайлжээ гэж харах өнцөг эндээс гарч ирж байна.
АТГ-ын мэдээллээр “Тойрогтоо жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн, тойргийн сонгогч, зээлдэгч нь авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулж буй эсэхийг шалгаж, тэдгээрийг дэмжсэн УИХ-ын гишүүдтэй хамааралгүй болох нь тогтоогдсон иргэн, хуулийн этгээдийн төслүүдийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн” гэж байгаа юм. Зээл авахад нь дэмжсэн ч, хамааралгүй болох нь тогтоогдсон гэх нөхдүүдийн нэрсээс дурдахад Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, М.Билэгт, Д.Хаянхярваа, Ц.Цогзолмаа, Ч.Хүрэлбаатар, М.Энхболд, Б.Чойжилсүрэн, Ц.Мөнх-Оргил, Б.Тэрбишдагва нарын нэр бүхий гишүүд болоод бусад албан тушаалтнуудыг дурдаж байгаа юм. Тэгэхээр эдгээр хүмүүс хуулийн хүрээнд бусдыг “дэмжиж” ЖДҮ-ийг хөгжүүлэх санд нөлөөлсөн гэж ойлгох ёстой болж байх шиг байна.
Нөхөн төлөгдсөн 5.5 тэрбумаар хэдэн ЖДҮ-чнийг өндийлгөж болох вэ?
ЖДҮ-ийн зээлтэй холбоотой хэргийг шалгах явц ийм байдалтай байгаатай зэрэгцэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг төлөөлөн дуугарч буйгаа мэдэгддэг “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос мэдээлэл хийв. Тус холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр хэлэхдээ “Энэ жил улсын төсөвт 100 тэрбум төгрөгийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өгөх ёстой. Зээлийн эргэн төлөлт 100 тэрбум төгрөгөөс давсан тохиолдолд үлдэгдэл хөрөнгийг зээл болгон олгоно гэж байгаа. Гэтэл зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байна. Үнэндээ 26.5 тэрбум төгрөг гэдэг бол тэрбум төгрөгөөр бодоход 26 зээлдэгчид оногдох мөнгө. 100 сая төгрөгөөр бодоход 260 төсөлд очих мөнгө. Судалгаанаас үзэхэд 3 хувийн хүүтэй зээл авахаар энэ жил 5-10 мянган төсөл ирэх магадлалтай байгаа. Тиймээс баялаг бүтээгчид зээлийн эргэн төлөлтийг сайжруулж байж, зээлийн хөрөнгийг нэмэгдүүлэхийг хүсч байна” гэсэн юм.
Уг нь 2019 оны улсын төсөвт ЖДҮ-ийг хөгжүүлэх санд хуваарилахаар тусгасан мөнгөний хэмжээ 47 тэрбум. Харин сангийн өөрийн орлогоос 1 тэрбум төвлөрүүлэхээр тооцож баталсан юм. Санд энэ онд төсөвлөсөн мөнгөний хэмжээ 2018 оныхоос 51.6 хувиар буурсан тоо. Сангийн өөрийн хөрөнгөөс 1 л тэрбум төгрөг орж ирэхээр тооцсон нь, зээлийн эргэн төлөлтийн хувь хэмжээтэй хэрхэн уялдаж байна вэ гэдэгт анхаарах ёстойг сануулсан гэхэд болно.
АТГ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор 11 иргэн, аж ахуйн нэгжээс нийт 11 тэрбум 195 сая 611 мянга 321 төгрөгийг битүүмжилж нөхөн төлүүлэх арга хэмжээ авсны, 5.5 тэрбум төгрөгийг ЖДҮ-ийг хөгжүүлэх санд буцааж нөхөн төлүүлсэн гэж байгаа юм. Тэрбум тэрбумын жишгээр авч үзвэл тавхан зээлдэгчид очих мөнгө. Харин жинхэнэ бор зүрхээрээ ЖДҮ эрхлэх гээд энгэртээ төслөө тэвэрсэн хүмүүсийг олж хуваарилж чадвал, хэдэн зуун ЖДҮ эрхлэгчдийг өндийлгөж чадах мөнгө шүү дээ.
2009 оноос зээл олгож эхэлсэн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн үүдээр орсон төслүүдийн 90 орчим хувьд 100 сая төгрөгөөс илүү гарахгүй хэмжээний санхүүжилт шаардлагатай байдгийг энэ чиглэлийн судалгаа, баримтууд гэрчилж байдаг. Гэтэл манай тухайд нэг эрх мэдэлтний нэг л компанийнхаа нэр дээр авдаг зээлийн хэмжээ ТЭРБУМ төгрөгөөс буудаггүй жишиг нэгэнт тогтсоныг нийгэм даяараа мэдэрснээс хойш зургаан сар өнгөрөөд байна. Энд манай эрх мэдэлтнүүд дэмжлэг үзүүлэн тэрбумаар зээл гаргуулж байхад тэнд Япон улсад ЖДҮ-ийг дэмжсэн санхүүжилтийнхээ 90-ээс илүү хувийг жинхэнэ “жижиг”-үүдэд хуваарилах боломжийг эрх мэдэлтнүүд нь бүрдүүлж байх юм. Бид энд ЖДҮ-ийг хөгжүүлнэ гэж олон жил ярьж, жил бүр төсөвт мөнгө суулгаж ирсэн ч, ЖДҮ-чид санхүүжилтийн эрэлд хатсан хэвээрээ л байна. Уг нь дэмжсэн шиг дэмжээд, дөмөгхөн шиг зүтгүүлбэл эдийн засагт тун чиг үр нөлөөтэй ЖДҮ-ийн салбарт РЕФОРМ-ын шинжтэй өөрчлөлт хэрэгтэй байна. Улс төрчдийн гар хөлийг энэ салбараас холхон байлгаад, эдийн засгийн агуулгаар нь харж, шийвэрлэж, хуваарилж чаддаг байхыг нөхцөл байдал шаардаад л байна.
Бүрэн эхээр нь "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!
Сэтгэгдэл ( 1 )
Их амархан ЖДҮ гээс зээл авсан нөхөд авсан мөнгөө хурдан буцааж төл. Мөн тэр нөхдийг төр нийгэмд ажиллахыг удмаар нь хоргил тэр ЖДҮ гээ эрхлээд л амьдраг