Оюутолгойн ХОЁР ТАЛ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 09

Монголын эдийн засгийн өгөгдөл гарын хуруунд тоологдохоор ядмагхан. Валютын орох, гарах урсгал нь уул уурхайн олборлох салбараас хамааралтай. Тэр нь гадаад зах зээл, тэр дундаа нэг хөршийн худалдан авалт, үнийн өсөлт дагасан мөчлөгөөс хамааралтай.  Хоёрт, маш бага хуримтлалтай. Банкны систем дэх нийт хадгаламжийн хэмжээ 11.3 их наяд төгрөг, 90 гаруй мянган иргэний моргэйжийн зээл. Гуравт, нийгмийн дундаж давхарга тун нимгэн, эмзэг.

Өгөгдөл нь өнөө хэр ийм л байгаа боловч 2009 онд дөрвөн тэрбум байсан эдийн засаг нь 2012 он гэхэд гурав дахин томорсон юм. Яагаад?

Учир нь Монголд 2010-2012 онд уул уурхайн хоёр дахь шатны тэлэлт болж, Оюутолгой төсөл нь хөрөнгө оруулалт болон экспортод, тэрчлэн нүүрс экспортын том бүрэлдэхүүн хэсэг болж орж ирснээр экспорт жилд 37-40 хувь өсч, гадаадын хөрөнгө оруулалт 10 тэрбум ам.доллар болсон юм.

Ерөнхийдөө эдгээр он жилүүдэд Монголын нийт эдийн засагтай тэнцэх хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт орж иржээ. Ердөө гурван жилийн дотор эдийн засаг гурав дахин томорсон ч өгөгдөл нь өөрчлөгдөөгүй учраас бид үргэлж бэрхшээл, сорилтын дунд амьдарч ирэв...

ОЮУТОЛГОЙН ХУВЬ ЗАЯА

УИХ-ын даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд дүгнэлт хийснээ хол­богдох байнгын хороод болон чуулганаар хэлэлцүүлэхээр зэхэж байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Рио Тинто”-той ширээний ард сууж, гэрээг сайжруулах асуудлаар ярилцах боломжтой гэж харж байна..” гээд “Эцсийн эцэст энэ гэрээг УИХ батал­сан. Тиймээс УИХ л шийдэх ёстой юм” гэжээ. Монголын эдийн засгийг эрс өөрчилсөн хүчин зүйлсийн нэг Оюутолгойн гэрээнд  Засгийн газрыг тухай бүр төлөөлөн ажиллаж байсан С.Баярцогт /2008 он. Сангийн сайд/, Ч.Сайханбилэг /2015 он. Ерөнхий сайд/ нарыг АТГ-т шалгаж байгаатай зэрэгцээд УИХ-ын түвшинд гэрээг эргэн харах асуудал сөхөгдөж байна. Улс төрийн нэг сэдэв байсаар ирсэн. Одоо ч хэвээр. Чухам яагаад вэ?

Оюутолгой төслийг зөвтгөх, хамгаалах олон шалтгаан бий нь үнэн. Тэнд өрнөж буй далд уурхайн бүтээн байгуулалт, олборлолт, олон зуун ажлын байр, дагалдах үйлдвэрлэл, үйлчилгээний өгөөж, татвар, орлого зэргийг хаана ч нуух, үгүйсгэх аргагүй. Үүгээр бүхнийг цайруулан цагаатгахад хангалтгүй учир шалтгаан ч одоо үйлчилж буй Хөрөнгө оруулалтын гэрээний сүүдэрт бий.  Нэг үгээр бол Оюутолгой төслийн хоёр талд хуваагдаад буй байр сууриудад аль алинд нь үнэний хувь бий.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭЦСИЙН ХЭМЖЭЭ ХЭД ХҮРЭХ ВЭ?

Оюутолгойг ашиглах тухай яриа үүсч байх 2007 онд хөрөнгө оруулалтын зардал 2.7 тэрбум ам.доллараар яригдаж, 2009 онд гэрээ байгуулахад 5.1 тэрбум ам.доллараар батлагдаж, 2013 онд зардал батлагдсанаасаа хоёр тэрбумаар хэтрэн 7.1 тэрбумд хүрснээр хоёр талын хооронд үл ойлголцол үүсч ажил зогссон. Дараа нь далд уурхайн бүтээн байгуулалтад дахиад л 4.4 тэрбум ам.доллар шаардлагатай болж, үүнийг арилжааны банкуудаас зээлээр авчихаад байгаа нь өнөө алдарт Дубайн гэрээ юм. Энэхүү зээлийг гадаадын 15 арилжааны банкнаас босгосон бөгөөд ашиглалтын гурван лицензийнхээ нэгийг барьцаанд тавьсан ч гэж яригддаг.

Оюутолгойн ордын нийт агуулгын 80 орчим хувь нь далд уурхайн аргаар ашиглагдах бололцоотой гэж үздэг. Далд уурхайгаар ашиглах тэрхүү 80 хувийн нөөцийг дөрвөн хэсэгт хуваадаг ба Хьюго Норт-1, Хьюго Норт-2, Херуга, Хьюго Саус гэж тус тус нэрлэдэг.

Эхний ээлжинд Хьюго Норт-1 далд уурхайг ашиглалтад оруулна. Бусад далд уурхайг хэзээ ашиглаж эхлэх нь тодорхойгүй төдийгүй бусад далд уурхайг байгуулахад хэчнээн ам.доллар шаардлагатайг одоогоор хэн ч яриагүй байгаа. Нэг удаа Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа гишүүн С.Ганбаатарын асуултад хариулах үеэрээ “нийт 24 тэрбум ам.доллар шаардлагатай” гэж дуугарч байлаа. Хөрөнгө оруулалт хэд хүрч дуусахыг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ өсөх хэрээр манай талын 34 хувийн санхүүжилтийн хэмжээ ч нэмэгдэнэ. Тэр санхүүжилтийг бид өнөөдрийнх шигээ хамтрагчаасаа зээлсээр байна гэж үзвэл бидний хүртэх ногдол ашиг мөн л хойшилсоор байх болно. Цаашид ордыг бүтнээр нь ашиглана гэвэл зардал улам бүр өснө, магадгүй Н.Алтанхуягийн нэгэнтээ ам алдсанаар 24 тэрбум хүртэл ам.доллар шаардлагатай болбол үүнийг хэрхэн босгох вэ. Юугаа барьцаанд тавьж, хаанаас зээлэх вэ гэх асуудал ч үүсч болзошгүй.

34 ХУВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗЭЭЛИЙН ХҮҮ 6.5% + LIBOR

Өнөөдрийн байдлаар Оюутолгойн төсөлд нийт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зардал гаргаад байгаагийн долоон тэрбум нь бүтээн байгуулалтын зардал, гурван тэрбум нь үйл ажиллагааны зардал юм. Үүнээс манай Засгийн газар өөрт оногдох 34 хувийг хамтрагч Рио Тинтогоос зээлээр аваад байна. Арван тэрбум ам.долларыг санхүүжилтийн бүтцээр нь задлан харвал 25 хувийг нь буюу 2.5 тэрбумыг нь хувьцаагаар, үүний 34 хувь буюу 800 сая ам.долларыг нь Монголын Засгийн газар Тио Тинтогоос зээлээр авсан. Үлдэх 75 хувь буюу 7.5 тэрбум ам.долларыг хувь нийлүүлэгчийн зээл хэлбэрээр буюу мөн л “Рио Тинто”-гоос Оюутолгой компани зээлээр аваад буй. Рио өмнө нь “хувь нийлүүлэгчийн” гэх 7.5 тэрбум ам.долларыг 6.5% + libor хүүтэйгээр Оюутолгой компанид олгосон.

Хамгийн сүүлд Ч.Сайханбилэг Дубайд очиж тохиролцсон Хьюго Норт-1 уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг мөн л өмнөхийн адил 6.5% + libor хүүтэйгээр Рио манайд зээлдүүлж байгаа. Дубайн гэрээний үр дагавар нь энэ. Гэтэл гадаадын банкуудаас авсан зээл дунджаар 3.78%+ libor хүүтэйгээр Рио Тинтод олгогдсон юм.

Оюутолгой ордыг эргэлтэд оруулах бизнес төслийн менежер нь Рио-Тинто. Энэ акул менежментийн төлбөр авдаг. Магадгүй төслийн зардал өсөх тусам менежментийн төлбөр өсдөг байхыг үгүйсгэхгүй. Юутай ч зардал өсөх хэрээр Риогийн давуу байдал томорч, Монголын талын хүртэх ашиг хойшилсоор, холдсоор. Оюутолгойн татварын орлого, ажлын байр, бүтээн байгуулалт, бусад ханган нийлүүлэлт гээд Монголын талд ирж буй өнөөдрийн ашгийг үгүйсгэшгүй ч энэ бүхэн төлөөстэй юм. Төлсөөр ч яваа... Цаашид харин яах ёстой вэ гэдэгт хэн ч гарц гаргасангүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ(103.9.90.2) 2019 оны 05 сарын 09

МОНГОЛЫН ТАЛ ӨӨРИЙНХӨӨ БАЯЛГИЙГ УХУУЛЖ БАЙЖ ЯАГААД 34 ХУВИЙН ХӨРӨНГӨ ҮРУУЛАЛТЫГ ГАРГАХ ЁСТОЙ ГЭЖ

0  |  0
Top