Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс 2019 оныг Гадаад харилцааны жил болгон зарлаж, дэлхийн хорь улсад Медиа тур аяллыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Медиа тур-2019 аяллын эхний баг БНХАУ-ын Шаньси мужийн Ян-Ань хот болон Өвөр Монголын өөртөө засах орны /ӨМӨЗО/ Хөх хот, Ордос, Бугат хотуудад өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундаар ес хоног аялсан юм. Тус багт Монголын 10 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн 20 сэтгүүлч, ӨМӨЗО-ны “Одон” телевиз, “Солонго” мэдээллийн төвийн сэтгүүлчид багтаж, хамтарсан сурвалжлагыг бэлтгэсэн юм. Бидний аяллын замын нэг хэсэг болох БНХАУ-ын Шаньси мужийн Ян-Ань хотын талаар энд өгүүлье.
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол-Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ч давхцаж буй. Тийм учраас “Медиа тур-2019” аяллын анхдугаар баг хамтарсан сурвалжлагаа “70 жилийн түүхийн гэрч” хэмээн малгайлсан юм.
БНХАУ-ын өнөөдрийг хүртэлх 70 жилийн түүхээс бид чухам юуг мэдэх вэ, мөн юуг нь эс мэдэх вэ гэдгийг ойлгохын тулд Ян-Ань хотыг үзэх учиртай байжээ. Энэ бол өнөөгийн Хятад улсыг байгуулах эхлэл болсон 70 жилийн тэртээх хувьсгалын өлгий нутаг юм. Энэхүү хувьсгалын түүхээ өнөөгийн хүүхэд залуустаа болон гадаадынханд сурталчлан таниулах “экспорт” хийж буй тус хот хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, аялал жуулчлалаар дагнан хөгжиж байгаа аж.
Тус хотод очсон хэн боловч заавал үзэх ёстой газруудын гол төв нь Хятадын Коммунист намын удирдсан хувьсгалтай холбоотой дурсгалууд юм. Заоюань, Ян Жя Лин гэх зэрэг хувьсгалын түүхтэй холбоотой газруудыг өдгөө жуулчдад зориулан музейн хэлбэрээр засаж тохижуулснаас гадна хоёр жилийн өмнө гайхалтай орчин үеийн театр байгуулж, түүндээ хувьсгалын түүхтэй холбоотой бүжиг, жүжиг, дуурь хосолсон тоглолтуудыг тавих болжээ. Орчин үеийн технологийн дэвшил, шийдлийг ашигласан дуулалт жүжгүүдийг үзсэн гадна, дотны жуулчид Ян-Ань хотын түгээж буй “хувьсгалын соёл” гээчийг чин сэтгэлээсээ ойлгох, сонирхох хүсэлд автдаг нь урлагийн л шид биз ээ.
Харин одоо хамтдаа 70 жилийн тэртээх Хятад орон чухам ямар байдалд байсан, яагаад хувьсгал өрнөсөн түүх рүү өнгийхийг хичээе. Тэрхүү хувьсгалаас хойшхи Хятад орны талаар бид хангалттай гадарлах учраас энд түр орхиё.
70 ЖИЛИЙН ТЭРТЭЭХ ХЯТАД ОРОН
Өдгөөгийн Хятадын эрх баригч Коммунист нам анх 1921 онд байгуулагдсан. Энэ үед Хятадын төр, засгийг Гоминданы нам удирдаж байлаа. Анх 1911 онд байгуулагдсан Гоминданы нам Хятадыг Бүгд найрамдах улс хэмээн зарлаж, тэр жилдээ төрийн эрхэнд гарсан боловч тус намын удирдагчдын нэг тухайн үеийн ерөнхийлөгч Юун Ши Кай 1916 онд өөрийгөө хаанд өргөмжилснөөр буцаад феодалын улс болсон байна.
Гоминданы нам төрийн эрх барьж байх хугацаанд Япончууд Хятадын зүүн, зүүн хойд мужуудыг болон хугацааны явцад нийт газар нутгийнх нь бараг тал хувийг эрхшээлдээ оруулсан байна. Үүнийг эрх баригч Гоминдан намынхан сөрж эсэргүүцээгүй бөгөөд эрхтэн, дархтанууд нь япончуудад үйлчилж, хамтарч ажилладаг, үүндээ ашиг хонжоо харж байжээ.
Японы түрэмгийлэл 1919 оноос эхэлсэн ч 1927 оноос хүч түрж, улмаар 1935 он гэхэд Хятадын албан ёсны газар нутгийн тал хувь нь тэдний мэдэлд орсон байв. Японы эзлэн түрэмгийллийн он жилүүд Хятадын түүхийн хамгийн аймшигт үе хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Японы тал 1945 онд Хятадад албан ёсоор бууж өгсөн бөгөөд тэр хүртэлх хугацаанд өрнөсөн дайн тэмцлийн явцад Хятадын талаас 17-22 сая хүн, Японы талаас 4 сая гаруй хүн алагдсан гэж үздэг. 1945 оны хүртэл Японы эзлэн түрэмгийллийн эсрэг дайнд Хятадын коммунист намын улаан арми тэмцлийн тэргүүн эгнээд явжээ. Хятадын коммунист намын улаан арми гэдэг нь тэр үедээ ажилчин, тариачдаас бүрдэж байлаа.
Хятадын коммунист нам бүхэлдээ ард түмэн, ажилчин тариачдын дэмжлэгтэй, эрх баригч Гоминданы намын ноёрхлын эсрэг тэмцэгчид байжээ. Тус хоёр нам тус тусдаа армитай бөгөөд маш олон жилийн турш хоорондоо дайтсан. Хэдийгээр тэд хоорондоо дайтсаар байсан ч 1936 онд хэлэлцээрт орж, Японы эзлэн түрэмгийллийн эсрэг хамтран тэмцэх тохиролцоонд хүрчээ. Гэвч эрх баригч Гоминдан намынхан хэлсэндээ хүрээгүй байна.
Уг нь эрх баригч Гоминдан намын арми нь Коммунист намын улаан армиас хүний тоогоор 10 дахин байсан нь ч Японы эсрэг дайнд хүч тавиагүй бөгөөд Коммунист намын улаан арми хамгийн хүнд хэцүүг амссан байна. 1945 онд Японы эзлэн түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн гаргасан ч үүний дараа Хятад улс 1948 оныг дуустал Иргэний дайнд татагдан орсон байна. Энэхүү иргэний дайн нь Коммунист нам болон Гоминданы намын хооронд 1930-аад оноос эхэлсэн дайны үргэлжлэл байсан бөгөөд бүх ард түмний хувьсгал болон өргөжиж, улмаар Коммунист намын ялалтаар өндөрлөсөн юм. Энэхүү ялалтын үр дүнд 1949 онд БНХАУ байгуулагдсан.
1911 оноос хойш 1949 оныг хүртэл Хятадын засгийн эрхийг барьсан Гоминданы нам нь үндэстний нийт баялгийг цөөн хэдэн гэр бүлд төвлөрүүлж, газар нутгийг цэргийн эрхтэн, дархтануудын мэдэлд хуваарилж, ард иргэдийн нуруун дээр татварын асар их дарамтыг үүрүүлснээс гадна эдийн засгийг туйлдуулсан. Энэ байдал нь Хятадын ард түмний эсэргүүцэл тэмцлийг өдөөж, улс орон даяар өрнөсөн хувьсгал болтол нь дэвэргэсэн бөгөөд үүнийг ажилчин, тариачдаас бүрдсэн Коммунист нам удирдан ялалтад хүргэсэн түүхтэй. Энэ хүртэлх түүхийг өгүүлэх музей жуулчдын сэтгэлийг хөдөлгөдөг газруудын нэг. Японы эзлэн түрэмгийлэл, тэдний эсрэг хийсэн дайны түүхийг өгүүлэх үзмэрүүд яг тэр үеийн зовлон, гунигийг мэдрүүлэх шиг болно.
ЯН-АНЬ ХОТ ЯАГААД ХУВЬСГАЛЫН ТҮШИЦ ГАЗАР БОЛОВ
Хятадын баруун хойд хэсэг, Шар мөрний сав газарт байршилтай энэ хот түүхэнд тэмдэглэгдсэнээр бол өдгөөгөөс 2000 гаруй жилийн өмнө Хан улсын үед Хүннү гүрэнтэй хийсэн дайн байлдааны нэг түшиц газар байжээ. Харин хожим 1935 оноос 1948 оныг хүртэл Хятадын Коммунист намын гол түшиц газар болж байв.
Хятадын коммунист нам тухайн үеийн эрх баригч Гоминданы намын эсрэг ард түмний тэмцлийг 1934 оноос эхлүүлсэн юм. Тэр үеийн Коммунист намын удирдагчид Гоминдан намын тэргүүн Чан Кай Шитай 1936 онд уулзаж, Японы эсрэг хамтран тэмцэх хэлэлцээр хийсэн өрөө танхимыг тэр хэвээр нь Ян-Ань хотод үзэж болно. 1934 оноос хойш Японы эсрэг хамтран тэмцэх хэлэлцээр хийх хүртлээ, мөн 1945 онд Японыг хөөн гаргаснаасаа хойш 1948 оныг дуусах хугацаанд өрнүүлсэн хоёр намын хоорондын дайн түүхэнд гуниг, харууслаар тэмдэглэгдэн үлджээ.
“Их аян” гэж тэмдэглэгдсэн тэрхүү дайнд Гоминдан намын цэргүүд хүч түрж, ажилчин, тариачдаас бүрдсэн Коммунист намын улаан армийг 12500 км газарт 368 хоногийн турш элдэн хөөж, Гималайн нурууны зүүн хойд хэсэг болох одоогийн Гуанши муж хүртэл түржээ. Энэ бол 1934 он бөгөөд энэхүү 368 хоногт их, бага нийлсэн 380 удаагийн тулаан болсон гэх бөгөөд үүнээс хамгийн том тулаан нь тасралтгүй 15 хоног үргэлжилж байсан гэх. Ийнхүү Гоминданы намын цэргүүдэд хүч түрэгдсэн Коммунист намынхан Шаньси мужийн Ян-Ань хотод иржээ. Энэ хүртэл 12500 км газрыг туулахдаа 18 уул, 24 томоохон гол, мөрнийг Хятадын коммунист намын улаан арми туулсан гэдэг.
Ян-Анийг сонгосон шалтгаануудын нэг нь Коммунист намын улаан армийг бүрдүүлж байсан ажилчин, тариачдын 1/3 нь баруун хойд нутгийнхан байсан бөгөөд намын удирдлагад байсан зарим нөлөө бүхий хүмүүс тус нутгийнх байсан. Хамгийн гол нь газар зүйн байршлын хувьд баруун тийшээ Шинжаан Уйгар, хойшоо Монголтой ойролцоо байсан нь тэдгээрээр дамжуулан Оросоос зэвсгийн дэмжлэг авахад дөт байжээ. Хятадын хожмын их удирдагч болсон Дэн Сяопинь 1938 онд Монголд нууцаар ирж, Оросоос дамжуулсан зэвсгийг авчрах багийг ахалж байсан гэх түүхэн баримт ч бий.
Ян-Ань хотод ийнхүү 1935 оноос 1948 оныг хүртэл Хятадын коммунист нам төвлөрөн ажилласан бөгөөд 1945 оны дөрөвдүгээр сараас зургадугаар сар хүртэл үргэлжилсэн Коммунист намын долдугаар их хурал болж байсан байр одоо ч тус хотод хэвээрээ байх аж. Ян-Ань хотын 1935-1948 он хүртэлх түүх Хятадын коммунист намын ажилчин тариачдын улаан арми Японы эзлэн түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн гаргасан, мөн олон жил төрийн эрх барьсан Гоминданы намын эсрэг ард түмний хувьсгалыг манлайлан тэмцэж, өнөөгийн Хятад орны эхлэлийг тавьсан Хувьсгалын түүх юм.
Олон жил хятадын ард түмнийг туйлдуулсан Японы эзлэн Түрэмгийлэл, тэдний эсрэг дайн, иргэний дайны түүхийг өгүүлэх Ян-Ань хот өдгөө энэ түүхээ дотоод, гадаадын жуулчдад, тэр дундаа өнөөгийн залуу үедээ ойлгуулан таниулах гол газар болжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Setguulchee 1945-1948 onii Hytadiin irgenii dainii tuuhiig sain sudalj baij iimerhuu niitlel bichij baigaaraa nairsag zuvlumj uguhud. Tani bichsen chin ter chigeerei kommunist namin propoganda baina shuu. Tuhain uls uzel rutliin tuuhee yaj ch tailbarlaj bas ta hediig ayluulaad bicheesei gej bolno. Gehdee manaihan tuuhend jaahan gegeeleg handah heregtei shu. Yag irgenii daind bol Chka Shigiin armi iluu Yaponchuudtai tulaldaj huchee barsan. Kommunist nam ni zugtaad hoirgolood barag baildaagui baidag ym shuu. Chanka Shigiin aldaa bol ajilchin tariachdiig haranhui mass geed avch heltseguid orshino
Японыг Хятадууд ялаагүй юм. Зөвлөлт Монголын цэргүүд очиж японыг хөөж өгсөн түүхтэй. Хятадууд өөрсдөө ялчихсан юм шиг бичсэн байна. Энэ сэтгүүлч хятадын хэвлэлээс шууд орчуулсан бололтой
Заавал үзэх ёстой ч гэх шиг энэ балай сэтгүүлч үзэх үзэхгүйг заана ааййн ккк