Шөнөжингөө исгэрэн шуурсан салхи өглөө ч намжсангүй. Ажилдаа явахаар гэрээс гарвал цас, бороо холилдон орж байлаа. Бидний дээрээс ийм хүндээр дүнсийн орших энэ бүрхэг тэнгэрийн дор хүн хөнгөн хийгээд цэлмэг сэтгэлтэй явахад бэрх. Тавдугаар сар яг талдаа оржээ.
Ажлын маань өглөө өрөөгөөр түгэх халуун кофены үнэр, өчигдрийн дүгнэлт, өнөөдрийн төлөвлөгөөгөөр эхэлдэг. Нэг ёсондоо бүх л өдрийн эхлэл ийм. Харин байгалийн араншин тэс өөр. Тэр цаг цагаар хувьсан өөрчлөгддөг, эрх дураараа аж. Ямар сайндаа л тавдугаар сард цасаар шуурч байх вэ дээ. Ийн бодох зуур дахиад л шинэ өдөр эхэлж байна.
Албан тасалгааны цонхоор өнөөх тэнгэр эгээ л бүрхэг, саарал харагдана. Өчигдөр тэнгэр цэлмэг, нар дулаахан төөнөж байсан сан. Тэр л нарны дулаахан илч дор алхаж явахдаа цацраг бүр нь сэтгэлд минь шингэж даарч, ганцаардсан үед дотроос төөнөж, дулаацуулж байгаасай гэж хүссэн минь биеллээ олжээ. Тэр нар одоо ч дотор минь төөнөсөөр... Хүн бүр сэтгэлдээ нартай явахад амьдралд даарах өдөр гэж үгүй ээ.
Сэтгэгдэл ( 1 )
Үнэн шүү