-Байгалийн гаралтай органик гэсэн бүтээгдэхүүн нь бүгд хуурамч хаяг шошготой байжээ-
“Алсыг харъя, Органикийг сонгоё” сарын ажлыг эхлүүлж байгаа талаараа өчигдөр /2019.05.15/ ХХААХҮ, МХЕГ, ШӨХТГ, ХААИС, "Ирээдүй Виртуал Тинк Танк" байгууллагын төлөөлөл хамтран мэдээлэл хийлээ.
Хүнсний аюулгүй байдлын асуудал хурцаар хөндөгдөж байгаа энэ үед органик бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх шаардлагатай байгааг салбарын яам онцолж байна. “Байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан зөвхөн Монголд ч биш дэлхий нийтэд га-аас авах ургацын хэмжээ багасч, гадаргын болон гүний ус хомстон, хөрсний үржил шим муудаж, цөлжилт явагдаж байна. Хотжилт нэмэгдэн, хүн амын тоо өсч, аливаа улсын хүнсний баталгаат байдлыг хангах нь хүнсний нөөцийн хязгаарлагдмал нөхцөлд улам хүнд болж байгаа. Иймд дэлхийн улс орны Засгийн газруудын 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөлтөд органик үйлдвэрлэл маш чухал байр суурь эзэлж байна. Европын улс орнууд Хөдөө аж ахуйн бодлогоо органик үйлдвэрлэлийн зарчимтай нийцүүлэн үндсээр нь шинэчлэхээр ажиллаж байгаа. Монгол Улс ч хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүнийг хэрэглэх нэн шаардлагатай” гэдгийг ХХААХҮ-ийн яамны мэргэжилтнүүд онцоллоо. Нөгөөтээгүүр бүтээгдэхүүнээ хуурамч хаяг, шошготой органик гэж өөрсдийгөө сурталчилж буй үйлдвэрлэгч нарыг олон нийтэд таниулахад аяны зорилго оршиж буй ажээ.
Органик хүнсний тухай хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Органик хүнсний үйлдвэрлэлийн эрх зүйн орчинг бүрдүүлж, энэ салбарыг хөгжүүлэх санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогыг хэрэгжүүлнэ” гэсэн томоохон зорилтыг тавьсан нь органик хөгжлийн концепцыг Монгол Улсад хэрэгжүүлж эхлэхэд чухал түлхэц болж байгаа аж. Хэдийгээр органик хүнс үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн боловч хүндрэлүүд тулгарч байгаа гэнэ.
Тухайлбал “Малчид, тариаланчид органик арга, зарчмын талаар, мэдлэг мэдээлэл хомс, тэдэнд зөвлөн туслах үйлчилгээ хүрэхгүй байна. “Органик” гэсэн үгийн маркетингийн үнэ цэнийг ашиглан, баталгаажилт хийгээгүй бүтээгдэхүүний шошгод “органик”, “байгалийн гаралтай цэвэр”, “байгалийн гаралтай” гэсэн мэдэгдлийг хийж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал газар авсан. Мөн баталгаажуулалтын байгууллага төлөвшиж, бий болоогүй учраас өнөөдрийн байдлаар нэг ч дотоодын бүтээгдэхүүнийг баталгаажуулж, ХХААХҮЯ бүртгэн, зах зээлд нийлүүлээгүй байна. Эдгээр хүндрэл бэрхшээлийг давж туулахад “Алсыг харъя Органикийг сонгоё” сарын ажил ихээхэн түлхэц болно” гэдгийг хэвлэлийн хуралд оролцогчид онцоллоо.
БҮТЭЭГДЭХҮҮНДЭЭ "ОРГАНИК" ГЭЖ ХУУРАМЧ ШОШГО ТАВЬСАН КОМПАНИУДАД ХАРИУЦЛАГА ТООЦНО
“Алсыг харъя, Органикийг сонгоё” сарын ажлыг хоёр үндсэн чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Нэгдүгээрт, сургалт сурталчилгааны ажлууд хийгдэнэ. Органик хүнсний талаар ерөнхий ойлголт, ашиг тус, мөн буруу шошготой хуурамч органик, байгалийн цэвэр, байгалийн гаралтай цэвэр гэсэн мэдэгдлийг ашигласан бараа бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлсэн тохиолдолд Зөрчлийн болон холбогдох хуулийн дагуу авах арга хэмжээний талаар үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд мэдээлэл өгч, сурталчлах юм байна.
Хоёрдугаарт, Органик хүнсний тухай хуулийн дагуу баталгаажуулалт хийлгээгүй, бүртгэлгүй хүнсний шошгод бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэхээс урьдчилан сэргийлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, тандалт судалгаа хийх ажээ.
Энэхүү тандалт судалгааг орон даяар удирдамжид тусгагдсан 20 орчим сүлжээ дэлгүүр, томоохон хүнс импортлогчид, хөдөө орон нутгийн худалдаа үйлчилгээний газруудыг хамруулан ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын холбогдох байцаагч, мэргэжилтнүүд таван өдрийн хугацаанд хийж гүйцэтгэн, дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах юм. Тандалт судалгааг 2019 оны тавдугаар сарын 20-24-ний өдрүүдэд хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Тандалт судалгааны явцад илэрсэн зөрчил, дутагдлыг фото зургаар баримтжуулан, органик хүнсний баталгаажуулалт, бүртгэл, тэмдэг, тэмдэглэгээ, шошго, нийтийн хэрэгцээнд худалдаалах тухай зөвлөгөө, зөвлөмж өгч, дүнг шалгасан аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагад урьдчилсан байдлаар танилцуулан, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгөх ажээ.
Д.ТУНГАЛАГ: ҮЙЛДВЭРЛЭГЧИД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ОРГАНИК ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА БОЛ БАТАЛГААЖУУЛАЛТАА ХИЙЛГЭХ ЁСТОЙ
Органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Тунгалагаас тодрууллаа.
-Үйлдвэрлэгчид байгалийн органик бүтээгдэхүүн гэж сурталчилдаг. Энэ нь ташаа мэдээлэл байжээ?
-Хуурамч хаяг шошигтой тэмцэх, олон нийтэд үнэн зөв мэдээллийг хүргэх үүднээс сарын аянг өрнүүлж байна. Органик гэж өөрсдийгөө сурталчилж байгаа компаниудыг Зар сурталчилгааны хуулийн дагуу торгох хүртэл арга хэмжээ авах ёстой. Хэвлэл мэдээллийн байгууллага дээр органик бүтээгдэхүүн сурталчуулахаар орж ирж байгаа компани бүтээгдэхүүндээ органик бүтээгдэхүүн гэдэг баталгаажуулалт хийлгэсэн эсэхийг шалгаж байж реклам сурталчилгаа явуулсан ёстой. Манай зах зээл дээр байгаа дотоодын үйлдвэрлэгчдийн байгалийн гаралтай органик гэсэн бүтээгдэхүүн нь бүгд хуурамч хаяг, шошготой байдаг. Тэгэхээр үйлдвэрлэгчдэд хандаж хэлэхэд “Энэ үйл ажиллагаагаа зогсоогоочээ. Хүмүүсийг ингэж төөрөгдүүлж болохгүй. Та баталгаажуулалтаа Органик хүнсний тухай хууль, түүнийг дагалдаж гарсан дүрэм журмын дагуу хийгээд баталгаажуулалтын байгууллагатайгаа гэрээгээ байгуулах ёстой” гэж хэлмээр байна.
Органик гэж өөрсдийгөө сурталчилж байгаа компаниудыг Зар сурталчилгааны хуулийн дагуу торгох хүртэл арга хэмжээ авах ёстой.
Баталгаажуулалтын байгууллага тухайн байгууллагын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хянаж батлаад, өнөөдөр үйлдвэрлэж буй үйл ажиллагаанаасаа органик үйлдвэрлэлд шилжих хугацаа дууссаны дараа гэрчилгээг нь олгоно. Гэрчилгээнд үндэслээд ХХААХҮЯ органик хүнсний бүтээгдэхүүнийг бүртгээд, албан ёсны баталгаажуулсан органик бүтээгдэхүүний шошгыг хэрэглэх эрхийг олгоно. Энэ шошгийг Олон улсын оюуны өмчийн газарт хандаад оюуны өмчийн эрхийг нь авч баталгаажуулсан шошго юм.
-Дотоодын үйлдвэрийн баталгаажсан органик хүнс байхгүй гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Органик хүнсний тухай хуулинд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал маш сайн тусгагдсан. Органик гэдэг утга нь Монголд маркетингийн өндөр ач холбогдолтой. Яагаад гэхээр органик гэхээр ямар нэгэн химийн бодис хэрэглээгүй, байгаль орчинд ээлтэй, бүтээгдэхүүн нь байгалийн шинж чанарыг хадгалсан технологиор үйлдвэрлэсэн гэж ойлгогддог. Тэгэхээр энэ үгний үнэ цэнийг манай томоохон үндэсний компаниуд, аж ахуй нэгжүүд маркетингт ашигладаг. Бүтээгдэхүүнийг шошгин дээрээ органик гэсэн үгийг тавьдаг. Энэ үгийг шошгин дээрээ тавих ямар ч боломж байхгүй. Тухайн бүтээгдэхүүнээ органик гэж үзэж байгаа бол заавал баталгаажуулалтаа хийлгэх ёстой. Баталгаажуулалтын үйл ажиллагаа 1.5 - 2 жилийн хугацаанд үргэлжилдэг. Энэ хугацаанд шилжилтийн үеийн үйл ажиллагаа өрнөнө. Хүнсний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ хөрсөндөө химийн бордоо хэрэглэхгүй гэсэн үг. Жил хагасын дараа хөрс нь эрүүлжиж эхэлнэ. Ингээд ирэхээр хөрс нь цэвэрлэгдээд, байгалийн цэвэр хөрсөнд бүтээгдэхүүнээ тариалснаар органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэнэ. Үүний дараа тухайн үйлдвэрлэгч бүтээгдэхүүн дээрээ гэрчилгээгээ авна. Одоо бол компаниудын маркетингийн нэг хүн бүтээгдэхүүн дээрээ органик гэсэн шошиг наачихаж байна.
Байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж болно. Гэхдээ хуулиа мөрдөж, баталгаажуулалтаа хийлгэх шаардлагатай. Баталгаажсан дотоодын органик бүтээгдэхүүн нэг ч алга байна. Гадаадаас орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдэд баталгаажсан органик бүтээгдэхүүнүүд бол бий.
-Тариа, ногоо тариалах үе эхэлсэн. Танай яамнаас органик бүтээгдэхүүн тариалах үрээр хангах асуудал дээр хэрхэн анхаарч байна?
-Монголд эхний үедээ органик үр дутагдана. Гэхдээ үүнийг урьдчилж хараад хуулиар зохицуулж байгаа. Үйлдвэрлэгчид дотоодын нөөц бололцоогоороо химийн бордоо ашиглаагүй үрээр тариалалт хийгээд дараа нь тэр цэвэр үрнээс гарсан таримлаасаа дахин үр үйлдвэрлэх үйл ажиллагааг нь дэмжиж байна.
Монгол ногоо төслийн хүрээнд органик үр оруулж ирсэн. Тариалалтад үрийг өгсөн байгаа. Намраас шилжилтийн үеийн органик хүнс гарч эхэлнэ.
Органик бүтээгдэхүүнийг хүмүүс нэлээн судалж мэдэж байж олж авдаг. Манай улс 10 жилийн дараа гэхэд нийт хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүнийхээ таван хувийг органик бүтээгдэхүүн гаргаж авдаг болно гэсэн өөдрөг бодол байна. Органик бүтээгдэхүүний техникийн шаардлага өндөр байх ёстой. Тухайлбал, малд гэхэд зөвшөөрөгдсөн вакцин хэрэглэх ёстой. Түүнээс өөр антибиотик тарьж болохгүй. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг нь эхлээд тухайн бүтээгдэхүүнийг ургуулж, тарьж буй хөрснөөсөө эхэлнэ. Үрнээсээ эхлэх ёстой. Тухайн үйлдвэрлэлийн ойролцоо уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна уу гэдгээс органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал тавигдана.
Сэтгэгдэл ( 1 )
органик биш бүтээгдхүүнээ олон нийтэд таниулах дэлгэж харуулах хэрэгтэй ш дээ.органикии н ч гэсэн сайн харуулах хэрэгтэй.манайд хүнсний хяналт муу бн.тэр мэргэжлийн хүмүүс н ажилаа сайн хийх хэрэгтэй