Д.Баярбаатар: Монгол бүжиг хоёр том дэг сургуультай

Админ | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

Бүжгийн урлаг бол цаг хугацаа, орон зайг багтаан дүрсэлсэн гайхамшигт урлаг юм. Тэр тусмаа монгол бүжгийн гайхамшиг гэдэг дэлхийд хосгүй соёлын өв билээ. Үндэсний Урлагийн театрын уран бүтээлчид, үе үеийн шилдэг бүжигчид “Монгол бүжгийн гайхамшиг”-ийг  дэлхийд таниулсаар ирсэн. Тун удахгүй энэхүү бүжиг дахин тоглогдох гэж байна. Энэ тухай Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн, Бүжиг дэглээч Д.Баярбаатартай ярилцлаа. Түүний дэглэсэн Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хөгжим “Мэргэнд буусан чоно”, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн хөгжим, Д.Төрбатын  цомнол “Нүүдэл” бүжгэн жүжиг гэх мэт олон бүжиг тайзнаа тоглогдож байсныг уншигч та мэдэх билээ.


-“Монгол бүжгийн гайхамшиг” тоглолт нь урьд нь ямар ямар орноор тоглогдож байсан бэ?

-Анх Итали, европын олон орноор тоглогдож байсан юм байна лээ. Төрийн айлчлал болон ёслол хүндэтгэлийн арга хэмжээнээс эхлээд айлчлан тоглолт хийж  Москва, Ленинград, Хятад, Япон, Солонгос гээд олон орноор тогтмол явж, үндэсний урлагаа толилуулж байна. Үндэсний урлагийн гайхамшгийг манай театрынхан өдөр шөнөгүй ажиллаж түмэнд түгээж байгаа.

-Монгол бүжгийн дэг сургууль хэдэн төрөл байдаг юм бол?

-Монгол бүжиг бол хоёр том дэг сургуультай. Нэг нь Монгол Улсын Консерватор буюу Ардын багш Г.Долгорсүрэнгийн үүсгэн байгуулсан сонгодог бүжгийн суурин дээр дэглэсэн ардын бүжгийн сургалт байна. Нөгөө нь Монголын бий биелгээний дэг сургалтыг үндэслэгч Д.Нанжид багшийн бий болгосон бий биелгээний дээд шатны сургууль байгаа юм. 

-Үе үеийн бүжиг дэглээчдийн бүжиг дэглэлтийн онцлогоос дурдвал?

-Ц.Сэвжид багшийн бүжиг “Ээрүүл”, “Саальчин”, “Хатад”, “Жалам хар”, “Хөдөө нутгийн залуус” гээд намбалаг сайхан бүжгүүд байдаг. С.Сүхбаатар багшийн дэглэлт “Нарны домог” бүжгэн жүжгээс үзэхэд хурц эрэмгий болоод Халимаг, Тува гээд угсаатны шинжийг хадгалсан байдаг. Миний хувьд С.Сүхбаатар багшийнхаа итгэлийг алдахгүй, монгол бүжгийн нэр хүндийг өндөрт өргөж явах үүрэгтэй учир дахин давтагдашгүй байхыг хичээдэг.

-“Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтын ач холбогдлын тухайд?

-Г.Долгорсүрэн, Л.Жавзмаа, Д.Нанжид, С.Сүхбаатар, Ц.Ламжав нарын нэгэн цаг үед, XX зуунд бүтээсэн бүтээлүүд дээр орчин цагийн бүжиг дэглээчдийн бүтээлийг нэмээд, уламжлал шинэчлэлийг хослуулсан тоглолт болох юм. Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг монголчуудын уламжлалт зан заншил, соёл, сэтгэлгээний хувьд өндөр ач холбогдолтой хэмээн театрын уран бүтээлчид онцолж байгаа.

-Монголын бүжгийн урлаг дэлхийн энтэй харьцуулбал ямар түвшинд байгаа гэж та боддог вэ?

-1988 оноос хойш “Нарны домог”, “Алтан ураг, “Нүүдэл” “Мэргэнд суусан чоно”, “Монголын их хатад” зэрэг бүжгүүд Монголын бүжгэн жүжгийн түүхэнд дэвшил авчирсан. Монголын бүжгэн жүжиг өндөр хэмжээнд хөгжсөн. Бид үндэснийхээ язгуур уламжлалыг нь алдахгүйгээр хөгжүүлнэ гэдэг хамгийн чухал. Мэргэжлийн бүжгийг дэглэнэ гэдэг хүн бүхэнд заяагаад байдаг зүйл биш. Орчин цагийн гадна дотны урсгалыг сонирхож болно, үндэснийхээ бахархал, омогшлыг хэзээ ч алдаж болохгүй. Тиймээс ч би “Үндэсний уламжлалаа мартсан улс орон үндэсгүй мод шиг мөхдөг. Тэр тусмаа түүхийн хуудаснаас арчигдана” хэмээсэн хаадын хэлсэн бошго зарлиг мэт үгийг хэлэх дуртай.

-“Монгол бүжгийн гайхамшиг” тоглолт үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдох гэж байна.  Урьд урьдын тоглолтоос юугаараа онцлог вэ?

-Зууны манлай бүжиг дэглээч, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит Бүжгийн чуулгын бүжиг дэглээчид оролцсон тоглолт маань энэ сарын 24, 25, 26-нд Үндэсний Урлагийн Их театрт тоглоно. Мэргэжлийн зураачдын болон хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлүүд, үе үеийн бүжиг дэглээчдийн бүтээлүүд багтдаг онцлогтой. Зууны манлай бүжиг дэглээч, Ардын жүжигчин Ц.Сэвжид, Төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатараас эхлээд А.Даваахүү, О.Ууганбаяр гэх мэт залуу бүжиг дэглээчдийн бүтээлүүдийг сорчилж оруулж байгаа.

-Монгол бүжгийн бий биелгээ гэхэд 20-иод төрөл байдаг гэдэг. Үндэсний бүжиг хэдэн төрөл байдаг вэ?

-Язгуур уламжлал дээр тулгуурлаж бид бүжиг дэглэдэг. Бүжиг гэдэг хүний сэтгэлийг хөдөлгөж, уйлуулж, уяраах увидастай бөгөөд бүжгийн ур хийц, хөдөлгөөний тавилт, нүүрний хувирал, харц гээд маш олон нарийн детальтай. Биелгээ бол бүжгийн эх ундарга юм. Дөрвөд, Урианхай, Баяд, Захчин, Торгууд, Хотон, Барга, Үзэмчин, Цаатан, Дархад гээд ястнуудын аж ахуй амьдрал ёс заншлыг хуур, цуур, товшуур, экель, аман хуур, хөөмийн өв соёлтой гөрж мэтгэж түүхэн судалгаан дээр суурилж бүжгийн өвөрмөц шинжийг гаргадаг. Мөн төв халхын бүжгийн намба төрх бусдаасаа ялгардаг онцлогтой.

-Монголын бүжгийн урлагийн хөгжлийн үе шат, өнөөгийн түвшний талаар та ямар нэгэн зүйл хэлэх байх?

-Ц.Сэвжид багш 1960, 1970, 1980-аад оны үед ид бүтээл туурвиж байсан бол Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын галтай цогтой бүжгүүдийг Ц.Ламжав, М.Батбаяр, З.Шагдар зэрэг гавьяатууд дэглэж байсан. Тэд аугаа их хөгжмийн зохиолч  Д.Лувсаншарав, Э.Чойдог зэрэг гадаад улс оронд сурч, өндөр мэргэшсэн хэрнээ үндэснийхээ хэв маягаар бүтээлээ туурвидаг уран бүтээлчидтэй хамтарч байсан. С.Сүхбаатар багш “Их хөлгөн туульс”, “Бөхийн домог”, “Нарны домог” гэх мэт бүжгэн жүжгүүдээ эрч хүчтэй туурвиж, бүжгийн урлагийг хөгжүүлсэн. Г.Долгорсүрэн багш “Үелзүүр”, “Уран гар” зэрэг олон бүжгээрээ өөрийн гэсэн дэглэлтээ тодорхойлж өгсөн. Аймаг орон нутгийн театр чуулгад ч олон сайхан бүжиг дэглээч бий. Жишээ нь зүүн зүгт Дарьганга, Барга, Үзэмчин ястны  алдарт бүжиг дэглээч Д.Санжаасүрэнгийн дэг гэж байна. Гавъяат жүжигчин Ц.Алтангэрэл, Г.Зоригт нар бол яах аргагүй Монголын үндэсний бүжгийн сор болсон бүжиг дэглээчид. Намайг бүжиг дэглэж байхад зааж, зөвлөж маш их тусалж байсан. Энэ хоёр маань хоёулаа бүжгийн дасгалжуулагч болсон. Г.Зоригт багш Соёл Урлагийн Их сургуульд багшилж байгаад тэтгэвэртээ гарсан бол Ц.Алтангэрэл багш Монгол Улсын Консерватори -Хөгжим Бүжгийн коллежид багшилж байна.

-Үр хүүхдээ бүжигчин болгохыг хүсч байгаа ээж аавуудад зориулаад нэг асуулт асууя. Бүжгийн урлагийн залуу үеийн төлөөллүүд хэрхэн бэлтэгдэж байна, Үндэсний Урлагийн Их театрын хувьд боловсон хүчнээ хэрхэн сэлбэдэг вэ?

-Соёл Урлагийн Их сургуулийн Бүжгийн Урлагийн сургууль, Монгол Улсын Консерватори -Хөгжим Бүжгийн коллеж гэсэн нарийн мэргэжлийн хоёр сургууль байгаа. Манай театр боловсон хүчнээ дээрх хоёр сургуулийг төгсөж ирсэн бүжигчдээс маш өндөр шалгуураар сонгож авдаг. Бүжиг гэдэг харьцангуй залуу хүний мэргэжил тул байнга сэлбэж байдаг. Өнөөдөр манай театрт 50 шахам бүжигчин ажиллаж байна.

-“Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтын үеэр үзэгчдэд зориулсан шинэлэг, гэнэтийн бэлэг байгаа юу?

-Гоцлол, хослол, гурвал, дөрвөл, тавуул, цөөхүүл, массыг хамарсан 20 гаруй бүжиг байгаа бөгөөд нийтдээ хоёр цагийн тоглолттой. Шинэ залуучууд орж ирж, шинэлэг бүжгийн бүтээлүүд тоглогдохоороо онцлог. Энэ нь ч үзэгчдийн таалалд маш их нийцэж байгаа.

-Бүжигчдээ сургах, хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Орчин үеийн бүжгийн сургалтанд Францын бүжиг дэглээч Килина Кремонатай хамтарч миний бие “Баавгай Луугийн хооронд”  бүжгэн жүжгийг контенпорари урсгалаар дэглэсэн. Манай бүжигчид гадаадаас ирсэн мэргэжилтнээс дасгал, сургууль, онолыг олон сараар заалгаж, бүрэн эзэмшсэн. Мастер класс сургалтыг Америк, Германаас ирж өгдөг. Тэр ч утгаараа тоглолт маань шинэлэг, өвөрмөц сайхан болно гэж найдаж байна.

А.СҮГЛЭГМАА

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top